🇲🇳 MEF 2024

Баффетын нууц хөрөнгө оруулалт | GLMT-н бонд | Монголын анхны морин тойруулгын уралдаан

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монголын Эдийн Засгийн Чуулган 2024-ийн бүртгэл өчигдөр эхэлсэн байна. Манай редакцын багийнхан өнгөрсөн жилийн чуулганыг сурвалжилж ажилласан. Бид энэ жил ч мөн чуулганы үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэж ажиллана гэдгээ дуулгая. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: УИХ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав

JPN: Энэ оны I улиралд Японы эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 2% агшжээ

MNG: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

🤖 ХААН & AI чатбот

Хамгийн олон буюу 2.9 сая харилцагчтай ХААН Банк (KHAN) Монголд анх удаа Digi нэртэй хиймэл оюун ухаан (Generative AI)-д суурилсан чатботыг нэвтрүүлжээ. Ямар ид шидтэй эд вэ? 

Олон улсад нийцэв

Томоохон банкнууд харилцагчийн үйлчилгээг сайжруулах зорилгоор AI чатботыг нэвтрүүлсэн байдаг. Банкны AI чатботын үйлчилгээгээр Хойд Америк, Европ, Ази Номхон далайн орнууд тэргүүлдэг аж. Bank of America (BAC) л гэхэд 2018 онд гүйлгээ хийх, үлдэгдэлтэй холбоотой лавлагаа олгох гэх мэтийг хийдэг Erica виртуал туслахаа нэвтрүүлсэн байна. HSBC (HSBC) ч гэсэн Amy нэртэй чатбот ашигладаг байх жишээний. Тэгэхээр ХААН Банк Монголд энэ жишгээр мэдээлэл өгөх AI чатбот нэвтрүүлсэн хэрэг.

Онцлог нь юу юм бэ? 

Энэхүү AI чатботыг ХААН Банкны мэргэжилтнүүд өөрсдөө хөгжүүлсэн аж. Уг чатбот нь ХААН Банкны харилцагчдад хаанаас ч хэзээд ч хэрэгцээт мэдээллээ түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх замаар цагийг нь хэмнэх зорилготой. 

  • Хэл харгалзахгүй: Түүнчлэн уг чатбот нь англи, монгол аль ч хэлээр ухаалаг хариулт өгч чадна гээд л бод. Чатботын ажиллах зарчмыг харвал, ХААН Банкны суулгасан дата, мэдээллийн хүрээнд хариултаа өөрөө боловсруулж, харилцан яриа үүсгэх аж. 

  • Хэрхэн ашиглах вэ? ХААН Банкны албан ёсны цэнхэр тэмдэгтэй FB хуудас руу нэвтэрч мессенжер хэсэг рүү орж уг чатботтой холбогдох нь ээ. Харин асуулт асуухдаа нэг бүтэн өгүүлбэрээр тодорхой асуух нь байна шүү. 

Цаашдаа

Тус банк цаашдаа хиймэл оюун ухаанаа улам бүр хөгжүүлж дан ганц мэдээлэл өгөхөөс гадна үйлчилгээ үзүүлдэг болгон өргөжүүлж харилцагчдынхаа санхүүгийн цахим туслах болгохоор зорин ажиллаж байгаа аж. Тэгэхээр тэдний харилцагчийн үйлчилгээ улам бүр хялбар болох нь дээ.

🚀 Demo Day 2024-н эргэн тойронд

MCS группийн хөрөнгө оруулалттай MStarsHub cтартап хурдасгуур хөтөлбөрийн 3-р элсэлтийн Demo Day 5 cарын 9-нд зохион байгуулагджээ. Энэ үеэр уг хөтөлбөрийн 1, 2-р элсэлтийн 6 стартап болон 3-р элсэлтийн 5 стартап өөрсдийн питчээ танилцуулсан байна. Дурдвал:

  • DeepTech: AI/ML моделиуд хөгжүүлэх стартап

  • Up Pack: Ажил олгогч, хайгч нарыг холбох стартап

  • Dino: Гэр ахуйн бүх үйлчилгээг санал болгох стартап

  • Ycloud: Санхүүгийн тайлан, бүртгэлийн AI-д суурилсан платформ

  • Health Hub: Спортын үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг автоматжуулах стартапууд тус тус багтжээ.

Түүнчлэн гадна дотнын хөрөнгө оруулагчдын төлөөллөөс Plug and Play Japan, EBRD, Deloitte, Master Concept Grouр нар оролцжээ.

🔗 Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншиж болно.

🤫 Баффетын нууц хөрөнгө оруулалт 

BRK.B: Berkshire Hathaway сүүлийн хэдэн сард Chubb (CB)-н 26 сая ширхэг буюу $6.7 тэрбумын дүн бүхий хувьцааг худалдан авснаа зарлалаа. Berkshire Hathaway тус хөрөнгө оруулалтаа өнгөрсөн жилээс хойш нууцалж байсан юм. Сонирхуулахад, уг мэдэгдлийн араас Chubb-н хувьцааны үнэ арилжаа хаагдсаны дараа даруй 9.5% өсөж $277-т хүрээд буй. Тус компани нь дэлхийн 54 оронд үйл ажиллагаа явуулдаг даатгалын компани аж.

🏇 Шинэ төрлийн морин уралдаан 

Гадны улсуудад зохиогдож буй морин тойруулгын уралдааныг шимтэж үздэг нөхөд байна уу? Цаана чинь Монголд морин тойруулгын анхны уралдаан болсныг ер нь та дуулав уу?

HiPay Cup 2024

Холын зайн морин тойруулгын “HiPay Cup 2024” уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд анх удаа 5 насны морьд дунд амжилттай зохиогдлоо. Монголын Морин Тойруулгын Клуб ХХК тус морин тойруулгыг 100% өөрсдийн хөрөнгөөр байгуулж, бүртгэлийн хураамжийг ₮1 сая дээр тогтоожээ.

Морь ба монголчууд

  • Морины уралдаан бол Монголын өв соёл, уламжлалын салшгүй хэсэг. Тиймээс гадаадын орнуудын адил тусгай зориулалтын талбай байгуулж, шинэ төрлийн уралдаан бий болгох нь жуулчдын сонирхлыг татаж, орлого олох боломжийг бүрдүүлнэ. Тус ХХК цаашид 20-30 мянган хүний хөрөнгө оруулалтыг татаж, хэд хэдэн бүсэд морин тойруулга барихаар төлөвлөж буй гэнэ.

Гаднын жишиг 

Жил ирэх тусам л бооцоот морин уралдааны шагналын сан нэмэгдэж байгаа гэнэ. Дэлхийн томоохон уралдааны нэг болох “Saudi Cup” морин уралдааны 2024 оны нийт шагналын сан л гэхэд $37.6 саяд хүрчээ.

  • Хуулийн төсөл: Харин бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн оны 1-р сард хэлэлцсэн билээ. Тэр цагаас хойш хэрхсэн дээр сураг ажиг үгүй.

Эцэст нь… Ямартай ч холын зайн морин тойруулгатай болоод авлаа. Багт баяр хүргэе! Цаашид морин уралдааны шинэ төрлийн спорт бий болох эсэх, эрх зүйн орчин нь хэрхэх талаар чих тавьж суух үлдэв.

Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан 4 жилийн өмнө буюу 2020 онд олон нийтэд нээлттэй ХК болж байв. Ямар компани вэ? Таагаарай. 🤔

🚚 Бетон хүргэлт

Онлайнаар ахуйн хэрэглээний бетон зуурмаг захиалах боломжтой боллоо.

Барилгын материалын нийлүүлэлт, бетон зуурмагийн масс үйлдвэрлэлийн цогц үйлчилгээг хүргэж буй Premium Building Materials болон Stora.mn хамтран бетон зуурмагийг хаа хүссэн газраа хүргүүлэх боломжтой үйлчилгээг нэвтрүүлээд буй. Тэдний энэхүү үйлчилгээ нь Монголдоо анхдагч гэнэ шүү.

  • Хэрхэн захиалах вэ:  Stora.mn-н Premium хэсэгт зочлон хүргүүлэх хаяг болон M100-M1000 зэрэглэлийн бетон зуурмагаас сонголтоо хийн хүргүүлэх огноогоо оруулж захиалгын хүсэлтээ илгээхэд болох юм.

Dribbble

🔹Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ I улиралд өмнөх оноосоо 11.3% өсжээ. Тус өсөлтөд богино хугацаагаар байр, сууцаар хангах үйлчилгээний дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 11.5% өссөн нь голлон нөлөөлсөн юм. Сонирхуулахад, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд 12.5%, орон нутагт 5.4% өсөөд буй.

🔹Голомт банк (GLMT) ХК олон улсын зах зээлд $300 саяын бондыг амжилттай гаргалаа. Энэ нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээл дээр бие даан бонд босгож буй анхны тохиолдол болж байна. Бондын захиалгын үеэр нийт захиалга $500 саяд хүрч санхүүжилтийн зорилтот дүнгээс давсан аж. 

🔹Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөл дэх бодлогын 8 тэргүүлэх чиглэлийн 224 төсөлд ₮11.8 их наяд санхүүжүүлнэ. Ингэхдээ улсын төсвөөс ₮3.9 их наядыг, гадаад зээлээр ₮1.8 их наядыг, гадаадын тусламжаар ₮0.2 их наядыг, хувийн хөрөнгө оруулалтаар ₮1.4 их наяд гэхчлэн бүрдүүлэх аж. 

🔹Golomt Capital Championship-н 6 дахь 7 хоногт тэргүүн байрын оролцогчийн өгөөж 29.9% байв. Үргэлжлүүлээд ТОП-10 оролцогчийнх 24.6% байжээ. Харин хөрөнгө оруулсан хувьцааны хувьд Industrial and Commercial Bank of China (1398.HK), Xinyi Solar (0968.HK)-нх хамгийн өндөр өссөн бол Tesla (TSLA), NIO (NIO)-нх хамгийн их унажээ. Godspeed!

  • Олимп: Michel & Amazonka олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулна. (iKon)

  • Үнэн үү: Монгол дэлхийн хамгийн урт цагаар ажилладаг 10 орны нэгээр тодров. (InsiderMonkey)

  • Чих тавья: Ард Даатгал ХК-ийн хариуцагчаар оролцож буй шүүхийн маргаан. (MSE)

  • Өрсөлдөөн: Tesla-н эсрэг хүч үзэх Хятад цахилгаан автомашин. (BBC)

Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй. 

Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉

Login or Subscribe to participate in polls.

Reply

or to participate.