!?️ Барилгачин төр

Ирээдүйн түлш: Устөрөгч | Шинэ даатгал | Аз одтой Battlefield 6

POWERED BY

Өглөөний мэнд ээ!  Олон нийтээс авч буй 2026 оны төсвийн төслийн санал асуулга маргааш хаагдана. Санал өгсөн иргэдийн 67% нь “Татвараа багасга!” хэмээсэн байна. Хэрэв та саналаа өгөөгүй бол иргэний эрх, үүргээ биелүүлэн саналаа өгөөрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

FRC: Өнгөрсөн сарын арилжаанд оролцогчдын 31.9%-ийг дотоодын иргэн, 67.2%-ийг дотоодын ААН-ийн хийсэн гүйлгээ эзэлж байна.

RUS: Оросын гадаад худалдааны ашиг өнгөрсөн 6-р сард өмнөх оны мөн үеэс 19.2% буурч, $57.3 тэрбумд хүрэв

MNG: Мобиком Корпораци Connect Life компанитай стратегийн түвшинд хамтран ажиллаж, Mobilife апп-аар дамжуулан дижитал амь даатгалын үйлчилгээ үзүүлнэ

UBX: “Simple” ХБҮЦ анхдагч зах зээлийн арилжаагаар зорилтот дүн болох ₮40 тэрбумыг амжилттай татан төвлөрүүллээ

🔨 Барилгачин Төр

Энэ оны эхний хагас жилд төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2024 оны мөн үеэс 15.9 дахин өсөж ₮509 тэрбумд хүрчээ. Янз нь төр ойрдоо ажил ихтэй, байшин бариад амралт багатай л байж дээ.

🗺️ Том зураг

Барилга угсралт, их засварын ажил 2025 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 31.6% өсөж ₮5.2 их наяд болов. Үүнд дотоодын байгууллагын гүйцэтгэл 41.6% нэмэгдсэн нь жинтэй нөлөөлжээ. Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэл 28.5% өсөж ₮4.4 их наядад хүрсэн бол төрийн байгууллагын гүйцэтгэл 15.9 дахин ихсэж ₮509 тэрбум болсон аж. 

  • 🇲🇳 Баян ходоод: Эхний хагаст барилга, засварын ажил Өмнөговь аймагт ₮559.3 тэрбумд хүрч улсын хэмжээнд тэргүүлсэн бол Дундговь аймаг ₮21.5 тэрбумаар баян ходоодонд бичигджээ.

🧱 Төр ойрдоо завгүй

Төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, засварын ажил огцом пуужиндсан нь өнгөрсөн онд сонгууль болсонтой холбоотой байх тал бий. Учир нь сүүлийн 20 жилд төрийн байгууллагын барилга, засварын ажлын дүн жил бүр дунджаар 2.2 дахин нэмэгдэж ирсэн бол УИХ, орон нутаг сонгуулийн дараагийн жилүүдэд дунджаар 4.2 дахин өссөн аж.  Энэ жил хэрэгжиж буй хөнгөхөн жишээнээс харвал: 

  • ₮50 саятай Хороо: Улаанбаатар хотын 204 хорооны тохижилтод зориулж хороо тус бүрт ₮50 сая буюу нийт ₮10.2 тэрбумыг хуваарилаад байна. 

  • ₮32 тэрбумаар чанартай алхана: Явган хүний замыг сайжруулахаар нийслэлийн 15 байршилд 59.6 км замыг байгалийн чулуугаар шинэчилж буй бөгөөд нийт төсөв нь гэхэд л ₮32 тэрбум аж.

Эцэст нь… Төр энэ хурдаараа үргэлжлүүлбэл гавьяат барилгачин болж мэдэхээр. Гэхдээ түүх сөхвөл их бүтээн байгуулалтын онгод нь сонгуулийн дараа оргилж, удалгүй буурдаг нь зовлон биш зол минь гэлтэй. 🫠 

  • 🕹️ Siri-р апп-уудаа удирдах боломжтой болох нь. (TechCrunch)

  • ✈️ Hunnu Air-н сагсанд хэн нэмэгдсэнийг хараач ээ! (Textron)

  • 🛶 Ихийг суралцаж байж инновац хийнэ. (HBR)

  • 💧 Гүний ус дэлхийн зүрх болохуйд… (WEF)

⭐️ $EA: Аз одтой Battlefield 6 

EA: Дэлхийн томоохон видео тоглоом үйлдвэрлэгчдийн нэг Electronic Arts саяхан Battlefield 6 тоглоомын бета хувилбарыг танилцуулсан ба тус тоглоом нь үнэнч хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд ороод байна. Тухайлбал, компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 5.1% өсөж $176.1-т хүрсэн нь бүх цаг үеийн дээд үнэ болсон бөгөөд компанийн нийт зах зээлийн үнэлгээ $44.1 тэрбум болсон аж.   

🔮 Ирээдүйн эрчим хүч: Устөрөгч 

Хятад Өвөр Монголд дэлхийн хамгийн том цэвэр устөрөгчийн үйлдвэрлэлийн төслөө эхлүүллээ

♃ Jupiter-1

Төслийн эхлэл болгож Өвөр Монголын Ордос хотод 30 МВт-ын хүчин чадалтай “Jupiter-1” хийн турбин суурилуулах ажил эхэлсэн байна. Төслийг Shenzhen Energy болон Mingyang компаниуд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 

  • 🔋 Тэжээл: Төслийн хүрээнд 500 МВт-ын хүчин чадалтай салхин турбин болон 5 МВт-ын бие даасан нарны цахилгаан систем багтаж байгаа буюу эрчим хүчээ нар, салхиар шийднэ. 

  • 🎡 Гарц: 100% цэвэр эрчим хүчний эх үүсвэр гэгдэж буй тус үйлдвэр устөрөгчөө электролизийн аргаар гарган авах бөгөөд 240 МВт-ын электролизераар цагт 48,000 м3 буюу 4.3 тн устөрөгч үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 

  • 🍋 Бүтээгдэхүүн: Аан тийм уг төсөлд 150,000 тонн аммиак үйлдвэрлэх үйлдвэр багтаж байгаа нь устөрөгчийг үйлдвэрлэхээсээ илүүтэй хадгалах, тээвэрлэх нь төвөгтэй учраас аммиакийг устөрөгч дамжуулах аюулгүй, найдвартай хэлбэр болгон ашигладагтай холбоотой.

🔍 Өвөр Монголын боломж

Хятад дэлхийн цэвэр эрчим хүчний өрсөлдөөнд хэдийнээ байр сууриа олж, тэргүүлийг атгаж байгааг мэдэх биз ээ. Тэр тусмаа сүүлийн 3 жилд сэргээгдэх эрчим хүчний гарцаа нэмэгдүүлэхээс гадна илүү ахисан түвшинд устөрөгчийн үйлдвэрлэл рүү эрчтэй давших болсон. Тухайлбал, саяхан Envision Energy компанийн Өвөр Монголын Чифэн хот дахь дэлхийн хамгийн том ногоон устөрөгч, аммиакийн үйлдвэр, 2 жилийн өмнө Шинжаньд 260 МВт-ын бас л дэлхийн хамгийн том гэх тодотголтой ногоон устөрөгчийн үйлдвэр тус тус ашиглалтад орж байв.  

Эцэст нь… Монголын тухайд цэнхэр, ногоон, саарал гэхчлэн устөрөгчийн төрлүүдээс ногоон устөрөгчийг харьцангуй хямдаар үйлдвэрлэх боломжтой гэх судалгаа байдаг. Нэрлэж болох төсөл гэвэл Дорнод бүсийг хамарсан МАК ХХК-ийн устөрөгчийн төсөл бий. Тэд Япон болон Хятадтай хамтран урьдчилсан болон нарийвчилсан ТЭЗҮ боловсруулж байсан. 

AI-н хөгжилтэй зэрэгцэн хурцаар яригдаж буй асуудал бол борооны дараах мөөг шиг олширч буй дата төвүүдийнхээ эрчим хүчийг яах вэ гэдэг. Эрэлт тээр өндөрт байгаа учраас томоохон компаниудаас эхлээд улс орнууд устөрөгчийн үйлдвэртэй болохоор уралдаж байна. 

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Сурагчдын хичээлийн хэрэгслийн худалдаа хэдийнээ эхэлжээ. Зарим хичээлийн хэрэгслийн үнэ ₮500 дотор нэмэгдсэн сурагтай. Энэ үнийн өсөлт хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Login or Subscribe to participate in polls.

Tenor

🍋 Оросын шүүх тус улсад хориглосон контентыг устгаагүй гэх шалтгаанаар Telegram-д ₽7 саяын торгууль ногдууллаа. Энэ нь анхны удаа ч биш, 2020 оноос хойш хэд хэдэн удаа буюу 2021 онд нийт ₽11 сая, 2022 онд нийт ₽10 саяын торгуулийг ижил шалтгаанаар ногдуулж байв. Шалтгаан нь голчлон Telegram Оросын ЗГ-ын эсрэг мэдээлэл болон улс төрийн эсэргүү үзэл санааг түгээсэн контентыг усгтах арга хэмжээ аваагүйд болно. 

🍋 CATL (300750.SZ)-н литийн уурхайн үйл ажиллагаа түр зогссоноор лити олборлогч компаниудын хувьцааны үнэ өсөв. Хятадын Ичуньд байрлах тус уурхай нь Хятадын нийт лити олборлолтын 20%, дэлхийн 6%-ийг хангадаг бөгөөд ашиглалтын зөвшөөрлөө сунгах хүртэл 3 сар хаалттай байх юм. Энэ сургаар лити олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг Albemarle (ALB) тэргүүтэй компаниудын хувьцааны үнэ 8%-16% хүртэл өсөөд байна. 

🍋 Нийслэл он гарснаас хойш нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилжээ. Улмаар энэ онд шинэчлэх нийт авто замын 23% буюу нийт 10 байршлын авто замыг шинэчлэх, нэмээд 10 байршилд шинээр зам барих 14.15 км суурь хучилтын ажил үргэлжилж байгаа аж. За тэгээд урт насжилттай, чанартай ажил гүйцэтгэж байгаа эсэхэд дүгнэлт хийх үлдэж байна даа. 

🍋 Paramount (PARA) $7.7 тэрбумаар UFC-г Америкт дамжуулах цор ганц эрхийг авав. Урьд нь үзэгчид UFC-н тулаануудыг төлбөртэй үздэг байсан бол ийнхүү Paramount болон CBS телевизээр дамжуулан 7 жилийн турш үнэ төлбөргүй үзэх боломж бүрдэж байна. Сүүлийн үед Paramount, Netflix (NFLX) тэргүүтэй энтертайнмент медиа компаниуд үзэгчдийн тоогоо тэлэх зорилгоор ийн спортын салбарыг сонирхож эхлээд буй.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.