• Lemon Press
  • Posts
  • 🤝 Хиймэл оюун ухаан + тоглоом

🤝 Хиймэл оюун ухаан + тоглоом

Уул уурхайн салбарын нөлөө | Сэндли ББСБ ХК-ийн тайлан | Хятадын ДНБ-ий өсөлт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Бид бизнес, санхүүгийн сэтгүүлзүй болон залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор "FinScribe Challenge 2024" нийтлэлийн уралдаан зарласныг дуулсан уу? Санхүү, бизнес, эдийн засгийн чиглэлээр суралцдаг төгсөх курсийн оюутнууд болон 2-оос доош жилийн ажлын туршлагатай залуу мэргэжилтнүүд оролцох боломжтой шүү. Бусдадаа дуулгаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

GLMT: Голомт банк (GLMT)-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөв

BOM: Энэ сарын 1-ний байдлаар муу зээлийн ангилалтай зээлээ бүрэн төлж дууссан зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй

CHN: Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.3% өсөж шинжээчдийн таамгийг давлаа.

⚒ Эдийн засгийн аврагч

Монгол Улс 2050 он гэхэд 1 хүнд оногдох ДНБ-ийг одоогийнхоос 7.5 дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Гэхдээ энэ боломжтой юу? 

ДНБ юунаас хамааралтай юм бэ? 

Манай эдийн засаг сүүлийн 25 жилд 25 дахин томорсон. Энэхүү өсөлт нь мэдээж уул уурхайн салбарын томоохон төслүүд, тэдэнд орж ирж буй ГШХО, тэдний төлсөн татваруудаас хамаарсан билээ. 2000 оноос өмнө ХАА-н салбар эдийн засгийн 30%-ийг, уул уурхайн салбар 11.3%-ийг тус тус бүрдүүлдэг байв. Харин өдгөө Тавантолгойн олборлолт, Оюутолгой төсөлтэй холбоотойгоор уул уурхайн салбар эдийн засгийн 24%-ийг бүрдүүлж байна. 

  • Уул уурхайн нөлөө: Өнгөрсөн хугацаанд орж ирсэн нийт ГШХО-ын 70% орчим нь зөвхөн уул уурхайн салбарт төвлөрсөн байдаг. Ингэснээр уул уурхайтай хамааралтай ажилладаг салбаруудын үйлдвэрлэл ч нэмэгдсэн билээ. 

Оюу толгой ба уул уурхай

Салбар дундаа хамгийн нөлөө бүхий төслүүдийн нэг бол ялт ч үгүй Оюу толгой. Тодруулбал, ГШХО 1% өсөхөд урт хугацаанд бодит ДНБ-ийг 0.76% өсгөдөг ба үүний 0.22 нэгж хувь нь Оюу толгойн хөрөнгө оруулалтай холбоотой өсөлт аж. Ер нь бол манайд орж ирж буй ГШХО-д Оюу толгойн нөлөө их. 1990 оноос хойш Монголд орж ирсэн ГШХО-ын 87%-ийг Оюу толгойн хөрөнгө оруулалт бүрдүүлсэн байна. 

  • Өөрөөр хэлбэл: 2010 оноос Оюу толгойн хөрөнгө оруулалт нь орж ирсэн бөгөөд тухайн үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсантай холбоотойгоор 2011-2013 онд ГШХО хурдацтай өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн билээ.

  • Түүнчлэн: Өнгөрсөн оны 3-р сараас Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлснээр уул уурхай болон түүнийг дагасан эдийн засаг идэвхжиж буй. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтыг даган Оюу толгойн жилийн борлуулалт $5 тэрбумд хүрч, Монголд төлөх татвар, төлбөр хураамж нэмэгдэнэ. Энэ хэрээр эдийн засаг тэлнэ л гэсэн үг. 

Эцэст нь… Хэрэв бид уул уурхайгаас орж ирж буй өгөөжийг зөв хуваарилж чадвал 1 хүнд ногдох ДНБ тэр хэмжээгээр өсөж болох нь. 

Ашиг, орлого 🆙

SEND: Сэндли ББСБ ХК-ийн энэ оны эхний улирлын цэвэр ашиг 2022 оны мөн үеэс 1.7 дахин өсөж ₮2.1 тэрбумд хүрлээ. Учир нь тэдний хүүгийн орлого тус хугацаанд 6.1 дахин өсөж ₮4.9 тэрбум болсон аж. Түүнчлэн компанийн нийт хөрөнгийн хэмжээ ч мөн 4.1 дахин нэмэгдэж ₮66.4 тэрбум болжээ. Сонирхуулахад, Сэндли ББСБ-ын хувьцааны үнэ сүүлийн 1 жилийн хугацаанд 20% унаж ₮130.1-т хүрээд байна.

🎤 Triple X HIT Music Awards 2024

Хип Хоп, R&B уран бүтээлчид нэгэн дор цуглах Triple X Hit Music Awards 2024 шагнал гардуулах 4 сарын 20-нд болох гэж байна. Тодруулбал, энэ үеэр Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг 14 төрлийн номинацаар шалгаруулах юм шүү. За тэгээд, очиж үзнэ биз ээ. 😎

🎯 Хаана: AIC Steppe Arena  

🤝 Хиймэл оюун ухаан + тоглоом

Монголын хүний нөөцийн салбарт шинэлэг арга барил, технологийг нэвтрүүлэгч Метаког хиймэл оюун ухаан (AI)-т цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тэд үйлчилгээнийхээ цар хүрээг өргөсгөж энэ мэдээг уншиж суугаа та ч тус үйлчилгээг ашиглах боломжтой болсон байна шүү. Чихээ нааш нь!

Зөвхөн танд зориулсан AI зөвлөмж

Метаког нь тоглоомд суурилсан платформын тусламжтайгаар компаниудын хүний нөөцийн эргэцийг багасгахын тулд шинэ ажилтнуудынхаа зөөлөн ур чадварыг тодорхойлох, одоогийн багийн гишүүдийн ажлаас халшрах хандлага зэргийг илрүүлэх B2B үйлчилгээг санал болгодог байсан бол одоо өргөжиж хувь хүмүүс рүү чиглэсэн шинэхэн B2C үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм. 

  • Ямар учиртай билээ? Тус үйлчилгээ нь XXI зуунд амьдарч буй хүн бүрт тулгарах болсон анхаарал дутмагшилаас эхлээд 18 суурь чадваруудыг 8 төрлийн тоглоомын тусламжтайгаар үнэлэхийн сацуу AI-н тусламжтайгаар дутагдалтай байгаа чадваруудыг сайжруулах, хэрэглэгчийн нөхцөл байдалд тулгуурласан зөвлөмжийг өгөх аж. 

  • Яагаад чухал вэ? Хэрвээ танд хүмүүс өдөрт 77 удаа имэйлээ, 80 гаруй удаа гар утсаа шалгаж байна гэвэл өөрийн тань нөхцөл байдалтай хэр ойр сонсогдож байна? IG, TikTok-н хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн анхаарал төвлөрөлт буурсаар 13 жилийн дотор 2.5 минутаас 47 секунд болсон байна. Эргээд анхаарал төвлөрөлт сулрах нь бидний суралцах, ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдгийг ч баталсан байдаг

Хэрвээ та өөрийн анхаарал төвлөрөлт болон бусад 18 суурь ур чадвараа Метакогийн тоглоомоор шинжүүлэхийг хүсвэл ЭНД дарж туршиж үзэх боломжтой шүү. 

Шинэлэг аргаар хүний нөөцөө бүрдүүлэгсэд

Метакогийн тусламжтайгаар өдгөө ТЭСО групп, Инвескор ББСБ ХК (INV), CU (CUMN) тэргүүтэй компаниуд ажлын байрны сонгон шалгаруулалтдаа дан ганц анкет, CV-г голчлохоос илүү тухайн ажил горилогчийн анхаарал төвлөрөлт, авхаалж самбааг сорьсон танин мэдэхүйн ур чадварыг шалгах тоглоомын аргыг ашиглах болсон. Нэмээд өөрсдийн ажилтнуудынхаа ажлаас халшрах хандлагын судалгааг ч тэдгээр тоглоомуудын тусламжтайгаар авч байгаа гэнэ. 

  • Гэснээс хэрвээ тус үйлчилгээг сонирхож буй байгууллага байвал Лимонууд нь та хэддээ бяцхан бэлэгтэй шүү. Юу вэ гэхээр, Метакогийн үйлчилгээг эхний сардаа 20% хямдруулан ашиглах боломжтой. 😉

Эцэст нь… Монгол өдгөө хүн амын цонх үе дээрээ явж байгаа бөгөөд ирэх 4 жилд 2013 оноос хойш төрсөн Альфа үеийнхний тоо 46% өсөж 1.2 саяд хүрэх төлөвтэй байгаа. Тэгэхээр ирэх 5-15 жилд мэдээ орсон цагаасаа л TikTok, Roblox-той найзалсан залуусын арми хөдөлмөрийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч болох нь. Тэдгээр хүүхдүүдийг одоогийнх шиг 20 асуулттай анкетаар ажлын байранд сонгоно гэдэг юу л бол? Ажил олгогч нар маань одооноос уламжлалт аргаа өөрчилж эхлэхгүй бол горьгүй нь дээ. 

Bitcoinist

🔹Хонгконгийн эрх баригчид Биткойны ETF-д зөвшөөрөл олголоо. Биткойноос гадна этериумын ETF-д зөвшөөрөл олгоод буй. Улмаар ChinaAMC (3188.HK), Harvest Global болон Bosera International нар Биткойн болон этериумын ETF гаргах зөвшөөрлөө авсан юм. Сонирхуулахад, Хонконг Азид Биткойны ETF-г зөвшөөрсөн анхных хот болоод байна.

🔹Өнгөрсөн I улиралд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн тоо өмнөх оноос 5.9% өсөв. Улмаар бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 240 мянгад хүрсэн байна. Үүний 79.5% буюу 191 мянгыг компани, 13% буюу 31.7 мянгыг ТББ бүрдүүлээд буй. Сонирхуулахад, тус хугацаанд 6.6 мянган хуулийн этгээд шинээр нэмэгджээ.

🔹Чингис хаан хөрөнгийн бирж ХХК нээлтээ хийлээ. Тус ёслолтой давхцан Чингис хаан хөрөнгийн биржээр арилжигдах БИД ассет ТЗК ХХК-ийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол тохиосон юм. 

🔹Golomt Capital Championship-н эхний 7 хоногт тэргүүн байрны оролцогчийн өгөөж 36.8%-тай байжээ. Цаашлаад, ТОП-10 оролцогчдын дундаж өгөөж 19.7%-тай байсан аж. Тус хугацаанд оролцогчдын багцын хамгийн өндөр өгөөжтэй хувьцаанд Rio Tinto (RIO), Xanadu Mines (XAM.AX) тус тус багтсан байна. 

Зөв агуулгатай мэдээний эрэлд… 🕵️

A. Сэндли ББСБ ХК-ийн энэ оны эхний улирлын цэвэр ашиг ₮2.1 тэрбумд хүрлээ. 🤑
B. Монгол Улс 2050 он гэхэд 1 хүнд оногдох ДНБ-ийг одоогийнхоос 17.5 дахин нэмэгдүүлнэ. 🤔
C. Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.3% өсөж шинжээчдийн таамгийг давсангүй. .

  • Үзэх: Киноны хорхойтнууддаа зориулав. (EntertainmentWeekly)

  • Харах: Толины тусгал дахь би. (Mindful)

  • Сонсох: Дональд Трампын шүүх хурал юу болж байна? (MSNBC)

  • Асуудлууд: “Орон нутгийн хөгжлийн сан”-аар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгөх боломж. (НЗДТГ)

👀 Share Lemon Press-н эргэн тойронд юу болов? 

Өглөө бүр 07:00 цагт чанасан кофе, шарсан өндөгтэй тань зэрэгцэн хүргэдэг имэйл товхимол маань Share Lemon Press булантай болсоноос хойш unique referral-р дамжин 1,270 имэйл бүртгүүллээ. Үүнээс 700 нь хэдийн Lemon Press-н үнэнч уншигч, сонсогч болжээ. Түүнчлэн 30 стикер, 16 даавуун тор, 10 аяга, 4 футволк лимонуудад маань очоод буй.

Гэснээс хараахан мерчээ авч амжаагүй бол бидэнтэй холбогдоод манай оффисоор зочлоорой. 😎

Аан тийм хуурамч имэйл бүртгүүлэвэл бид амархан мэдчихнэ шүү!

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь А буюу Сэндли ББСБ ХК-ийн энэ оны эхний улирлын цэвэр ашиг ₮2.1 тэрбумд хүрсэн нь шүү. Алдсан бол товхимлоо ахиад нэг унших уу даа? 🤔

Reply

or to participate.