- Lemon Press
- Posts
- 👨🏻💻 Сошиал аналистууд олширно
👨🏻💻 Сошиал аналистууд олширно
Дундаж хуулийн засаглал | $IBM: $11 тэрбумын шийдвэр | Хонконгийн шинэ индекс
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Төрийн сангийн орлого тасалдаж, гадуур бөөн юм болж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд он дуустал төсвийг сахилга баттай зарцуулах чиглэл өгчээ. Гэснээс татварын өршөөл үзүүлнэ гэснээс болж төсөв тасарсан гэх юм. 👀


*Нэг өдрийн өөрчлөлт.
IAAC: Сүүлийн 7 жилд Авлигатай тэмцэх газар 11,006 гэмт хэргийг шалгаж, улсын төсөвт ₮3 их наядыг төвлөрүүлжээ.
ADB: Азийн Хөгжлийн Банк тусгай замын автобусны систем байгуулах $60 саяын зээлийн санхүүжилтийг баталлаа.
MNG: “Харбины” гэрээ буюу Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнд хяналт, шалгалт хийх түр хороо байгуулахыг дэмжив.

🇲🇳 Дундаж хуулийн засаглал

Дэлхийн 143 орон, 215 мянган иргэн, 4.1 мянган хуульч, судлаачдыг хамруулсан 2025 оны хуулийн засаглалын индексийг олон улсын World Justice Project-с танилцууллаа. Манай улсын хувьд хуулийн засаглалаар 0.53 оноо авч, дэлхийд 67-д буюу дундаас үл ялиг дээгүүр бичигджээ.
🧮 Тооцох арга: Хуулийн засаглалын индексийг төрийн эрх мэдлийн хязгаарлалт, авлига, ил тод засаглал зэрэг үндсэн 8 үзүүлэлтээр хэмждэг. Ингэхдээ иргэд болон хуульчдын дунд санал асуулга явуулж, үр дүнг нь 0-1 хүртэлх оноогоор үнэлдэг ба тус индекс нь хуулийн засаглалын талаарх дэлхийн тэргүүлэх мэдээллийн эх сурвалж болдог аж.
😰 68% нь уналттай
Энэ жил нийт орнуудын 68%-ийнх нь хуулийн засаглалын индексийн оноо 2024 оны мөн үеэс буурсан нь 2020 оноос хойших хамгийн хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Улмаар индексийн оноо дунджаар 0.5%-иар буурч, 0.55-д хүрчээ. Үүнд Засгийн газруудад хэт их эрх мэдэл очсон нь нөлөөлсөн ба үүнээс шалтгаалан улс, орнуудын хяналтын тогтолцоонд сөрөг үр дагавар гарсан аж.
🌏 Бүс нутгийн тойм: Зүүн Ази, Номхон далайн нийт 15 улсын 6 нь хуулийн засаглалын индексээр 0.7-оос дээш оноо авсан бөгөөд эдгээр улс дотор Австрали, Шинэ Зеланд Япон тэргүүтэй орнууд багтжээ. Мөн бүс нутгийн дундаж оноонд өнгөрсөн жилээс төдийлөн өөрчлөлт гаралгүй, 0.59-д хэвээр хадгалагджээ.
🔻 Монгол 0.4%-иар ухрав
Манай улсын хуулийн засаглалын индексийн оноо дэлхийн дунджаас 0.02, бүс нутгаа 0.06 оноогоор тус тус бага байлаа. Мөн бүс нутагтаа 8-д бичигдсэн ба индексийн ерөнхий оноо өнгөрсөн оноос 0.4% буураад байна. Үндсэн 8 үзүүлэлтээс дэг журам, аюулгүй байдлаар 0.76 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол тааруу үзүүлэлт нь 0.42 оноотой авлига, хээл хахууль байв.
Эцэст нь… Сүүлийн 5 жилд Монголын хуулийн засаглалын индексийн өсөлт саарах дүр зураг ажиглагдах боллоо. Энэ нь шинэ хуулийн хэрэгжилт, авлигын эсрэг арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг болсны дохио бололтой.

👀 $CHB токены учир битүүлэг их хэмжээний гүйлгээ. (Etherscan)
💡 Иргэд хэрхэн шийдвэр гаргах түвшинд оролцож, хяналт тавьж болох вэ? (Ikon)
🧧 Монголбанкнаас дурсгалын ₮100 мянгын дэвсгэрт гаргажээ. (Mongolbank)
🔫 Ирэх онд Сингапурт CS-н дэлхийн аварга зохиогдоно. (HLTV)

💲 $IBM-н $11 тэрбумын шийдвэр
CFLT: Технологийн акулуудын нэг IBM (IBM) дата дэд бүтцийн Confluent-г $11 тэрбумаар худалдаж авахаар боллоо. $IBM-н энэхүү шийдвэр нь AI-н зах зээлийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэх зорилготой бөгөөд $CFLT-н нэгж хувьцааг $31-оор үнэлж, 2026 оны дунд гэхэд бүрэн худалдан авахаар төлөвлөсөн аж. Тус мэдээний дараа $CFLT-н нэгж хувьцааны үнэ 29.1% өсөж $29.9-т хүрчээ.

👀 Ирэх оны сошиал медиа трэнд

Сүүлийн 10 жил цахим орчин маркетингийн гол талбар, мэдээллийн чухал урсгал болон хурдацтай өргөжиж байна. Цахим орчинд үр дүнтэй мэдээллээ түгээх, үр дүнтэй маркетинг хийхийн тулд түүний арын алгоримтмуудыг ойлгох хэрэгцээ нэмэгдсээр. Ирэх оны төлөв хэр байх бол?
🧐 Substack, Bluesky, Reddit-г анхаарч байгаарай
Sprout Social-н судалгаанд дурдагдсанаар ирэх онд илүү олон брэндүүд өөр өөрийн шалтгаанаар Substack, Bluesky болон Reddit-рүү шилжилт хийх төлөвтэй байгаа аж. Учир нь дэлхийн нийт сошиал медиа хэрэглэгчдийн бараг тал нь уламжлалт платформ бус илүү төвлөрсөн платформуудыг ашиглах магадлалтай байгаа юм. Ялангуяа Reddit, Bluesky, Threads, Substack тэргүүтэй платформууд хүчээ авах төлөвтэй байна.
Юуг ойлгох хэрэгтэй вэ? Мэдээллийн урсгал хэтэрхий их, замбараагүй. Тиймээс өөрийн сонирхдог, харахыг хүссэн мэдээллээ л авах хүсэлтэй хүмүүс олширч байна.
🙂↔️ AI маркетинг: Дэвшил үү, ухралт уу?
Цаашлаад, сүүлийн үед компаниуд AI-г маркетингдаа түгээмэл ашиглаж, технологийн гайхамшгийг утгаар нь мэдрүүлж байгаа. Гэсэн ч хүмүүс гайхшираад дуусчихсан гэдгийг санаарай. Эсрэгээрээ хэт AI маркетингд төвлөрөх нь хэрэглэгчдийн тухайн брэндэд итгэх итгэлийг бууруулж байгаа буюу сошиал медиа хэрэглэгчдийн 55% нь хүний бүтээсэн зар сурталчилгаа, контенттой брэндүүдэд илүү их итгэж байна.
Үүний ард хэрэглэгчид төрж буй сэтгэгдэл нь хялбархан бүтээчих AI сурталчилгаа бус, бүтээлч, хөдөлмөр шаардсан контентыг илүү таашаадагтай холбоотой. Үүний сонгодог жишээ нь Coca-Cola (KO)-н шинэ жилийн AI сурталчилгаа.
Жил бүрийн шинэ жилээр олон хүмүүс Coca-Cola-н уламжлал болсон шинэ жилийн сурталчилгааг хүлээлт тавин үздэг. Гэсэн ч энэ жил компани AI сурталчилгаа нь олон хүнийг гонсойлгосон юм даа…
🧑🦰 Шинэ ажлын байр: Кретив стратегич
Сонирхолтой нь ирэх жил сошиал аналистын ажлын байр огцом өсөх төлөвтэй байгаа гэнэ шүү. Учир нь хэзээ, хэзээнийхээс илүү компаниудад сошиал мэдээллээ зөв шинжилж, бизнесийн шийдвэртээ ашиглах эрэлт хэрэгцээ ихсэж байна. Томоор нь харвал сошиал медиа багууд стратегийн түвшинд оролцоод зогсохгүй кретив стратегичид бизнесүүдийг дараагийн түвшинд гаргах гол хүн болох нь ээ.
Эцэст нь… Мэдээж контент бүтээгчид, инфлүнсэрүүд цахим ертөнцийн гол тоглогчид. Гэсэн ч ирээдүйд бизнесүүдэд зүгээр л бараа, бүтээгдэхүүнийг нь сурталчлах хүнээс илүүтэй хандалтаа задалж, шинжилж, ойлгож чаддаг, шийдвэр гаргалтыг нь зөв залуурдах кретив стратегид илүү хэрэгтэй болох төлөвтэй байна.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Physical Asia-н оролцогчид Монголд хүрэлцэн ирж Монголыг сурталчилж байх зуур Ерөнхий сайд тэднийг хүлээн авч уулзжээ. Чиг үүргийн хувьд зохистой эсэх нь тун эргэлзээтэй энэ асуудал дээр таны байр суурь? |


Reuters
🍋 Казакстаны крипто зах зээлийн үнэлгээ энэ оны эхний 9 сард $6.8 тэрбумд хүрчээ. Тодруулбал, дижитал хөрөнгийн экосистемд оролцож буй хэрэглэгчдийн тоо энэ оны III улирлын байдлаар өнгөрсөн оноос 36% өсөж 192 мянга гаруй болсон бөгөөд үүнд Астана Олон улсын Санхүүгийн Төв (AIFC)-ийн 2023 оноос хэрэгжүүлж буй зохицуулалтууд голчлон нөлөөлжээ. Сонирхуулахад, Узбекистан крипто эзэмшлийн индексээр Төв Азид тэргүүлдэг.
🍋 “СОР17” ОУ-ын бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулна. Уг хурлыг задгай талбайд зохион байгуулах НҮБ-ын нийтлэг шаардлагад үндэслэн ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгосон аж. Одоогоор инженерийн шугам сүлжээ, усан болон цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлыг 100% хийж гүйцэтгэн, өнгөрсөн 11-р сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
🍋 Хонконгт бүртгэлтэй 100 технологийн компанийг багтаасан “HKEX Tech 100” индекс нээгдлээ. Индексэд технологийн салбарын томоохон болон дунд хэмжээний компаниуд багтсан бөгөөд Хятадын хөрөнгө оруулагчид Stock Connect системээр дамжуулан тэдгээр компанийн хувьцааг арилжаалах боломжтой аж. Мөн HKEX (0388.HK) нь E Fund Management-тэй хамтран уг индексэд суурилсан биржээр арилжаалагддаг сан (ETF)-г зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
🍋 АҮЭБЯ шатахууны хомсдолыг энэ сарын 12-ны дотор арилгаж, түгээлтийг бүрэн жигдрүүлэх албан даалгавар гаргав. Тодруулбал, энэ сарын 8-ны байдлаар 16 мянган тн АИ92 бензин, 50.3 мянган тн дизель түлш импортолсон бөгөөд өөрөөр хэлбэл ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон аж. Тэгвэл албан даалгаврыг биелүүлээгүй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply