- Lemon Press
- Posts
- 🏘️ Орон сууцны үнэ яагаад өсөв?
🏘️ Орон сууцны үнэ яагаад өсөв?
Улаанбаатар хотын орон сууцны үнийн өсөлт болон Airbnb-н ээлжит улирлын тайланг тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Ойрын хугацаанд гадагшаа аялахаар төлөвлөсөн хүн байна уу? Хэрэв тийм бол МИАТ ТӨХК Улаанбаатар - Бээжин болон бусад 2 чиглэлд гэр бүлээрээ зорчиж буй 0-16 насны хүүхдүүдийн нислэгийн тийзийг үнэгүй болгожээ. ✈️
*Нэг өдрийн өөрчлөлт
OIL: Пакистан Оросоос импортлох газрын тосныхоо төлбөрийг юаниар төлөх хүсэлтэй байна.
MSE: Өчигдрийн арилжаагаар 45 хувьцаат компанийн ₮451.8 саяын үнийн дүн хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны үнэ өсөж, 26 компанийн хувьцааны үнэ буурав.
^N225: Nikkei 225 индекс он гарсаар 13.2% өсөж 29,122-д хүрлээ.
🏘️ Орон сууцны үнэ яагаад өсөв?
Улаанбаатар хотын орон сууцны үнэ өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 9.9% өсөөд байна. Улмаар шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ ₮3.5 сая болжээ.
Нөхцөл байдал
Орон сууцны үнийн одоогийн нөхцөл байдал руу өнгийвөл, хуучин орон сууцны одоогийн үнэ шинээс 5.7% бага байна. Түүнчлэн Улаанбаатар дахь шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ аль дүүрэгт байгаагаасаа хамаараад ихдээ ₮1.2 саяын зөрүүтэй байгаа юм.
Тодруулбал: Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ нийт орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнээс 8.8% өндөр буюу ₮3.8 сая байгаа бол Сонгинохайрхан дүүргийнх дунджаас 35.2% доогуур байгаа аж.
Шалтгаан 1. Барилгын өртгийн өсөлт
Цаашлаад шинэ орон сууцны дундаж үнийг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 1.8 дахин өсөөд буй. Энэ их өсөлтийн ард юу байгааг харвал,
Барилгын өртөг 🆙: Нийт барилгын өртөг энэ оны I улиралд өмнөх оны мөн үеэс 30.9% өсөөд буй. Түүнчлэн орон сууцны баригдах өртөг л гэхэд өмнөх улирлаасаа 5.9% өссөн юм. Үүнд материалын үнэ 10.1%, машин механизмын түрээсийн зардал 1.8%, цалингийн зардал 0.5% тус тус өссөн нь нөлөөлжээ.
Шалтгаан 2. Валютын ханш
Тэгвэл үргэлжлүүлээд барилгын материалын үнийн өсөлтийг харвал, ханшийн өөрчлөлттэй шууд холбоотой. Мартаагүй бол бид чинь импортлогч орон шүү дээ.
Ханшийн сулрал = Барилгын өртгийн өсөлт: Орон сууцны үнэ жилийн өмнөхөөсөө 9.9% өссөн тус хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг 23.5% суларсан юм. Тэгэхээр өмнө нь $150-ын үнэтэй барилгын материалыг ₮427.4 мянгаар авдаг байсан бол энэ дүн ₮527.7 мянга болсон гэсэн үг.
Эцэст нь… Орон сууцны үнийн өсөлтөд ипотекийн зээл олголт ч нөлөөлж буй. Харин манайд ипотекийн зээл олголт буурах төлөвтэй байгаа. Тэгэхээр цаашид орон сууцны үнэ яах юм бол доо?
💻 Шинэ блокчейн сүлжээ
GS: Goldman Sachs, Microsoft (MSFT), Deloitte болон Cboe Global Markets (CBOE) зэрэг компаниуд Canton хэмээх шинэ блокчейн сүлжээг эхлүүлэхээр хүчээ нэгтгэв. Тэдний зорилго нь санхүүгийн байгууллагуудад одоогийнхоос илүү нууцлал, хяналт, стандартыг санал болгох замаар санхүүгийн зах зээлд блокчейн хэрэглээг түргэсгэх явдал аж. Уг блокчейн сүлжээний туршилтын үе шат 7-р сард эхлэх юм.
🧨 CX’23 эхлэхэд 7 хоног үлдлээ
CX’23 нь 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд хэрэглэгчийн туршлагыг таниулах, мэргэжилтнүүдээс суралцах, тэдэнтэй холбох зорилготой эвент юм. Тус эвентийн хөтөлбөрт хэрэглэгчийн туршлагын энгийн онолоос эхлэн үйлчилгээ болон ажилтны туршлагыг сайжруулах хүртэлх бизнесийн өсөлтдөө анхаардаг хэн бүхэнд нээлттэй гэнэ.
Сонирхолтой нь эвентийн хөтөлбөрт метаверс фестиваль багтсан төдийгүй 700+ гаруй оролцогч оролцож, хэрэглэгчийн туршлагын талаар 8 илтгэл, 2 хэлэлцүүлгийг сонсох нь ээ.
⏳ Хэзээ: 5 сарын 18-нд
📍 Хаана: Зайсан Хилл Эвент Халл
🆙 Airbnb томорсоор гэхдээ...
Өнгөрсөн оны өдийд $19 саяын алдагдалтай ажиллаж байсан Airbnb (ABNB)-н ашиг энэ оны эхний улиралд $117 саяд хүрч дээд амжилт тогтоолоо. Ийнхүү тэд цар тахлын өмнөх үеэс 2 дахин томорсон аж.
Амжилт дүүрэн I улирал
Airbnb-н орлого өнгөрсөн жилд 20% өсөж $1.8 тэрбумд хүрснээр шинжээчдийн таамгийг даваад буй. Тус тайланг эерэг гарахад компанийн нийт захиалга 19% өсөж $121 сая нь нөлөөлсөн байна. Тэгвэл Airbnb-н амжилтын ард ямар стратеги байв?
Жанжин шугам: Тус улиралд Airbnb-р дамжуулан байраа түрээсэлсэн хүмүүсийн тоо 18% өссөн юм. Компани зуучлалын үйлчилгээгээ ирээдүйд улам хялбаршуулах юм. Тэгэхээр энэ тоо улам өсөх биз ээ.
Сайжруулна: Компанийн хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалд тэд үндсэн үйлчилгээгээ хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан илүү сайжруулна гэдгээ мэдэгдэв. Тэд энэ тал дээр нухацтай хандаж байгааг өнгөрсөн 7 хоногт хэрэглэгчдийн санал хүсэлтэд тулгуурлан 50 гаруй шинэ функцийг танилцуулснаас харж болно.
Жишээ нь л гэхэд: Airbnb төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг эрчимтэй нэвтрүүлж байгаа. Тухайлбал, тэд Klarna-тай хамтран Америк болон Канад дахь хэрэглэгчдээ төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжтой болгоод буй.
Гутранги төсөөлөл ба үнэ
Тэдний ашиг дээд амжилт тогтоож тайлан нь эерэг гарсан ч хувьцааны үнэ нь 12% унав. Учир нь компани ирэх улирлын орлогын таамаг, ер нь 2023 оны төсөөллөө бууруулсан нь хөрөнгө оруулагчдийн итгэлийг унагаасан бололтой. Мөн Airbnb-ийн үнийн өсөлтөөс шалтгаалан цаашид эрэлт тийм ч ихээр нэмэгдэхгүй гэсэн хүлээлт үүсээд байна.
Эцэст нь… 3 жилийн өмнө олон нийтэд нээлттэй болсноосоо хойш тийм ч ашигтай ажиллаж чадаагүй Airbnb бизнестээ хэрэглэгчийн санал хүсэлтийг онцгойлон тусгаж эхэлснээрээ үр дүнд хүрсэн гэлтэй.
63.7%
Монголын Хөрөнгийн Бирж (MSE) олон нийтээс татан төвлөрүүлсэн ₮11.9 тэрбумынхаа ихэнхийг буюу 63.7%-ийг арилжааны системийн сайжруулалтад зарцуулна.
₮6 тэрбум
Түүнчлэн энэ онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө ₮6 тэрбумын зарцуулахаар төсөвлөөд буй.
₮4.9 тэрбум
Үүний ₮4.9 тэрбумыг мэдээлэл технологийн шинэчлэл болон ХЗЗ-ийн сургалт, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв байгуулахад ашиглана.
👩💻 Автомат хөрөнгө оруулагч - Telexa.mn
Та хэзээ, юунд хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байна уу? Тийм бол Telexa автомат хөрөнгө оруулалтын платформ танд туслах нь ээ.
Ямар онцлогтой платформ бэ?
Хөрөнгө оруулалтын багц: Гадаад хувьцаа, алт, токенжуулсан хувьцаа болон бутархай ҮХХ зэрэг хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүнүүдээс сонгон багцаа бүрдүүлэх боломжтой;
Автомат хөрөнгө оруулалт: Банкны картаа холбож, өдөр бүр, 7 хоног эсвэл сар бүр тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх тохиргоо хийснээр таны бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын багц руу автоматаар орох гэнэ.
🔗 За тэгээд ЭНД дарж апп-аа татаад тогтмол хөрөнгө оруулалт хийгээрэй.
🔹 Энэ 7 хоногт Golomt Capital Championships-н тэргүүн байрны оролцогч 70.1%-ийн өгөөжтэй байлаа. Цаашлаад, ТОП-10 оролцогчдын өгөөж 33.5%, ТОП-20 оролцогчийн өгөөж 24.8% байв. Мөн ТОП-20 оролцогчийн 65% нь Хойд Америкийн ЗЗ-д, үлдсэн 35% нь Азийн ЗЗ-д тус тус хөрөнгө оруулжээ.
🔹Apple (AAPL)-н хуучин гүйцэтгэх захирал General Motors (GM)-г удирдана. Тухайлбал, Майк Эбботт тус компанийн программ хангамжийн хэлтсийг удирдан ажиллах гэнэ. Тэрээр өмнө нь Apple-н үүлэн технологийн хэлтсийг удирдаж байсан туршлагатай нэгэн билээ.
🔹 Америкийн жижиг бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. Тодруулбал, тус индекс өнгөрсөн 4-р сард 1.1 нэгжээр буурч 89 болсноор 16 дахь сардаа дараалан буураад буй. Үүнд эдийн засгийн тогтворгүй байдал болон ажиллах хүчний хомсдол голлон нөлөөлсөн байна.
🔹 Өмнөд Солонгосын ТОП 500 компанийн нийт орлого өнгөрсөн онд 24% өсөж $3.1 их наядад хүрчээ. Түүнчлэн тус жагсаалтад Samsung (005930.KS) хамгийн өндөр орлоготой компаниар тодорч тэргүүлэгчийн байр сууриа хадгалав. Тэдний араас Hyundai (005380.KS), Kia (000270.KS) нар удаалсан байна.
Өнөөдрийн байдлаар 2023 он гарсаар МХБ дээр ₮1 их наядын арилжаа хийгдээд байна 🏦
— Altai Khangai (@AltaiKh)
8:41 AM • May 10, 2023
🥩 Блокчэйн ба махны экспорт
“Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн экспортлох боломжтой юм биш үү” гэж бодож үзээгүй Монгол хүн байхгүй биз ээ. Тэгвэл энэ мөрөөдлийг бодит болгоход блокчэйн технологийг ашиглаж болох юм.
Яавал МАА-н бүтээгдэхүүний экспорт өсөх вэ?
Монголоос экспортолж буй МАА-н бүтээгдэхүүн “ямар ч асуудалгүй” гэдэг баталгаа байхад л хангалттай. Жишээлбэл, үхрийн мах экспортоллоо гэж бодоход,
Тухайн үхрийг Монголын хээр талд бэлчээж, органик аргаар үржүүлж,
Стандартын дагуу нядалж, хадгалж, тээвэрлэсэн зэргийг батлах хэрэгтэй болно.
Энэхүү баталгаажуулалтыг малчны хотноос эцсийн хэрэглэгч хүртэл, шат болгон дээр блокчэйн дээр бүртгэвэл эрүүл мах гэдгийг батлахаас гадна дараах асуудлуудыг ч давхар шийдэх юм. Тухайлбал,
Хүнсний хаягдал: Экосистем (боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, худалдан авалт)-д оролцогч бүр дээр бүртгэл үүсэх тул, хэрэглэгчийн хэрэгцээнд яг нийцсэн тоо хэмжээг нийлүүлснээр хүнсний хаягдал эрчимтэй буурах боломжтой.
Үнэ буурна: Түүнчлэн оролцогч тал бүр дээрх бүртгэл цахимжих тул цаг хугацааг хэмнэж, цаашлаад эцсийн хэрэглэгчид арай хямд үнээр борлуулах нөхцөл бүрдэнэ.
Дэлхий даяар, кофе, манго, загас гээд төрөл бүрийн хүнсний гарал үүслийг блокчэйн дээр баталгаажуулаад эхэлжээ. Бидэнд ч мөн энэхүү технологийг ашиглаж, органик МАА-н бүтээгдэхүүнийг эскпортлох боломж байна.
Анхаар: УИХ-ын гишүүд ҮХНӨ-ийн төслийг иргэдэд танилцуулж байна. (МУИХ)
Унш: Дэлхийн номын өдрийг баяр болгон тэмдэглэх болсон шалтгаан. (unesco)
Мэд: Amazon Prime Day-н эргэн тойронд. (TheInventory)
Сонирх: Дэлхийн хамгийн хүйтэн тосгоны нэг өдөр. (KiunB)
Editor: Э.Золбаяр
Writers: А.Баттүвшин, С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply