- Lemon Press
- Posts
- 😳 Холливудыг сандаргах AI
😳 Холливудыг сандаргах AI
Наадмын өмнөх тайвшрал | $KT: Олон тэрбумын ХО | $76.1 саяын төсөл
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Lemonade in Japan контентын маань шинэхэн дугаарт Япон Улсад 18 дахь жилдээ ажиллаж амьдарч буй, инженер, UniLead компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Тэргүүн оролцлоо. Япон дахь ажил амьдралын түүх, карьерын хөгжил, туршлагыг ЭНД дарж бүтнээр нь үзээрэй. 🍋📽️


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: УИХ-ын ээлжит хаврын чуулган 82%-ийн ирцтэй ажиллаж, 35 удаагийн нэгдсэн хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэн, 278 хууль, тогтоомж батлав.
MSE: Энэ оны эхний хагаст МХБ (MSE)-ийн ТОП-20 индекс 3%, MSE-A индекс 2.8%, MSE-B индекс 1.4% тус тус буурчээ.
UB: Тусгай замын автобус төсөл (BRT)-ийн төсөв $76.1 сая байх бөгөөд 2030 онд ашиглалтад орох ёстойгоос одоо төслийн явц ердөө 4%-тай байна.

🍂 Наадмын дараа намар

Үндэсний их баяр наадам, зуны урт амралт эхэлж, орон нутгийг зорих хөдөлгөөн, шатахууны хэрэглээ оргилдоо хүрдэг үе хаяанд ирлээ. Тэгвэл энэ үеэр шатахуун тасалдах уу?
🧘 Наадмын өмнөх тайвшрал
Одоогоор АИ-92 шатахуун 33 хоногийн нөөцтэй, дизель түлш 27 хоногийн нөөцтэй байгаа. Өөрөөр хэлбэл, АИ-92-н нөөц 71.6 мянган тн-д хүрсэн нь рекорд тогтоосон үзүүлэлт аж. 2022 оны мөн үед үүнээс 2.9 дахин бага нөөцтэй байснаар тасалдал үүссэн түүхтэй.
🫸 Дизель түлшний тогтвор: Дизель түлшний нөөц 2025 онд 125,025 тн буюу оргилдоо хүрч байсан. Одоогийн нөөц үүнээс бага зэрэг буурсан ч харьцангуй тогтвортой түвшинд байна. Тэгэхээр баярын өдрүүдэд техникийн хувьд шатахуун тасалдахгүй нь.
🚀 Наадмын дараах бодит байдал
Харин нөгөө талд салбарын сайд маань наадмын өмнө болон наадмын үеэр шатахууны үнэ нэмэгдэхгүй, харин 7 сарын 20-нд Үнийн зөвлөл хуралдана гэлээ. Төрөөс баярын уур амьсгалыг эвдэхгүйн тулд үнийг түр зуур хүчээр барьж байгаа гэх үү дээ.
🥊 АИ-92-н дарамт: Оросоос АИ-92-г тн тутмыг нь $705-оор тогтмол авах гэрээ хийсэн ч одоо хилийн үнэ $800-т хүрсэн. Гэрээний дагуу үнэ 30%-иас дээш хэлбэлзвэл үнийг эргэж харах нөхцөлтэй. Тиймээс 7 сарын 20-нд АИ-92-н үнэ тодорхой хувиар нэмэгдэх магадлалтай байна.
🛌 Дизелийн зөөлөвч: Нөгөө талдаа дизель түлшний хилийн үнэ $1,385-оос $1,040 болж буурсан тул дотоодод үнэ буулгах нөхцөл бүрдсэн. ЗГ АИ-92-н үнийн өсөлтийг дизель түлшний үнийн бууралтаар нөхөх, инфляцын шокийг зөөлрүүлэх тактик барих хүлээлт үүсэв.
❌ Гуравдагч хөршийн бодлого
Цаашлаад, манайх Оросын шатахууны экспортын хязгаарлалтаас хараат бус байхын тулд Хятад болон Өмнөд Солонгосоос импортлох сувгийг нээсэн гэнэ.
🇨🇳 Хятад: PetroChina (0857.HK) компанитай тохиролцсон ч Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны эцсийн шийдвэрийг хүлээж байгаа гэхээр найдвартай эсэх нь эргэлзээтэй.
🇰🇷 Өмнөд Солонгос: Дизель түлш татах гэрээ хийгдэж, ачигдахад бэлэн болсон аж. Үүнээс гадна энэ онд багтаж 150 мянган м³ савыг ашиглалтад оруулахаар зорьж байгаа.
Эцэст нь... Наадмын дараа намар гэдэг дээ. Баярын дараа үнийн өсөлт толгой өвтгөх нь. Хэзээ бид дотоодын шатахууны хэрэглээгээ хангачихдаг, үнээ чөлөөт эдийн засгийн зарчмаар тогтоочихдог болно доо.

🗓️ Золоор өнгөрсөн Ерөнхий сайд Н.Учралын 100 хоног. (eagle.mn)
🦄 Энэ он гарснаас хойш шинээр 90 гаруй юникорн мэндэллээ. (TechCrunch)
♦️ Америкийн хүчингүй болсон улаан хуудас ДАШТ-д том маргаан дэгдээв. (APNews).
🧠 Хятад дэлхийд хэрэгтэй эрчим хүчний системийг хэрхэн бүтээв? (WEF)

💸 $KT: Олон тэрбумын ХО
030200.KS: Өмнөд Солонгосын харилцаа холбооны салбарын томоохон тоглогчдын нэг KT Corporation бизнесээ шинэ шатанд гаргаж, AI-д суурилсан компани болохын тулд $11.8 тэрбумыг зарцуулахаа мэдэгдлээ. Уг хөрөнгө оруулалтын дийлэнх буюу $7.9 тэрбумыг харилцаа холбоо, сүлжээний дэд бүтэц болон кибер аюулгүй байдалд, $3.3 тэрбумыг AI дата төв барих болон шинэ технологи хөгжүүлэхэд, үлдсэн $0.6 тэрбумыг олон улсын сүлжээний далайн кабельд зарцуулах аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.5% өсөж ₩54,500-д хүрээд байна.

🎬 Холливудыг сандаргах AI

Ойрын үед интернэтээр AI-р бүтээгдсэн бичлэг, зургууд олны анхаарлыг ихээр татаж буйг анзаарсан л байлгүй. Тэгвэл эдгээрээс ByteDance-н доорх Seedance дан ганц сошиал орчин бус Холливудыг донсолгоод байна.
🪄 Seedance-н ид шид
Бидний сайн мэдэх TikTok платформыг эзэмшигч ByteDance-н хөгжүүлсэн текстээс чанартай видео бүтээгч Seedance AI-н 2.0 хувилбар нь энэ оны 2-р сард албан ёсны нээлтээ хийсэн. Тухайн үедээ кино урлагийн домгууд Брэд Питт, Том Круз нарын дээвэр дээрх 15 секундийн тулааны бичлэг интернэтийг шуугиулж, Кино урлагийн холбоо (MPA)-ноос ByteDance-г зөрчилтэй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байв.
⏰ Тэгсэн одоо ByteDance бие даасан кино бүтээгчдэд 1 минутын өндөр чанартай видео бүтээх боломжийг энэ сард танилцуулсан Seedance 2.5 хувилбараараа олгож байгаа. Үнэ нь ердөө $9. Энэ нь гол өрсөлдөгч Google (GOOG)-н Veo моделиос даруй 62.5% хямд үнэ юм.
🍿 Бодит жишээ: Зарим найруулагчдын хувьд аль хэдийн AI-г кинондоо өргөнөөр ашиглах болжээ. Ингэхдээ олон $ саяын өртөгтэй киноны ажлуудыг 15 секундийг нь $5-оор нугалж эхэлсэн байна. Мөн Paranormal Activity-р танигдсан Стивен Шнайдер удахгүй гарах AI-р бүтсэн аймшгийн кинондоо Seedance-г ашиглахаа мэдэгджээ.
👣 Том баг, том амбиц
ByteDance AI-н технологийн багтаа 100 гаруй ажлын байрыг зарлаж, хэд хэдэн бие даасан кино бүтээгчид болон уран бүтээлчидтэй гэрээ байгуулжээ. Мөн кино төслүүдийг санхүүжүүлэх тухай хувийн хэлэлцүүлгүүд хийгээд амжсан аж. Цаашлаад, томоохон Холливудын студиүдэд Seedance-н хязгааргүй тусгай хандах эрхээ $2 саяар худалдах санал тавьжээ.
Эцэст нь… Дан ганц кино уран бүтээлчид бус медиа салбарынхан ч AI-г түгээмэл ашиглах болсон. Сонирхуулахад, медиа компаниудын AI-д зарцуулах төсөв 2024-2029 оны хооронд ойролцоогоор 5 дахин нэмэгдэж $12.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Ер нь энтертайнмент салбарын өрсөлдөөн одоо хэр их төсөвтэйдөө биш хэн хурдан, хямд контент гаргаж чадах дээр л төвлөрөх бололтой шүү. 😬

Зарим нэг шоколад дотор шавжны сэг зэм орсон байдаг гэвэл итгэх үү?

GIPHY
🪰 Америкийн хоол, хүнсний зохицуулах хороо (FDA)-ноос 100 гр шоколад тутамд дунджаар 60 буюу түүнээс бага тооны шавжны бичил хэлтэрхий байвал худалдаалахыг зөвшөөрдөг гэнэ. Учир нь какаоны үрийг хураах, тээвэрлэх явцад шавж үүрлэхээс бүрэн сэргийлэх бараг боломжгүй тул ийм дүрэм байдаг аж.


CNA Lifestyle
🍋 Хятадын Molly Tea сүлжээ Louis Vuitton (MC.PA)-н логог хуулбарласан тул ¥10.3 саяын нөхөн төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарлаа. Шүүх тэднийг хохирлыг барагдуулж, цахим хуудастаа мэдэгдэл гаргахыг шаардсан ч тус компани давж заалдахаар шийджээ. Энэхүү маргаан нь Хятадын цахим орчинд томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байгаа гэнэ дээ.
🍋 ЗГ болон нийслэлээс 2024-2040 онд нийт 38 мега төслийг хэрэгжүүлж байгаагийн 90%-д нь ил тод байдал хангалтгүй байна. Мөн нийт ₮19.1 их наядын төсөв бүхий ЗГ-ын 7 төсөл, ₮39 их наядын төсөв бүхий нийслэлийн 14 төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй. Мөн мега төслүүдийн дийлэнхэд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежментийн тогтолцоо сул байгаа аж.
🍋 Ердөө $750 мянгаар бүтсэн "Obsession" аймшгийн кино 2 сарын хугацаанд нийтдээ $402 саяын орлого олов. Тодруулбал, Хойд Америкийн зах зээлээс $245 сая, олон улсаас $157 саяыг олсон байна. Focus Features компани тус киног $14 саяар худалдаж авсан бөгөөд тус киноны амжилтад Z үеийнхний үзэлт голлон нөлөөлжээ.
🍋 Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтад 200 иргэн хүсэлт гаргаснаас бакалавр, магистр, докторын түвшинд нийт 31 иргэн шалгарлаа. Мөн нэмэлт санхүүжилт бүрдвэл зээлд хамрагдах хяналтын нөөцийн жагсаалтад 59 иргэнийг бүртгэсэн байна. Түүнчлэн гадаадад буцалтгүй тусламжаар суралцах хүсэлт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэний 7-г нь шалгаруулжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply