🌦 Удахгүи бороотои

!! Бага баина, НЭМНЭ, ТОДОТГОНО | BDS-н ашиг | Cement 101

POWERED BY

Morning! Өнөөдөр бол интернэтээр өөрийгөө халамжлах өдөр. Тэгэхээр өнөөдөр та интернэт ашиглан өөрийгөө халамжлах ямар нэгэн контент, мэдээ мэдээлэл уншиж болох нь ээ. Гэснээс бид нойргүйдлийн хор уршгийн талаар бэлтгэсэн шүү. ЭНД дарж үзээрэй. 🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн гаргаж буй ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, 17%-ийн хүүтэй ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 8 сарын 26-30-ны өдрийг дуустал үргэлжилнэ

UID: Өчигдрийн арилжаагаар Улсын Их Дэлгүүр ХК (UID)-ийн хувьцааны үнэ 5.15%, он гарснаар хойш 35.8% өсөж ₮3,999-т хүрээд байна

CHN: Өвөр Монголын нийслэл Өрөмч болон Их Британийн Борнмут хотын хоорондын агаарын тээврийн шинэ чиглэл албан ёсоор нээгдлээ.

‼️ Бага байна, НЭМНЭ, ТОДОТГОНО

УИХ-ын хувьд улсын төсөв гэдэг бол жил бүр л бага байна гээд нэмж тодотгодог зүйл болоод удлаа. Энэ жилийн хувьд ч төсвийг тодотгохыг дэмжиж, хуульдаа ч өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Яах гээд байдаг юм бэ?

💪 Данхайсаар… 

Энэ жил буюу сонгуультай жил түүхэн том төсөв баталсан. Угаас манай төсөв сонгуулийн жилүүдэд огцом өсдөг. Тодруулбал, 2008 оноос хойших сонгуулийн жилүүдийн төсвийн зардлын дундаж өсөлт 28.5% байгаа нь сонгуулийн бус жилүүдийнхээс даруй 13.4 нэгж хувиар өндөр байгаа юм. Тэгвэл УИХ энэ жилийн энэ данхгар төсөвт тодотгол оруулах талаар хэлэлцэх нь ээ. 

  • 🤔 Ямар өөрчлөлт гарах вэ? Энэ жилийн төсвийг тодотгохдоо тэнцвэржүүлсэн орлогыг 12% нэмэгдүүлж ₮28.9 их наядад, зардлыг 11.3% өсгөж ₮30.5 их наядад хүргэхээр хэлэлцэх юм. Улмаар төсвийн тэнцэл ₮1.6 их наядын алдагдалтай гарна гэсэн үг. 

  • 📃 Учир начир: Шинэхэн хамтарсан ЗГ Ерөнхий сайдаас гадна 3 Шадар сайд, 16 яамны сайд, 4 яамгүй сайд томилогдож нийтдээ 23 сайдтай болсон. Тиймээс тодотголоор яамдын тоо 2-оор нэмэгдсэнээс гадна яамгүй болон Шадар сайдуудын төсвийн нэмэгдэл орж ирснээр төсөв тэлж байгаа хэрэг. 

  • Хасагдана: Мөн тодотголоор улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нийт 15 аймаг байгаагаас Сүхбаатар, Говьсүмбэрээс бусад аймгуудын төсвийг танах талаар хэлэлцэх юм. Улмаар 13 аймагт олгох нийт санхүүжилтээс ₮47.7 тэрбум хасагдах нь. 

⁉ Ямар нөлөө гарах вэ? 

Энэ оны төсвийн нийт орлогын 92.9%-ийг та бидний татварын орлого бүрдүүлэхээр тусгагдсан. Харин тодотголоор төсвийн орлого 12% нэмэгдэнэ гэхээр та биднээс авах татварын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Уг нь бол энэ оны батлагдсан төсвөөр бол бид аль хэдийн 2023 онд төлснөөсөө ₮4.5 их наядаар их дүнтэй татвар төлөхөөр байгаа. 

  • ⚠ Нэмээд: Төсөв тэлнэ гэдэг нь зах зээл дээр тэр хэмжээний мөнгө эргэлдэнэ гэсэн үг. Гэтэл манай инфляц саяхнаас л 1 оронтой тоо руу ороод байна. Монголбанк ч бодлогын хүүгээ 11% дээр хэвээр хадгалж байгаа. Харин төсөв тэлснээр эргээгээд инфляцыг өдөөж, бодлогын хүү буурахгүй байх нөхцөл үүснэ. Тэгэхээр таны авах зээлийн хүү ч буурахад хэцүү болох юм.

Эцэст нь… Сонгуулийн үр дүнд хамтарсан ЗГ байгуулагдсан тул сөрөг хүчний дуу хоолой хүчтэй байхгүй. Тэгэхээр төсөв нь тэлээд л, яамдуудын зардал нэмэгдэх нь. Гол нь хэр оновчтой байх бол?

🔥 Ашиг х 8.3

BDS: БиДиСЕК ҮЦК ХК энэ оны эхний хагас жилд ₮3.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа. Энэ нь жилийн өмнөхөөс 8.3 дахин нэмэгдсэн дүн юм. Учир нь тэдний үйл ажиллагааны орлого 2 дахин нэмэгдэж ₮5.9 тэрбум болсон байна. Угаас компани энэ оны эхний хагас жилд Нийслэл бондын тэргүүлэх андеррайтераар ажиллаж 3 транч дээр нийт ₮630 тэрбумын арилжаа хийсэн байна.

🌦️ Удахгүй бороотой

9 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод +20 хэмийн дулаан байх хэдий ч бороо орох төлөвтэй байна. Юун бороо вэ, гэж үү? Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain буюу Жон Жи Хүн Монголд ирэх гээд  байна аа цаана чинь. Сурсан зангаараа Өмнөд Солонгост жүжигчдийн хэтэвч рүү өнгийцгөөе. 😆

👑 ТОП-10

Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой, хөрөнгөтэй эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Ким Сү Хён $170 саяын хөрөнгөтэйгөөр тэргүүлдэг. Түүний хувьд нэг драмад хамгийн өндөр дүнгээр дүр бүтээдгээрээ алдартай бөгөөд “One Ordinary Day” хэмээх цувралын 1 ангид $423,000 тоглож байсан аж. 

  • 🤑 Хэд юм бэ? Харин тун удахгүй Монголд ирэх гэж буй Rain ТОП-10-н жагсаалтын 7-рт бичигдэж буй. Цаашлаад, тэрбээр эхнэр болох Ким Те-Хигийн хамт Өмнөд Солонгосын хамгийн баян хосуудын жагсаалтыг ч өнгөлдөг. Гэснээс түүний тоглолтын зохион байгуулагчаар EVANDIS Entertainment хариуцаж байгаа гэсэн шүү

  • 🖤🩷 In your area: Өмнөд Солонгосын энтертайнмент салбарыг К-поп-ийн уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жишээ нь л гэхэд BlackPink-н хамгийн сүүлийн Born Pink аялан тоглолтоор 1.8 сая тасалбар борлуулагдаж $332 саяын орлого олсноор, Азид түүхэн дээд түвшин тогтоож байв

🏄‍♂️ Солонгос давлагаа

К-поп урсгалын цуу алдар өдгөө барууны орнуудад ч цуурайтаж, дэлхий даяар тус улсын кино, дууг дурлан сонирхож буй хүмүүсийн тоо 2012 оноос 9.3 сая өсөж 225 саяд хүрчээ. Түүнчлэн тус улс хамгийн нөлөө бүхий өв соёлтой улсуудын 7-рт бичигддэг төдийгүй эхний 5-д багтах зорилт ч тавиад буй.

  • 💪 Зөөлөн: Харж байгаачлан Солонгос давлагаа тус улсын зөөлөн хүчний бодлогыг улам хүчирхэгжүүлж байгаа төдийгүй К-поп оддын тоглолтын уур амьсгалыг мэдрэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид нь тус улсыг зорих нь олонтоо.

Эцэст нь… Сүүлийн 2 жилд буюу “Go Mongolia” хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөд Солонгосын алдартай жүжигчид, дуучид, инфлүнсэрүүд Монголд ирж Монголыг сурталчлах болсон. Энэ хирээрээ тус улсаас Монголыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэж байна даа.

🎯 Боломжийг атгаад урагш

Гарааны бизнесээ шинэ түвшинд гаргах боломжтой боллоо. 📢

Мобиком групп технологийн салбарын судлаач, мэргэжилтнүүд болон гарааны бизнес эрхлэгчдэдээ зориуланMobi Challenge” уралдааныг зарлажээ. Уралдаанд хиймэл оюун ухаанд суурилсан робот ажилтан, дижитал төлбөрийн системийн аюулгүй байдал, урамшууллын цогц систем зэрэг 11 сэдвээс сонгон оролцож, 5 шилдэг баг шалгарах  аж.

Цаашлаад, шалгарсан багууд Мобиком групптэй урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой ба уралдааны турш 3 сарын хугацаанд оффис, урсгал зардлыг хангах юм. Мөн нийт ₮370 саяын шагналын сантай гэнэ шүү.

За тэгээд, гарааны бизнесээ шинэ түвшинд гаргах боломжийг бусдадаа дуулгана биз ээ. ✌️

📅 Бүргүүлэх хугацаа: 9 сарын 23-ныг дуустал
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Tenor

🍋 Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт ₮94.2 тэрбумын өөрчлөлтийг оруулжээ. Өчигдөр ЭЗБХ-ний хуралдаанаар ЗГ-ын ирэх 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Цаашлаад, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндэсний баялгийн сангийн энэ оны төсвийн төслийг тус тус хэлэлцсэн байна. 

🍋 Төрийн өмчит Tokyo Metro ирэх 10-р сард Японы зах зээлийг донсолгосон IPO хийнэ. Компанийн 53.4%-ийг  Японы ЗГ эзэмшдэг бөгөөд зах зээлээс $4.37-$4.78 тэрбумыг татан төвлөрүүлж 2018 оноос хойших Японы хамгийн том IPO болох магадлалтай байгаа. Тэдний IPO-гоор ЗГ-ын бондыг дахин санхүүжүүлэх магадлалтай аж.

🍋 Монгол болон Словени Агаарын харилцааны тухай ЗГ хэлэлцээрийг удахгүй байгуулахаар тохиролцлоо. Түүнчлэн талууд аялал жуулчлал, ой, бизнесийн салбарт тус тус хамтран ажиллах санамж бичгийг үзэглээд буй. Цаашлаад, 2 улс эмийн бүтээгдэхүүний чиглэлд хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч тус чиглэлд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тохиров. 

🍋 Хятад Бээжин-Тяньжин-Хэбэй бүсэд I зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлнэ. Энэ дундаа ялангуяа Шюн Ань шинэ бүсэд I зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлэх 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм. Түүнчлэн тус бүсийн ДНБ 2013 оны түвшинтэй харьцуулахад  өнгөрсөн онд 90% өсөөд буй.

🏗 Cement 101: Гэрийн нөхцөлд хэрхэн цемент зуурах вэ? 

Гэрийн нөхцөлд цементээ аваад зуурах гэхээр нэг л бүтэхгүй байгаад байна уу? Тэгвэл энэ удаагийн дугаараар хэрхэн зөв стандартаар гэртээ бетон зуурахыг зааж өгье. Анхаарлаа нааш нь. 🔊

1 шуудай цемент ⏩ Бетон ⏩ Орц

Түүхий цементийг ус, дайрга зэрэг материалтай хольж зуурах замаар бетон гаргаж авдаг. Тэгвэл Монголд өргөн ашигладаг Монцементийн өрхийн CPC 32.5 болон өргөн хэрэглээний OPC 42.5 маркийн цементээр зуурах бетоны хольцыг харцгаая. 

  • CPC 32.5: М 200 төрлийн бетоны зуурахдаа 1 шуудай буюу 50 кг CPC 32.5 маркийн цемент дээр 32 л ус, 2.8 ширхгийн модуль бүхий 122 кг орчим элс, 5-10 мм-тэй 38,4 кг дайрга дээр 10-20 мм-тэй 90 кг дайргыг тус тус холих юм. Зуурмаг жигд, бөөгнөрөлгүй байх ёстой тул зууралдамхай байдлыг хянаж, тасралтгүй хөдөлгөж байх ёстой шүү. 

  • OPC 42.5: Харин Монцементийн OPC 42.5 өргөн   хэрэглээний   портланд   цементээр   зуурах   С20 бетоны хольцын хувьд 1 шуудай цемент дээр нь 34.5 л ус, 2.8 ширхгийн модуль бүхий 139.2 кг орчим элс, 160 кг дайрга нэмж зуурах аж. 

  • ⚠ Санамж: Бетоныг зуурахдаа материал чийгт тохируулан усны хэмжээг тохируулах шаардлагатай бөгөөд бетоныг жигд агааргүй, тэгш цутгах нь ажил гүйцэтгэлээс хамаарна гэдгийг санаарай. 

Заа тэгээд, гэрийн аргаар цемент зуурах ийм нарийн стандарттай байх нь ээ. Сайн хараад, барилгын ажлаа урагшлуулах гэж байгаа найздаа мөн дуулгаарай.


Бөөс түүж үзсэн үү? Доор оруулсан мэдээний хэсгүүдээс алдаатай мэдээг олно шүү. Энийг чинь товхимлын бөөс түүх гээд байгаа шүү дээ. 😆🪱 

A. Rain-н Өмнөд Солонгосын хамгийн баян ТОП-10 жүжигчдийн 7-рт бичигддэг.  
B. Инвескор Эй Би Эс ТЗК ХХК нэг бүрийг нь ₮100,000-өөр үнэлсэн ХБҮЦ гаргана. 
C. Өчигдрийн арилжаагаар Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцааны үнэ 7% өсөж ₮3,999-т хүрэв.

  • Шинэчлэл: Цаадах чинь ирж явааг мэдсэн үү? (Forbes)

  • Эхлүүл: Бага төсвөөр ямар бизнесүүдийг босгох боломжтой гээч? (MoneyUnder30)

  • Мэдүүштэй: Ус уусан ч таргалаад байгаа биш, микропластикаас болж таргалаад байх вий? (Forbes)

  • Сонирх:  МХБ ХК-ийн ₮40 саяын үнийн дүн бүхий тендер зарлагдлаа. (MSE)

Зөв хариулт нь C буюу Өчигдрийн арилжаагаар Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцааны үнэ 5.15% өсөж ₮3,999-т хүрсэн нь шүү.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан
Graphics by: Ч.Батцэрэн 

Reply

or to participate.