• Lemon Press
  • Posts
  • 🤑 Санхүүгийн салбарын AI: BloombergGPT

🤑 Санхүүгийн салбарын AI: BloombergGPT

Зүүн Ази, Номхон бүсийн орнуудын ЭЗ-ийн таамаг болон BloombergGPT-н талаар тоймлов.

POWERED BY

Happy Monday! Өглөө өндөг идэж гарсан хүн байна уу? Цаагуур чинь өндөгний үнэ өсөөд сүйд. Швейцарт л гэхэд 12 ширхэг өндөг $6.4-т хүрсэн байх жишээний. Харин манайд өндөгний үнэ захуудын үнээр жилийн өмнөхөөс 44.7% өсөж 12 ширхэг нь $1.9 болжээ. 🥚🍳

*Нэг өдрийн өөрчлөлт

EU: Евро бүсийн инфляц 3-р сард 6.9% болж 2022 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв.

USDC: Circle-н стэйблкойн USDC (USDC)-н гарах урсгал өнгөрсөн хоёр 7 хоногт $10 тэрбумд хүрсэн ба улмаар үнэлгээ нь $32.5 тэрбум боллоо.

MNG: Замын-Үүд чөлөөт бүсэд хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг эрчимжүүлнэ.

Хувьцааны үнэлгээг тооцох аргууд ба практик алдаанууд

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад эрсдэлийн менежер Б.Нацагдолгор болон бизнесийн удирдлагын магистрант О.Намхай нарын хувьцааны үнэлгээг тооцох аргууд болон практик алдаануудын талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хөгжиж, компаниуд олон нийтэд нээлттэйгээр хувьцаагаа санал болгож (IPO) байна. Үүнтэй холбоотойгоор компанийн үнэлгээг оновчтой тооцоолох нь хөрөнгийн зах зээлд оролцогч талууд болох хөрөнгө оруулагч, хөрөнгө босгогч нарт харилцан ашигтай буюу том дүр зургаараа хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл хөгжихөд тустай байдаг.

Учир нь хөрөнгө босгогч буюу компани талаас хөрөнгийн үнэлгээг бодитой үнэлүүлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, урт хугацаанд тогтвортой өсөлт бий болоход нөлөөлөх давуу талуудтай. Харин хөрөнгө оруулж буй талаас шударга үнээр авах нь санхүү эдийн засгийн хувьд алдагдалд орохгүй байх нөхцөлийг үүсгэдэг.

Нээлттэй компаниудад тэр дундаа хувьцаагаа олон нийтэд шинээр санал болгож буй компаниудын бодит үнэлэгдсэн байдал нь хөрөнгө оруулагчийн шийдвэрт хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг бөгөөд үүнээс үүдэж тухайн компанийн хувьцааг авах эсэх шийдвэрээ хөрөнгө оруулагчид гаргадаг.

Азийн орнууд 2023 онд

Дэлхийн Банкны гаргасан тоймд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын ЭЗ-ийн өсөлт 2023 онд 5.1%-д хүрэх төлөвтэй байна.

Дэлгэрүүлье

Хятадын ЭЗ нээгдэхийн хэрээр 2022 онд 3.5% өссөн Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын ЭЗ-ийн өсөлт хурдсах төлөвтэй буй. Харин тухайн бүс нутгийн Хятадаас бусад улс орнуудын ЭЗ 2022 онд 5.8% өсөж сэргэсэн бол 2023 онд 4.9% болж өсөлт нь саарах аж.

  • Учир нь: Инфляц, өрхийн өрийн дарамт зэрэг нь хувийн хэрэглээнд сөргөөр нөлөөлөх тул ЭЗ-ийн өсөлт ийнхүү саарахаар байна. Цаашлаад түүхий эдийн үнэ өсөх, ОУ-ын зах зээлд санхүүгийн нөхцөл чангарах, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах зэрэг нь 2023 оны онцлох асуудал болж буй.

Нөлөөлөл ➡ Ашиг & Асуудал

Америк болон Хятадын ДНБ-ий өсөлтийн хурд 1 пунктээр өсөхөд Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын ЭЗ-ийн өсөлтийн хурд ирэх онд нь дунджаар 0.5 пунктээр нэмэгддэг аж. Ялангуяа Монгол, Соломоны арлууд, Мьянмар зэрэг улсууд Хятадын экспортын гол түнш бөгөөд ГШХО эх үүсвэрийн хувьд онцгой хамааралтай.

  • Тиймээс: Энэ жил Хятадын ЭЗ жилийн өмнөхөөс 2.1 пунктээр өсөж байгаа тул Монголынх ч бас 0.5 пунктээр өсөх төлөвтэй байна. Мэдээж хилийн асуудал арилснаас үүдэн Монголын уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж байгаа нь илүү нөлөөтэй.

  • Эсрэгээрээ: Томоохон гүрнүүдээс хэт хамааралтай байх нь тэр хэмжээгээрээ асуудал үүсгэж буй. Наанадаж л гэхэд Америкийн бодлогын хүүгийн өсөлт нь манайх шиг төсөв, мөнгөний хязгаарлагдмал орон зайтай эдийн засагт сулралын дарамтыг дахин сэргээж, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.

Эцэст нь… Заа тэгээд энэ жил Оюу толгойн гүний уурхай болон Хятадын сэргэлтээс үүдэн манай ЭЗ дорвитой дээшлэх шинжтэй байна. Гол нь үүнийг түшиглэж хараат байдлаа бууруулж, уул уурхайн бус салбарын хөгжилд анхаарах хэрэгтэй байна даа.

📈 Алдагдал буурав

XAM.AX: “Хармагтай”-н зэс, алтны ордын төслийг эзэмшигч Xanadu Mines өнгөрсөн онд A$5.1 тэрбумын алдагдалтай ажиллав. Тэдний алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 44% буурсан ба зардал нь 28.6% өссөн нь байна. Харин компанийн бэлэн мөнгөний нөөц A$3.3 саяас A$0.1 саяас болж буурав.

Санхүүгийн салбарын AI

Bloomberg санхүүгийн салбарт зориулагдсан 50 тэрбум параметр бүхий BloombergGPT-г өнгөрсөн 7 хоногт танилцууллаа.

Юу болов?

Bloomberg их хэмжээний мэдээлэл дээр өөрөө суралцан түүнийгээ хүнд ойлгомжтойгоор бичвэр хэлбэрээр илэрхийлдэг технологийг ашиглан санхүүгийн салбарт тохирох AI-г бүтээсэн нь Bloomberg GPT юм. Уг AI нь нийт 700 тэрбум багц бүхий мэдээллийн сан дээр амжилттай туршигдаж энэ салбарт илүү тохирно гэдгээ баталсан байна. Чухам ямар мэдээллийн багц дээр туршив?

  • Санхүүгийн мэдээллийн багц: Нийт 363 багц бүхий мэдээлэл нь Bloomberg Terminal-н сүүлийн 40 гаруй жилийн санхүүгийн мэдээллийг багтаасан аж. Энэ нь тус AI-г бүтээх судалгааны 54.2%-д нь ашиглагдсан бөгөөд энэ хэрээр тус AI энэ салбарт бэлтгэгдсэнийг харж болох юм. Тиймдээ ч BloombergGPT санхүүгийн даалгавраас 62.5 оноо авч бусдаас давамгайлжээ.

  • Нийтэд зориулсан мэдээллийн багц: AI бүтээх судалгааны үлдсэн хэсэгт нь нийтэд зориулсан мэдээллийн багцыг ашиглажээ. Мэдээж бусад том хэлний загвар (LLM)-ууд бүгд энэ төрлийн датаг ашигладаг байна. BloombergGPT-н гүйцэтгэл нь энэ төрөлдөө GPT-3-аас бусдыг ялав.

Тэгээд юу гэж?

Одоо хамгийн гол хэсэг нь та хөрөнгө оруулахаар сонирхож буй байгууллага, цаашлаад тус байгууллагын салбарын талаар хүссэн мэдээллээ шууд авна гээд боддоо. Жишээ нь, А компанид хөрөнгө оруулах гээд тэдний үйл ажиллагаа, тайлантай танилцахдаа мэдээлэл цуглуулах шаардлагагүй “А компанийн сүүлийн 5 жилийн ашигт ажиллагаа графикаар харуул” гээд бичихэд л бүгд гараад ирдэг болохыг үгүйсгэхгүй. За тэгээд өшөө сайжруулбал ирэх 5 жилийн ашгийн төсөөллийг нь ч харах болох болов уу.

Эцэст нь... AI хөгжил нь бүхий л салбарт ажлын байр цомхотгохын хажуугаар шинэ төрлийн ажлын байрыг бий болгож үр өгөөжийг нэмэгдүүлэх төлөвтэй. Санхүүгийн салбар ч энэ төлөв рүү нэлээд ойртох шиг боллоо.

Заа, жил бүрийн 3-р сард цөцгийтэй тараг Барс захад хэдээр зарагддаг байсныг харцгаая.

  • 2013/03: ₮1,700

  • 2014/03: ₮2,000

  • 2015/03: ₮2,100

  • 2016/03: ₮2,200

  • 2017/03: ₮2,000

  • 2018/03: ₮2,600

  • 2019/03: ₮2,500

  • 2020/03: ₮2,300

  • 2021/03: ₮2,600

  • 2022/03: ₮3,000

  • 2023/03: ₮3,900

Харж байгаачлан сүүлийн жилүүдэд таргийн үнэ эрчимтэй нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн сарын сүүлийн байдлаар ₮3,900-д хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс 2.3 дахин нэмэгдсэн дүн юм.

“Дэлхийн мөнгөний 7 хоног - 2023” аян өндөрлөлөө

“Дэлхийн мөнгөний 7 хоног” олон улсын аяныг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд орон нутгуудад “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт” сэдвээр сургалт, хүүхэд залуучуудын дунд тэмцээн уралдаануудыг зохион байгуулжээ.

Аяныг хааж “Санхүүгийн мэдлэгийн ач холбогдол” сэдвийн хүрээнд Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл, Өсвөрийн Улаан загалмайн гишүүд, 115-р сургууль, Оюунлаг болон Шинэ-Ирээдүй сургуулийн сурагчидтай уулзалт хийсэн аж. Уулзалтад,

  • “Санхүүгийн боловсролтой хүний давуу байдал”,

  • “Ногоон орчныг бүтээх нь ба санхүүгийн боловсрол”,

  • “Манай улсын иргэдийн санхүүгийн боловсролын түвшин”,

  • “Хуримтлал үүсгэх нь яагаад чухал вэ?” зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

🔹 Капитрон банк ажилтнуудынхаа цалинг 33% хүртэл нэмлээ. Тэд энэ оноос эхлэн бүх ажилтны үндсэн цалинг ажлын онцлогоос хамааран 10%-33% хүртэл нэмэгдүүлж буй. Мөн салбарын ажилтнуудын гүйцэтгэлд суурилан теллерээс эхлэн бүхий л шатанд нэмэгдэл цалин авах боломжтой болжээ.

🔹 Хятадын лити үйлдвэрлэгчид литийн карбонатын үнийг 1 тн нь $36,380-оор худалдах доод үнийг тогтоов. Уг шийдвэрийг Tianqi Lithium (002466.SZ) болон Ganfeng Lithium (002460.SZ) тэргүүтэй Хятадын 10 орчим компани Наньчан хотод хийсэн хурлын үеэр хэлэлцэн тохирчээ.

🔹Эмнэлгийн ажилтнуудын ипотекийн зээл түрүүлж шийдэгдэнэ. ЭМЯ болон ХХБ нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан ба тус санамж бичигт 56 мянган ажилтантай эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ипотекийн зээлийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжид шийдэхээр болов.

🔹Huawei-н цэвэр ашиг өнгөрсөн оны эцсээр 69% буурч ¥35.6 тэрбумд хүрэв. Энэхүү цэвэр ашгийн бууралт нь 2011 оны 54%-ийн бууралтыг давж тэдэнд тохиосон хамгийн том уналт болжээ. Гол шалтгаан нь Америкийн тэдний эсрэг авсан хоригууд болон Хятадын Ковид-19-ийг тэглэх бодлогын үр нөлөө гэнэ.

  • Сонирх: 2022 онд хамгийн их хайгдсан брэндүүд. (VisualCapitalist)

  • Унш: Хиймэл оюун ухаан борлуулалтыг хэрхэн өөрчлөх вэ? (HBR)

  • Хар: WWDC 2023 дэлгэцийн зургийг эндээс. (iClarified)

  • Мэд: Витамин Е таны эрүүл мэнд. (USAToday)

  • Даваа: Хятадад Чин Мингийн наадам тохиож биржүүд амарна.

  • Мягмар: Евро бүсийн үйлдвэрлэгчийн үнийн индекс гарна.

  • Лхагва: Америк худалдааны тэнцлээ танилцуулна.

  • Пүрэв: Америкийн 3-р сарын цомхотголын дүн гарна.

  • Баасан: “Good Friday”-г тохиолдуулан Их Британи тэргүүтэй Европ болон Хойд Америкийн орнууд бүх нийтээр амрах нь ээ.

Reply

or to participate.