- Lemon Press
- Posts
- 🔻 АПУ ХК-ийн ашиг буурлаа
🔻 АПУ ХК-ийн ашиг буурлаа
Apple, Amazon-н болон АПУ ХК-ийн ээлжит тайланг тоймлолоо.
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд. Ерөнхийлөгчийн урилгаар Ромын пап лам 8 сарын 31-нээс 9 сарын 4-ний хооронд Монголд айлчлах гэнэ. Ирээд юу хийхийг нь ЭНД-ээс хараарай.
*Нэг өдрийн өөрчлөлт
USA: Америк Хятадтай холбогдох дэвшилтэт технологийн хөрөнгө оруулалтаа хязгаарлана.
GOV: Ерөнхий сайдын Америк дахь айлчлалын үеэр ЗГ Google-тэй хамтран орон нутгийн сургуулиудыг 20,000 chromebook-р ханган ажиллахаар болжээ.
SA: Саудын Араб Оросыг хассан Америк, Хятад тэргүүтэй 40 улстай Украины хямралыг дуусгах энхийн хэлэлцээрийг эхлүүллээ.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮12 тэрбумын арилжаа хийгдсэний ₮4.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.
🔻 АПУ ХК-ийн ашиг буурлаа
Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ТОП 10 компанийн нэг АПУ ХК (APU) энэ оны эхний хагаст ₮71.7 тэрбумын ашигтай ажиллалаа. АПУ ХК-ийн 19.1 мянган хувьцаа эзэмшигч болон тэдэнд ХО хийхээр төлөвлөж буй хэн бүхэн анхаарлаа хандуулна уу!
Нэг өгүүлбэрээр: АПУ ХК оны эхний хагаст 371 нэр төрлийн 86 сая литр бүтээгдэхүүн борлуулж ₮518 тэрбумын орлого олж улмаар ₮200 тэрбумын татвар төлж ₮71.7 тэрбумын ашигтай ажиллажээ.
Санхүүгийн үзүүлэлт рүү өнгийе
Компани эхний хагаст ₮71.7 тэрбумын ашигтай ажилласан нь жилийн өмнөхөөс 12.7% буурсан үзүүлэлт юм. Учир нь,
Орлого, зардал ⬆: АПУ ХК-ийн борлуулалтын орлого сүү сүүн бүтээгдэхүүн, экспортын борлуулалтын өсөлтөөс хамааран 32.4% өсөж ₮517.9 тэрбумд хүрсэн юм. Гэсэн ч борлуулалтын өртөг 44.6%, үйл ажиллагааны зардал 65.2% тус тус өссөн тул ашиг буурсан хэрэг.
Маржин ⬇: Улмаар компанийн үйл ажиллагааны маржин 10 нэгж хувь буурч 17%, цэвэр ашгийн маржин 7 нэгж хувь багасаж 14% болсон аж.
Харьцаа үзүүлэлтүүд: Түүнчлэн тэдний хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөжийн дундаж хэмжээг харвал жилийн өмнөх 13%-иас 10.9% болж буурчээ. Мөн өнгөрсөн Баасан гаргийн байдлаар P/B харьцаа нь 2.1 байна.
Үйл ажиллагааны цар хүрээ
АПУ ХК энэ онд ОУ-ын ЗЗ-д эзлэх хувиа нэмэгдүүлэх, тэр дундаа Ази дахь борлуулалтаа өсгөх зорилгоор Хятадад охин компанийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Улмаар тэд Хятадад Сэнгүр брэндээ дахин нийлүүлж эхлээд буй. Мөн,
🇧🇬: АПУ ДЭЙРИ сүүний үйлдвэр нь Болгартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан,
🇰🇿: Казахстан руу экспорт хийх гэрээ байгуулан ажиллаж,
🇷🇺: Оросын Москва, Сант Петербург хотод Чингис Хаан брэндийг борлуулж эхэлсэн байна.
Юутай ч тэдний хагас жилийн сонин сайхан нэг иймэрхүү. Харин ногдол ашгийн хувьд компани ихэвчлэн жил бүрийн 2, 8-р саруудад хуваарилдаг билээ. Сүүлийн 3 жилд дунджаар нэгж хувьцаанд ₮52.5-ийн ногдол ашиг хуваарилаад буй. Харин энэ удаад яах бол?
Алдагдал x2.7 ➡ Хувьцааны үнэ -12.6%
CUMN: Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт 12.6% унаж түүхэн доод хэмжээнд хүрлээ. Улмаар тэдний зах зээлийн үнэлгээ ₮108.7 тэрбум болоод байна. Эздийн өмч хасах болж, алдагдал ихэссэн учир дампуурах шуум хүртэл сошиал орчинд хэд хоног гарснаар ийнхүү хувьцааны үнэ нь унаад буй. Энэ 7 хоногт үргэлжлээд унах болов уу эсвэл одоо авдаг газар уу? Бодох л зүйл дээ. 🤔
Apple 🤺 Amazon
Технологийн акулуудын ээлжит улирлын тайлан гарлаа. Тэд II улиралд хэр ажилласан гэж бодож байна?
🍎 Apple
Apple (AAPL)-н ээлжит улирлын орлого шинжээчдийн таамгийг давлаа. Улмаар ашиг нь 2.3% өсөж $19.9 тэрбумд хүрээд буй. Цаашлаад, компанийн орлогыг задалж харвал, iPhone-н борлуулалтын орлого 2%, iPad-нх 20%, Mac-нх 7% тус тус буурсан ч засвар, үйлчилгээний орлого нь 8% өсөж $21 тэрбумд хүрснээр дээд түвшин тогтоожээ. Үүнд Apple-н төлбөрт шинэ хэрэглэгчийн тоо 1 тэрбумыг давсан нь нөлөөлсөн байна.
Бизнесийн хувьд: Apple-д одоог хүртэл ямарваа бүтээгдэхүүнд зориулсан хэлтэс байдаггүй. Гэсэн ч тэд бүтцийн өөрчлөлт хийж Vision Pro-д зориулж тусгайлан хэлтэс бий болгосон юм. Үүнээс Apple VR-н салбарыг хэр чухалчилж байгаа нь харагдах шиг.
🏠 Amazon
Amazon (AMZN)-н II улирлын орлого 2022 оны мөн үеэс 11% өсөж $134.4 тэрбумд хүрчээ. Улмаар өнгөрсөн жилийн II улиралд $2 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан тэд өнгөрсөн улиралд $6.7 тэрбумын ашигтай ажиллав. Энэ нь компанийн 2020 оны IV улирлаас хойших хамгийн өндөр ашиг, орлого олсон улирал болоод буй.
Тус өсөлтөд тэдний борлуулалт 11% өсөж $134 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлжээ. Задлан харвал, бүтээгдэхүүний борлуулалт нь 4.2% өсөж $59 тэрбум, үйлчилгээний борлуулалт нь 15.9% өсөж $75 тэрбумд хүрчээ. Үүнээс онцлоход,
Үүлэн технологи: Компанийн үүлэн технологийн бизнес AWS-н борлуулалт 12% өсөж $22.1 тэрбум хүрсэн юм. AWS нь Amazon-н үйл ажиллагааны орлогын 70%-ийг дангаар бүрдүүлдэг билээ.
Зар сурталчилгааны орлого нь 22% өсөж $10.7 тэрбумд хүрснээр шинжээчдийн хүлээлтийг давсан юм. Түүнчлэн компанийн CEO нь зар сурталчилгааны үйлчилгээ нь цаашид ч эрэлттэй байна гэв.
Сонирхуулахад: Тайлангийн араас Amazon-н хувьцаа 1 өдрийн дотор 10.7% өссөн бол он гарсаар 52% өсөж $139.5 болоод буй.
Энд хүрээд, технологийн томчуудын II улирлын сайн, муу холилдсон тайланг дуусгая. Тэдний тайлангаас харахад 2022 оны хүндхэн жилд зардлаа танахаар хэрэгжүүлсэн алхмууд нь үр дүнгээ өгч байх шиг.
Бид Америкт юу зардаг вэ?
Өнгөрсөн жил бид нийт $12.7 саяын экспортыг Америкруу хийжээ. Задлаад харвал:
$4.8 сая: Сүлжмэл цамц
$1.3 сая: Онгоцны хэрэгсэл
$0.9 сая: Гянт болдын хүдэр
$0.9 сая: Хөдөлгүүрийн эд анги
$0.5 сая: Бусад сүлжмэл хувцас
Tenor
🔹 Binance (BNB)-н хэрэглэгчийн тоо 150 саяд хүрлээ. Тодруулбал, тэдний хэрэглэгчийн тоо өнгөрсөн 5-р сард 128 сая байсан бол 3 сарын дотор шинээр 22 сая хэрэглэгчтэй болсон аж. Тэд Америк, Франц тэргүүтэй улсуудад шүүхийн маргаантай байгаа ч ЗЗ-д эзлэх хувь нь өссөөр байгаа аж.
🔹 Гутал ХК (GTL) нэгж хувьцаанд ₮952.36-ийн ногдол ашиг тараана. Компани уг шийдвэрийг энэ оны эхний хагасын ₮1.7 тэрбумын ашиг болон санхүүгийн нөхцөл байдал, эрсдэлийн зохистой харьцаа зэрэгт үндэслэн гаргажээ. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийг 8 сарын 16-ны өдрөөр тогтоох юм.
🔹 УИД ХК (UID) Номин даатгал ХХК-тай сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулна. Тодруулбал, тэд сонирхлын зөрчил бүхий уг компанитай ₮32 тэрбумын үнэлгээтэй, ₮179.2 саяын хураамж бүхий үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулах юм. Мөн компани сүлд модоо Эрдэнэт хивс ХХК-д ₮20 саяар худалдах гэнэ.
🔹 БиДиСек ҮЦК ХК-ийн (BDS) эхний хагас жилийн үйл ажиллагааны орлого өнгөрсөн оны мөн үеэс 4.9 дахин өсөж ₮2.9 тэрбумд хүрэв. Улмаар 2022 оны II улиралд ₮3 саяын алдагдалтай ажиллаж байсан тэд тус улиралд ₮466.8 саяын ашигтай ажиллажээ. Үүнд брокерын үйл ажиллагааны орлого нь 11.3 дахин өссөн нь нөлөөлөөд буй.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгаль, цаг уурын гамшиг хамгийн эмзэг, ядуу бүлэг дээр хамгийн их хохирол учруулна гэж судлаачид, олон улсын байгууллагууд сүүлийн 20 жил зөвлөмж, тайландаа сануулж анхааруулж хамтран ажиллахыг хүсч дэмжиж, тусалж ирсэн дээ. Асуудал маш… twitter.com/i/web/status/1…
— Эрдэнийн ЛХАГВА (@Lkhagva)
10:18 AM • Aug 6, 2023
Мэд: FDA анх удаа төрсний дараах сэтгэл гутралын эсрэг эмд зөвшөөрөл олголоо. (WSJ)
Сонирх: Хөрөнгөтөн хаалттай форум болно. (Lemon Press)
Унш: Berkshire Hathaway яагаад амралтын өдөр санхүүгийн тайлангаа гаргадгийг мэдэх үү? (Yahoo!Finance)
Хар: Сансрын уудмын өрсөлдөөнд аль улс тэргүүлж байна. (VisualCapitalist)
Даваа: Японы өнгөрсөн сарын ДНБ-ий үзүүлэлт танилцуулагдах аж.
Лхагва: Walt Disney (DIS)-н ээлжит улирлын тайлан зарлагдана.
Баасан: Оросын өнгөрсөн сарын гадаад худалдааны тэнцэл зарлагдах товтой байна.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply