• Lemon Press
  • Posts
  • 🤖 Хамгийн ухаалаг, үнэгүй AI

🤖 Хамгийн ухаалаг, үнэгүй AI

Монложистикс Холдинг ХК-ийн тайлан | Netflix-н тайлан | Llama 3

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдөр “Эх дэлхийн өдөр” тохиож байна. Тиймээс гэрэл, цахилгаан хэрэгслээ түр хугацаанд унтрааж эрчим хүчээ хэмнэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулаарай! 🌏

*Нэг өдрийн өөрчлөлт

MCE: Мал, махны арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш 3 сарын хугацаанд ₮14 тэрбумын арилжаа хийгджээ.  

POL: Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Киргизийн парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮26.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮9.2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

🚚 Ногоон тайлан

Одоогоос хэдхэн хоногийн өмнө Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн үйл ажиллагааны тайланг тоймлож байв. Харин одоо тэдний I улирлын тайлан гарчээ. Хэр сайн ажилласан бол? 

Борлуулалтын орлого ➡ +28%

Монложистикс группийн тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ 19.2% өсөж 257 мянган тн-д хүрснээр өмнөх жилийн өсөлтийн төлөв үргэлжилж буй. Нийт ачаа тээвэр дундаа, 

  • Өсөлт^2: Тус группийн экспортын ачаа тээвэр 22%, транзит тээвэр 29% мөн Монложистикс группийн Орост байрлах охин компанийн гадаад тээвэр 130% тус тус өссөн байна. 

  • Тэлэлт: Энэ бүх ачаа тээврийн өсөлтийн үр дүнд компанийн нийт орлого жилийн өмнөхөөсөө 28% нэмэгдэж ₮51 тэрбумд хүрсэн юм. Түүнчлэн компанийн ₮51 тэрбумын орлогыг 2021 оны мөн үетэй харьцуулбал 3.2 дахин нэмэгдсэн гэсэн үг. Гуравхан жилийн хугацаа гэхэд хурдан тэлсэн байгаа юм шүү. 

Том зургаар 

Салбараар нь харвал, өнгөрсөн улиралд манай улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 34.6 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 57.2% өссөн байна. Улмаар бүх тээврийн орлого 41.7% нэмэгдэж ₮1.8 их наядад хүрчээ. Энэхүү нийт орлогын өсөлтөд авто тээврийн орлого 55.4% өсөж ₮1.3 их наядад хүрсэн нь нөлөөлж буй. Угаас авто тээврийн 97.8%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн аж. 

Салбараас өгөөж хүртэх боломж

Манайх шиг уул уурхайгаар голоо зогоодог улсын уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогдож л байвал тээврийн салбар нь дагаад хөгжиж л байдаг. Тэгэхээр цаашдын жилүүдэд тус салбарын компанид хөрөнгө оруулах талаар бодож байхад гэмгүй л болов уу. 

  • Боломж: Монложистикс Холдинг ХК-ийн хувьд л гэхэд 2018 онд Оюу толгойн тээврийн компаниар шалгарч, өнгөрсөн онд 1 сая тн ачаа тээвэрлэж үйл ажиллагаагаа нэлээд тэлээд буй. Дээрээс нь нэмээд цэвэр ашгийнхаа 48% буюу ₮3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн. 

Тэгэхээр, хөрөнгө оруулагч та уул уурхайн томоохон төслүүдийн тээврийг ямар компаниуд хариуцаж байна, тус компаниуд IPO хийж бонд, ХБҮЦ гаргаж байна уу, ер нь ашиг орлого нь яаж байна гэдэгт нүд чихээ хүргэж л байгаарай. 

💪 Netflix-н тэлэлт үргэлжилсээр

NFLX: Netflix-н эхний улирлын ашиг 54% өсөж $2 тэрбумд хүрлээ. Тэдний шинэ хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилээсээ 16% өсөж 269 саяд хүрснээр орлого нь $9 тэрбумд хүрээд буй. Netflix өнгөрсөн онд хэрэглэгчдийг өөрийн хаягаа бусадтай хуваан хэрэглэх боломжгүй болгосноор шинэ хэрэглэгчдийн тоо нь ийн цойлсон аж. Гэснээс компани цаашид санхүүгийн тайландаа хэрэглэгчдийн тоог мэдээлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тус тайлангийн араас хувьцааны үнэ нь 1% унаж $610 боллоо.

🤖 Хамгийн ухаалаг, үнэгүй AI

Өнгөрсөн Пүрэв гарагт Meta (META) Lhama 3-ыг 2 шинэ хувилбарын хамт танилцууллаа. Марк Зукерберг тус AI-г үнэгүй хэрэглэж болох хамгийн ухаалаг AI гэж тодорхойлсон. Гэхдээ Llama 3 түүний хэлсэн шиг нь ухаалаг AI мөн үү? 

FB, IG-н шинэ эрин 

Meta Llama-н эхний хувилбарыг өнгөрсөн жилийн 2-р сард танилцуулж 5 сарын дараа Llama 2, эцэст нь 9 сарын дараа Llama 3-г танилцуулаад буй. Марк Зукерберг Llama-г анх олон нийтэд танилцуулж байхдаа л нээлттэй, үнэгүй гэдгийг нь онцолж байсан бол одоо илүү ухаалаг болсон хэмээв. 

  • Meta-н экосистем: Шинэчлэгдсэн Llama 3-н тухайд Meta AI виртуал туслагчийн цөм болж, FB IG, WhatsApp, Messenger тэргүүтэй апп-уудыг илүү ухаалаг ажиллах боломжийг бүрдүүлнэ.

  • Цаашлаад, Llama 3 удахгүй AWS, Microsoft Azure, NVIDIA NIM, Databricks, Google Cloud, Hugging Face, IBM WatsonX, тэргүүтэй AI дээр нэвтрэх юм. Товчоор бол одоо байгаа AI-н ноён оргил болох ChatGPT-тэй өрсөлдөхүйц AI болох том амбицтай. 

Гялтганаж гялайх юм байна уу? 

Компанийн хэлж буйгаар Llama 3-н 8 тэрбум болон 70 тэрбум параметр нь 24,000 GPU кластер дээр сургагдсан бөгөөд одоо ашиглагдаж буй хамгийн сайн гүйцэтгэлтэй AI-н нэг.

  • Уучлаарай би энэ асуултад хариулж чадахгүй: Llama 3 асуултад хариулахаас татгалзах, бултахгүй байхын сацуу инженерчлэл, шинжлэх ухаан, түүх, STEM салбартай холбоотой асуултуудад илүү нарийвчлалтай хариулах чадвартай гэнэ ээ. 

  • Илүү том мэдээллийн сан: Учир нь тус загвар Llama 2-оос 7 дахин их буюу 15 их наяд токен энгийнээр бол 750 тэрбум үг багтаасан мэдээллийн сантай гэж байгаа. Түүнчлэн Llama 3 код бичих, зураг, бичлэгийг хөдөлгөөнт зураг буюу Gif болгох гээд илүү боловсронгуй болсон сурагтай.

Хамгийн сонирхолтой нь Meta шинэчилсэн Llama-н бенчмарк загварыг нэвтрүүлсэн. Энэ нь AI-д сонирхолтой залууст Llama-р янз бүрийн даалгавар хийлгүүлж бусад AI-уудтай харьцуулан сул болон давуу талын харьцуулан харах боломжийг олгох гэнэ

Эцэст нь… Өнөөдрийг хүртэл зөвхөн Америкт л ашиглах боломжтой байсан Meta AI хүрээгээ тэлж цаашдаа 3 тэрбум гаруй хэрэглэгчдэдээ ойртох гэнэ дээ. Харамсалтай нь Llama-г Монголд ашиглах боломжгүй тул хэр ид шидтэйг нь хэлж мэдэхгүй ч сонсоход бол чихэнд чимэгтэй л сонсогдож байна. Гэснээс Монгол ч бас AI салбар руу ойртож Erdem AI, Egune гээд эх хэл дээрээ ашиглах боломжтой AI-ууд нэвтрээд эхэлсэн. Хэрэглэж үзсэн үү? Хэр санагдаж байна?

Монгол Улс өнгөрсөн жил $738 саяын үнийн дүн бүхий алт экспортолжээ. Тэгвэл алтны экспорт өнгөрсөн 5 жилд хэр байв?

  • 2018 он: $144.5 сая

  • 2019 он: $418 сая

  • 2020 он: $1.8 тэрбум

  • 2021 он: $1 тэрбум

  • 2022 он: $1.1 тэрбум

  • 2023 он: $738 сая

Бяцхан таавар: 2020 онд $1.8 тэрбумын дүн бүхий 30.5 тн алт экспортолсон байдаг. Тэр үед юунаас болоод алтны экспорт ингэж өссөн гэж бодож байна? 

🍋 Германаас Улаанбаатар, Улаанбаатараас хөдөө рүү

Lemonade цувралын маань шинэ дугаарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин Х.Энхбилиг оролцлоо.

Тэрбээр Германд нийгмийн ажил, сэтгэл судлалын бакалавр, боловсролын удирдлагын магистраар сурч төгссөн ч хонь хариулахыг сонгосон юм. Түүнтэй Монгол философи гэж юу болох, хүн байгалийн харилцаа, амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын талаар сонсууштай яриа өрнүүллээ.

Сонирхуулахад, түүний хувьд “Монгол философи бол хонь хариулах” аж.

Бодоод байхад хонь хариулна гэдэг чинь ахуй, байгалиа ажин суух бясалгал төдийгүй амьдралын учир утга, орчлон ертөнцийн тухай гүн гүнзгий зүйлсийг эргэцүүлэн бодох боломж биз ээ.

Энэ дугаараа үзээд хөдөө амьдрах сэдэл ч төрөх шиг. 😌

News18

🔹Энэтхэгийн Парламентын сонгууль эхэллээ. Тодруулбал, сонгууль өнгөрсөн Баасан гарагт эхэлж 7 үе шаттайгаар 2 сар үргэлжлэн 6 сарын 1-нд дуусах төлөвтэй байгаа юм. Тус сонгуулиар Энэтхэгийн парламентын доод танхим Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгох бөгөөд одоогийн Ерөнхий сайд Нариндра Моди 3 дахь удаагаа тус албан тушаалыг хаших магадлал өндөр байгаа аж. 

🔹ЗГ-аас Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив. Одоогоос 4 жилийн өмнө Монгол анх удаа Донорын тухай хуультай болж байсан. Тус хууль батлагдсанаар амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ нэмэгдэх, амьд донорыг хамгаалах үйл явц сайжрах юм. 

🔹Америкийн Төлөөлөгчдийн танхим Израиль Украин болон Тайваньд $95 тэрбумын тусламж үзүүлэх хуулийн төслийг батлалаа. Тус хуулиар Украинд гэхэд $60 тэрбумын тусламж үзүүлэхээр тусгагдсан бөгөөд энэ 7 хоногт Сенатын танхим уг асуудлаар хэлэлцэж Жо Байден үзэгдэх төлөвтэй байна.

🔹Өнгөрсөн оны ХХОАТ-ын буцаан олголтоор нийслэлийн 28,979 иргэн ₮47.1 тэрбумыг авна. Үүний ₮41.5 тэрбумыг орон сууц анх удаа орон сууц барьсан, худалдан авсан иргэдэд буцаан олгох бол ₮5.6 тэрбумыг оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт хэлбэрээр олгох аж. 

  • Эхлэл: Залуучуудын дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын тохиолдол олширч байна. (BusinessInsider)

  • Өрнөл: Оросын боломжит 5 ирээдүй. (ForeignAffairs)

  • Үргэлжлэл: Изриаль Иранд хариу цохилт өглөө. (TheWashingtonPost)

  • Төгсгөл: Хэний ч санахыг хүсдэггүй амьдралын мартагдсан утга учрууд. (Quartz)

  • Даваа: Нью Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ эхэлнэ.

  • Мягмар: ХААН Банк ХК (KHAN)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно.

  • Лхагва: Үндэсний ууган үйлдвэрлэгч Сүү ХК (SUU)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ч бас болох нь.

  • Пүрэв: Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох өдөр.

  • Баасан: Цаашлаад МХБ (MSE), Махимпекс ХК (MMX), Талх Чихэр ХК (TCK)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 1 өдөр болно.

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER