• Lemon Press
  • Posts
  • 🅰️ АARD-р сонин юу байна?

🅰️ АARD-р сонин юу байна?

Tesla-н асуудал | PDAC юу болов? | Сонгуулийн төсөв

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөө “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьж ургуулсан гэнэ ээ. Үлдсэн 96%-иа хэзээ тарьж, ургуулж дуусна аа та минь ээ. 2030 он гэхэд тэрбум модтой болох ёстой шүү дээ. 🌲

*Нэг өдрийн өөрчлөлт

EX: Оны эхний 2 сард экспортолсон чулуун нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөс 35.5% өсөж 10.6 сая тн-д хүрчээ

GLMT: Голомт Банк ХК (GLMT) Мандал Даатгал ХК (MNDL) хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулна

NBFI: ББСБ-ын өнгөрсөн оны ашиг 2022 оныхоос 38.1% нэмэгдэж ₮432.1 тэрбумд хүрсэн аж.

🅰️ АARD-р сонин юу байна?

Зээ өнөөдөр хамгийн их хувьцаа эзэмшигчтэй ТОП-10 компанийн 7-рт эрэмбэлэгддэг Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)-ийн 2023 оны тайланг тоймлоё. Шарсан өндөг, чанасан кофегоо бариад тухлаад суугаарай. Тэд орлого, ашгаа хэр өсгөсөн бол? 

Ай даа, ашиг буурлаа даа

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой уг финтек нэгдэл компанийн хувьд 44 компанийн хөрөнгийг удирдаж буй. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн нийт орлогыг менежментийн, хөрөнгө оруулалтын, ногдол ашгийн, хүүгийн зэрэг орлогууд бүрдүүлж байгаа. Өөрөөр бол тэд удирдлагын үйл ажиллагаагаар мөнгө олдог. 

  • Муу жил байв уу? Харин компанийн тусдаа санхүүгийн тайланг харвал өнгөрсөн онд тэдний хүүгийн орлого 59.4 дахин өсөж ₮1 тэрбумын босгыг давсан ч ногдол ашгийн орлого 96% буурч ₮45 сая, менежментийн орлого нь 34% буурч ₮1.9 тэрбум болжээ. Улмаар тус компанийн цэвэр ашиг 68% буурч ₮666 сая болсон байна

  • Хувьцаа яав? Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны үнэ 2023 онд 23.6% унасан. Энэ он гарснаас хойш ч мөн 12.2% унаж ₮3,026-т хүрээд буй. Харин хувьцаа эзэмшигчдийн тооны хувьд 2023 оны 1-р сард 18,890 байсан бол жилийн дотор 181-ээр нэмэгджээ

Үнэлгээ уруудсаар

Түүнчлэн Ард Санхүүгийн Нэгдэл нь компаниудад стратегийн болон тактикийн хөрөнгө оруулалт хийдэг. Тэд нийт 19 компанид стратегийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үнэлгээ нь 2023 онд өмнөх жилийнхээсээ 16% буурч ₮77 тэрбум болсон байна. Харин Үндэсний Хувьчлалын Сан, Крипто Үндэстэн ХК (CNF) болон санхүүгийн хэрэгсэлд тактикийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үнэлгээ нь 314% өсөж ₮4.4 тэрбумд хүрчээ. 

Эцэст нь… Заа AARD-н 2023 он нэг иймэрхүү байлаа. Мөн өнгөрсөн онд тэд Гүйцэтгэх захирлаа сольж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо энэ жил үүнийх нь үр дүн хэр байх бол гэдэг сонирхолтой байна даа.

😞 Үйлдвэрүүд асуудлаар дүүрэн

TSLA: Tesla-н хувьцааны үнэ энэ 7 хоногт 10.8% унаж $180.7-т хүрээд байна. Учир нь тэдний Шанхай дахь үйлдвэр 2-р сард 60,365 машин үйлдвэрлэсэн нь жилийн өмнөхөөс 19% бага дүн байсан бол Герман дахь үйлдвэрт нь халдлага болж үйл ажиллагааг нь түр зогсоогоод буй. Улмаар Tesla $76 тэрбумыг зах зээлээс алдах эрсдэлтэй болжээ. Сонирхуулахад, он гарснаас хойш тэдний хувьцааны үнэ 27.2% бууран сүүлийн 6 сарын хамгийн доод үнэдээ хүрэв.

⛏️ PDAC 2024: Хайгуулын ажлаа эрчимжүүл!!!

Дэлхийн уул уурхайн салбарын томоохон чуулган Prospectors & Developers Association of Canada conference (PDAC) амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаад чуулганы эргэн тойронд юу болж, ямар үр дүн гарсныг сонирхоцгооё. 

  • PDAC-н талаар мэдэхгүй нэгэнд: Тус арга хэмжээ Канадын Торонто хотод зохиогдож BHP (BHP), Rio Tinto (RIO) зэрэг хувийн хэвшлийн томчуудаас эхлээд салбарын сайд нарын цугладаг өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. 

Ганзага дүүрэн

PDAC-н үеэр томоохон хөрөнгө оруулалт, хамтран ажиллагааны гэрээ үзэглэж ганзага дүүрэн буцсан орнууд нэлээд их байлаа. Тэднээс хамгийн онцлог нь алт, мөнгө, зэсээр баялаг Эквадор байсан бөгөөд тэд 6 хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж нийтдээ $4.8 тэрбумын хөрөнгө оруулалт татахаар болжээ. Цаашлаад Австрали болон Канад чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллахаар болов. Өөр юу болов? 

  • Зэсээс дэлхийн ирээдүй шалтгаална: Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор уул уурхайн гол олборлолтын бүтээгдэхүүнүүдийн эрэлт 2035 он хүртэл жил бүр 3.7% өсөх төлөвтэй байна. Улмаар тус салбарын луугарууд ирээдүйд зэсийн нийлүүлэлт эрэлтээ давахгүй байх эрсдэл бий болж буйг онцлов. 

  • Хайгуулаа хий: Цаашлаад чуулганаар лити, кобальтын эрэлт нэмэгдэх нь ойлгомжтой байгаа тул Монгол шиг газрын ховор элементийн нөөцтэй улсууд хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулах шиг. Сонирхуулахад, Rio Tinto ирэх жилүүдээс литийн олборлолт руу орох бололтой. Ер нь л EV эрчийг авч байгаа тул тэр зүгт хөдөлнө өө л гэнэ. 

Монгол: Хайгуулаа эрчимжүүлэхэд нэг алхам ойртлоо

Тус чуулганд Монгол 2 дахь жилдээ оролцож байгаа. Чуулганы үеэр Монгол дахь чухал ашигт малтмалын хайгуулын компаниудын шаардлагыг хангасан дата бэлтгэх ажилд ₮40 тэрбумыг төсөвлөсөн гэнэ шүү. Улмаар геологийн суурь судалгааны ОУ-ын нээлттэй тендер зарлагдах гэж байгаа юм байна. 

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн ялгаруулалтад хамгийн их оролцоотой уул уурхайн салбар хүртэл ногоорно гээд яриад байна. Эхнээсээ Канадын ЗГ-аас Rio Tinto-н Төмрийн хүдрийн компанид төмрийн хүдрийн боловсруулалтыг нь нүүрсгүйжүүлэхийн тулд  $18.1 саяын татаас олгосон аж. Нүүрс моодноос мөд гарахгүй гэж бодох ч том эндүүрэл болж дээ.

55.9%
2022 онд Монголын нийт ус ашиглалтын 55.9%-ийг ХАА-н салбар эзэлжээ. Харин уул уурхайн салбар 15.3%-ийг бүрдүүлж удаалав.
72.6%
Түүнчлэн нийт газар ашиглалтын 72.6%-ийг ХАА-н салбар бүрдүүлэв.
6,978.5 мянган га
Мөн уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй 6,978.5 мянган га талбай байгаагаас 26.3%-ийг ашиглалт, 73.7%-ийг хайгуулын үйл ажиллагаанд ашигласан байна.

The Daily Pennsylvanian

🔹Энэ онд улсын төсвөөс сонгуульд ₮72.2 тэрбумыг зарцуулна. Тодруулбал, УИХ-д ₮39.6 тэрбум, орон нутагт ₮32.6 тэрбумыг зарцуулах аж. Харин УИХ-д суудалтай намуудад олгох дэмжлэг ₮7.3 тэрбум, мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд ₮25.3 тэрбумыг зарцуулах нь.

🔹Сингапурын хөрөнгө оруулалтын компани Temasek OpenAI-д хөрөнгө оруулж магадгүй. Ингэснээр OpenAI анх удаа төрийн өмчит компаниас хөрөнгө оруулалт татах магадлалтай болов. Гэснээс Сэм Алтман OpenAI дахь Nvidia (NVDA)-н хамаарлыг багасгахаар өөрсдийн чипийн бизнесийг эхлүүлэх сонирхолтой байгаа гэнэ.

🔹Говь (GOV) ХК Азийн Хөгжлийн Банктай хамтарч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлэхээр болов. Тус төсөл нь 2029 он хүртэл үргэлжлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд малчдыг дасан зохицуулах, бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгоход чиглэх гэнэ.

🔹Бөөрөлжүүтийн 300 МВт-н цахилгаан станцын барилга угсралтын ажил 50%-тай байна. Сонирхуулахад, тус цахилгаан станцын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 КВт-н цахилгаан дамжуулах шугамыг барьж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх юм.

🔹Энэ оны эхний 2 сард $2.2 тэрбумын экспорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.1% буурав. Нийт экспортын 91.1%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 1.3%-ийг мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн эзэлжээ. Сонирхуулахад, үхэр адууны боловсруулсан ширний 100%-ийг Турк, самнасан ноолуурын 82.1%-ийг Итали руу гаргасан аж.

  • Copywriter / Lemon Press: Бид бизнес багтаа уран сэтгэмжтэй, олон талаас бичих чадвартай хүн хайж байна. Хэрэв та контент бүтээх, бичих сонирхолтой бол ийшээ.👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Унш: Эрчим хүчний хамаарлыг хэрхэн бууруулж болох вэ? (MiningJournal)

  • Мэд: OpenAI болон Илон Маскийн хооронд юу болоод байна вэ? (OpenAI)

  • Сонс: Энэ онд сонсож сонирхох хэрэгтэй 50 подкаст. (TimeOut)

  • Сонирх: Энэ жилийн Оскарын наадмаас өмнө мэдэх ёстой 17 сонин хачин. (BBC)

📢 Найзаа уриад мерч ав!

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER