• Lemon Press
  • Posts
  • 🔥 Apple банкны салбарт

🔥 Apple банкны салбарт

Эрүүл мэндийн даатгалын сан болон Apple-н шинэ хадгаламжийн үйлчилгээний талаар тоймлов.

POWERED BY

Лхагва гаргийн мэнд. Өнөөдөр бол зорилгоо сэргээх өдөр шүү. Аль шинэ он гарч байхад л хэдэн зорилго бичээд орхисон бол эргэн харж, шинэчлээрэй. 📝

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн улиралд 38.2% өссөнөөр тус сангийн ашиг ₮24.6 тэрбум болов.

MSE: ₮271 тэрбумын захиалга буюу 147.9%-тай явж буй ХААН Банкны IPO өнөөдөр хаагдана.

BTC: 7 хоногийн өмнө $30.2 мянгад хүрээд байсан Биткойны ханш $29.9 мянга боллоо.

 🩺 Эрүүл мэндийн даатгал руу өнгийе

Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн орлого энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөсөө 35% өсөж ₮387.1 тэрбум, харин зардал нь 36% буурч ₮395.7 тэрбум болсон байна.

Гүн орвол 🔍

Өнгөрсөн улиралд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 25.8% өссөн нь нийт ЭМДС-гийн орлогыг нэмэгдүүлсэн аж. Учир нь ЭМД-д хамрагдагсдын тоо 4.3% өссөн байна. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 36.1%, эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 44.8% тус тус буурснаас үүдэн нийт зардал багассан ч ЭМДС ₮8.6 тэрбумын алдагдал хүлээв. Зардал буураад буураад өндөр хэвээр. Өмнө нь ч тэр…

  • Ард үлдсэн ашигтай жилүүд: ЭМДС 2019 онд ₮120.4 тэрбумын ашигтай 2020 онд ₮9.5 тэрбумын ашигтай ажиллаж байв. Учир нь 2019 оны нийт зардал нь 2022 оныхоос даруй 5.1 дахин бага байсан юм.

  • Алдагдал арвижсан жилүүд: Харин тус сан 2021 онд ₮199.3 тэрбумын алдагдал хүлээсэн бол 2022 онд алдагдал нь 2.7 дахин өссөн байна. Энэ нь өнгөрсөн онд эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 45.7%, эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 53% өссөнтэй холбоотой.

Нөлөө…

ЭМДС-гийн алдагдал жилээс жилд өссөнөөр санхүүгийн тогтвортой байдлыг бууруулж, даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвар нь буурах юм. Тэгэхээр алдагдлыг бууруулахын тулд даатгуулагчид илүү их шимтгэл төлөх шаардлага үүснэ гэсэн үг.

  • Харин: Герман, Япон зэрэг ЭМД-ын тогтолцоо сайтай орнууд улсын болон хувийн хэвшлийн холимог сангуудтай бөгөөд харьцангуй өндөр зохицуулалттай байдаг. Түүнчлэн даатгуулагчдыг ЭМДС-гуудын хооронд чөлөөтэй шилжих боломжоор ханган өрсөлдөөнийг нэмж сангуудын үйлчилгээ, өгөөжийг өсгөдөг аж.

Тэгэхээр… Ер нь л бид нийгмийн даатгалын болон ЭМД-ын тогтолцоог сайжруулахын тулд зохицуулалт, дүрэм журмаа анхаарахын дээр ЭМД-ын ЗЗ-д тоглогчдын өрсөлдөөнийг нэмэх хэрэгтэй бололтой.

🚫 Богдгүй Бодь

BODI: Бодь даатгал ХК өөрийн эзэмшлийн Богд банк (BOGD)-ны ₮920.7 саяын үнэлгээ бүхий хувьцаагаа зарахаар боллоо. Тодруулбал, тэд тус банкны 10.3 сая ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд нэгж бүрийг нь ₮89.8-өөр үнэлээд буй. Харин авах эзэн нь тодорхой бололтой. Хувьцаагаа үл хөдлөхөөр худалдах тухай ТУЗ-ийн тогтоолд дурджээ.

Үүнээс гадна Бодь даатгал ХК өөрийн 4 сая ширхэг халаасны хувьцааг Ард санхүүгийн нэгдэл (AARD)-д шилжүүлж оронд нь тэдний 150 мянган хувьцааг авах гэрээ хийжээ.

Цаашлаад, Бодь даатгал ХК өнгөрсөн 2 жилийн ХО-ын өгөөж болох ₮102 саяар Мөнхийн үсэг ХХК-ний 21%-ийн хүүтэй өрийн бичгийг 1 жилийн хугацаатайгаар худалдан авах гэнэ.

 🔥 Apple банкны салбарт

Apple

Сар хүрэхгүй хугацааны өмнө одоо аваад дараа төл гэх шинэ үйлчилгээгээ танилцуулаад байсан Apple (AAPL) энэ удаад 4.15% хүүтэй хадгаламжийн үйлчилгээгээ зарлалаа.

Шинэ үйлчилгээ

Тус хадгаламжийн үйлчилгээг одоогоор Америкт Apple Card эзэмшигчид л ашиглах боломжтой бөгөөд хийсэн гүйлгээ бүрээсээ буцаан олголт аваад түүнийгээ хүүтэй хадгалах боломжтой аж. Сонирхуулахад, тус хадгаламжийн хүү Америкийн хадгаламжийн жилийн дундаж хүүгээс бараг 10 дахин өндөр аж. Шинжье,

  • Буцаан олголт: Тус үйлчилгээний ачаар хэрэглэгчид Apple Card-р хийсэн худалдан авалт бүрийнхээ 1%, Apple Pay-р бол 2%-ийг нь тус тус буцаан авах нь. Түүнчлэн Apple Wallet-р бусад банк руу гүйлгээ хийх болон хүүгийн тооцоолол, үлдэгдэлээ ч харах боломжтой.

  • Бизнес: Apple-н дээрх бүтээгдэхүүнүүд дээр нэмээд Apple Cash болон хамгийн сүүлийн байдлаар Apple Pay Later гэх төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлсэн.

  • Цаашлаад, 2022 онд iPhone хэрэглэгчдийн бараг 75% нь Apple Pay-г хэрэглэж байв. Компани уг тоог улам нэмэгдүүлж зах зээлээ тэлэхийн тулд өндөр хүүтэй шинэ бүтээгдэхүүн гаргаад буй.

  • Apple банк? Мэдээж Apple банк биш хэр нь яаж хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх вэ, гэхээр Goldman Sachs (GS)-тай хамтрах юм. Ингэснээр хадгаламжтай холбоотой асуудал дээр тэд ажиллах аж.

Ашигтай хамтрал

Goldman Sachs-н хувьд сүүлийн хэдэн жилийн турш хэрэглэгчидтэй илүү ойр байх гэж оролдож байгаа ч тийм ч ахицтай байгаагүй. Apple-тай хамтарч байгаа нь тэдний хувьд хэрэглэгчээ нэмэх боломж юм уу даа.

Эцэст нь… Apple финтек салбарт эргэлт буцалтгүй орчихлоо шүү. Юмыг яаж мэдэх вэ, хэдэн жилийн дараа Apple Bank гээд гараад ирэх ч юм билүү.

  • Тооцооны нягтлан бодогч / Ори медиа ХХК: Тэд банк, санхүү, ЭЗ-ийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан, хариуцлагатай залуусыг хайж байгаа шүү. 🔎 (Link)

  • Бизнес хөгжлийн менежер / Очир Ундраа ХХК: Компанийн гадаад ЗЗ болон дотоод орчны судалгааг хийх мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай хүн байна уу? 🔎(Link)

  • Борлуулалтын шинжээч эдийн засагч / Номун Кондитер ХХК: Хэрвээ та борлуулалт, худалдан авалтын анализ хийх болон excel дээр ахисан түвшинд ажиллаж чаддаг бол ийшээ. 🔎 (Link)

 COREX биржид шинэ үйлчилгээ нэмэгдлээ

Гадаад биржүүд дээр арилжаа хийхэд цагийн зөрүү, баталгаажуулалтын хугацаанаас шалтгаалан цаг алдаж байна уу? Тэгвэл Монголын анхны дижитал хөрөнгийн бирж COREX Tether-н P2P арилжааг Монголд нэвтрүүлжээ.

Ингэснээр,

  • Хэрэглэгчдэд өөрсдөө үнээ тогтоон, өөр хоорондоо шимтгэлгүй, хурдан, шуурхай арилжих,

  • Хүлээлгийн хугацаагүй 24/7 арилжих,

  • Илүү цөөн үйлдлээр криптог худалдан авах, зарах боломжийг олгож буй.

Түүнчлэн гадаад биржүүд дээр арилжаанд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй байдаг бол дотоодын бирж дээр эдгээр асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж болох нь. Түүнчлэн COREX дээр гадаад, дотоодын нийт 50 гаруй криптовалют арилжаалагдаж буй.

За тэгээд хүссэн тоо, хэмжээгээрээ хормын дотор арилжаад байж дээ. 😎

🔹Капитрон банк Сингапурын хамгийн том банк DBS (D05.SI)-тай корреспондент харилцаа тогтоолоо. Ингэснээр Капитрон банк нийт 16 банктай корреспондент харилцаатай болжээ. Түүнчлэн тус банк 9 төрлийн валютаар таатай нөхцөлөөр гадаад шилжүүлгийн үйлчилгээ үзүүлж буй.

🔹Хөсөг Трейд (HSG) ₮60 тэрбумын ХО-ын зээлийн барьцаа тавилаа. Тодруулбал, тэд Милко ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө санхүүжилтийг босгохын тулд өөрсдийн эзэмшлийн газар болон ҮХХ-өө 5 жилийн хугацаатай, жилийн 14% хүүтэй ХААН Банкны зээлийн барьцаа болгон тавихаар болжээ..

🔹SEC-с Bittrex-г хууль бусаар үнэт цаасны биржийн үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгав. Учир нь SEC тэдний арилжаалдаг 6 жетоныг үнэт цаас гэж үзсэн бөгөөд ийм арилжаа явагдаж л байгаа бол заавал SEC-д бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг аж.

🔹 Samsung (005930.KS) үндсэн хайлтын цэсээ Microsoft (MSFT)-н Bing-р сольж магадгүй. Тус компани удаан хугацааны туршид Google (GOOG)-тэй хамтарсаар ирсэн бөгөөд тэдний гэрээний хугацаа дуусах дөхсөөр. Харин Microsoft-н хувьд OpenAI-тай хамтрах болсноор хэрэглэгчдийн тоо нь нэмэгдсэн билээ.

Малчны зээлийн шинэ шийдэл

Малчид зээл авах гэж олон зуун км туулж, хэдэн өдрийг материал бүрдүүлэхэд зарцуулах хэрэггүй болжээ. Учир нь Монголд анх удаа PayOn апп малчдад цахим зээл олгож эхэлсэн аж.

Нөхцөл байдал & Шийдэл

Өнгөрсөн жилийн хугацаанд малчдад олгосон нийт зээлийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 16% буурч ₮869.4 тэрбум болсон байна. Тэгэхээр зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн зээл олголт татарсан хэрэг.

  • Хялбар: Харин Таван Богд Финанс ББСБ одоогоор нийт 15 аймагт салбараа нээн PayOn апп-аараа дамжуулан малчдад 24 сар хүртэл хугацаатай, ₮5 сая хүртэлх цахим хэрэглээний зээл олгож буй. Ингэснээр малчны зээл олголт, малчин өрхийн амьжиргааг дэмжих аж.

  • Яаж: Малчид малын А дансны бүртгэлээ ашиглан 1 удаа салбарт очин гэрээ байгуулснаар цаашдаа хэдэн ч удаа зээл авч, төлөх боломжтой болох юм.

Эцэст нь… Бодлогын хүү өсөх, зах зээл хямрах зэргээс үүдэн зээл олголт буурч байгаа ч финтекүүдийн өрсөлдөөн, шинэ үйлчилгээ нэмэгдэж байгаа нь банк санхүүгийн салбарын хөгжлийг нэмж байна даа.

За товхимлоо хэр анхааралтай уншдагаа шалгана шүү. Зөвийг нь олоорой. 🤓 

A. Капитрон банк Өмнөд Солонгосын хамгийн том банктай корреспондент харилцаа тогтоолоо.

B. 2022 онд Apple Card-г 7 сая хүн ашиглаж байна.

C. Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн улиралд 38.2% өссөнөөр тус сангийн ашиг ₮24.6 тэрбум болов.

  • Мэд: ChatGPT-с алдаа илрүүлбэл $20,000 авч болох нь. (INSIDER)

  • Яагаад? McDonald’s бүтээгдэхүүнийхээ амтыг сайжруулна. (USAToday)

  • Турш: Өндөр бүтээмжтэй ажиллах арга. (indeed)

  • Унш: Монголын жинхэнэ дарга хэн бэ? (baabar)

Зөв хариулт C. Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн улиралд 38.2% өссөнөөр тус сангийн ашиг ₮24.6 тэрбум болов.

Reply

or to participate.