• Lemon Press
  • Posts
  • 🔎 ШХАБ-ын дараагийн гишүүн: Монгол?!

🔎 ШХАБ-ын дараагийн гишүүн: Монгол?!

BBB+ зээлжих зэрэглэлтэй бонд | Хятадын чипийн ХОС | AI-р дамжсан дээд амжилт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Та минь ээ, сонгууль болоход 29 хоног үлдлээ. Саналын хуудсаа яаж бөглөхөө мэдэж байгаа юу? Энэ удаагийн сонгуулиар холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох тул 2 тусдаа саналын хуудсыг ашиглана. Яаж бөглөхийг ЭНД дарж уншаарай. 🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: МХБ (MSE) уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлийг Хятадад сурталчлах зорилгоор Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөгийг зохион байгууллаа

POL: Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ

MRTD: Цагт 3,500 тн, хоногт 64,000 тн, жилд 20 сая тн нүүрс ачих Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсон байна.

📊 BBB+ зээлжих зэрэглэлтэй бонд

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгож буй Simple III бондын урьдчилсан захиалга эхэллээ. Яадаг бонд вэ? 

Үнэт цаас гаргагч: Ашид Капитал ББСБ ХХК

Simple III бондыг гаргаж буй Ашид Капитал ББСБ ХХК нь М-Си-Эс Холдинг ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд ББСБ-ын чиглэлээр 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Компани дижитал зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж Simple апп-ийг зах зээлд нэвтрүүлснээр өдгөө 110 мянга гаруй гэрээт харилцагчтай болсон аж. Санхүүгийн хувьд, 

  • Зээл олголт 🆙: Ашид Капитал ББСБ-ын нийт зээл олголт 2023 онд өмнөх жилээсээ 2%, 2020 оныхоос 40 дахин өсөж ₮452 тэрбумд хүрсэн байна. Улмаар цэвэр ашиг нь 2022 оныхоос 42.3% нэмэгдэж ₮12 тэрбум болжээ. Мөн компанийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 20%+ байх ёстой бол Ашид Капитал ББСБ ХХК-ийнх 58.7% байгаа юм. 

  • Эрэлттэй: Угаас сүүлийн жилүүдэд финтек, дижитал зээлийн үйлчилгээ өргөжсөнөөр ББСБ-ын нийт зээлдэгчдийн 82.4%-ийг финтек зээлдэгчид эзэлдэг болсон. Тэгэхээр Ашид Капитал ББСБ ХХК-ийн үйл ажиллагаа цаашид ч тэлж, бүтээгдэхүүнийх нь эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байх болов уу. 

₮100,000 ➡️ ₮20 тэрбум

Харин одоо Simple III бондын тухайд гэвэл BBB+ зээлжих зэрэглэлтэй гэдгээрээ онцлог. Уг зэрэглэлийг MIRA Mongolia тогтоосон бөгөөд BBB+ зэрэглэл нь харьцангуй аюулгүй бөгөөд АА эсвэл ААА зэрэглэлтэй бондоос өндөр өгөөжтэй гэсэн үг. Түүнчлэн,

  • Хүү: Тус бондын жилийн хүү нь 18% бөгөөд хүүг улирал тутам олгох аж. Өөрөөр хэлбэл, Simple III бондын хүү бодлогын хүүгээс 7 нэгж хувиар, ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай төгрөгийн, энгийн хадгаламжийн дундаж хүүгээс 5.8 нэгж хувиар өндөр гэсэн үг.

  • ₮20 тэрбум: Цаашлаад Simple III бонд нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй бөгөөд нийт ₮20 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. Хугацааны хувьд 18 сар бөгөөд бондын эргэн төлөлт хугацааны эцэст төлөгдөх аж. 

Эцэст нь… Тус бондын үндсэн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК, туслах андеррайтераар Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК ажиллаж буй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид маань эрсдэлээ тооцож, судалгаагаа хийгээд эдгээр ҮЦК-д хандах нь байна шүү.

🤖 AI-р дамжсан дээд амжилт

DELL: Dell-н компьютер хэрэглэдэг хүмүүс байна уу? Тэдний хувьцааны үнэ түүхэн дээд түвшин буюу $160.2-т хүрчээ. Зөвхөн Dell ч гэлтгүй хиймэл оюун ухаан (AI)-т чип, компьютер үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ өсөж буй. Nvidia (NVDA)-н хувьцааны үнэ л гэхэд өчигдрийн байдлаар 2.6%, Qualcomm (QCOM)-нх 4.3% өсөөд байна. AI-н хүчээ гэж…

🔎 ШХАБ-ын дараагийн гишүүн: Монгол?!

Өнгөрсөн 7 хоногт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан болж өнгөрсөн. Энэ үеэр Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Монголыг ШХАБ-д элсэх дараагийн гишүүн улс хэмээв. Юу болов?  

ШХАБ-ын тэмцэх 3 аюул

Хятад, Оросын тэргүүлж буй ШХАБ нь гишүүн 9 орны хамтаар Евро-Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ 3 аюул буюу терроризм, салан тусгаарлал, хэт туйлшрах үйлдэлтэй хамтран тэмцэх зорилготой бүлэг юм. Өдгөө тус бүлгийн зорилго өргөжиж эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буй. Харин Монголын тухайд тус бүлэгт ажиглагчийн байр сууриас хандсаар 20 дахь жилдээ орж байгаа. 

  • Манайх аа! Сергей Лавров Хятадтай хамт Монголыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжиж буйгаа илэрхийлж, газар нутгийн хувьд ч Монгол ШХАБ-ын нөлөөллийн бүсэд багтаж буй хэмээсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 2 хөршөөс Монголыг тус бүлэг дэх гишүүнчлэлтэй болох асуудлыг дэмжихээ илэрхийлсээр ирсэн бөгөөд энэ удаад ч тэр л байр сууриа ахин илэрхийллээ.  

  • Үе үеийн Ерөнхийлөгчдийн байр суурийг харвал түүхэн дэх 6 Ерөнхийлөгчөөс Ц.Элбэгдорж Монголын ШХАБ дахь байр суурь ажиглагчаас хэтрэхгүй хэмээж байсан ч уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж байсан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус бүлэгт нэгдэн орох талаар судлах тухай ярьж байв. Харин бусад Ерөнхийлөгчид ажиглагчийн байр сууриас хандаж байсан. 

Боломж ба эрсдэл 

ШХАБ-ын чиглэж буй гол 3 зорилго яг үнэндээ Монголд асуудал болсон эсвэл тэмцэх хэмжээний цар хүрээтэй асуудал уу гэвэл үгүй буюу тус бүлэгт Монгол байр сууриа ахиулах хэрэгцээ тийм ч их биш. Сонирхуулахад, өнгөрсөн онд Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монголын ажиглагчийн статус ШХАБ-аас олгож буй боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг онцолж байв

  • Юун боломж? Гэсэн ч Монгол 2 хөрштэйгөө аль хэдийн стратегийн түншлэлийн харилцаатай хэр нь л тэр хэмжээний стратегийн томоохон төсөл хэрэгжүүлж чаддаггүй байх жишээний… 

Эцэст нь… Монгол барууны орнуудад Азид ардчиллыг бойжуулж, хадгалж буй орон гэдгээрээ сайшаагддаг. Гэтэл авторитар клуб гэгддэг ШХАБ-д нэгдэн орох нь манайх шиг жижиг орны хувьд тийм ч таатай сонголт биш учраас үе үеийн дипломатууд энэ асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү хэмээн захисаар ирсэн. Нэмээд ШХАБ-ын гишүүн орнууд өөр хоорондоо ч хөгжүүлнэ гэж яриад байгаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа бодитоор хэрэгжүүлж чадахгүй Орос, Хятад руу налсан байхад Монголд ашиглах ямар боломж байгаа гэж бодож байна?

🧘 Натур Мед Уламжлалт Сэргээн Засах Төв

Завгүй амьдралын хэв маяг, ажлын ачаалал зэргээс шалтгаалан сайн амарч чадахгүй нойргүйдээд байгаа бол анхаарлаа нааш нь. 👀

Нойргүйдлийг дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө, хооллолтоор дамжуулан өдөр тутмын эрүүл дадлыг хэвшүүлэхэд чиглэсэн цогц эмчилгээг санал болгодог “Натур Мед Уламжлалт Сэргээн Засах Төв”-ийг сонирхуулж байна. Тодруулбал,

  • CBTI: Нойргүйдлийн танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ,

  • Дагнасан сэргээн засах: тодорхой нэг төрлийн эмгэг, гэмтлийн дараах өвчтөний бие махбод, сэтгэл санааны онцлогт тааруулан, тэдгээрийг хөгжүүлэхэд чиглэсэн эмчилгээг хүргэж буй.

За тэгээд хотын төвөөс 20 км зайд, цэвэр агаарт байрладаг тул тэднийг сонгон байгалийн сайханд тайван эмчлүүлэх боломжтой гэнэ шүү.

Reuters

🍋 Хятад хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор төрийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын санг байгуулжээ. Тус сан нь $47.5 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд энэ чиглэлийн 3 дахь хөрөнгө оруулалтын сан болжээ. Сонирхуулахад, Хятадын Сангийн яам тус сангийн 17%-ийг эзэмшиж буй. 

🍋 Барилгын хог хаягдал дахин боловсруулах анхны үйлдвэр 2024 оны III улиралд ашиглалтад орно. Тодруулбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд тус үйлдвэрийг байгуулж буй. Сонирхуулахад, Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тн хог хаягдал гардаг бөгөөд 20-30% нь барилгын хог байдаг.

🍋 Энэ оны 5 сарын 17-ныг хүртэлх байдлаар ₮397.3 тэрбумын ипотекийн зээлийг 3,361 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатарт ₮267.3 тэрбумын зээлийг 2,082 өрхөд, орон нутагт ₮130 тэрбумын зээлийг 1,279 өрхөд олгожээ. Ипотекийн зээл олголтыг энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52% нэмэгдсэн аж. 

🍋 Цагаан алт үндэсний хөтөлбөрөөр нийт ₮2.2 их наядын санхүүжилтийг бүрдүүлж хөнгөн үйлдвэрийн салбарт 3 жил хэрэгжүүлнэ. Улмаар ирэх 3 жилд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20%-иас 40% хүртэл, үйлдвэрлэлийг ₮1.5 их наядаас ₮2.3 их наяд, экспортыг $398 саяас $690 сая хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байрыг бий болгох гэнэ.

Алдааг ол. 🤓

А. Монгол ШХАБ-ын ажиглагч орон. 
B. Simple III бондын зээлжих зэрэглэл BBB+. 
C. Хятад үл хөдлөх салбараа дэмжихээр $47.5 тэрбумын хөрөнгөтэй ХОС-г байгуулав.

  • Хэрэгтэй: Аяыг нь мэдээд байгаа хэр нь дууных нь нэрийг санахгүй үедээ ашиглаарай. (TheVerge)

  • Мэдүүштэй: Финтекийн эрх зүйн зохицуулалттай холбоотой хичээл байна шүү цаана чинь. (Legaldata)

  • Дээд амжилт: Японы робот рубик шоог 0.3 секундэд эвлүүлж, Гиннесийн амжилтыг шинэчилсэн байна даа. (TheJapanTimes)

  • Туршмаар: ChatGPT-д сэтгэл хөдлөлийн мэдээллээ оруулаад аз жаргалтай болох зөвлөгөө авч болно гэнэ ээ? (HubSpot)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь C буюу Хятад үл хөдлөх салбараа биш хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ дэмжихээр $47.5 тэрбумын хөрөнгөтэй ХОС-г байгуулсан шүү.

Reply

or to participate.