- Lemon Press
- Posts
- 🔜 ARD бонд айсуй…
🔜 ARD бонд айсуй…
ЕХ-ны зорилт | Бизнес тэлэх хөрөнгө оруулалт | Айлчлал цуцлагдав
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Хэнтий аймгийн Бэрх хот Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа л гэнэ. Ийнхүү Ерөнхий сайдын маань өлгий нутаг одонтой хот боллоо гэж. 😁
*Нэг өдрийн өөрчлөлт
FRC: Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх захирлаар Х.Билгүүн томилогджээ.
GOLD: Алтны үнэ өнгөрсөн 2-р сараас хойш хамгийн урт хугацаанд буюу 5 өдөр дараалан унаж $2,415-т хүрлээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮34.7 тэрбумын болон $500,000-ын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮14.5 тэрбум, $500,000-ын арилжаа тус тус хийгдсэн байна.
🔜 ARD бонд айсуй…
Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн гаргаж буй нээлттэй бондын урьдчилсан захиалга эхлээд буй. Тус бонд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) дээр гарч буй 2 дахь нээлттэй бонд юм.
📜 Бондын хувьд
Өнгөрсөн 8 сарын 2-нд СЗХ-ноос Ард Кредит ББСБ ХК (ADB)-д нээлттэй бонд гаргах зөвшөөрөл олгосон байдаг. Ингэснээр тус компани нээлттэй бондоо 4 транчтайгаар зах зээл дээр нэг бүрийг нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэлгээтэй гаргаж ₮13.5 тэрбумыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад Ард Бондын жилийн өгөөж 18.5% төдийгүй бондын өгөөжийг улирал тутамд төлөх аж.
👐 Нээлттэй болохоор давуу: Нээлттэй бондын татварын хувь 5% буюу хаалттай бонд болон хадгаламжийн хүүгийн орлогын албан татвараас 2 дахин бага байдаг. Нээлттэй болохоор давуу^2.
🧑🤝🧑 Оролцогч талууд: Харин бондын үндсэн андеррайтераар Апекс Капитал ҮЦК ажиллаж байгаа бөгөөд бонд худалдан авах арилжааны шимтгэлгүй, бондоо барьцаалан зээл авах боломжтой гэнэ. Аан бас арилжааны цаг нь 9-16 хүртэл юм байна лээ шүү.
🆙 ADB-н хагас жилийн өнгө
Aрд Бондыг гаргаж буй Ард Кредит ББСБ ХК-ийн энэ оны эхний хагасыг шинжихэд, компанийн нийт хөрөнгө нь өнгөрсөн оны мөн үеэс 32.8% өсөж ₮83.7 тэрбумд хүрсэн бөгөөд ашиг нь тус хугацаанд 56% өсөж ₮1.5 тэрбумд хүрээд буй.
☘️ Цаашдын төлөвлөгөө: Харин энэ оны үлдсэн хагаст компани Ард Апп дээр хэрэглэгчдэд зориулсан дебит картыг нэвтрүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилтийг шинэ бизнес модельтой үргэлжлүүлэх гэнэ. Тэгэхээр Ард Апп энэ ондоо бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, мөнгөн гуйвуулгын шинэ үйлчилгээтэй болох нь дээ.
Гэснээс, бондын барьцаа хөрөнгөд ₮19.3 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаа буюу МХБ ХК (MSE)-ийн I ангилалд нээлттэй арилжаалагдаж буй Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD), Ард Кредит ББСБ ХК-ийн хувьцааг тус тус барьцаалан гаргаж байгаа гэсэн шүү. Бондын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
😲 Алдагдлын дараах өсөлт
UAA: Under Armour-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 20% өсөж $7.7-т хүрэв. Компанийн борлуулалт өнгөрсөн улиралд өнгөрсөн оны мөн үеэс 10% буурч $1.2 тэрбумд хүрсэн төдийгүй $305 саяын алдагдалтай ажилласан аж. Компани хэдий алдагдалтай ажилласан ч спортын хувцасны жижиглэнгийн борлуулалт нь хөрөнгө оруулагчдын төсөөлснөөс хавьгүй дээр үр дүнтэй гарсан тул ийн хувьцаа нь өсөөд буй. Гэснээс тэд өнгөрсөн 6-р сард 7 жил үргэлжилсэн хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлсэн гэх шүүхийн маргаанаа эцэслэсэн байдаг.
☀️ Европ сэргээгдэх эрчим хүч рүү чиглэв
Энэ оны эхний хагас жилд Европын Холбооны 13 орон нүүрс, хийнээс илүүтэй нар, салхины эрчим хүчнээс цахилгааны эх үүсвэрээ хуримтлуулжээ.
Судалгаа: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тинктанк Ember-с тус судалгааг хийжээ.
⬇️ 17% буурав
Европын Холбооны орнуудын эрчим хүчний 30%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилгын хүрээнд чулуужсан түлшнээс илүүтэй салхин турбин, нарны хавтанг ашиглах болсон аж. Улмаар нүүрс, газрын тос болон хийн эрчим хүчээр эрчим хүч хуримтлуулах нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17% буураад буй. Улмаар тус хугацаанд цахилгаан станцууд өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 24% бага нүүрс, 14% бага хий шатаасан байна.
🧐 Өмнө нь
Түүхийн туршид Европын орнууд хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ ихээхэн оруулсаар ирсэн хэдий ч ногоон эдийн засгийг хөгжүүлэх том амбицтай зорилтуудыг ч мөн дэвшүүлсэн. Харин Орос Украйны геополитикийн асуудал хурцадсанаас улбаалж Европын орнуудын төрийн тэргүүнүүд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих шилжилтээ амаараа бол их л хурдасгаж байгаа аж.
☀️ + 🌬️: Нарны цахилгаан станцууд эрчимтэй нэмэгдэж буй хэдий ч салхины эрчим хүчний салбарын хувьд инфляц өндөр байгаагаас үүдэж асуудалтай тулгараад буй. Тодруулбал, Европын Холбоо 2023 онд шинээр 16.2 ГВт салхины эрчим хүчний технологийг суурилуулж түүхэн дээд амжилт тогтоосон боловч энэ нь тухайн жилд суурилуулах шаардлагатай байсан хүчин чадлын дөнгөж тал орчим хувь нь байжээ.
🆙 Ахицтай: Европын орнууд дундаа Герман, Бельги, Унгар, Нидерланд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд анх удаа том ахиц гаргасан аж.
🇲🇳 Харин Монгол
Монголын Говийн бүс нутаг жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай, мөн хүчтэй салхины урсгал ихтэй байдгаас үүдэн дэлхийд нар, салхинаас эрчим хүч гаргаж авах боломж хамгийн ихтэй газруудын 1 хэмээн тогтоогджээ. Тиймээс манай улс нийт эрчим хүчний 30% хүртэлх хувийг нар, салхины эрчим хүчнээс гарган авах зорилт тавьсан ба өнгөрсөн оны байдлаар цахилгаан, эрчим хүчний 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.
Эцэст нь… Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихээхэн мэдрэгдэх болж улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд их бага гэлтгүй л анхаарч байна. Харин манай улс сэргээгдэх эрчим хүчний салбараа зөв бодлогоор хөгжүүлж чадвал эх дэлхийд төдийгүй эдийн засагт маань ч ээлтэй юм даа.
Үндэсний Статистикийн Хорооноос 7-р сарын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн талаар танилцууллаа.
5.5%: Өмнөх оны мөн үеэс өссөн хувь,
3.7 нэгж: Өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс буурсан нэгж хувь,
35.4%: Бензин, түлшнээс бусад импортын барааны үнийн өссөн хувь,
60.4%: Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнийн өссөн хувь.
✈️ Аялалтай бонд
Апекс Капитал ҮЦК-аас хэрэгжүүлж буй "Аялалтай бонд" урамшуулалт хөтөлбөрийн эхний 3 ялагч тодорчээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 8 сарын 1-31-ний хооронд бондын хөрөнгө оруулалт хийсэн ₮10 сая тутамд 1 урамшууллын эрх олгох ба iTrip компаниар хүссэн улс руугаа аялах дараагийн 3 азтаныг тодруулах юм.
Сонирхуулахад, уг бондын давуу тал нь хадгаламжаас 40%-50%-иар илүү өгөөжтэй ба хүүгийн эргэн төлөлт, бондын хугацааг өөрт тохирсон нөхцөлөөр сонгох боломжтой аж.
Гэснээс дараагийн ялагчид тодроход 1 сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм байна шүү. 😎
📅 Дараагийн азтан: 9 сарын 2-нд тодруулна.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Reuters
🍋 Газар хөдлөлтийн улмаас Японы Ерөнхий сайдын Казахстан, Узбекистан, Монголд хийх айлчлал цуцлагдав. Тодруулбал, Японы Миязаки мужийн Хюүганадад 8 сарын 8-нд 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. 7 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход дагалдах газар хөдлөлт нь анхныхыгаа давж, 8 баллаас дээших асар хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж.
🍋 Японы Marubeni Corporation (8002.T) болон Premium Group (7199.T) хамтран AND Financing Corporation-д хөрөнгө орууллаа. Улмаар AND Global группийн 2018 оноос хойш Филиппинд бие даан нэвтрүүлэн хөгжүүлж буй e-tomo төсөл дээр хамтран ажиллаж тус улс, цаашлаад зүүн өмнөд Азийн бусад орон руу хамтран бизнесээ тэлэх зорилготой юм.
🍋 Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад түүний Эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.
🍋 Энэ оны 7-р сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 10.8 сая тн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.5% өссөн дүн юм. Задалбал, авто тээврээр 7.3 сая тн ачаа тээвэрлэсэн нь 20.6% өссөн бол төмөр замаар 3.4 сая тн ачаа тээвэрлэсэн нь 11.3% өссөн дүн аж. Харин агаарын тээврээр 925.5 тн ачаа, шуудан тээвэрлэсэн байна.
Улс төр: Дональд Трамп, Камала Харрис нар ирэх сард мэтгэлцэнэ. (AP)
Том компанийн зовлон: OpenAI-н санааг зовоож буй ChatGPT-н дуут хувилбар. (CNN)
Танилц: Хятадын тэргүүн баянаар тодорсон эрхэм. (Barrons)
Судалгаа: Фитнест дуртай Z үеийнхэн ба асуудал. (BusinessInsider)
Даваа: Дотоодын худалдаа эхний хагас жилд хэр байсантай танилцана.
Мягмар: Орон сууцны үнийн индекс гарах юм байна шүү.
Лхагва: Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн 7-р сарын үзүүлэлтүүд зарлагдана.
Пүрэв: Үргэлжлүүлэн 2024 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлттэй танилцах нь ээ.
Баасан: Таван Толгой ХК хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply