- Lemon Press
- Posts
- 🤖 AI хөдөлмөрийн зах зээлд
🤖 AI хөдөлмөрийн зах зээлд
Нээлттэй ББСБ-уудын II улирал болон AI ба хөдөлмөрийн зах зээлийн шинэ трэндийн талаар тоймлолоо.
POWERED BY
Шинэ сарын мэнд! Та өнөөдөр манай товхимлын 600 дахь дугаарыг уншиж байна. Энэхүү дугаарыг уншиж байгаа газрынхаа зургийг дараад биднийг меншион хийж стори оруулаарай. 🔥
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Энэ оны эхний хагаст нийт авто тээврийн ачааны импортын 47%-ийг Гашуунсухайт боомтоор, 41%-ийг Замын-Үүд боомтоор, 5%-ийг Алтанбулагийн боомтоор, 7%-ийг жижиг боомтуудаар нэвтрүүлэв.
^GSPC: S&P 500 индекс энэ жил 19.2% өсөж 4,582 нэгж боллоо.
JPN: Япон бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр тус улсын 10 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 9 жилийн дээд хэмжээ буюу 0.61%-д хүрэв.
☔ Нээлттэй ББСБ-уудын хагас жилийн өнгө
МХБ (MSE)-д бүртгэлтэй 5 ББСБ-ын нийт ашиг энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөс 55.6% өсөж ₮30.8 тэрбумд хүрчээ. Тэгвэл эдгээр компаниудын тайлан руу өнгийе.
🔥 Ашгийн дундаж өсөлт: 150.9%
Нээлттэй 5 ББСБ тус бүрийн хагас жилийн ашгийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж харвал,
Учир начир, нарийн ширийн…
ББСБ-уудын ашиг өссөн нь орлого нэмэгдсэнтэй холбоотой аж. Тодруулбал, Тандэм инвэст ББСБ ХК-ийн борлуулалтын орлого л гэхэд 2.6 дахин өссөн байна. Цаашлаад нарийн үзүүлэлтүүдийг харвал,
Чанаргүй зээл: Дээрх ББСБ-уудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийн дундаж утга өнгөрсөн оны эцсээс 0.5 нэгж хувиар буурч 5.1% болсон бөгөөд Ард кредит ББСБ ХК-ийнх хамгийн өндөр, Инвескор ББСБ ХК-ийнх хамгийн бага байгаа аж.
ROE 🆙: Түүнчлэн тэдний хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөжийн дундаж хэмжээг харвал нээлттэй 6 банкны дунджаас 2.7 нэгж хувиар илүү буюу 13.2% байна. Тэгэхээр ББСБ-уудын өгөөж банкнуудынхаас өндөр гэж хэлж болно.
P/B>1: Цаашлаад, уг ББСБ-уудын P/B харьцаа бүгд 1-ээс өндөр байгаа юм.
Хувьцааны үнэ ⬇️: Тус 5 ББСБ-ын хувьцааны үнийн өөрчлөлтийг сонирхуулбал оны эхнээс дунджаар 7.2% унасан аж. Энэ дундаа ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 34.4% унасан бол эсрэгээрээ Тандэм инвэст ББСБ ХК-ийнх 16.2% өссөн байна.
Эцэст нь… Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 14 дахин өссөн ББСБ-ын зах зээлийн томоохон төлөөлөгчдийн өнгө үзэмж иймэрхүү байлаа. Хэрэв та хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол тоон үзүүлэлтүүдийг нарийн судалж үзэх нь зүйн хэрэг.
💥 Ашиг х 3.3
MSE: Монголын хөрөнгийн бирж ХК-ийн энэ оны хагас жилийн ашиг жилийн өмнөхөөс 3.3 дахин өсөж ₮2.1 тэрбум боллоо. Учир нь компанийн борлуулалтын орлого 3.1 дахин нэмэгдэж ₮5 их наядад хүрсэн юм. Сонирхуулахад, МХБ-ийн хувьцааны үнэ он гарсаар 9.2% нэмэгдэж ₮125.6 болоод байна.
🤖 AI хөдөлмөрийн зах зээлд
Ихэнх хүн AI-г хүний хийх боломжит ажлын байрыг булаах өрсөлдөгч хэмээн хардаг. Тэгвэл энэ удаад хэрхэн AI-н тусламжтайгаар ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой талаарх сонирхолтой судалгааг хүргэе.
Шилжилтийн гүнд
McKinsey-н судалгаанд дурдсанаар, цар тахлын 3 жилд Америкт 8.6 сая орчим хүн карьерын шилжилт хийсэн бөгөөд энэ нь түүний өмнөх 3 жилтэй харьцуулахад бараг 50% өссөн дүн байв. Учир нь хүмүүс үйлчилгээний салбар, борлуулалт, оффис менежер, үйлдвэрлэлийн салбар зэрэг бага цалинтай ажлын байраас өндөр цалинтай ажлын байр руу шилжилт хийжээ.
Ирээдүйд
Ажил, мэргэжлээ солих хүмүүсийн тоо цаашид ч өсөх бөгөөд 2030 он гэхэд Америкт 12 сая хүн карьерын шилжилт хийх төдийгүй AI ажлын цагийн 30%-ийг автоматжуулах төлөвтэй байна. Тодруулбал, 2030 он гэхэд жилийн $38,200 ба түүнээс бага цалинтай 1.1 сая ажлын байр AI-р солигдох ч $68,700 ба түүнээс дээш цалинтай 3.8 сая ажлын байр шинээр бий болно. Тэгвэл 2030 он гэхэд ажлын байрны трэнд хаашаа чиглэх вэ?
Эрэлттэй: STEM буюу ШУ, технологи, инженерчлэл, математик суурьтай ажлын байрууд 7 жилийн дараа AI-н тусламжтайгаар 23% нэмэгдэнэ. Үүнд, астрономи, биохими, химийн инженерчлэл, сансар судлал, компьютерын ШУ гэх мэт олон салбар багтдаг.
Тогтвортой: Эмч, хуульч, барилга, механик инженер зэрэг өндөр цалинтай ажлын байруудад AI бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгсэл болж урт хугацаандаа тогтвортой байх нь.
Ер нь буурна: Харин оффис менежерийн ажлын байрны эрэлт 18%, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ үзүүлэгчийнх 13% тус тус буурах төлөвтэй байна. Энэ нь AI ашиглаад шийдэж болох асуудалд заавал хүний нөөцийн зардал гаргах хэрэггүй гэдгийг л харуулаад байгаа юм.
AI хөдөлмөрийн зах зээлд тоон шилжилтээс гадна чанарын шилжилт ч хийнэ. Тухайлбал, AI-р хүний хийдэг байсан уйтгартай, аюултай ажлуудыг хийлгэж, хүмүүс илүү бүтээлч, асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах шаардлагатай ажлыг хийх боломжтой болох юм.
Ингээд харахаар, ирээдүйд STEM суурьтай ажлын байрнууд моодонд орох тул илүү олон инженер, илүү олон ШУ, технологи суурьтай мэргэжилтэнг бэлтгэх хэрэгтэй байна даа.
Excel дээр вэбсайтын линк холбох хялбар аргыг танилцуулж байна. Хараад аваарай. 👁️👁️
Arabian Business
🔹Qatar Airlines-н энэ жилийн орлого хөлбөмбөгийн ДАШТ-ий нөлөөгөөр түүхэн дээд түвшинд хүрлээ. Тодруулбал, компанийн орлого өнгөрсөн оноос 45% өсөж $21 тэрбум болов. Улмаар $1.2 тэрбумын ашигтай ажилласан аж. Түүнчлэн зорчигчдын тоо нь 71% өсөж 31.7 сая болжээ.
🔹Нийслэл бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 4 төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ. Үүнд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зам байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, Сэлбэ сэргэлт зэрэг төсөл, хөтөлбөрүүд багтаад буй.
🔹Huawei-н II улирлын гар утасны борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 58% өсжээ. Улмаар Хятадын гар утасны зах зээлд эзлэх хувь нь 4.4 нэгж хувиар нэмэгдэж 11.3% болоод буй. Үүнд өнгөрсөн улиралд шинээр гаргасан Nova 11 болон P60 загваруудын борлуулалт өссөн нь голлон нөлөөлжээ.
🔹Япон дижитал салбарын шинэ ажиллах хүчийг бэлдэнэ. ЗГ-аас 2026 он гэхэд AI буюу дижитал салбарт 2.3 сая ажилтны хомсдол үүсэх төлөвтэй байгаа тул 2024 он гэхэд тус чиглэлээр 110,000 хүн сургахаар зорьж байгаа юм. Улмаар ЗГ-аас тус чиглэлийн сургалтуудыг магадлан итгэмжлэх аж.
Монголоос газ гарах боломжтой байхад заавал Оросын газын хоолойг тавьж өгч буян болох шаарлага байна уу? Хятадын Монголтой залгаа орон нутгуудыг бид газаар хангах ёстой бус уу?
— Battulga B. (@battulga11)
3:45 AM • Jul 31, 2023
Унш: Орос байгалийн хийгээ дорно зүгт тээвэрлэхэд Монгол туслахад бэлэн. (Yahoo!Finance)
Сонирх: Хамгийн бүтээмжгүй ажлын цаг. (WSJ)
Мэд: Хамгийн үнэтэй хичээлийн шинэ жил. (USAToday)
Анхаар: Facebook хэрэглэгчийн тоо 3 тэрбумд хүрч шинэ дээд амжилт тогтоолоо. (QUARTZ)
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply