- Lemon Press
- Posts
- 💼 Нэг биш нэлээн олон дарга
💼 Нэг биш нэлээн олон дарга
Уул уурхайн сонин хачин | Өмнөд Солонгосын ХЗЗ-ээ аврах бодлого | BYD-н шинэ спорт EV
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гээд нэг их урт цол гуншинд 1 хүн ажилладаг байсан. Харин цаашид ЗД гэж 1 хүн, Захирагч гэж 1 хүн болж салах бололтой. Дарга нарын тоо улам л ихсээд байх юм даа. 😐


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Эрдэнэт Суврага ХК (SVR) нэгж хувьцаанд ₮5-ийн ногдол ашиг хуваарилна.
CHN: Хятадаас Монголд тохиож буй зуд болон ой хээрийн эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

⛏ Улам тэлэх уул уурхай

Орос Монголын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцааг хэлэлцэнэ л гэнэ, Zijin Mining Group (2899.HK) зэсийн төслөө өргөтгөнө л гэнэ. Ер нь энэ бүхэн бидэнд яаж нөлөөлөх вэ?
Зэсийн луугар нь Хятад болох уу?
Xanadu Mines (XAM.TO)-н Хармагтай төслийг хамтран хэрэгжүүлэгч Zijin дэлхийн хамгийн томд тооцогдох Төвд дэх Жулонг зэсийн төслийн хоёр дахь шатны томоохон өргөтгөлийн ажлыг эхлүүлж байна. Ингэснээр тус уурхайн хүчин чадлыг 2025 он гэхэд өдөрт 350,000 тн-д хүргэх боломжтой болох аж. Үүнд шаардагдах нийт хөрөнгө оруулалт нь $2.4 тэрбум байх юм. Хэрэв өргөтгөлийн 3 дахь үе шат эхэлбэл Жулонгийн жилийн олборлолт 200 сая тн-д хүрч дэлхийн хамгийн том зэсийн уурхай болно.
Юу болох вэ? Жулонг төслийн өргөтгөл нь зэсийн нийлүүлэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ. Хэрэв нийлүүлэлтийг дагаж эрэлт пропорциональ өсөхгүй бол энэ нь зэсийн үнэ буурах дарамт болох юм. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч, EV зэрэг салбараас шалтгаалж дэлхийн зэсийн эрэлт нэмэгдэж байгаа тул нөлөөлөл нь бага байх боломжтой.
Монголд үзүүлэх нөлөө: Бид өөрсдөө томоохон зэс үйлдвэрлэгч учраас Жулонгийн олборлолтын өсөлтөөс үүдэн өрсөлдөөнтэй тулгарах нь. Тэгэхээр Монгол зэсийн зах зээлд өрсөлдөх чадвартай хэвээр үлдэхийн тулд дэд бүтэц, хөрөнгө оруулалтын стратегиа өөрчлөх шаардлагатай тулгарч магадгүй гэсэн үг.
Оюу толгой юу болж байна?
Оюу толгойн өнгөрсөн онд үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 29.8% өсөж 168.1 мянган тн-д хүрээд буй. Мөн гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 15.7 км-н ахицтай байсан. Ил уурхайн хувьд 7 хоногт хамгийн ихдээ 3 удаа, дунджаар 2 удаа тэсэлгээ хийж байгаа бөгөөд 2037 он гэхэд ил уурхайг ашиглаж дуусахаар байгаа.
Тэгэхээр, нэг талаас зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа ч нөгөө талаас нийлүүлэлт, өрсөлдөөн ч ширүүсэж байна. Тиймээс өрсөлдөх чадвараа сайжруулах нэн шаардлагатай. Үүнээс гадна уул уурхайн салбарын трэндийг даган тус салбарт хөрөнгө оруулалт татаж чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын ажлыг хурдасгах ч хэрэгцээ байна. Ганц явууртай салбарынхаа өрсөлдөх чадварыг өндөр байлгах юм сан даа.

Тайлан гарлаа ➡ Хувьцааны үнэ өслөө
ZM: Өчигдрийн арилжаагаар Zoom хувьцааны үнэ 13% өслөө. Учир нь тэдний ээлжит улирлын орлого хүлээлтээс давж жилийн өмнөхөөсөө 3% өсөн $1.1 тэрбумд, ашиг нь $298.8 саяд хүрсэн байна. Zoom-н хэрэглэгч ААН-үүдийн тоо ч мөн 3% өсөж 220.4 мянгад хүрсэн нь орлогыг өсгөсөн хэрэг. Улмаар тэд ирэх санхүүгийн жилд нийт $4.6 тэрбумын орлого олохоор тооцоолжээ.

💰 Youth Ideathon 2024

Европын Холбооны санхүүжилттэйгээр “Монголд хэрэгжиж буй ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс Youth Ideathon 2024 уралдааныг зарлалаа.
Тус уралдаан нь төсвийн хяналтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм.
Хэн оролцох боломжтой вэ?
Төсөв, санхүүгийн чиглэлээр судалгаа хийдэг залуу судлаачид,
Тус чиглэлээр сурдаг болон сонирхолтой оюутан, залуус,
Түүнчлэн 1 баг 2-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох боломжтой шүү.
Уралдааны бүртгэл ирэх Ням гарагт буюу 3 сарын 3-нд хаагдах тул оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

📉 Kospi: Живээд байна шүү! Татаарай!

Өмнөд Солонгосын ХЗЗ Азийн бусад орнуудтай харьцуулахад үеийнхэн дундаа дутуу өсөлттэй хүүхэд шиг байгаа болохоор тус улс ХЗЗ-ээ аврахаар “Value-UP” ажиллагааг эхлүүллээ.
Солонгос хямдрал
Өнгөрсөн 10 жилд 513 компанийн хувьцааны P/B харьцаа тасралтгүй 1-ээс доош байсан төдийгүй өдгөө Kospi болон Kosdaq (^KQ11)-д бүртгэлтэй компаниудын 57.7%-ийнх нь P/B харьцаа 1-ээс доош байгаа аж. P/B харьцаа 1-ээс доош байх нь тухайн хувьцаа зах зээлийн үнээс хямд байгааг илтгэж байдаг шүү. Тэгвэл тэдгээр компани яагаад бодит үнэлгээндээ хүрч чадахгүй байна?
Учир бий…
Уг нь бол хувьцааны үнэ ямагт зах зээлийн үнэ рүүгээ тэмүүлж байх ёстой. Өмнөд Солонгосын кэйс дээр бол хөрөнгө оруулагчид хямд байгаа хувьцааг нь өснө гэж шохоорхоод автал өнөөх нь өсөх ч үгүй, 1 л тоотойгоо наалдах, унах зэрэг асуудалд орж эхнээсээ тэднийг хавханд оруулж буй. Ингэхээр чинь бусад нь болгоомжлохгүй гээд яах билээ? Гэхдээ энд нэг сонин юм болоод байна аа!
Гэр бүлийн бизнес: Өмнөд Солонгосын эдийн засагт томоохон нөлөөтэй корпорацуудын ихэнх нь үе дамжсан гэр бүлийн бизнес. Samsung (005930.KS), Hyundai (012330.KS) шиг дэлхийд гарсан компаниуд нь гайгүй ч дийлэнхийнх нь ил тод байдал шилэн биш бараг тоосгон, нэмээд компанийн засаглал сул гэхчлэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн асуудал их гаргадаг гэнэ.
Аймшигтай: Цаашлаад тус улсад ногдол ашиг тарааж буй компаниуд яг хэдийг тараахаа зарлахаас өмнө бүртгэлийн өдрөө зарлах нь түгээмэл байдаг. Улмаар хэдий хэмжээний ногдол ашиг авах нь тодорхойгүй болохоор хөрөнгө оруулагчдын шийдвэрт ч сөргөөр нөлөөлөх нь элбэг.
Юутай ч, Өмнөд Солонгос живж буй ХЗЗ-дээ бараг л ижилхэн аргаар 2 дахь удаагаа гараа сунгаж байна. Нэг талд ХК-иудын татварыг хөнгөлж дэмжлэг үзүүлэх мэт харагдах ч нөгөө талд нээлттэй ч юм шиг, хаалттай ч юм шиг ажиллаж байгаа тэднийг зохих ёсоороо ажилла, гээд шахаж буй. Үүнээс нээлттэй компаниуд яагаад ил тод байх, засаглалдаа анхаардаг байх хэрэгтэй гэдгийг харж болохоор…

🐔 Өдөр бүр эрүүл шинэ тахианы мах

Дэлхийн стандартад нийцсэн тахианы махыг тогтмол нийлүүлэхээр зорьж буй “Баялаг Тахиа”-ны үйлдвэрээс шууд бэлтгэсэн Primeat Chicken хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн боллоо. Тодруулбал,
Үүлдэр: Америкийн тахианы махны чиглэлийн Росс-308 өндөг.
Хүчин чадал: 40,000 дэгдээхэй бойжуулах хүчин чадал бүхий 6 шувууны байртай ба жилд 1,440,000 дэгдээхэй бойжуулна.
Тэжээл: Монголд ургуулсан үр тариа, буудайг ашиглан тэжээлээ бэлтгэдэг.
Сонирхуулахад, тэд тахианы махаа Мэтагро компанийн Primeat брэндийн борлуулалт, түгээлтийн системээр дамжуулан хэрэглэгчдэд шинэхнээр нь хүргэхээр ажиллаж байна.
За тэгээд 2 сарын 29-нөөс эхлэн 5 хоногийн турш Шангри-Ла Моллд үргэлжлэх Primeat Chicken-ний танилцуулгад хүрэлцэн ирэхийг урьж байна.


Electrek
🔹BYD (1211.HK) Ferrari (RACE), Lamborghini тэргүүтэй тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөнө. Тодруулбал, тэд саяхан Yangwang U9 хэмээх тансаг зэрэглэлийн спорт EV-ээ танилцуулсан юм. Тус EV нь 2.36 секундэд 100 км/ц хүртэл хурдлах чадалтай бөгөөд $233,400-оор худалдаалагдах гэнэ.
🔹Орос дотоодын зах зээлд бензинийн үнийг тогтворжуулахаар ирэх сарын 1-ээс эхлэн 9-р сарын 1 хүртэл бензин экспортлохгүй. Тус хоригт Евро Азийн эдийн засгийн холбооны орнууд, Монгол, Узбекистан, Абхаз, Өмнөд Осетид багтахгүй аж. Гэсэн ч өнгөрсөн удаагийн Оросын хориг Монголд хэрхэн нөлөөлснийг мартаагүй биз?
🔹СЗХ-ноос компаниудын ногдол ашиг тараах хугацааг 4 сарын 30-ны дотор байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу 4 сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа тарааж, тайлангаа СЗХ-нд хүргүүлэх ёстой болж буй.
🔹Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийг шалгах ажлын хэсэг байгуулагдсанаас хойш ₮4.2 тэрбумын зээл төлөгдөөд байна. Тус ажлын хэсэг 1997-2023 онд гадаадын их, дээд сургуульд суралцсан 3,069 хүний ₮230 тэрбумын зээл, 941 суралцагчийн ₮47.1 тэрбумын зээл чөлөөлсөн үндэслэлийг шалгаж байгаа юм.

Зөв хариултыг олцгооё. Товхимлоо тогтож уншиж байгаарай. 😊
A. Zijin Mining Group Монгол дахь алтны төслөө өргөтгөнө.
B. Өмнөд Солонгост зарим компаниуд ногдол ашгийн хэмжээгээ зарлахаас өмнө ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг зарладаг.
C. Боловсролын зээлийн сангаас олгосон ₮4.2 тэрбумын зээл төлөгдөөгүй байна.

Сонирх: Сонгуульд ялалт байгуулах маркетингийн кампанит ажил. (Linkedin)
Үз: Алив цагаан даашинзаа өмс! Хунт Нуур үзье! (Ticket)
Хөөх: Хүүхэдтэй болбол компаниас бонус өгнө шүү. (YahooFinance)
Анхаар: Neftlix-н төлбөрөө App Store, iTunes-р дамжуулж төлсөн бол хаягаа алдана. (CNN)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь B буюу Өмнөд Солонгост зарим компаниуд ногдол ашгийн хэмжээгээ зарлахаас өмнө ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг зарладаг нь шүү.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply