• Lemon Press
  • Posts
  • 💸 УИХ-ын гишүүдийн хөрөнгө хэд вэ? 

💸 УИХ-ын гишүүдийн хөрөнгө хэд вэ? 

Индексүүдийн хөдөлгөөн болон УИХ-ын гишүүдийн хөрөнгийн талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өчигдрийн нийт арилжааны үнийн дүн жилийн өмнөхөөс 57.9% буурч ₮119.1 сая болжээ. Манайхны энэ жилийн амралт арай эрт эхэлчхэв үү?

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас зээл авч 17 аймгийн дэд бүтцийг хөгжүүлнэ.

EU: Европын банкны $137 саяын ногоон зээлийн хөтөлбөр Монголд эхэллээ.

POL: Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино Монголд айлчлав.

💸 УИХ-ын гишүүдийн хөрөнгө хэд вэ?

УИХ-ын 76 гишүүний нийт хөрөнгө өнгөрсөн жилд 7.2% өсөж ₮306.2 тэрбум болсон байна. Тэгвэл тэдний хөрөнгийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.

Тэрүүгээр нэг тэрбумтнууд

Нийт УИХ-ын гишүүдийн 79% нь ₮1 тэрбумаас дээш хөрөнгөтэй байгаа юм. Уг тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлэгч 10 гишүүний хөрөнгө нийт хөрөнгийн бараг тал буюу 47.3%-ийг бүрдүүлж буй.

  • ТОП-уудын холио сэлгээ: Өнгөрсөн оны хамгийн их хөрөнгөтэй ТОП-10 гишүүний жагсаалтад Ц.Цэрэнпунцаг болон Д.Бат-Эрдэнэ нар шинээр нэмэгдсэн бол Ж.Ганбаатарын хөрөнгө 40.9%, Г.Амартүвшиний хөрөнгө 12.2% тус тус буурснаар ТОП-10-ын эгнээнээс арчигдав.

  • 68 х: Харин хамгийн бага хөрөнгөтэй Ж.Батжаргал гишүүний хөрөнгө ₮375 сая. Энэ нь 1 хүний дундаж хадгаламжийн хэмжээ буюу ₮5.5 саяас 68 дахин их байна.

  • Хорин шарыг 2, 3 хан… Мөн гишүүд нийт ₮4.3 тэрбумыг бэлнээр хадгалж байгаа аж. Үүний 79%-ийг Ш.Адьшаа, Б.Чойжилсүрэн гэх 2 гишүүний бэлэн мөнгө дангаараа бүрдүүлжээ.

Тэгээд зогсохгүй мянгат малчид

Цаашлаад, УИХ-ын гишүүд ₮9.8 тэрбумын үнэлгээ бүхий 13,819 толгой мал тоолуулсан бөгөөд тэдний дундаас мянгат малчин 3 төрсөн аж. Түүнчлэн,

  • Хурдан удмын адуу: УИХ-ын гишүүд нийт 668 хурдан удмын адуутай бөгөөд үүний 36.5% нь дангаараа П.Анужин гишүүнийх.

  • Тээврийн хэрэгсэл: Мөн гишүүд ₮15.4 тэрбумын тээврийн хэрэгсэл эзэмшиж буй. Тэгэхээр 1 хүн дунджаар ₮203 саяын машин унадаг гэсэн үг. Аргагүй биз, тэдний 21% нь Lexus 570, 27.6% нь Land Cruiser 200 маркийн машин эзэмшиж байхад.

Эцэст нь… Харин таны хөрөнгө хэд байна даа? Гэснээс өөрийн тойргийн гишүүний хөрөнгийн талаар дэлгэрэнгүй харахыг хүсвэл ЭНД дараарай.

💭 BlackRock ETF гаргах уу?

BLK: BlackRock SEC-д Nasdaq-р дамжуулан Биткойн (BTC)-ы хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF) байгуулах өргөдлөө дахин өглөө. BlackRock өмнө нь 6-р сарын дундуур ч мөн ETF гаргах хүсэлт гаргасан юм. Тэдний энэхүү үйлдэл бусад үнэт цаас гаргагчдын дунд ижил төстэй өргөдөл гаргах уралдааныг эхлүүлээд буй.

👆☝️ Индексүүдийн хөдөлгөөн хагас жилд

Энэ оны эхний хагаст Монголын хөрөнгийн ЗЗ л гэхэд нэлээд идэвхжлээ. Тэгвэл томоохон индексүүдийн хөдөлгөөн хэр байсныг харцгаая.

🟢 S&P 500: +15%

S&P 500 (^GSPC) индекс он гарсаар 15% өсөж 4,396 нэгжид хүрч энэ оны хамгийн өндөр түвшинд хүрээд буй. Тус өсөлтөд саяхан $3 их наядын үнэлгээнд хүрсэн Apple (AAPL) болон Tesla (TSLA), Microsoft (MSFT) тэргүүтэй технологийн компаниудын хувьцааны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, Apple, Microsoft, Google (GOOG)-н ЗЗ-ийн үнэлгээ л гэхэд нийлээд $7 их наяд болсон аж. Улмаар энэ нь тус индексийн ЗЗ-ийн үнэлгээний бараг 18%-тай тэнцэх болов.

🟢 Nikkei 225: +30%

Тус индекс ч энэ онд овоо өсөж 33 жилийн хамгийн өндөр түвшин буюу 33,189 нэгжид хүрсэн. Учир нь Америк Хятадын чипийн төлөөх өрсөлдөөний улмаас Япон чипийн ЗЗ-д хүч түрэн орж ирж тус улсын компаниудын хувьцаа моодонд орсон юм. Түүнчлэн Уаррэн Баффет 4-р сард Японд зочлох үедээ Япон компаниудын хувьцаа эзэмшлээ өсгөөд амжсан.

🔴 Hang Seng: -6%

Энэ оны 1-р сард 22,044 нэгжид хүрээд байсан Хонгконгийн томоохон 66 компанийн хөдөлгөөнийг илэрхийлдэг Hang Seng (^HSI) индекс тухайн үеэс 14.1% унаж 18,934 болсноор хамгийн доод түвшинд ойртоод буй.

🟢 Bitcoin: +83%

Индексүүд ийм байдаг юм байж тэгвэл крипто ЗЗ-ийн томоохон төлөөлөл болох Биткойн (BTC) яав? Саяхан Биткойны крипто зах зээлд эзлэх хувь 50%-ийн босгыг давсан билээ. Түүнчлэн Coinbase (COIN), Binance (BUSD) SEC-тэй асуудалтай байх хооронд арилжаачдын анхаарал Биткойн руу шилжсэн гээд олон хүчин зүйл үнийг нь өсгөөд буй.

Эцэст нь… Томоохон индексүүдийн хагас жилийн өнгө нэг иймэрхүү. Харин ТОП-20 индексийн эхний хагасын сонин хачныг ЭНД-ээс уншаарай.

🚘 Аяллын санхүүгээ ухаалгаар төлөвлөцгөөе

Аяллын санхүүгээ хялбараар бүртгэмээр байна уу? 🧐

Тэгвэл аяллын санхүүгийн хамтрагч Keep апп-ийг танилцуулж байна.

Ямар апп вэ?

  • Бүх төсөв, зардлаа нэг дор бүртгэж, ухаалгаар төлөвлөх;

  • Зардлаа хамтрагчтайгаа хуваалцах боломжтой санхүүгийн бүртгэлийн апп гэнэ.

Түүнчлэн зөвхөн аяллын санхүү гэлтгүй хувь хүн, бизнес болон төслийн орлого, зарлагаа хялбархан бүртгэж, дотнын хүмүүстэйгээ хуваалцах боломжтой ба сарын эцэст бүх орлого, зарлагаа нийтэд нь харах боломжтой учир тайлагнаж, хянахад хялбар гэнэ шүү.

За тэгээд, аяллын санхүүгээ Keep апп-аар төлөвлөөд мөрөөдлийнхөө аялалд сэтгэл амар гараарай.

🔗 Апп-аа ЭНД дарж татаарай.

Information Age

🔹Өнгөрсөн онд дэлхийн даатгалын технологийн санхүүжилт 39% буурч $4.4 тэрбум болов. Түүнчлэн тус салбарын венчур капиталын хөрөнгө оруулалт энэ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50% буурснаар 2018 оны түвшинд хүрээд буй.

🔹Блюскай Секьюритиз ҮЦК хөрөнгө оруулагчтайгаа ₮515 саяын сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулна. Тус хэлцлээр брокер, дилерийн эрх сэргээлгэх болон зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, хувь нийлүүлсэн компанийн хөрөнгийн доод хэмжээг хангах асуудлыг шийдэх аж.

🔹Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Тус хуулийн санал асуулгыг 65 хоногийн турш явуулах бөгөөд гаднын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн хяналтыг багасгах, 1 цонхны зарчмаар үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлууд багтжээ.

🔹Төрийн нэгдсэн мэдээллийн сантай болно. Тус мэдээллийн санг ҮСХ Өмнөд Солонгосын Статистикийн газар болон АХБ-ны санхүүжилттэйгээр байгуулах аж. Тодруулбал, уг төсөл нь Өмнөд Солонгосын Статистикийн газрын $4.4 сая, АХБ-ны $1.1 саяын буцалтгүй тусламжтайгаар 2027 он хүртэл үргэлжлэх гэнэ.

🔹Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 хөтөлбөр хэрэгжүүлэхэд ₮73.9 тэрбумыг зарцуулжээ. Түүнчлэн тус хөтөлбөрийн хүрээнд 34,009 ажлын байр бий болсон бөгөөд үүний 6,124 нь байнгын, 6,599 нь цагийн ажлын байр аж.

Зөв хариуг олоорой.

A. Европын банкны $137 саяын ногоон зээлийн хөтөлбөр Монголд эхэллээ.

B. Өнгөрсөн онд дэлхийн даатгалын салбар дахь технологийн санхүүжилт 50% буурч $4.4 тэрбум болов.

C. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 хөтөлбөр хэрэгжүүлэхэд ₮90 тэрбумыг зарцуулжээ. 

  • Унш: Францын инфлүнсэрүүд хэрэглэж буй бүтээгдэхүүнээ сурталчилж болохгүй. (euronews)

  • Сонирх: Ерөнхий сайдад бэлэглэсэн Акита үүлдрийн нохой. (Akitas)

  • Сонс: Ном уншиж байхдаа сонсоорой. (Spotify)

  • Мэд: Америкийн эдийн засгийн жилийн үнэлгээ. (Axios)

Зөв хариулт A. Европын банкны $137 саяын ногоон зээлийн хөтөлбөр Монголд эхэллээ.

Reply

or to participate.