• Lemon Press
  • Posts
  • 🐋 Халимууд халин одсоор

🐋 Халимууд халин одсоор

Өрхийн орлого яг нэмэгдсэн үү? | Галзуу хурд | Binance болон CZ гэм буруутай

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Сонгууль айсуй. Амлалтууд айсуй. Метротой болох ээлжит яриа эхэлж, 2024-2027 онд багтаан барьж дуусгах сураг чих дэлсэх боллоо. Ай, амьдрал баялаг юм даа. 🚇

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Омни ассет ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны явц 100%-д хүрч амжилттай хаагдлаа.

INV: Инвескор ББСБ ХК (INV) анхны “А тогтвортой” үнэлгээтэй компани болов

UR: Цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор ураны үнэ сүүлийн 15 жилд анх удаа $80-т хүрлээ

 🏡 Өрхийн орлого яг нэмэгдсэн үү?

Өрхийн сарын дундаж орлого III улирлын байдлаар 3 жилийн өмнөхөөсөө 48.5% өсөж ₮2.2 сая болжээ. Гэхдээ танд орлого нэмэгдсэн юм шиг мэдрэгдэхгүй байна уу? 

Яагаад гэвэл… 

2015 оны зэрэгцүүлсэн үнээр буюу инфляцын нөлөөг арилгаад харвал дундаж орлого ердөө 7.8% өсөж ₮1.3 сая л болсон байгаа юм.  

  • Мөнгөний үнэ цэн = Чибуха: Сүүлийн 3 жилд үхрийн цул мах л гэхэд 47.6%, ургамлын тосных л гэхэд 75% өслөө шүү дээ. Инфляц дунджаар 10.2% байсан хойно арга ч үгүй биз. Өөрөөр бол инфляц дарагдахгүй өндөр байгаад байгаа болохоор л өрхийн нэрлэсэн орлого хөөрөгдөөд байгаа хэрэг. Инфляцын нөлөөг хасаад харахаар нэг их өсөж гавьсан юмгүй. 

  • Алсран алсарсаар: 2020 оны III улиралд өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү ₮295.7 мянга байсан бол энэ онд ₮934.5 мянга болж холджээ. Энэ нь инфляц болон нэрлэсэн орлогын өсөлтийн уралдаанд инфляц түрүүлээд байгаа гэсэн үг. 

  • Юу болох юм? Мэдээж энэ зөрүү холдох тусам өрхийн амьжиргааны түвшин буурах, өрхүүдэд санхүүгийн дарамт нэмэгдэх, цаашлаад эдийн засгийн өсөлт удаашрах зэрэг үр дагаварт хүргэнэ. 

-56.8% VS +84.4% 

Цаашлаад өрхүүдийг орлогын бүлгээр нь задалж харвал бас нэг сонирхолтой түүх өгүүлнэ. Сүүлийн 1 жилийн хугацаанд ₮500 мянга хүртэлх орлоготой өрхийн тоо 56.8% буурсан бол эсрэгээрээ ₮3 саяас дээш орлоготой өрхийн тоо 84.4% нэмэгдсэн аж. Түүнчлэн, 

  • Халамж^2: Сард ₮500-₮900 мянгын орлоготой өрхийн дундаж орлогын 66.6%-ийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.7 нэгж хувиар өсжээ. Хамаарал нь улам нэмэгдсэн гэсэн үг. 

  • Зээлээс зээлийн хооронд: Өрхийн сарын дундаж нэрлэсэн зардал орлогоосоо ₮80.5 мянгаар их буюу ₮2.3 сая байна. Тэгэхээр өрх орлогоос давсан зардлаа зээлээр санхүүжүүлж байгаа хэрэг. 

Эцэст нь… Өрхийн орлого жил ирэх тусам суга, суга нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа ч бодит утгаар нэг их өсөөд байгаа юм байхгүй л байна даа. Инфляц буурч, ханш тогтворжсон үед л бодит орлогын асалт мэдрэгдэх биз ээ. 

🍿 Галзуу хурд

NVDA: Nvidia ээлжит галзуу хурдаар өссөн улирлын тайлангаа танилцууллаа. Тэдний орлого жилийн өмнөхөөсөө 3 дахин өсөж $18.1 тэрбумд хүрсэн аж. Улмаар ашиг нь 13.6 дахин нэмэгдэж $9.2 тэрбум болжээ. Гэхдээ ирэх улиралд Америкийн Хятадад тавьж буй экспортын хязгаарлалтын улмаас компанийн орлого буурч болзошгүй байгаа юм.

👨‍⚖️ Binance-н түүхэн том торгууль

Одоогоос 2 жилийн өмнө крипто БҮҮМ болж байх үеийн одууд харван одсоор. Яав, ийв?

Халимууд халин одов

2018 оноос эхлээд Америкийн Хууль Зүйн Яамнаас Binance (BNB) болон CZ-г мөнгө угаасан гэмт хэрэг болон холбогдох хууль дүрмийг зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Уг хэрэг яван явсаар өнгөрсөн Мягмар гарагт Сиэтл хотын шүүхээс тус хэрэгт цэг тавьж Binance-г 3 хэрэгт гэм буруутай гэж тогтоогоод буй. Улмаар CZ $50 саяар торгуулж Binance-н CEO-н албан тушаалаа өгөөд зогсохгүй компанийн үйл ажиллагаанд оролцох болон удирдах эрхээ 3 жилээр хасуулав

  • Харин Binance-н хувьд: Тэд крипто зах зээлийн түүхэн өндөр торгууль болох $4.3 тэрбумыг төлөхөөр болсон юм. Binance крипто салбарын хамгийн том тоглогч гэдэг утгаараа энэ асуудал юуг харуулав, цаашид юу болох бол, гэх асуудал үлдэж байна. 

Крипто ертөнцийн нэгэн бүлэг хаагдаж байна уу? 

2020 оны крипто тэсрэлтийн нүүр царай болсон FTX-н CEO Сэм Банкман-Фрид, Luna-н CEO До Квон нар саяхан баривчлагдсан бол одоо CZ хоригдох эсэх дээрээ тулсан гээд тэр үеийн халимууд нэг нэгээрээ тоглоомын талбайгаас гарсаар. Үүнээс гадна 4 үүсгэн байгуулагчид ар араасаа нас барсан. Ингээд бодохоор криптогийн үе нэгэн үе дуусаж харин шинэ эхлэл айсуй юм шиг. Тэгвэл шинэ ертөнц ямаршуу байх бол? 

  • Уламжлалт санхүүгийнхэн тоглоомын талбайд: Крипто ертөнцийнхнийг SEC-тэй асуудалтай байх хооронд институт тоглогчид тус салбарт эрчтэй орж ирж байгаа. Тухайлбал, төв банкнууд дижитал валют гаргахаас эхлээд BlackRock (BLK) Биткойны ETF гаргана гээд чичирч байгаа зэрэг өнөө л санхүүгийн салбарыг атгасан хэдэн компани крипто ертөнцийг ч тамгалчих гээд үзэж байгааг илтгэх мэт.  

  • Шинэ цус: Нөгөөтээгүүр дараагийн илүү иновацлаг, илүү гоё технологийн шийдэлтэй криптогийн шинэ нүүр царай гарч ирэх нь цаг хугацааны л асуудал юм уу даа. 

Эцэст нь… Крипто ертөнцийн их тэсрэлтийн үеийн халимууд крипто зудыг давсангүй дээ. 😔 Ямар ч зах зээлд үе солигдож л байдаг болохоор хэвийн үзэгдэл ч юм шиг.

Ажиллах хүч: 1.3 сая 
Өнгөрсөн III улиралд улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая буюу 58.9% нь ажиллах хүчинд хамаарч байна.
Гадуур: 877.3 мянга
Харин нөгөө талд 877.3 мянга буюу 41.1%-ийг ажиллах хүчнээс гадуур хүн ам эзлээд буй.
0.2%-ийн өсөлт
Ажиллаж буй хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 0.2% өссөн бол ажилгүй хүмүүсийн тоо 2.1% буурчээ.

 🎯 Буган Хөшөөний Хакатон

СЯ-наас жил бүр хэрэгжүүлдэг соёлын бүтээлч сарыг тохиолдуулан Монголын Анимейшн Холбоо буган хөшөөний түүх, үнэ цэнийг залууст таниулах зорилготойгоор технологид суурилсан бүтээл гаргах Буган Хөшөөний Хакатон-ыг зохион байгуулж буй.

Уг хакатоны 1-р шатанд 9 баг шалгарсан ба тэд 11 сарын 23-25-ны өдрүүдэд Чингис Хаан Үндэсний Музейд салбар салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө, сургалт аван хөгжүүлэлтээ хийх юм.

Сүүлийн шат 11 сарын 25-нд 14:30 цагт ба хүрэлцэн ирж бүтээлүүдийг үзэх, зочин илтгэгчдийн яриаг сонсож нетворкинг хийх боломжтой гэнэ шүү.

Сонирхуулахад, буган хөшөө нь 2023 оны 9-р сард Дэлхийн соёлын өвөөр ЮНЕСКО-д бүртгэгдсэн юм.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

🔹Нийт хувьцаа эзэмшигчдийн тоо 10-р сарын байдлаар 558,250-д хүрлээ. Энэ дундаас Женко Тур Бюро ХК (JTB) хамгийн их буюу 52 мянган хувьцаа эзэмшигчтэй байна. Гэхдээ тус компанийн 76%-ийг ердөө 7 хүн л эзэмшиж буй. Тэдний араас Улсын Их Дэлгүүр ХК (UID) болон ХААН Банк (KHAN) хувьцаа эзэмшигчийн тоогоороо тэргүүлж байна. 

🔹Mastercard (MA)-н Хятад дахь нөлөө нэмэгдэнэ. Тодруулбал, компани NetsUnion Clearing Corporation-тай хамтран Хятадад банкны картын бизнес эрхлэх зөвшөөрлийг Хятадын төв банк болон санхүүгийн зохицуулагчаас авчээ. Ингэснээр Mastercard юаниар илэрхийлэгдсэн банкны картуудыг гаргаж эхлэх нь. 

🔹Golomt Capital Championship-н 36 дахь 7 хоногт тэргүүн байрны оролцогчийн өгөөж 152%-тай байлаа. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 50.7 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Харин ТОП-10 оролцогчийн өгөөж 11.3 нэгж хувиар өсөж 72.8% болжээ. 

🔹Сэм Алтман OpenAI-д эргэн ирлээ. Тус компанийн ТУЗ Сэм Алтманыг өнгөрсөн Баасан гарагт гэнэт халсан нь ТУЗ-ийн гишүүн Илья Суцкевер болон олон зуун ажилчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Улмаар Сэм Алтман OpenAI-н Гүйцэтгэх захирлаар дахин томилогдож байна.

  • Мэд: Grand Bull Awards-н эцсийн нэр дэвшигчдийг тодруулав. (LemonPress)

  • Сорь: НҮБ-ын МХХТ агентлаг залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр зарлалаа. (ITU)

  • Унш: Лондонд тоглогдож буй “Тамгагүй төр” жүжгийн талаар гаднынхан юу гэж шүүмжлэв? (InsideMongolia)

  • Турш: Ажлаасаа түр завсарлага аваад дагаад хийгээрэй. (AllblancTV)

Reply

or to participate.