- Lemon Press
- Posts
- 🔥 Шинэ Алибаба
🔥 Шинэ Алибаба
IPTV-н зах зээл болон Alibaba компаниа 6 хуваахаар болсон талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Номын хорхойтнууд байна уу? Улаанбаатарын нийтийн номын сангууд шат дараатайгаар 24 цагаар ажилладаг болох гэнэ. Заа тэгээд уншаад л байж дээ. 📚
*Нэг өдрийн өөрчлөлт
AUS: Австралийн инфляц 2-р сард 6.8%-тай гарсан нь сүүлийн 8 сарын доод түвшинд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор ирэх сард бодлогын хүүгээ өсгөхгүй азнах аж.
FTC: Холбооны худалдааны комисс хиймэл оюун ухааны зах зээлийн өрсөлдөөнийг шударга явагдах тал дээр анхаарахаа амлав.
USA: Америк Японтой цахилгааны машины батарей үйлдвэрлэхэд шаардлагатай ашигт малтмал нийлүүлэлтийн асуудлаар тохиролцжээ.
IPTV: Ирээдүйн ТВ
iStock
IPTV-н зах зээл жил бүр 7.1% өсөж 2027 он гэхэд $67.6 тэрбумд хүрэх хандлагатай байна. IPTV үнэхээр ирээдүйн ТВ зах зээлийг эзлэх үү?
IPTV: Internet portocol television буюу интернэт протокол сүлжээгээр телевизийн нэвтрүүлгүүдийг дамжуулах үйлчилгээ юм. Интернэт орох боломжтой бүхий л хэрэгсэл дээр телезивийн нэвтрүүлэг үзүүлдэг гэдгээрээ стриминг үйлчилгээнээс өөр гэдгийг анхаараарай.
Ирээдүйн ТВ
Өнөө үед хэн бүхэн контент бүтээх боломжтойн хажуугаар хүмүүс хүссэнээ үзэх боломж бүрдээд буй. Тиймдээ ч зөвхөн Америкт 2026 он гэхэд нийт хүн амын 41.6% буюу 112.9 сая хүн кабелийн ТВ хэрэглэхээ болих аж. Мэдээж тэд зурагтгүй болохгүй. Кабелийн ТВ-ээс илүү IPTV рүү ашиглах гэнэ. Үүнийг даган IPTV ч хэрэглэгчдийн чиг хандлагыг дагасаар. Тухайлбал,
Чиг хандлага: ТВ үзэгчдийн нас, үзэж буй контентын төрөл, тэдний үзэлт дээр үндэслэн хүн бүрийн профайл өөр өөр байна гэсэн үг. Дэлхийн энэ чиг хандлагыг Юнивишнийн шинэчлэгдсэн систем буюу андройд төхөөрөмж ч мөн нэвтрүүлсэн. Тэгэхээр бид ч IPTV-ийн шинэ чиг хандлагыг хэдийн хэрэглээд эхэлчихжээ.
Дэлхий дахинд
Бусад улс оронд энэ төрлийн үйлчилгээ хэр байдаг бол?
Xtreme HD IPTV: ОУ-н томоохон IPTV үйлчилгээ үзүүлэгч тэд нийт 20,000 гаруй суваг болон хандалт өндөртэй кино, контентуудыг сарын $16-оор авах боломжтой. Нээрээ $3-оор 36 цагийн туршилтын үзэлт хийж болно шүү.
Apollo Group TV: Нэг хэрэглэгчийн 5 хүртэлх төхөөрөмжөөр орж эрхтэй тус IPTV 1,000 гаруй сувгийн сонголттой. Дээр нь 5,000 гаруй кино, контентуудыг ямар сурталчилгаагүй үзэх боломжийг сарын $25-оор санал болгодог байна.
Эцэст нь... Бидний эргэн тойрон дахь бүхий л зүйлс дэлхийн чиг хандлагатай зэрэгцэн явааг IPTV-н хөгжлөөс харж болох юм.
Аpple-н хүүгүй зээл
AAPL: Аpple өөрсдийн дижитал түрүүвчээр хийх цахим худалдан авалтын төлбөрөө хэсэгчлэн хийх боломжтой одоо аваад, дараа төл (BNPL) үйлчилгээг нэвтрүүллээ. Apple Pay Later гэх нэртэй уг үйлчилгээ нь худалдан авагчдад төлбөрөө зургаан 7 хоногийн турш 4 хуваан төлөх боломж олгож буй. Мөн Apple-н хэрэглэгчид Wallet апп-аар дамжуулан $50-оос $1,000 хүртэл хүүгүй, хураамжгүй зээл авч болох аж.
🔥 Alibaba is reshaping
Alibaba (BABA) компаниа 6 хуваах болсноор хувьцааны үнэ нь 1 өдрийн дотор 14% өсөж $98-д хүрэв. Өнгөрсөн 3 жил нам гүмхэн байсан цахим худалдааны акул жинтэй эргэн ирж байна даа.
Юу болов?
Alibaba бүтцийн өөрчлөлт хийж ОУ-ын болон Хятад дахь цахим худалдаа, үүлэн технологи, ложистик, медиа, хоол хүргэлт зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулахаар 6 компани болгон хуваахаар боллоо. Цаашлаад Жак Ма Хятадад эргэн ирсэнтэй холбогдуулан Хятадын ЗГ технологийн компаниудад илүү ээлтэй хандах хүлээлтийг үүсгээд буй. Дэлгэрүүлье,
Санхүүжилт: Alibaba-н орлогын 66%-ийг бүрдүүлдэг Taobao болон Tmall-оо тэдний удирдлагад хэвээр үлдэж үлдсэн 5 компанид шинэ удирдлага, шинэ хөрөнгө оруулагчид орж ирнэ.
Төрийн дэмжлэг: Жак Ма Хятадад эргэн ирсэн нь зүгээр ч нэг тохиолдол байсангүй. Энэ нь Хятадын ЗГ-аас хувийн хэвшлээ дэмжих бодлого баримтлах болсонтой нь холбоотой. Товчоор бол түүний эргэн ирэлт гадны хөрөнгө оруулагчдад Хятадын зах зээл илүү дулаарч, зохицуулалт нь зөөлөрч байгаа итгэлийг төрүүлж буй.
Мартагдсан IPO: 3 жилийн өмнө ЗЗ-д маш том хүлээлт үүсгэж байсан Alibaba-н Ant группийн IPO ажил зогсож байсныг санаж байгаа биз дээ. Энэ удаад монопол болно гэх айдасгүйгээр тус тусын удирдлага, хөрөнгө оруулалттай 6 жижиг компани IPO хийх нь ээ.
Зах зээл ногооров
Энэ үйл явдал нь тэдний өрсөлдөгчид цаашлаад зах зээлд ч сайнаар нөлөөлсөн юм. Тодруулбал, JD.com (JD)-н хувьцааны үнэ 4%, Tencent (TCEHY)-нх 4% тус тус өсөөд зогсохгүй Hang Seng индекс (^HSI) 2%, Hang Seng Tech индекс (HSTECH.HK) 3.2% өслөө.
Эцэст нь… Өнгөрсөн 3 жилийн турш үргэлжилсэн Alibaba-н толгойны өвчин ийн шийдэгдэж байна уу даа. Нэмээд Хятадын ЗГ-ийн эдийн засгаа сэргээх бодлого ч гадаад орчинг зөөлрүүлж байх шиг.
115 мянга
2022 онд бакалаврын түвшинд суралцагсдын тоо өнгөрсөн оноос 1.6% буурч 115,250-д хүрчээ.
25 мянга
Түүнчлэн магистрын түвшинд суралцагсдын тоо 2021 оноос 0.82% өсөж 25,509-д хүрсэн байна.
4.5 мянга
Харин адил хугацаанд докторантурт суралцагсдын тоо 28.7% өсөж 4,508-д хүрэв.
💦 Гүний усаа хайрлацгаая
Газрын доорх усны талаар та хэр мэдэх вэ? 🤓
Энэ бол дэлхий дээрх байгаа цэвэр усны нөөцийн 30%-ийг бүрдүүлдэг бөгөөд улс орны унд ахуй, газар тариалан, үйлдвэр, уул уурхайн гол усны эх үүсвэр болдог ус юм.
Манай улсын тухайд газрын доорх усны нөөцөө бүрэн мэдэж чадаагүй, нийт газар нутгийн хэмжээнд 15% нь л судлагдсан нь уг усны нөөц нэмэгдэх боломжтойг харуулж буй. 💧
Харин Улаанбаатар хотын хувьд бид бүхэн усны хэрэглээгээ 100% газрын доорх усаар хангадаг байна.
Тиймээс та бүхэн үнэт усаа гамнаж, байгаль орчноо хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулан 5 сарын 27-нд болох гэж буй Улаанбаатар марафонд нэгдээрэй.
Уг өдөрлөгөөр Оюу толгой ХХК-ийн 2022 оны 5 сараас эхлэн явуулж буй “Гүнээсээ хайрлая” аяны асарт зочлон газрын доорх усны талаарх мэдээллийг авах боломжтой. Сонирхуулахад, тэд уурхайн үйлдвэр, ахуйн хэрэглээний усныхаа 88%-г дахин боловсруулан ашигладаг гэнэ шүү.
ABC News
🔹FTX (FTT)-н үүсгэн байгуулагч авлигалын хэрэгт сэжиглэгдэж байна. Түүнийг 2021 онд FTX-н охин компани Alameda-н $1 тэрбум бүхий царцаагдсан дансыг сэргээхээр Хятадын албан тушаалтнуудад $40 саяын авлига өгсөн хэмээн үзжээ. Улмаар нийт 13 зүйл ангид сэжиглэгджээ.
🔹 Micron Technology (MU) $2.3 тэрбумын алдагдалтайгаар улирлыг үдлээ. Тэдний борлуулалт жилийн өмнөхөөс 53% буурч $3.7 сая болов. Энэ нь бараа материалын үнэлгээ $1.4 тэрбумаар буурсантай холбоотой. Гэсэн хэдий ч хувьцааны үнэ нь ердөө 0.9% унаж $53 болсон аж.
🔹Түүхий Эдийн Фьючерс Арилжааны Комисс (CFTC) Binance (BNB)-г шүүхэд өгөв. Тэд Binance-г түүхий эдийн биржийн тухай хууль болон CFTC-н журмуудыг удаа дараа зөрчсөн гэж үзэн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан аж. Харин Binance-н CEO өөрсдийгөө журамд заадгаас ч өндөр шалгууртай гэв.
🔹Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК зэрэг 21 охин компани бүхий Эрдэнэс Монгол ХХК илүү үр дүнтэй ажиллаж, стратегийн ач холбогдолтой төслүүдийг дангаараа хэрэгжүүлэх боломжтой гэнэ.
Гадагшаа бакалаврын тэтгэлгийг багасгаж үндэсний их сургуулиудаа чадавхжуулах дээр анхаармаар байдаг.
Их сургуулиудын менежментийг шинэчлэх, багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлж гаднаас менежер, профессоруудыг урьж авчрах.
Их сургуулиудыг илүү хувийн хэвшилтэй уях гэх мэт
— Zolbayar 🍋 (@ZolooTeddy)
1:24 AM • Mar 28, 2023
Блокчэйн: Ил тод засгийн газар
Замын түгжрэл, утаа, авлига, сургууль цэцэрлэгийн хомсдол гээд олон асуудлыг шийдэх гарц бий. Тэр бол ердөө л албан тушаалтнууд ажлаа хийх юм.
Яаж?
Албан тушаалтнуудын гаргаж буй шийдвэр, зарцуулж буй төсөв хөрөнгө, хийж буй үйлдэл нэг бүр нь ил тод байвал тэд ажлаа хийхээс өөр гарцгүй болно. Энэхүү ил тод байдлыг хэн нэгэн супер удирдагч бус блокчэйн технологи бүтээх боломжтой. Мөн дээр нь хэн гэдэг эрх мэдэлтэн ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас таны хүүхдэд улсын сургуулийн суудал олдоогүйг хүртэл хянах боломжтой болох юм.
Үүгээр ч зогсохгүй…
Хүнд суртлыг арилгах: Иргэний үнэмлэх, гадаад паспорт эсвэл 0.7 га газрын хүсэлтээ өгөхөд хэдэн өдөр ажлаа алдах шаардлагагүй болно.
Татварын орлогыг үнэн зөвөөр бүрдүүлэх: Татвар нэмэхээс илүү татвар төлөхгүй буй бизнесүүдээс татвар авдаг болчихвол гэж ярьдаг даа. Үүнийг ч мөн блокчэйн шийдэх боломжтой.
Мэдээллийн бүртгэл: Багачуудын вакцины мэдээлэл, иргэдийн эрүүл мэндийн түүхийг блокчэйн дээр бүртгэсэнээр буруу эмчилгээ хийлгэж эрүүл мэнд болон мөнгө санхүүгээр хохирохгүй гэх маш том давуу талтай.
Гэх мэтээр үлгэрийн мэт боловч амьдралын жижиг, том олон асуудалгүй аз жаргалтай амьдралыг бий болгоход блокчэйн технологи хувь нэмрээ оруулах нь гарцаагүй болов уу.
Мэд: Twitter-н зөвхөн танд зориулсан булан. (Gizmodo)
Унш: Дэлхийг өөрчлөх ChatGPT-5. (digitaltrends)
Сонс: Apple Music Classical-н сонгодог хөгжмийн ертөнцөөр аялаарай. (Apple)
Сонирх: Лабораторид ургуулсан арслан зааны мах. (CBSNews)
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, А.Баттүвшин, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply