- Lemon Press
- Posts
- 🤖 Монгол AI
🤖 Монгол AI
Хятад ЭЗ-ийн сэргэлт Америкийн томоохон компаниудад хэрхэн нөлөөлж байгаа болон АНД Глобал группийн хиймэл оюун ухааны талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Өчигдрийн НӨАТ-ын сугалаагаар 40.8 мянган хүн азтан болжээ. Хэрэв та “Таны бүртгүүлсэн баримтууд дундаас тохирол таарсан баримт байхгүй байна” гэсэн мэдэгдэлд хэдийн дассан бол дараагийн удаад аз ивээх болтугай. 😆
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн I улиралд жилийн өмнөхөөсөө 7.9% өсөж ₮5.6 их наяд болов.
MNG: Фитч агентлаг Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ.
CHN: Төв банкнуудын юанийн своп хэлцлийн хэмжээ I улиралд өмнөх улирлаасаа 22.5% өсөж ¥109 тэрбум буюу түүхэн дээд түвшинд хүрсэн аж.
🤖 Монгол AI
Хаа сайгүй хиймэл оюун ухаан яригдаж, халуухан сэдэв болж буй энэ үед АНД Глобал групп хиймэл оюун ухаанд суурилсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. Тэдний танилцуулсан NIKO AutoML платформ ямар учиртай вэ?
NIKO AutoML: Уг платформ нь бизнесүүдэд хиймэл оюун ухаанаар дамжуулан өөрсдийн өгөгдлийг боловсруулж, тоон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг төгөлдөржүүлж, цаашлаад өрсөлдөх чадвараа үнэмлэхүй нэмэх боломжийг олгох юм.
Технологиор тэргүүлэгч…
Юуны өмнө АНД Глобал группийн талаар дурдахад, тэд одоогоор 12 улсад технологийн бүтээгдэхүүнээ экспортолж буй. Түүнчлэн компанийн одоогийн үнэлгээ $60 сая орчим бөгөөд Монголыг дэлхий дахинд технологиор таниулахаар зорьж байгаа аж.
NIKO AutoML-н нарийн учир
Үргэлжлүүлэн тэдний танилцуулсан платформын талаар харвал,
AutoML: Энэ нь нарийн төвөгтэй процессуудыг автоматжуулснаар бизнес эрхлэгч нарт IT-н нарийн мэдлэг шаардлагагүйгээр хялбар ашиглах боломжийг олгох юм.
Яаж? AutoML-г финтекийн байгууллагууд зээлийн эрсдэл, чанаргүй зээл, гүйлгээний залиланг танихын тулд, даатгалын салбарт хохирлын харьцааг бууруулах, нөхөн төлбөрийн залилангаас сэргийлэх зорилгоор, цаашлаад худалдааны салбарт зөв бүтээгдэхүүн санал болгох, хэрэглэгчээ сегментчлэх зэрэгт ашиглаж болно. Мөн бусад салбарт ч янз бүрийн байдлаар ашиглах боломжтой.
Ашиглалт: Тэгэхээр бизнес эрхлэгчдийн хувьд дата, өгөгдөлд шинжилгээ хийхгүйгээр үйл ажиллагаа явуулах нь өндөр эрсдэл дагуулдаг учир эл эрсдэлийг бууруулахаар NIKO AutoML-г ашиглаж буй. Одоогоор Тайланд, Камбож, Япон, Монголын 10 гаруй банк, ББСБ, даатгал, цахим худалдааны салбарын байгууллагууд туршиж эхэлсэн аж.
Эцэст нь… Бидэнд технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах боломж гарч ирж байгаа нь баярлууштай. Сонирхуулахад, NIKO AutoML-г 10 хоног үнэгүй ашиглан өөрсдийн бизнест өөрчлөлт хийх боломжтой аж. ЭНД дарж эхний алхмаа хийгээрэй.
🤝 Өрсөлдөгчийнхөө гараас атгав
005930.KS: Samsung LG (066570.KS)-г OLED дэлгэцийн нийлүүлэгчээр сонголоо. Тус хэлэлцээрийн хүрээнд 2024 он гэхэд LG тэдэнд 2 сая OLED дэлгэц нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх жилүүдэд энэ тоог өсгөсөөр 10 саяд хүргэх аж. Энэ нь Samsung анх удаа OLED дэлгэцийн нийлүүлэгчээ дотоодоос сонгосон тохиолдол болоод буй. Сонирхуулахад, LG OLED дэлгэцийн ЗЗ-ийн 50% гаруйг, Sony 26% харин Samsung ердөө 6%-ийг тус тус эзэлж байна.
Хятадын нөлөө хаа сайгүй
South China Morning Post
Уналтад ороод байсан Хятадын ЭЗ сэргэж түүнийг даган Америкийн зарим компаниудын ашиг, орлого нэмэгдэж байна.
Юу болов ?
Ковид-19-ийн тархалтыг зогсоохын тулд хатуу хөл хорио тогтоосон нь Хятадын ЭЗ-т сөргөөр нөлөөлж, улмаар тус улсад бараа, үйлчилгээ үзүүлдэг Америкийн олон компаниудын орлого буурсан билээ. Харин өнгөрсөн 12-р сард хатуу хөл хориог зөөлрүүлэх шийдвэр гарснаар тус улсын ЭЗ I улиралд 4.5% өссөн нь Америкийн зарим компаниудад эергээр нөлөөлөв. Тэгвэл томоохон компаниудын Хятад дахь борлуулалтыг харвал,
Starbucks (SBUX): Starbucks-н борлуулалт эргэн сэргэж I улиралд 3% нэмэгдээд буй. Тэд Ковид-19-ийн хөл хорионы үед борлуулалтынхаа 23%-ийг алдаад байсан юм.
Yum! Brands (YUM): KFC, Pizza Hut, Taco Bell-н толгой компани Yum!-н борлуулалт I улиралд 8% өссөн ч Ковид-19-ийн хөл хорионы өмнөх үеэс 20%-30% бага хэвээр байна.
MGM Resort (MGM): Тус компанийн Хятад дахь MGM Cotia, MGM Macau салбаруудын ашиг нь эхний улирлын байдлаар $169 саяд хүрч жилийн өмнөх үеэс 130% өсжээ.
Procter and Gamble (PG): Арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч PG-н борлуулалт 2% өссөн ба цаашдаа ч өсөх хандлагатай байгаа аж.
Харин Монголд
Хятадын хөл хорионоос үүдэн Монголын экспорт багасаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд амжсан. Харин Хятад хилээ нээснээр нийт гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 50.5% нэмэгдэж $7.7 тэрбум болсны 74.2%-ийг Хятадтай хийсэн худалдаа эзэлсэн юм.
Эцэст нь… Хятадын бусад орны бизнес эрхлэгчдэд, цаашлаад дэлхий дахин дахь нөлөө улам ихэссээр. Тэр ч утгаараа томоохон гүрнүүд тэдний нөлөөг багасгахыг оролдож байна. Харин бидний Хятадаас хамаарах хамаарал маш өндөр ч яаж багасгах тал дээр шийдэл байхгүй хэвээр.
30,879
Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 30,879 шалгуулагч Монгол хэлний хэл бичгийн шалгалт өгчээ.
36
Үүнээс ердөө 36 шалгуулагч бүрэн оноо буюу 800 оноо аваад буй.
70%
Түүнчлэн шалгуулагчдын гүйцэтгэл өнгөрсөн жилээс 7% өсөж 70%-тай үнэлэгдсэн байна.
Үнэт цаасны үнэ тогтоосон үндэслэл
ХХБ-ны IPO-н ханш яаж тогтов?
Үнэлгээ
Хөндлөнгийн үнэлгээний байгууллага “БДО Аудит” ХХК ХХБ-ны ЗЗ-ийн үнэ цэнийг ₮1.49 их наядаас ₮1.77 их наядын хооронд буюу нэгж хувьцааны ЗЗ-ийн үнэ нь ₮29,481-өөс ₮35,055 байх үндэслэлтэй гэж дүгнэжээ. Улмаар тэдний нэгж хувьцааны үнэ сүүлд IPO хийсэн ХААН Банк (KHAN)-ны IPO-н ханшаас 34.4 дахин их буюу ₮33,000-өөр тогтоод буй.
Яагаад ийм өндөр тогтов?
ХХБ-ны олон нийтэд санал болгож буй нэгж хувьцааны үнийг доллар руу шилжүүлбэл өчигдрийн ханшаар $9.5 болно. Зорилго нь ОУ-ын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах. Учир нь гаднын хөрөнгө оруулагчид “Penny Stock” буюу $5-оос бага үнээр арилжаалагддаг жижиг компанийн хувьцааг сонирхох нь бага байдаг аж. Мэдээж энэ нь “Penny Stock”-н үнэ богино хугацаанд мэдэгдэхүйц хэлбэлздэг, арилжааны хэмжээ бага тул хөрвөх чадвар муу байдагтай холбоотой.
Эцэст нь… ХХБ-ны IPO-н ханш бусдаас өндөр байгаа нь энэ удаагийн банкны IPO-г илүү онцлог болгож байна. Түүнчлэн тэд жил бүрийн татварын дараах цэвэр ашгаасаа 40%-ийн ногдол ашиг тараахаар төлөвлөж буй.
Хүүхдийн эрхийн өдрөөр чихэр биш хуримтлал бэлэглэе 🎁
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах “баярын” өдөр айсуй. Та хүүхдэдээ ямар бэлэг барихаа мэдэхгүй байгаа бол бид танд “Боловсролын хуримтлалын даатгал”-ыг санал болгож байна.
Давуу тал нь юу вэ?
Санхүүгийн дарамтгүйгээр, хүүхдийнхээ их дээд сургуулийн сургалтын төлбөрийг хуримтлуулна.
Хуримтлагдсан мөнгөө хүүгийн өсөлтийн хамт авч бусад зардалдаа хэрэглэх боломжтой.
Даатгалын гэрээ цуцлагдвал үүссэн хуримтлалыг буцаан олгоно.
Даатгалын хураамжаа уян хатан нөхцөлөөр төлөх боломжтой.
Хуримтлал үүсэх хугацаанд даатгалын хамгаалалт үйлчилнэ.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
🔹Энэ 7 хоногт Golomt Capital Championships-н тэргүүн байрны оролцогч 82.4%-ийн өгөөжтэй байлаа. Үргэлжлүүлэн харахад, ТОП-10 оролцогчдын өгөөж 27.2%, ТОП-20-ийн өгөөж 20.9% байв. Түүнчлэн ТОП-20 оролцогч ХО-ынхаа 45%-ийг Хойд Америк болон Азийн ЗЗ-д, үлдсэн хэсгийг Австралийн ЗЗ-д хөрөнгө оруулжээ.
🔹Өнгөрсөн I улиралд Америкийн нийт хэрэглээний өр $17 их наядад хүрч шинэ дээд түвшин тогтоов. Тэгэхээр тус хугацаанд нийт хэрэглээний өр $150 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. Үүнд тус улиралд ипотекийн зээлийн нийт үлдэгдэл $121 тэрбумаар нэмэгдэж $12 их наядад хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.
🔹Худалдаа Хөгжлийн Банкны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. Тус IPO-н анхдагч ЗЗ-ийн арилжаа 5 сарын 23 хүртэл үргэлжлэх аж. Түүнчлэн тэдний IPO-н үндсэн андеррайтераар Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК, туслах андеррайтераар Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллах юм.
🔹 ЕХ дэлхийн анхны криптовалютын багц хуулийг баталлаа. Ингэснээр крипто биржүүд шинээр криптовалют гаргах, байршуулах, арилжихдаа тусгай зөвшөөрөл авах шаардлагатай төдийгүй хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, хадгалах үүрэг хүлээх аж.
Э/з эхний улиралд 7.9% өсч. Үүний 5.3 нэгж нь уул уурхай, 2.1 нь тээвэр. Нүүрсний тээвэр үүнд том жинтэй. "Нүүрс сайн бол эдийн засаг ч сайн" байх нь.
— SimplenomicS (@Tumen_Tsengel)
10:36 AM • May 17, 2023
🖥️ Блокчэйн санхүү болон даатгалын салбарт…
Блокчэйн технологийг бидэнд таниулж чадсан анхдагч салбар гэвэл санхүүгийн салбар юм уу даа. Тэгвэл энэхүү салбарт блокчэйн яг ямар ашиг тусыг бий болгож чадах юм бэ?
Хамгийн эхэнд KYC-н асуудлыг шийдэж өгнө
Банк, даатгал, ҮЦК гээд санхүүгийн салбарын компаниуд KYC буюу харилцагч таних ажилд их хэмжээний зардлыг гаргасаар ирсэн. Харин санхүүгийн салбарын компаниуд блокчэйн технологийг ашиглан харилцагчдын мэдээллийг дундаа хуваалцдаг болбол KYC процесс маш хялбар болох билээ. Дээр нь харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрт шинэчлэгдсэн мэдээллийг бодит цагийн горимоор авна гээд бод. Ингэснээр,
Даатгал: 1 үйлчлүүлэгч 2 даатгалын компаниас зэрэг нөхөн төлбөр авдаг явдал байхгүй болно.
Банк: Зээлээ цагт нь төлдөггүй, чанаргүй зээлийн түүхтэй иргэн, ААН-ийг хэдхэн секундийн дотор илрүүлнэ. Мөн эсрэгээрээ зээлийн сайн түүхтэй иргэн, ААН-д зээл олгох гэж 1-3 сар судлаад байх шаардлагагүй болох билээ.
ҮЦК: Аливаа харилцагчийн хөрөнгийн гарал үүсэл, өнгөрсөн хугацааны сэжигтэй гүйлгээнүүд зэрэг мэдээлэл дундын блокчэйн дээр бүртгэлтэй байх учир мөнгө угаах зорилго тээж буй нэгнийг мөн л хялбархан илрүүлэх юм.
Зөвхөн KYC-г л үнэн зөв, хурдан хийдэг болоход асар олон боломжийг бий болгож байгаа биз? Цаашлаад ухаалаг гэрээг нэвтрүүлэх юм бол санхүүгийн салбарын үйлчилгээ бүр л төгс болох нь ээ.
Мэд: Дижитал мөнгөн тэмдэгт ямар асуудлыг шийдэж чадах вэ? (WorldCoin)
ДЭМБ: Чихэр орлуулагчаас татгалзахыг зөвлөж байна. (NewScientist)
Анхаар: Google идэвхгүй хаягуудыг устгана. (CNN)
Яагаад: Америкчууд шашин шүтлэгээ солих нь ихсэв. (Axios)
Editor: Э.Золбаяр
Writers: А.Баттүвшин, С.Ангирмаа, М.Хулан, Г.Мөнхцолмон
Graphics by: О.Баасандорж
З
Reply