• Lemon Press
  • Posts
  • 🇰🇿 Говь ХК Казахстанд… 

🇰🇿 Говь ХК Казахстанд… 

АХБ-ны ЭЗ-ийн төсөөлөл | AI @ Morgan Stanley | Сүүний үйлдвэрлэлийн үүсэл 

POWERED BY

Өглөөний мэнд ээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Шарк Д.Энхтүвшин сонгогдлоо.  Шарк Д.Энхтүвшин хүчинтэй 648 саналаас 246-ыг нь буюу хамгийн олон саналыг авсанаар ирэх 4 жилд МҮХАҮТ-ыг удирдахаар боллоо. 🦈

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: 2025 он гэхэд нийт төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн 95% нь дуусах төлөвтэй байна.

JPN: Японы Хятад руу чиглэсэн экспорт 8-р сард 11% буурчээ.

OECD: ЭЗХАХБ ирэх оны дэлхийн ЭЗ-ийн төсөөллөө 0.2 нэгж хувиар бууруулж 2.7% болгов.

🎤 Виртуал хөрөнгө ба зохицуулалтын орчин

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн хамтран үүсгэн байгуулагч, Партнер өмгөөлөгч Э.Энхцэцэгийн виртуал хөрөнгийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Виртуал хөрөнгийг төлбөрийн зорилгоор ашиглах зохицуулалтын орчин

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар виртуал хөрөнгө төлбөрийн зорилгоор ашиглагдах үндсэн шинжтэй боловч Монголбанкнаас зөвшөөрсөн албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш болохыг тодорхойлсон. Үүнээс виртуал хөрөнгийг төлбөрт ашиглаж болох ч албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөхгүй гэх дүгнэлтийг хийж болно. Гэвч төлбөрийн зорилгоор ашиглах тохиолдолд ямар зохицуулалтын хүрээнд байх нь санхүүгийн хэрэгсэл эсхүл төлбөрийн үйлчилгээнд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулаагүйгээс зохицуулалтын тодорхойгүй нөхцөлийг үүсгээд байна.

📈 Монголын ЭЗ энэ онд 5.7% өснө

Азийн Хөгжлийн Банк (АХБ) энэ оны Монголын ЭЗ-ийн өсөлтийн таамаглалаа 0.3 нэгж хувиар нэмэгдүүлж 5.7%-д хүргэлээ. Харин 2024 оны төсөөллийг бууруулав. Яагаад?

Учир шалтгаан

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фэйбер “Монголын ЭЗ-ийн сэргэлт тэнцвэргүй, салбаруудын үзүүлж буй хувь нэмэр харилцан адилгүй байгаа ч ЭЗ-ийн ойрын хугацааны төлөв тогтвортой бөгөөд эерэг байна” гэсэн юм. Түүнчлэн энэ оны ЭЗ-ийн төсөөлөл нэмэгдэхэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий.

  • Эерэг^2: Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд $474.9 саяын ашигтай гарснаар түүхэн дэх хамгийн өндөр төлбөрийн тэнцлийн ашигтай эхний хагас жил болж өнгөрсөн юм. Мөн төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны 7-р сард $153.1 саяын ашигтай гараад буй.

  • Сэргэлт: Түүнчлэн уул уурхайн салбар сэргэснээр нийт экспортын хэмжээ 8-р сард жилийн өмнөхөөсөө 29.2% нэмэгдсэнээр гадаад худалдааны тэнцэл 89.5% өсөж $4.1 тэрбумд хүрэв. Мартсанаас ГВАН ч нэмэгдээд байгаа. Заа тэгээд энэ бүх үзүүлэлт ЭЗ-ийн өсөлтийн таамаг сайжрахад нөлөөлсөн хэрэг.

Ирэх оны бартаа

Харин ирэх оны хувьд Хятадын ЭЗ-ийн хямрал болон сүүлийн 27 сарын турш Монголбанкны зорилтот түвшнээс хэтрээд буй инфляц бартаа болж буй.

  • Тодруулъя: Хятадын ЭЗ-ийн хямралаас үүдэн түүхий эдийн эрэлт буурах, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан гадаад худалдааны тасалдал үүсэх зэрэг толгой гашилгасан эрсдэлүүд Монголын ЭЗ-ийн өсөлтийг боомилох төлөвтэй байна. Мөн өнөө инфляц 2023 оны дунджаар 10.5% байх бол 2024 онд бага зэрэг буурч 8.6% байх төлөвтэй.

Шүдний өвчин

Тэгэхээр бид ирэх онд Хятадын ЭЗ-ийн хямралын нөлөөг бага байлгахын тулд татварын суурийг нэмэгдүүлэх, ХО татах, ААН-үүдийг дэмжих замаар ажлын байрыг хадгалж уул уурхайн бус ЭЗ-ийг өргөтгөх зэргээр шүдний өвчин болсон асуудлуудаа эмчлэх хэрэгтэй байгаа юм.

🇰🇿 Говь ХК Казахстанд…

GOV: Говь ХК өөрийн 100%-ийн эзэмшил бүхий охин компани болох “Gobi Cashmere Kazakhstan”-г Казахстанд байгуулна. Уг компани нь $1,000-ын дүрмийн сантай байх бөгөөд захирлаар нь Б.Амарсайхан ажиллах аж. Сонирхуулахад, Говь ХК-ийн хувьцааны үнэ энэ онд 3.6% өсөж ₮258-т хүрээд байна.

🤩 Банкны салбарын анхны AI

Morgan Stanley (MS) банкны салбарт хувьсгал хийж банкны салбарын анхны AI-г танилцууллаа. Тэд шүүхийн маргаантай байгаа ч тус мэдэгдлийн араас хувьцааны үнэ нь 0.4% өсөв.

Түрүүлж алхана

AI @ Morgan Stanley Assistant гэгдэх тус AI нь ChatGPT 4-д суурилсан бөгөөд 100,000 гаруй судалгааны сантай аж. Тус AI-г санхүүгийн зөвлөхүүд болон Morgan Stanley-н хэрэглэгчид туслах хэлтсийнхэн ашиглах юм. Ажиллагааны хувьд яг л хүнтэй харьцаж байгаа мэт бүтэн өгүүлбэрээр асуух замаар харилцах бөгөөд банк AI-аа fully live гэж ихэд онцолж байгаа.

Бусад нь юу хийж байна?

JPMorgan (JPM), Citigroup (C), Goldman Sachs (GS) зэрэг бусад томоохон банкнууд ч AI-н төсөлд эрчимтэй ханцуй шамлан орсон ч Morgan Stanley тэднээс урьтлаа. Тэгвэл бусдынх нь AI хөгжүүлэлт нь хэр ахицтай явж байна?

  • -$1 тэрбум, +$1.5 тэрбум: Өнгөрсөн 5-р сард JPMorgan ChatGPT-тэй төстэй AI хөгжүүлж буйгаа зарласан. Тус ХО-ын банк энэ онд төдийгүй ирэх жилүүдэд ч AI хөгжүүлэлтэд $1 тэрбумыг хаяхаа мэдэгдэв. Улмаар зөвхөн 2023 онд AI-н тусламжтайгаар $1.5 тэрбумыг олох төсөөлөлтэй байгаа гэнэ.

  • Давай! S1 их наяд: Энэ нь ч хий төсөөлөл биш гэдгийг McKinsey AI-н ачаар дэлхийн банкны салбарт жил бүр $1 их наядын нэмэлт мөнгөн урсгал орж ирнэ гэх төсөөллөөс харж болох юм.

  • Үргэлжлүүлээд, Citigroup ч мөн 3 жилийн турш AI-н судалгаа хийж байгаа талаар мэдэгдсэн.

Оны эхэнд Америкийн банкны салбарт ар араасаа өрнөсөн дампуурлуудын нөлөөгөөр томоохон банкнуудын хувьцааны үнэ одоо хэр нь сэрэлт авч чадахгүй л байна. Тухайлбал, Morgan Stanly-н хувьцааны үнэ он гарснаас хойш ердөө 3.5% л өссөн бол JPMorgan-нх 10.4% өсөөд буй. Харин Goldman Sachs 0.8%-нх, Citigroup-нх 6.8% буурсан байна.

Юутай ч, Morgan Stanley мөс хагаллаа. Одоо тэгээд л араас нь тэд гаргаж байхад бид юугаараа дутдаг юм гээд л банкны салбарынхан AI-аа танилцуулаад эхлэх байх даа.

736 төсөл
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 736 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
60%-70%
Эдгээр төслийн 60%-70% нь захиалагчаас буюу төрийн байгууллагаас шалтгаалж удааширсан аж.
25 төсөл
ЗГ тус төслүүд дунд 8-аас дээш жил үргэлжилж байгаа болон үнийн өсөлтийн улмаас хэд хэдэн удаа тодотгол хийгдсэн 25 төслийг онцгойлон хэлэлцэв.

🏡 Гэр, байшин хосолсон ногоон орон сууц

Монгол гэрийн онцлогт тулгуурлан бүтээж буй эрчим хүчний хэмнэлттэй Гэр Плаг-Ин сууцыг сонирхуулж байна.

  • Гэр ба байшин: Уг хосолсон шийдэл нь 200 мм-ээс дээш дулаалга болон 3 шилэн давхаргатай ба ус, бохир болон халаалтын cистемийг бүрэн шийдэж, эрчим хүчний хэрэглээг 28%-38% бууруулах гэнэ.

Сонирхуулахад, энэхүү төслийг Энержи эфишент дизайн бюлд ХХК (EEDB) болон Хонконгийн их сургуулийн архитектурууд хамтран бүтээж буй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

Giphy

🔹МХБ (MSE)-ийн арилжааны систем шинэчлэгдлээ. Тэд 11 жилийн өмнө Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан мастер гэрээний хүрээнд одоогийн Миллениум Ай Ти цогц системийг нэвтрүүлж байсан юм. Энэ удаад тус арилжааны системийн дэд бүтцийн шинэчлэлийг амжилттай хийгээд буй.

🔹ЗГ-ийн тусгай сангаас бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг хасна. Энэ нь харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт хүргэх, нэвтрүүлэх чиг үүрэг бүхий сан юм. ЗГ-аас тус санг ЭЗ-ийн алдагдалтай, үр ашиггүй ХО гэж үзэн ийн шийдвэрлээд буй.

🔹Golomt Capital Championship-н 27 дахь 7 хоногийг тэргүүлж буй оролцогчийн өгөөж 126.87% байлаа. Үргэлжлүүлээд, ТОП-10 оролцогчийн өгөөж 81.02% байсан бол ТОП-100-нх 29.41% байжээ. Оролцогчид голдуу Америк болон Хятадын зах зээлд хөрөнгө оруулсан байна.

🔹ХacБанк (XAC) хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлнэ. Тодруулбал, банк ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаар зарласан болон гаргасан энгийн хувьцааны тоог 1 бүрийг нь ₮100-өөр нэрлэсэн үнэ бүхий 1,052,000,000 ширхэг болгон тогтоов. Улмаар хувь нийлүүлсэн хөрөнгийг ₮1,052,000,000 болгон нэмэгдүүлээд буй.

🏭 Сүүний үйлдвэрийн үүсэл

Өмнөх дугааруудад сүү болон тараг хэрхэн бүтдэг талаар хүргэсэн бол энэ удаад сүүний үйлдвэрийн үүсэл хөгжлийн талаар хүргэе.

  • Хамгийн анхны: Орчин үеийн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эх үндэс гэж тооцогддог анхны сүүний үйлдвэр 1815 онд Швейцарт байгуулагдсан аж.

Тэгвэл Монголд

Харин Монголын ууган үйлдвэр 1958 онд Сүүний үйлдвэр нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж байв.

  • Түүхэн хөгжил: Үргэлжлүүлэн 1991 онд төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болсон бол 2005 онд бүрэн хувьчлагдаж одоогийн Сүү ХК (SUU) бий болсон аж.

  • Одоо: Ууган үйлдвэрийн араас олон үйлдвэр бий болж өдгөө Монголын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, цех болон 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж буй.

  • Үйлдвэрлэл: Хүчин чадлын хувьд нийт салбараар жилд 400.0 мянган тн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үүний 51%-ийг ашиглаж байна.

Эцэст нь… Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь хөдөө орон нутгийн малчид, фермерүүд, сүү бэлтгэн нийлүүлэх хоршоодын орлогыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг эрүүл чанартай бүтээгдэхүүнээр хангах, сүүний тогтмол нийлүүлэлтийг бий болгох гэх мэт давуу тал ихтэй билээ.

  • Мэдсэн үү? Өнөөдөр дэлхийн энх тайвны өдөр тохиож байна. (НҮБ)

  • Сонирх: Үндсэн хуулийн цэцэд нэрээ дэвшүүлэх боломж байна. (Conscourt.gov)

  • Хөөх! Google-н AI Bard Gmail, Google Docs, Maps дээр нэмэгдлээ. (Gizmodo)

  • Унш: AI-р бүтээлч сэтгэлгээгээ хөглөж болно. (Fortune)

Reply

or to participate.