• Lemon Press
  • Posts
  • ❌ BRICS: Ногоон дэвсгэртийн эсрэг 

❌ BRICS: Ногоон дэвсгэртийн эсрэг 

Startup Challenge Mongolia | META: Цэвэр ашиг +117% | Зээлжих зэрэглэлийн оноо

POWERED BY

Өглөөний мэнд ээ! МУИС олон улсын судалгааны байгууллагаар чансаагаа тогтоолгож байгаа. Тэдний дэлхийн чансаа ирэх 10-р сард тодорхой болно гэнэ ээ. Яах бол? 🤭

*Нэг өдрийн өөрчлөлт

MC: МҮХАҮТ Австри улсын Холбооны эдийн засгийн танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) хувьцаа эзэмшигчдэдээ нийт ₮4.3 тэрбумын ногдол ашиг хуваариллаа

MOC: Соёлын яам Шведтэй соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллана.

🤓 Зээлжих зэрэглэлийн оноо

“Бүрэн Скор ЗМС” ХХК Монголд анх удаа хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх Финтек скорыг нэвтрүүллээ. Яаж ажиллана гэсэн үг вэ? 

Зээлийн оноо гэж юу вэ? 

Кредит скор буюу зээлийн оноо гэдэг нь тухайн зээлдэгчийн ​​зээлжих чадварын тоон илэрхийлэл бөгөөд ихэвчлэн 300-аас 850 хооронд хэлбэлздэг. Энэ нь зээлдэгчийн тухайн зээлийг хугацаанд нь төлөх магадлалыг үнэлэхэд тусална гэсэн үг. 

Монголд хэрэгтэй юу?

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монголын 1.6 сая иргэн ББСБ-д дунджаар ₮2.3 саяын зээлтэй байгаа. Уг зээлдэгчдийн 82.4% буюу 1.3 сая зээлдэгчид финтекээр дамжуулж зээл авснаар нийт зээлийн хэмжээний 20.6% буюу ₮758.5 тэрбумыг бүрдүүлж буй. Түүнчлэн ББСБ-уудын нийт цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 7.5% байгаа нь IPO хийсэн 6 банкны дунджаас 1.8 нэгж хувиар илүү байгаа юм. 

  • Тэгэхээр: Монголд аль хэдийн финтек платформоор дамжуулан зээл авах трэнд бий болсон тул  Финтек скорыг нэвтрүүлэх нь зээлийн эрсдэлийн үнэлгээ, шийдвэр гаргалтыг сайжруулах ач холбогдолтой. 

АI & Финтек скор

Тэгвэл “Бүрэн Скор ЗМС” ХХК-ийн нэвтрүүлж буй Финтек скор нь AND Solutions-н хөгжүүлсэн AI моделийг ашиглан харилцагчийн зээлийн эрсдэлийг 300-999 оноогоор тодорхойлж гаргана. Уг оноо нь зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлох бөгөөд оноо өндөр байх тусам эрсдэл бага гэж үзэх юм. Улмаар Финтек скор нь ₮5 сая хүртэлх барьцаагүй зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлж шийдвэрлэх аж. 

  • Нэвтрүүлэгч: Финтек скорыг нэвтрүүлж буй “Бүрэн Скор ЗМС” ХХК нь 2021 онд Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан анхны байгууллага болжээ. Тэд зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, зээлийн лавлагаа олгох, зээлдэгчийн зээлжих зэрэглэл тогтоох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй.

Юутай ч, Монголд хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх зээлийн оноо нэвтэрч байгаа нь зээлд хамрагдах үйл явцыг хялбаршуулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг үр дүнтэй удирдах боломжийг олгох нь ээ.

📈 META: Цэвэр ашиг +117%

META: Facebook-н толгой компани Meta-н өнгөрсөн улирлын орлого 27% өсөж $36.5 тэрбумд хүрсэн нь 2021 оноос хойших улирал тутмын хамгийн өндөр өсөлт байв. Мөн борлуулалт, маркетингийн зардал нь өмнөх оны мөн үеэс 16% буурчээ. Улмаар цэвэр ашиг нь 117% нэмэгдэж $12.4 тэрбумд хүрэв. Сонирхуулахад, тэдний 2024 оны хөрөнгө оруулалтын зардал 35-40 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна.

🎯 Хөрөнгө оруулалтын экспо айсуй

Хөрөнгө оруулалтын экспо 2024 арга хэмжээ "Cонгох Өдөр" уриан дор энэ сарын 28-нд болох гэж байна. Арга хэмжээний үеэр санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын сонирхолтой илтгэлүүд тавигдах ба салбарын экспертүүд болон төлөөлөл байгууллагуудаас мэдээлэл авах боломжтой юм.

Cонирхсон хүн бүрт нээлттэй болох учир гэр бүлээрээ хүрэлцэн ирж санхүүгийн боловсролдоо нэг өдрийг зориулаарай.

📍 Хаана: Шангри-Ла зочид буудлын их танхим

BRICS: Ногоон дэвсгэртийн эсрэг 

Саяхан бид валютын хаан долларын хүчирхэгжилтийн талаар тоймлож байсан даа. Тэгвэл энэ удаад валютын хаанаас татгалзаж буй орнуудын талаар бичихээр шийдлээ. Юу болоод байна? 

Долларыг дижитал валютаар сольё!

Өнгөрсөн зунаас эхлээд BRICS бүлгийн 10 орон хоорондоо худалдаа, наймаа хийхдээ ашиглах нэгдсэн валюттай, дижитал төлбөрийн системтэй болох талаар эрчимтэй ярилцах болов. Тус төлбөрийн систем нь Америкийн хоригт багтсан орнуудад тулгардаг гадаад худалдааны асуудлыг шийдэхэд чиглэх буюу доллароос амь амьдрал хамаардаг байдлыг үгүй болгоход чиглэх юм. Үүний хажуугаар саяхан Венесуэл газрын тосны экспортоо доллароос өөр валютаар хийхээр шийдвэрлэж BRICS-н доллароос ангижрах мөрөөдөл тийм ч хийсвэр мөрөөдөл биш гэдгийг харуулах шиг. 

  • Зангилаа: Тус үйл явдал Америк Венесуэлд ахин хориг арга хэмжээ ногдуулснаар Венесуэлийн төрийн өмчит газрын тосны компани болох PDVSA газрын тосоо өөр валютаар тэр тусмаа дижитал валютаар экспортлохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм

  • BRICS-н шинэ гишүүн? Венесуэл BRICS-н бүлэгт орох хүсэлтээ өгсөн 40 орны нэг бөгөөд ирэх 10 сард болох тус бүлгийн уулзалтаар гишүүнчлэлтэй болохоор горилж буй.

Долларыг нухчин дарах амархан гэж үү?

Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл валютын хаан доллар дээр тогтож буй энэ эринд долларын давамгайллыг үгүйсгэх нь бараг л боломжгүй. Учир нь өнгөрсөн оны байдлаар л гэхэд доллар дэлхийн валютын нөөцийн 61%-ийг бүрдүүлж буй. Гэсэн ч Хятад болон Саудын Арабын төв банк $7 тэрбумын үнийн дүн бүхий своп хэлцэл хийж газрын тосны бус худалдаандаа долларын хэмжээг багасгахаар тохиролцсон байдаг. Яаж ийж байгаад долларын хамаарлаа багасгана аа л гээд байгаа. 

Эцэст нь… Юутай ч BRICS-н бүлэг долларыг хүчгүйдүүлэхийн тулд бүс нутгийн худалдаагаа юань ч бай, рубль ч бай, эсвэл евро шиг өөр төрлийн валютаар хийгээд эхэлбэл тэр үед л жинхэнэ асуудал гарч эхлэх байхдаа. Одоохондоо ч мэдэхгүй л юм.

Та Монгол компаниудын талаар хэр сайн мэддэг вэ? Доор нэгэн компанийн талаар мэдээлэл оруулсан байгаа. Өгөгдсөн мэдээллийг ашиглаад ямар компани гэдгийг нь таагаарай. 🔎

Тус компани нь 21 аймагт салбартай бөгөөд 2023 онд ₮5.2 тэрбумын бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтыг хийжээ. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн логистикийн төвийг ₮396 саяар барьсан гэж байгаа. 

  • Бяцхан тусламж: Монголын ТОП-100 компанийн нэг шүү. 

Таасан бол бидэнд хариугаа илгээдэг юм шүү дээ. 😉🥇

🚀 Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд

Гарааны бизнесүүдийн үндэсний аврага шалгаруулах "Startup Challenge Mongolia" тэмцээний бүртгэл өнөөдөр хаагдах гэж байна. 🎯

Ямар тэмцээн вэ? гэхээр бүс нутаг, дэлхийн хэмжээний гарааны бизнесийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох шинэ санаа, инновацилаг шийдэлтэй, олон улсад өрсөлдөх чадамжтай, шилдэг гарааны бизнесийг тодруулах юм.

Онцлоход Startup Challenge Mongolia нь ₮300 саяын шагналын сантай Монголын анхны контент суурьтай тэмцээн бөгөөд технологи, бизнес салбарийн туршлагатай менторуудаас суралцаж үе шат бүрт санхүүжилт авах боломжтой.

Тиймээс сонирхож буй энтрепренерүүд маань амжиж бүртгүүлнэ биз ээ.

GetYarn.io

🔹Boeing (BA)-н орлого I улиралд 8% буурч $16.6 тэрбумд хүрчээ. Компанийн алдагдал өнгөрсөн жилээсээ буурсан ч $355 саяд хүрээд буй. Цаашлаад өнгөрсөн 1-р сард 737 Max онгоцны сүйрлээс болж мөнгөн хөрөнгийн урсгал нь -$4 тэрбумд хүрсэн юм. Тус тайлангийн араас компанийн хувьцааны үнэ 2% унаж $164-т хүрэв. 

🔹МИАТ ТӨХК 2 дахь Dreamliner B787-9 агаарын хөлгөө хүлээн авав. Энэхүү онгоцоор одоогоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд, цаашдаа Америк, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөсөн аж. Үр дүнд нь нислэгийн давтамж ихсэж, тийзийн үнэ буурах боломж нэмэгдэх нь ээ. 

🔹Жо Байден TikTok-г хориглох хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Ингэснээр ByteDance 9 сарын дотор TikTok-н Америк дахь үйл ажиллагааг цэгцлэх шаардлагатай тулгарч байна. Үүний хариуд TikTok тус хугацааг сунгах эсвэл хойшлуулахын тулд шүүхэд хандахаа мэдэгдсэн юм. 

🔹Аялал жуулчлалыг хөгжүүлэх ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана. Тус зээлийг ЗГ хувийн хэвшилтэй хамтран ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах гэнэ.

  • Ягаан хүсэл: Ажил амьдралын тэнцвэр гэх ойлголт чинь өөрөө учир дутагдалтай байсан юм биш үү? (EffectiveSoftwareDesign)

  • Улаан хэрүүл: Америкийн Худалдааны танхим Холбооны худалдааны комиссыг шүүхэд өглөө. (FoxBusiness)

  • Саарал жагсаалт: Америкийн хамгийн муу болон хамгийн сайн Ерөнхийлөгч нар. (CBSNews

  • Хар мэдээ: Залуусын дунд яагаад нийтлэг зүрхний эмгэгийг үүсэх болов? (TheSeattleTimes)

Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй. 

Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉

Login or Subscribe to participate in polls.

Reply

or to participate.