- Lemon Press
- Posts
- 😋 Хүнсий акулуудын хагас жил
😋 Хүнсий акулуудын хагас жил
Эрүүл мэндийн салбарын AI | AAPL-н ухралт | Төгрөг VS Евро
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Олимпоо үзэж байна уу? Өнөөдөр Монголын буудлагын тамирчид 15:30 болон 18:00 цагаас, жүдогийн тамирчид маань 16:00 болон 22:00 цагаас өрсөлдөх нь байна шүү. Үзээтэй дээ. 🥋🔫
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Өнгөрсөн Баасан гаргийн байдлаар €1=₮3,667.9 болсноор евротой харьцах төгрөгийн ханш он гарсаар 3.3% чангараад байна.
MNG: Зам тээврийн яам Америкийн Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагтай Америк руу шууд нисдэг үйлдэж эхлэх зорилгоор хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав.
😋 Хүнсий акулуудын хагас жил
Хүнсний салбарын компанид хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байна уу? Манай хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20 компанийн 30% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн компаниуд байдаг. Тэгвэл тэд энэ оны эхний хагас жилд хэр сайн ажиллав?
📈 Ногоон = 3, Улаан = 1
Бид өмнө нь ТОП-20 компани болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг Премиум Нэксус ХК (CUMN)-н хагас жилийн тоймыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад АПУ (APU), Сүү (SUU), Монос Хүнс (MFC) болон Газар Шим Үйлдвэр (GAZR)-ийн хагас жилийн үр дүнг харвал, нийт ₮126.6 тэрбумын ашигтай ажиллажээ. Уг компаниудын цэвэр ашиг дунджаар 23.5% өссөн хэрэг.
🟢 3 ногоон гэдэг нь цэвэр ашиг нь өссөн 3 компанийг хэлж буй. Тэр дундаа АПУ-гийн цэвэр ашиг хамгийн ихээр буюу 50.5% нэмэгдэж ₮107.9 тэрбумд хүрсэн. Учир нь тэдний бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж орлого нь өсжээ. Түүнчлэн Сүү ХК-ийн нийт хөрөнгө болон борлуулалтын орлого хамгийн өндөр байгаа юм. Газар Шим Үйлдвэрийн үзүүлэлт ч тун дажгүй.
🔴 1 улаан: Эсрэгээрээ Монос Хүнсний хувьд борлуулалтын цэвэр орлого нь 6.3% нэмэгдсэн ч борлуулалт, маркетингийн зардал, санхүүгийн зардал нь өссөнөөр цэвэр ашиг нь 28.6% буурч ₮1.4 тэрбум болсон аж.
🥚 TUM: Харуулдан^2 сууна даа: Харин ТОП-20 дахь хүнсний акулуудын 1 Түмэн Шувуут (TUM) хагас жилийн үйл ажиллагааны маягтаа бөглөсөн ч санхүүгийн тайлан нь хараахан гараагүй байна. Бид олон нийтэд нээлттэй болсон даруйд хүргэе дээ.
🪑 Хөрөнгийн зах зээл дээр…
Өнгөрсөн Баасан гаргийн байдлаар, ТОП-20 дахь хүнсний акулууд уг багцын нийт зах зээлийн үнэлгээний 17.3%-ийг бүрдүүлж буй. Харин хувьцааны үнийн хөдөлгөөний хувьд уг 6 акулын хувьцааны үнэ энэ оны эхний хагаст дунджаар 2.4% өссөн хэдий ч үүнд зөвхөн Премиум Нэксус болон Сүү ХК-ийн хувьцааны үнийн өсөлт нөлөөлжээ. Харин хөрөнгө оруулагчдын хувьд,
🤤 Хүнснийхэнд дуртай: Энэ оны хагас жилийн байдлаар ТОП-20 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн 37.3% нь буюу 84.6 мянга нь хүнсний салбарын компаниудын хувьцааг эзэмшиж буй. Түүнчлэн энэ оны эхний хагаст ТОП-20 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нийт 26 мянгаар нэмэгдсэний 61.8% нь хүнсний салбарын компаниудад хөрөнгө оруулсан аж.
Эцэст нь… Хүнсний хэдээр маань иймэрхүү сонин хачин байна. Яг шингэн хүнс, өдөр тутмын хүнс үйлдвэрлэгчдийн ашиг нэлээд өсөөдөхжээ. Хөрөнгө оруулагчид ч тэдэн рүү хошуурч байна. Одоо хөрөнгө оруулагч бидэнд дахиад барилга, ХАА, уул уурхай, эрүүл мэнд гээд ХЗЗ-д цөөхүүлээ байгаа бусад салбарын акулуудын IPO хэрэгтэй байна даа.
📈 ТОП-20-ийн нөхцөл байдал
MSE: Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн Баасан гаргийн байдлаар оны эхнээс дунджаар 18% өсөөд байна. Тодруулбал, нийт 9 компанийн хувьцааны үнэ өссөн бол 11 компанийнх унажээ. МХБ-ийн хувьцааны үнэ он гарсаар 312.8% нэмэгдэж өсөлтөөрөө тэргүүлж байгаа бол Монгол Шуудан ХК (MNP)-ийнх 29.9% унаж уналтаараа 1-т эрэмбэлэгдэж байна. Харин ТОП-20 индексийн хувьд оны эхнээс 19.7% өсөж 48,742.7 нэгжид хүрэв.
👩⚕️ AI: Анагаахын салбарт
Өдгөө хиймэл оюун ухаан (AI)-г ашиглаагүй салбар гэж бараг л алга. Эрүүл мэндийн салбарт л гэхэд AI-г өвчнийг оношлох, мэс засал хийх, эм бүтээхэд ашигладаг болсон гээд дурдахад багагүй амжилт гарчээ.
Судалгаа: McKinsey & Company-н 2024 оны I улиралд Америкийн эрүүл мэндийн 100 байгууллагын удирдлагуудыг хамруулан хийсэн судалгаагаар оролцогчдын 70% гаруй нь AI-г эмчилгээ үйлчилгээндээ туршиж байгаа, мөн аль хэдийн нэвтрүүлсэн гэж хариулжээ. Харин судалгаанд оролцогчдын үлдсэн хувь нь AI-г ашиглах эсэхээ харж байж болно гэж хариулсан аж.
🏥 Туршаад л явж байна даа
Гэхдээ AI-г нэвтрүүлсэн гэж байгаа байгууллагууд дөнгөж анхан шатны туршилт дээрээ л явж байгаа гэнэ. Мэдээж AI-н алгоритмын найдвартай, алдаагүй ажиллагааг хангах, өгөгдлийг сайжруулах, технологийг хөгжүүлэх зэрэг хийх шаардлагатай зүйлс их учир арга ч үгүй биз.
Эрсдэлгүй 🆚 Эрсдэлтэй: Тус судалгаанд оролцсон AI технологи хөгжүүлэгч, тэднээс үйлчилгээ авагч гээд аль аль талд тулгарч буй хамгийн том сорилт нь гарч болзошгүй эрсдэл аж. Энэ нь технологийн чадамжийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, хууль тогтоомжтой холбоотой тодорхойгүй байдал зэргээс хамааралтай гэнэ.
Цаашилбал, сорилт болж буй бусад зүйлсийг оролцогчид технологийн чадамж хангалтгүй, өгөгдөл, технологийн дэд бүтэц хүртээмжгүй төдийгүй ач холбогдол нь тодорхойгүй байдал гэж үзжээ. Эдгээр нь эрүүл мэндийн байгууллагууд AI-г ашиглах, хүчин чадлыг нь баталгаажуулахад технологийн хувьд бэлтгэгдээгүй байгааг илтгэж буй аж.
🤝 Хамтраад сайжруулна
Гэвч технологийн болон эрүүл мэндийн байгууллагууд хамтраад асуудлаа шийдэх гэж хичээж буй. Тухайлбал, тэд AI-н бэлэн шийдлүүдийг авч ашиглахаас илүүтэй уян хатан, өөрсдийн үйлчилгээний онцлогт тохируулан хөгжүүлж болох технологийг хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ.
🇲🇳 Харин Монголд
Моод Монголоор дуусдаг гэх үе ард хоцорсныг илтгэж AI-г анагаахын салбарт ашиглах трэнд Монголд хэдийн нэвтэрсэн. Тодруулбал, AI-н тусламжтай хавдрыг илрүүлэх оношилгоо хийх, тархинд цус харвалтыг илрүүлэх зэрэг цөөнгүй оношилгоог хийж байгаа. Бүр Монголын анагаахын хиймэл оюуны холбоо ч гэж байдаг юм билээ.
Эцэст нь… Ямартай ч эрүүл мэндийн салбарт AI-г ашиглах нь эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, өвчнийг цаг алдалгүй оношлох, оношилгооны алдааг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой тул хөгжүүлэлт хийгдээд төгс болох нь цаг хугацааны л асуудал биз ээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөдөлмөр эрхэлж буй 1.2 сая иргэдийн 49% нь хязгаарлагдмал хувьцаат компаниудад ажиллаж байна. Үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж цалин байгууллагын хэлбэрээр хэр ялгаатай байдгийг харцгаая.
ХХК: ₮2.4 сая
ХК: ₮2.6 сая
Төрийн өмчит үйлдвэрийн газар: ₮2.9 сая тус тус байгаа аж.
🛠️ Таны зээлийн оноо хэд вэ?
БүрэнОНОО зээлжих зэрэглэлийн оноо нь зээл болон төлбөр тооцоо, орлого, хувь хүний түүхэн мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн зан төлөвийг илэрхийлэх хэрэгсэл юм.
Жишээлбэл, зээл авахад зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлагатай байдаг. Үүнийг Монголбанкнаас жагсаалт хэлбэрээр буюу тухайн иргэн “зээлтэй юу, зээлгүй юу, тэр нь хугацаа нь хэтэрсэн үү, үгүй юу” гэсэн ангиллаар гаргадаг ба зөвхөн зээлийн мэдээлэл дээр нь үндэслэн “сайн” эсвэл “муу” гэж ангилдаг байна.
Харин зээлжих зэрэглэлийн оноо нь хүмүүсийн зээлийн түүхийг сайн, муу гэж ангилахгүйгээр, эрсдэлийн интервалуудад хуваан, тухайн хүний санхүүгийн нөхцөл байдалд илүү бодитой үнэлгээ хийх боломжийг олгож буй.
🔗 Апп-аа ЭНД дарж татаарай.
Giphy
🍋 Өнгөрсөн 5-р сард IPO хийсэн Эм Жи Эл Акуа ХК (MGLA) II улиралд ₮1.1 тэрбумын ашигтай ажиллажээ. Учир нь борлуулалтын орлого нь ₮11 тэрбумд хүрээд буй. Улмаар цэвэр ашгийн хувь нь 10.4%-д хүрсэн хэрэг. Харин компанийн хувьцааны үнэ IPO хийснээс хойш 0.9% өсөж ₮176.5 болоод буй.
🍋 Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нь Эс энд Эй транс ХХК болон Үнэгтийн уул ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулав. Улмаар тус компаниуд нийт ₮4 тэрбумын үнэлгээ бүхий дунд оврын 15 шинэ автобусыг 7 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр аваад буй. Энэ оны байдлаар 12 компани 348 автобусыг төлбөртэй ашиглаж байгаа аж.
🍋 Лингорс ХХК болон Метаког метрикс ХХК-иуд Мэдээллийн технологийн инкубаторын 51 дэх сонгон шалгаруулалтад тэнцжээ. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 14 компани материалаа ирүүлж сонгон шалгаруулалт нь 6 сарын 20-ноос 7 сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм.
🍋 Apple (AAPL) Хятад дахь тэргүүллээ алдлаа. Тодруулбал, өнгөрсөн жилийн өдийд Хятадын 3 дахь томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч байсан Apple-н тус зах зээлд эзлэх хувь II улиралд жилийн өмнөхөөсөө 2 нэгж хувиар буурч 14%-ийг эзлэх болсноор 6-р байранд жагсаад буй. Ингэснээр анх удаа Хятад компаниуд дотоодын зах зээлд тэргүүлж эхлэв.
Амбиц: Хятад AI хөгжүүлэлтээр өрсөлдөгч Америкаас дутахааргүй болжээ. (NewYorkTimes)
Төсөөлөл: Эфериумын ETF-н ирээдүй. (QZ)
Сонирх: Гадаадаас гэрийн тэжээвэр амьтан улсын хилээр оруулах шаардлага. (МонголынГааль)
Санал: Иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх шаардлагатай хотын стандартын төсөлд саналаа өгөөрэй. (MET)
Даваа: Хагас жилийн тайлангийн цувааг үргэлжлүүлэн McDonald’s санхүүгийн тайлангаа танилцуулна.
Мягмар: Үргэлжлүүлэн Microsoft болон AMD-н хагас жилийн тайлан гарах аж.
Лхагва: Meta, Mastercard-н 2024 оны эхний хагасын санхүүгийн үзүүлэлтүүд зарлагдах нь ээ.
Пүрэв: Цаашлаад технологийн акул Apple, Amazon хагас жилийн тайлангаа танилцуулна шүү.
Баасан: “Diaspora Mongolia” фестиваль зохион байгуулагдана.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply