• Lemon Press
  • Posts
  • ⚠️ Говь ХК: Том зээл 

⚠️ Говь ХК: Том зээл 

Монголын крипто экосистемийн зураглал болон Apple-н шинэ бүтээгдэхүүний талаар тоймлолоо.

POWERED BY

Morning! Заа зун цаг ирж, аялал зугаалга айсуй. Монгол 1 хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ ТОП-9-д жагссан түүх бий. Анхаараарай! 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Өнгөрсөн сарын инфляц 11.3%-д хүрэв. Үүнд хүнсний барааны үнэ 18.4%, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8% өссөн нь голлон нөлөөлжээ.

MNG: Нүүрсний цахилгаан станцад шаардлагатай импортын тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Уг татварын хөнгөлөлт нь 2029 оныг дуустал үргэлжлэх юм.

POL: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

🗺️ Крипто Экосистемийн Зураглал

Сүүлийн хэдэн жил Монгол крипто бирж, криптовалют, блокчэйн технологиор бүрэн амьсгалав. Тэгвэл крипто зах зээлийг бүрдүүлэгч, оролцогч талуудыг зураглан харъя.

Крипто хөрөнгийн биржүүд

Крипто ЗЗ-ийн ид халуурлаар 20 гаруй крипто хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байсан бол зохицуулалтаа дагаад одоо нийт 12 бирж тунан үлджээ. Тус биржүүдийн хамгийн гол онцлог нь 24/7 арилжаа явуулах боломж болон шуурхай байдал юм. Өдгөө биржүүдэд дотоодын 41, ОУ-ын 170 гаруй койн, токен бүртгэлтэй байгаа бөгөөд өдрийн дундаж арилжаа нь ₮410 сая байна.

Криптовалютууд

Монголчуудын дунд койн, токен гаргах трэнд үүсээд байсан нь саяхан. Шинэхэн ЗЗ-ийн хувьд янз бүрийн сорилтыг даван туулж, криптовалютуудын ЗЗ-ийн үнэлгээ ₮380 тэрбумыг давж, крипто биржүүд 850 орчим мянган харилцагчтай болоод байна. Нэмж дурдахад, сүүлийн 24 цагт IHC (IHC) койн хамгийн өндөр дүнгээр арилжаалагдсанаар тус койны үнэ 10.3% унасан байна. Түүнчлэн TRD (TRD), SPC (SPC) зэрэг койнууд идэвхтэй арилжигджээ.

Зохицуулалтын орчин

Харин крипто зах зээлийн зохицуулалтад Цахим, хөгжил харилцаа холбооны яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк зэрэг газрууд түүчээлэн ажиллаж буй. Энэ ч утгаараа ВХҮҮ-ийн тухай хууль батлагдаж, СЗХ нэр бүхий биржүүдийг бүртгэсэн билээ.

Metaverse

Цаашлаад, дэлхий даяарх Metaverse-н зах зээлийн орлого 2022 онд $65.5 тэрбумд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд үүнээс 14.3 дахин өсөх төлөвтэй байгаа аж. Манайд бол Guyuk, Metaland гэх виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ үүсээд буй. Тус орчинд дэлгүүр ч бий болоод эхэлсэн. Тэгэхээр энэ ЗЗ нэлээд өргөжих биз ээ.

Эцэст нь… Нэг үеэ бодвол манайх виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай, нэлээд олон крипто хөрөнгийн биржтэй болсон байна. Үүнийгээ дагаад крипто ЗЗ-ийн талаарх мэдээллийн сувгууд ч хөгжиж, ICT Expo гэх мэт олон ч арга хэмжээ зохиогддог болжээ.

*Хэрэв Монголын Крипто Экосистемийн зураглалд орох хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.

⚠️ Том зээл

GOV: Говь ХК болон Таван Богд Трейд ХХК хамтран ХасБанкнаас жилийн 5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай ₮25 тэрбумын зээл авна. Тэд уг зээлээр ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх юм. Түүнчлэн Говь ХК нь адил зорилгоор Ариг банкнаас ч мөн ₮14.5 тэрбумын зээл авахаар шийдвэрлэжээ. Сонирхуулахад, тус компанийн хувьцааны үнэ он гарсаар 6.7% өссөн байна.

 Apple: Vision Pro бол дөнгөж эхлэл

TC

Өнгөрсөн Даваа гарагт Apple (AAPL)-н жил бүр уламжлал болгон зохиодог Worldwide Developers Conference болж өнгөрлөө. Энэ үеэр тэд iOS 17-с эхлээд шинэ бүтээгдэхүүн болох Vision Pro зэрэг шинэчлэлүүдээ танилцуулсан юм.

Шинэ бүтээгдэхүүн

Энэ жилийн WWDC-н онцлох үйл явдал нь Apple 8 жилийн дараа бодит ба виртуал орчныг холбосон Vision Pro гэх шинэ бүтээгдэхүүнтэй эргэн ирсэн явдал байв. Тус бүтээгдэхүүнийг танилцуулсны дараа хувьцааны үнэ нь дээд түвшин тогтоогоод амжсан ч Vision Pro-н тэнгэрт хадсан үнийг зарласны араас 0.8% унажээ. Тодруулбал, Apple Vision Pro-г $3,499-р худалдаанд гаргаж байгаа бөгөөд энэ нь Meta Quest 3-с 6.9 дахин их дүн аж. Өөр онцлох зүйл юу байв?

  • Apple ба бусад: Vision Pro нь үзүүлэлтүүдээрээ бусад VR–г ардаа хол хаясан бөгөөд Apple-н бусад төхөөрөмж болон iOS үйлдлийн системтэй хоршиж ажиллах нь хэрэглэгчдэд ирээдүйд амьдарч буй мэт мэдрэмжийг төрүүлэх гэнэ. Тэгвэл одоо технологийн талаас нь харцгаая.

  • AR vs VR: AR нь энгийнээр бол бодит ертөнцийг виртуал ертөнцтэй нэгтгэх бол VR нь харах орчинг тэс өөр 3 хэмжээст ертөнцөд аваачна гэсэн үг. Тэгэхээр Vision Pro нь AR болон VR-г хослуулсан төхөөрөмж бөгөөд 6 микрофон, үйлдлээ хуруу болон нүдний хөдөлгөөнөөр удирдах боломж гээд шинэлэг технологиудыг нэгтгэжээ.

Зах зээл ба өрсөлдөгчид

Энэ оны байдлаар дэлхий даяар 98 сая хүн VR, 23 сая хүн AR ашиглаж байгаа бөгөөд тус тоо нэмэгдсээр 2027 он гэхэд аль алиных нь хэрэглэгчдийн тоо 100 саяыг давах төлөвтэй байна. Цаашлаад ЗЗ-ийн өрсөлдөөнийг харвал, тус ЗЗ-ийн 48%-ийг Meta (META), 35.9%-ийг Sony (SONY), 6.1%-ийг ByteDance эзэлж байна.

Эцэст нь… Технологийн дэвшил талаасаа бол Vision Pro яалтчгүй VR/AR технологийн хөгжлийг нэг шат ахиулсан төхөөрөмж байж чадлаа. Гэсэн ч өрсөлдөгчдөөсөө хэт өндөр үнэтэй байгааг нь хэрэглэгчид таашаасангүй дээ.

ICT EXPO ‘23 айсуй

ЦХХХЯ-ны санаачилгаар 16 дах жилдээ зохион байгуулж буй ICT EXPO ‘23 энэ жил “Mindgolia” уриан дор ҮСАХ-нд 6 сарын 9, 10, 11-нд болох гэж байна. 😎

Уг экспод:

  • Google, Naver, Amazon, Huawei тэргүүтэй ивээн тэтгэгчдийн илтгэлүүд,

  • Технологийн энтертайнмент үзүүлбэрүүд,

  • THE HU хамтлагийн Metaverse дэх тоглолт,

  • Оюутан залуус, ажил горилогч нарт зориулсан ICT салбарын ажлын байрны үзэсгэлэн зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд болох нь ээ.

Түүнчлэн 6 сарын 8-нд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх ICT FORUM MINDGOLIA 2023 Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах аж.

🔗Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

News

🔹SEC-с Binance (BUSD) болон CZ-г арилжаачдыг залилсан гэх шалтгаанаар шалгаж байна. Тодруулбал, тэд Binance-г хууль зөрчиж зах зээлийг манипуляц хийсэн төдийгүй бүртгэлгүй криптовалтют арилжаалж Америкаас $2.8 тэрбумыг босгосон гэж буруутгаад буй.

🔹Төрийн үйлчилгээний хурдан цэгийг Сингапурт нээлээ. Ингэснээр тус улсад ажиллаж, амьдарч буй иргэд төрийн байгууллагын 440 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой болов.

🔹БИД ББСБ ХХК-ийн гаргаж буй нээлттэй BID-BOND-н анхдагч зах зээлийн арилжаа маргааш эхэлнэ. Тодруулбал, тэд ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 18.5%-ийн хүүтэй нээлттэй бонд гаргаж буй бөгөөд анхдагч ЗЗ-ийн арилжаа нь 6 сарын 8-14 хүртэл явагдах юм.

🔹Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бизнесийн хэргийн мэргэшсэн шүүх байгуулахыг санал болгов. Учир нь Монголд бизнесийн маргаантай холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жилийг зарцуулдаг төдийгүй нийт гомдлын ердөө 10% нь л шийдэгддэг аж.

Доорх хариултаас алдаатайг олоорой. 👁️👁️

A. SEC-с Binance-г торгов.

B. Говь ХК болон Таван Богд Трейд ХХК хамтран ₮25 тэрбумын зээл авна.

C. Энэ оны байдлаар дэлхий даяар 98 сая хүн VR, 23 сая хүн AR ашиглаж байна.

  • Танилц: Apple 2023 оны Apple Design Awards-н ялагчдыг зарлалаа. (Apple)

  • Мэд: API гэж юу вэ? (IBM)

  • Сонирх: Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсээр. (France24)

  • Унш: iPhone-н шинэ тохиргооны ачаар найзуудыгаа гэртээ аюулгүй харьсан эсэхэд санаа зовох хэрэггүй болох нь. (TC)

Зөв хариулт А. SEC-с Binance-г торгоогүй бөгөөд тэдэнтэй холбогдох хэргийг шалгаж байгаа шүү.

Reply

or to participate.