- Lemon Press
- Posts
- ♻️ Ногоон санхүүжилтийн боломжууд
♻️ Ногоон санхүүжилтийн боломжууд
BuzzFeed News, тээврийн салбарын асуудал, ногоон санхүүжилтийн боломжууд болон дижитал медиа салбарын хүндрэлийн талаар тоймлов.
POWERED BY
Даваа гаргийн мэнд. Юу ч тохиолдсон стилиэ алддаггүй, ганган найзууддаа өнөөдөр “Загварын хувьсгалын өдөр” тохиож байгааг дамжуулаарай. Сонирхуулахад Итали дэлхийн хамгийн загварлаг улс аж. Газрын зураг нь хүртэл этгээд байдаг шүү, тийм ээ? 😆👢
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: ЗГ энэ жил дотоодын ЗЗ-д ₮187 тэрбумын бонд гаргаж, санхүүжилтээр нь Улаанбаатар хотод нэмж зам тавихад ашиглана.
BTC: Өнгөрсөн Мягмар гарагт $30,397-т хүрээд байсан Биткойны ханш тухайн үеэс 9.4% унаж $27,533 болов.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮10.7 тэрбум болон $8.7 мянгын арилжаа хийгдсэний ₮2.9 тэрбум нь анхдагч дээр арилжигджээ.
🚗 Тээврийн салбарын асуудал
Стандарт хэмжил зүйн газар автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартаа чангаруулсан билээ. Тэгвэл уг стандарт нь бүхий л тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэгчдэд асуудал үүсгэж байгаа аж.
Тодруулбал 🔍
Уг стандарт нь ачааны автомашины бүх жин төрлөөсөө хамаарч хамгийн ихдээ 44 тн-оос илүүгүй байх ёстой гэсэн хязгаар тогтоож байгаа юм. Үүнээс илүү тээвэрлэлт хийвэл мэдээж хуулийн дагуу ₮150,000-₮1.5 сая хүртэлх торгуулах, цаашлаад тээврийн хэрэгслээ хураалгах хүртэлх арга хэмжээ авна.
Тооцоолол: Хамгийн түгээмэл ашиглагддаг дунд оврын ачааны автомашины өөрийн жин дунджаар 13 тн, ачааны багтаамж нь 20 тн байдаг аж. Гэтэл стандартаар бол уг төрлийн автомашины бүх жин дээд талдаа 28 тн байх ёстой. Тэгэхээр 28 тн-д хүргэхийн тулд 20 тн-г бус 15 тн-г ачих ёстой буюу 1 автомашинд ногдох ачаа 25% буурч, тээврийн үнэ нь 33% өсөж байна.
Бүр ч их: Цаашлаад уул уурхайн тээвэрлэлтийг тооцоолж үзвэл стандартын өөрчлөлтөөс үүдэн 1 автомашинд ногдох ачаа нь 56% багасаж, тээврийн үнэ нь 125% өссөн аж.
Үр дүн: Ерөнхийдөө бол дээрх стандартыг дагахын тулд өмнө нь 1 удаа ачдаг байсан бараа материалаа 2 удаа тээвэрлэх болж байгаа юм. Ингэснээр тээврийн зардлын хөлс ч хэд дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Бидэнд яаж мэдэгдэх вэ?
Энэ зөвхөн тээврийн салбарын асуудал биш бид бүхний өдөр тутамдаа хэрэглэж буй бүхий л бараа бүтээгдэхүүний үнэд тээвэрлэлтийн хөлс шингэсэн байгаа. Тэгэхээр таны ₮8,000-өөр авч буй барааны 6%-ийг тээврийн зардал бүрдүүлдэг гэвэл дээр дурдсан стандартаас үүдэн тухайн барааны үнэ ₮8,158 болно гэсэн үг. Түүнчлэн тээвэрлэлтийн тоо олшрох нь шатахууны үнийг нэмэгдүүлж болзошгүй. Шатахууны үнэ нэмэгдвэл юу болох нь тодорхой. 🤦♀️
Эцэст нь… Заа тэгээд хаа сайгүй өндөр инфляцтай, барааны үнэ хэт өссөн энэ үед иймэрхүү бодлогын түвшний өөрчлөлт нь гал дээр тос л нэмж байна уу даа.
AI 🤝 BioTech
IBM: Технологийн акул IBM биотехнологийн компани Moderna (MRNA)-тай хамтарна. Тодруулбал, IBM Moderna-д квантын тооцооллын системд нэвтрэх эрхийг олгож, Ковид-19-ийн вакциныг бүтээхэд ашигласан мРНХ технологийн хөгжлийг хурдасгах хиймэл оюун ухааны загваруудыг бүтээх юм. Энэхүү хамтрал нь шинэ мРНХ вакцин болон эмчилгээний нээлтийн хөгжлийг ахиулах гэнэ.
Ногоон барилга
Монголын Бизнесийн Зөвлөл (BCM)-ийн сар бүрийн ээлжит уулзалт “Ногоон барилга” сэдвийн хүрээнд өнгөрсөн Баасан гарагт “House expo 2023”-ын үеэр зохион байгуулагдлаа.
Уулзалтын тоймоос…
Уулзалтаар тогтвортой хөгжил, ногоон барилга, ногоон технологийн шийдэл зэрэг сэдвүүдийг суурь болгон хэлэлцлээ. Цаашлаад ҮХХ-ийн салбар агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмэр оруулснаар ногоон санхүүжилт татах, бизнесээ тэлэх боломжийн талаар ярилцав. Дэлгэрүүлье,
Оролцогчид: Уулзалтад Барилга хот байгуулалтын яам, Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Хас банк болон ХААН банк, ҮХХ-ийн салбарын төлөөллүүд оролцож илтгэл болон панел хэлэлцүүлэг хийсэн юм.
Ногоон барилга: Уулзалтын туршид төр болон хувийн хэвшил, санхүүжүүлэгчдийн сонирхол ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт дээр огтлолцож байсныг онцлох нь зүйтэй болов уу.
Ногоон зээл: Цаашлаад, уулзалтад банкны төлөөллөөс ХААН болон Хас банк оролцож ногоон зээл болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын зээлийн хүртээмж өргөжиж буйг онцлов. Сонирхуулахад, ХААН Банк IPO-с татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 65% орчмыг урт хугацаандаа ногоон шилжилт хийхэд нөлөөлөх тогтвортой хөгжлийн чиглэлд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Ногоон санхүүжилтийн боломжууд
Панел хэлэлцүүлгийн үеэр ХААН, Хас банкны төлөөлөгчид ҮХХ-ийн салбарт олгогдох зээл ногоорч байгаа төдийгүй ногоон сертификаттай байвал ногоон зээлийн ногоон гэрлээр л олгох боломжтойг онцлов. Түүнчлэн тус төрлийн зээл горилсон төслүүдийг бүхэлд нь ногоон байхыг шаардахгүй бөгөөд хэсэгчилсэн зээл ч олгогдож болох гэнэ.
Боломж: Хэрвээ төсөл нь дулаан, гэрэлтүүлгийнхээ системийг ухаалгаар шийдсэн буюу эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй байхад л зээл гаргалтын боломж нэмэгдэх юм байна даа.
Дижитал медиа салбарынхан хэцүүдэв үү?
AI Bawaba
BuzzFeed (BZFD) BuzzFeed News брэндээ хааж, ажилтнуудынхаа 15%-ийг цомхотгох болсноо мэдэгдлээ. Улмаар компанийн хувьцааны ханш 1 өдрийн дотор 10.7% унав.
Шилжилт
Тус компанийн CEO өнгөрсөн Пүрэв гарагт ашиггүй ажилласан BuzzFeed News-н үйл ажиллагааг зогсоож HuffPost-д төвлөрч ажиллахаа зарлав. BuzzFeed CEO-н хэлж буйгаар компани BuzzFeed News-н үйл ажиллагаа, эрхэм зорилгод хайртай байсан гэх шалтгаанаар өнгөрсөн хугацаанд хэт их хөрөнгө оруулалт хийсэн нь алдаа байсан гэв. Тэгвэл BuzzFeed-г ямар ирээдүй хүлээж байна?
Шилжилт: BuzzFeed HuffPost-г 2020 онд худалдан авч байсан. HuffPost нь өөрийн гэсэн уншигчидтай, бусад олон нийтийн сүлжээний платформоос хараат бус зэрэг талаараа BuzzFeed News-н үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд тохирно гэж үзсэн бололтой.
Туршилт: Энэ удаагийн цомхотгол нь анхных биш буюу тэд өнгөрсөн 12-р сард ажилчдынхаа 12%-ийг цомхотгож байсан. Үүний араас компани AI-р нийтлэл, аяллын төлөвлөгөө, хөгжөөнт асуулт зэргийг бичих туршилт хийсэн юм. Сонирхуулахад, тэд AI-р бичүүлсэн 44 аяллын гарын авлагын булантай.
Сургамж: Медиа компаниуд орлогын сувгаа солонгоруулахад анхаарлаа хандуулахгүй бол хуучирч хоцрох нь цаг хугацааны л мэдлийнх гэдгийг хатуу сануулах шиг.
Том зургаар…
BuzzFeed News-д тохиолдсон явдал ер нь л дижитал медиа салбарын санхүүгийн байдал хэцүүдэж байгааг баталсаар. Жишээ нь л гэхэд, тэдний мэдээтэй зэрэгцэн Business Insider цомхотгол хийхээ зарлаж, цаашлаад Washington Post-с эхлээд NPR хүртэл өөрсдийн зарим үйлчилгээгээ зогсоохоо мэдэгдээд байгаа билээ.
Эцэст нь… Хаа сайгүй л зардлаа танаж байгаа энэ үед AI-г ашиглах нь CEO нарын олон толгойн өвчнийг хөөрхөн намдаачхаж байна. Ялангуяа дата анализыг гол багана болгодог медиа салбарын ажилчид илүү чадавхжихгүй бол юу юугүй л AI-д ажлын байраа булаалгах цаг ойртсон гэдгийг олон жишээ харуулж байна даа.
Option Monster-уудын академи
Option арилжааг сонирхож байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. 🧐
Option арилжаа гэж юу вэ?
Энэ нь хувьцааны үнэ өсөх, унах аль ч үед ашиг хийх боломжтой санхүүгийн бүтээгдэхүүн бөгөөд урьдчилан тохирсон үнээр, тогтсон хугацаанд, тодорхой тооны үнэт цаасыг худалдан авахыг хэлж буй.
Тэгвэл олон нийтэд уг санхүүгийн хэрэгслийн арилжааны мэдлэгийг хүргэхээр Option Monster Trade буюу OMT академи:
Investor Basic
Advanced Option сургалтуудаа зарласан гэнэ.
🔗 OMT академийн сургалтад нэгдэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.
🔹ДНБ энэ оны I улиралд 7.6% өсөв. Энэхүү өсөлтөд хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж уул уурхайн салбарын ДНБ жилийн өмнөхөөсөө 50%, үйлчилгээний салбарынх 6.7% тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин ХАА-н салбарын ДНБ 2.3% буурсан байна.
🔹Alphabet (GOOG)-н CEO Сундар Пичайны цалин урамшуулал өнгөрсөн онд $226 саяд хүрчээ. Тус дүнгийн ихэнх буюу $218 сая нь хувьцааны урамшууллаас орж ирсэн бөгөөд үндсэн цалин нь ердөө $2 сая байжээ. Сонирхуулахад, Google түүний хувийн аюулгүй байдалд $6 саяыг зарцуулсан аж.
🔹ChatGPT-г хэвийн ажиллуулахын тулд өдөрт ойролцоогоор $700,000 зарцуулдаг. SemiAnalysis-н мэдээлснээр ChatGPT 1 асуултад хариулахын тулд $0.36 зарцуулдаг аж. Түүнчлэн тус платформ хэт олон хэрэглэгчтэй болсон нь томоохон сорилт үүсгэж буй. Тиймээс OpenAI энэ тал дээр NVDIA (NVDA)-тай хамтарч ажиллаж байгаа билээ.
🔹Чили дэлхийн томоохон лити нийлүүлэгчдийг төрийн өмчит компани болгохоор төлөвлөж байна. Тухайлбал, тус улсын Ерөнхийлөгчийн саналаар Albemarle (ALB) болон SQM (SQM)-г төрийн өмчит болгох гэнэ. Ингэснээр ЗГ литийн нөөцийг илүү хянах боломжтой болох аж.
🔹Google (GOOG) DeepMind-тай хамтран хиймэл оюун ухааны судалгаагаа эрчимжүүлнэ. Тодруулбал, тэд тус AI хөгжүүлэгчийг Google Brain-тай нэгтгээд буй. Түүнчлэн хамтарсан багийг DeepMind-н CEO удирдах бөгөөд GPT-4 шиг зураг, бичлэгт хариу үйлдэл үзүүлэх чадвартай AI-н хөгжүүлэлт дээр ажиллах гэнэ.
Монгол улс 1995-2021 онд ямар төрлийн бүтээгдэхүүн экспортлов гэдэг зураг.
Монгол бол уул уурхайн орон билээ...
— Баасандаваагийн ДӨЛГӨӨН, Economist (@dulguunbd)
8:43 AM • Apr 23, 2023
Гэнэ үү? Паспорт тайлж чаддаг AI. (MetaversePost)
Хөнгөвчилнө: Танд хэрэгтэй 10 Google Extensions. (Inc)
Мэд: Бидний бие дэх хортой бодисууд. (DWPlanetA)
Билл Гейтс: Хиймэл оюун ухаан хүүхдийг тань 18 сарын дотор уншиж сургана. (makeit)
Даваа: Coca Cola (KO) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.
Мягмар: Microsoft (MSFT) болон Alphabet (GOOG)-н ээлжит тайлан гарах нь.
Лхагва: Meta (META)-н оны эхний улирлын тайлан танилцуулагдана.
Пүрэв: Америкийн I улирлын ДНБ-ий үзүүлэлт зарлагдана.
Баасан: Exxon Mobile (XOM) болон Chevron (CVX)-н тайлан гарна.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply