- Lemon Press
- Posts
- 🆕 Шинэ парламент
🆕 Шинэ парламент
AMZN = $2 их наяд | Намуудын авсан хандив | Ши Жиньпин ба ШХАБ-ын уулзалт
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ! Энэ 7 хоногийн Пүрэв гаргаас эхлэн ЭЕШ эхлэж байгаа. Сонгуулийн араас ЭЕШ, араас нь наадам. За тэгээд л наадмын дараа намар гэдэг байх аа. 🥶
*Нэг өдрийн өөрчлөлт
CHN: Маргаашаас 7 сарын 6 хүртэл Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, Казахстан, Тажикстанд төрийн айлчлал хийнэ.
EU: Европын Холбооны даргаар Унгарын популист Ерөнхий сайд Виктор Орбан сонгогдлоо.
US: Өнгөрсөн 5-р сард Америкийн инфляц 2.6%-тай гарч сүүлийн 3 жилийн доод түвшинд хүрэв.
🔎 Шинэ парламентын 65% нь анх удаа сонгогдсон гишүүд
УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд 1.4 сая иргэн саналаа өгч 69.3%-ийн ирцтэйгээр 126 гишүүнтэй шинэ парламентыг тодрууллаа.
Ирц буурав: Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх 2020 оны сонгуулийн ирцээс 4.3 нэгж хувиар буураад буй. Мөн сонгогчдын саналыг 100% гараар тоолж өчигдөр СЗХ-ноос гар тооллогын дүн саналын машиныхтай таарсныг мэдэгдсэн юм.
🎨 Ирэх 4 жилийн Монголын өнгө
МАН 13 тойргийн 11-т нь ялж эрх баригч намын статусаа ахин 4 жил сунгалаа. Ингэснээр тэд 12 жил дараалан эрх баригч нам болж байна. Задлан харвал, тойргоос МАН 50 суудал, АН 26, ХҮН нам 2 суудал тус тус авсан бол жагсаалтаар МАН 18, АН 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам (ИЗНН) 4 суудал авчээ.
Хилийн чанад дахь иргэдээс ХҮН нам 2,913 санал авч тэргүүлсэн юм. Өөрөөр бол хилийн чанадад дахь сонгууль өгсөн иргэдийн 44% нь тус намд саналаа өгсөн гэсэн үг.
4 нам + 1 эвсэл: 3 намын төлөөллөөс бүрдэж байсан өмнөх парламенттай харьцуулахад 9 дэх удаагийн парламентад Үндэсний эвсэл, ИЗНН анх удаа суудалтай болж АН 10 суудлаа 42, ХҮН нам 1 суудлаа 8 болгон ахиулсан амжилттай оролцов. Товчоор бол 9 дэх парламент бага ч гэсэн солонгорч 4 нам, 1 эвслээс бүрдэхээр болсон.
💭 Сонгуулийн алдаа, оноо
Сонгуулийн өмнөхөн 2.2 сая гаруй хүн санал өгнө гэж байсан ч явцын дунд 2 сая болов. Тодруулбал, санал хураалтын өдөр 135 мянга гаруй хүний санал түр хасагдсан санал болсон юм. Тэдгээр хүмүүс он гарснаас хойш хил давсан учраас санал нь “түр хасав” гэсэн төлөвтэй болсон аж.
Ажиглагчдын дүгнэлт: Цаашлаад, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас гаргасан сонгуулийн дүгнэлтийг сонирхуулахад, энэ удаагийн парламентын сонгуулийн санал хураалт ил тод, шуурхай болсон ч сонгуулийн сурталчилгаа 17 хоног байсан нь томсгосон 13 тойрогт хэтэрхий багадах хугацаа байсныг онцлов. Энгийнээр хуучин олонд танигдсан хүмүүст давуу талтай зохицуулалт…
🤵🏻♂️🤵🏻♀️ Банк, санхүү, ХЗЗ-ийн төлөөллүүд
Шинээр гишүүн болсон эрхмүүд дунд банк, санхүү, ХЗЗ-ийн төлөөллүүдээс, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин, Инвескор ББСБ ХК (INV)-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Уянгахишиг, Банкны холбооны Гүйцэтгэх захирал асан Б.Найдалаа нар багтаад буй.
Юутай ч 9 дэх удаагийн УИХ-д 32 эмэгтэй гишүүн, сэтгүүлзүйн салбарын 4 төлөөлөл, Банк, санхүү, ХЗЗ-ийн 4 төлөөллүүд, 3-аас олон удаа УИХ-д сонгогдож байсан 14 гишүүн, УИХ-д анх удаа сонгогдсон 82 гишүүнтэй, нэг ч нэр дэвшигчгүй зэрэг олон талаас нь харахад нэлээн сонирхолтой парламент бүрдлээ. Маргааш шинэ парламентын анхдугаар чуулган болно. Цаашлаад ЗГ-аа хэрхэн бүрдүүлэх зэрэг олон сонирхолтой үйл явдал биднийг хүлээж байна.
CNBC
🍋 МАН иргэд, ААН-ээс нийт ₮3.6 тэрбумын хандив авч үүнээс ₮30 саяыг буцаажээ. Харин АН нийт ₮905.6 саяын хандив авсан бөгөөд үүн дээр намын өөрийн хөрөнгө болох ₮650 сая нэмж тайлагнаад буй. Үүнээс ₮768 саяын хандивыг буцаасан байна. ХҮН намын тухайд ₮1.8 тэрбумын хандив авчээ.
🍋 Өнгөрсөн Лхагва гарагт Amazon (AMZN)-н зах зээлийн үнэлгээ анх удаа $2 их наядад хүрэв. Хиймэл оюун (AI)-н хэрэглээ өсөн нэмэгдэж буй нь компанийн үнэлгээг ийн өсөхөд нөлөөлсөн байна. Цаашлаад компанийн хувьцааны үнийг харвал он гарснаас хойш 27.5% өсөж $193-т хүрээд буй.
🍋 Говь ХК (GOV)-ийн тендерийн арилжаагаар нийт ₮3.3 тэрбумын үнийн дүн бүхий 12,462,347 арилжаалагдлаа. Тендерийн санал 5 сарын 27-ноос 6 сарын 27 хүртэл үргэлжилсэн бөгөөд улмаар Таван Богд Холдингс ХХК Говь ХК-ийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.6%-ийг худалдан авчээ.
🍋 Дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспорттой орноор Сингапур тодров. Тус жагсаалтыг өнгөрсөн жил Япон тэргүүлж байсан бол энэ удаад Сингапур дэлхийн 195 орон руу визгүй зорчих болсноор хамгийн хүчирхэг гадаад паспорттой улс болоод буй. Харин Монголын хувьд тус жагсаалтад 79 байранд жагсаж байна.
Танилц: Google Translate дээр 110 шинэ хэл нэмэгдлээ. (FoxBusiness)
Сонирх: Жо Байден, Дональд Трамп нарын мэтгэлцээн дээр юу яригдав? (CNN)
Хөөх: Дани дэлхийн анхны нүүрстөрөгчийн татварыг нэвтрүүлж, үхэр тутмаас $100 татдаг болно гэнэ. (YahooFinance)
Мэд: enaadam.mn-р дамжуулан наадмын тасалбараа авч болох юм байна шүү. (Ulaanbaatar)
Даваа: Өнгөрсөн 5-р сард Америкчуудын кредит картын зарлага хэр байсантай танилцах өдөр.
Мягмар: Хятадын 5-р сарын хэрэглээний үнийн индекс гарна.
Лхагва: Үргэлжлүүлээд Оросын хэрэглээний үнийн индекс 5-р сард хэр хөдөлсөнтэй танилцах нь ээ.
Пүрэв: ЭЕШ түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ.
Баасан: Playtime хөгжмийн фестивалийн 2 дахь өдөр юм байна даа.
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply