🤫 Нууц IPO

AI чатбот | Автомашины экспорт | Крипто карт

POWERED BY

Morning! Ирэх 7 хоногт 2 компани буюу MOST Fintech ХХК болон Innovation Investment ХХК IPO хийнэ. Хөрөнгийн зах зээлд шинэ түүх бичигдэх нь дээ. 🔥

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

WB: Дэлхийн банкны төсөөллөөр ирэх онд Монголын эдийн засаг 6.2% өсөх төлөвтэй байна. 

US: Америкийн ипотекийн зээлийн хүү өндөр байгаа тул шинэ орон сууцны борлуулалт нь жилийн өмнөхөөс 5.6% буурч 679,000 болжээ.

🎤 Түр мартагдсан “ Түгжрэлийн хууль” ба эрх мэдлийн төвлөрөл 

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд хуульч Ж.Дамбаасүрэнгийн “Түр мартагдсан “Түгжрэлийн хууль” ба эрх мэдлийн төвлөрөл”-ийн талаарх нийтлэлийг хүргэж байна.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ЗГ хууль санаачлах эрхтэй. Гэтэл шинэ хотын дарга томилогдоод сар орчмын дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болох “Түгжрэлийн хууль”-ийг ЗГ-ын мэдүүлсэн төсөл нэрээр ТББХ-оор хэлэлцүүлэн УИХ-аар хэлэлцэх дэмжлэг авснаар хууль санаачлах эрх зөрчигдлөө.

Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

Автомашины экспорт 🆙

Монгол сүүлийн 10 жилийн хугацаанд $75.1 саяын үнийн дүн бүхий автомашин болон түүнтэй холбогдох төхөөрөмжийг экспортолжээ. Бид яг юуг, хаашаа экспортлоод байна вэ? 

  • Юу багтах юм? Автомашин болон түүнтэй холбогдох төхөөрөмжийн экспорт гэдэгт ачааны, суудлын болон тусгай зориулалтын автомашин мөн мотоциклийн, автомашины гэрэлтүүлэгч ба дохиоллын төхөөрөмж, шил арчигч зэрэг орно. 

🚗 8.7 дахин

2014 онд автомашин болон түүнтэй холбогдох төхөөрөмжийн экспортын үнийн дүн $2.4 сая байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар энэ дүн 8.7 дахин нэмэгдэж $20.8 саяд хүрээд буй. 

  • 672.8% VS 14.1%: Тус хугацаанд уг төрлийн экспортын үнийн дүн жилд дунджаар 672.8% өссөн бол импорт нь 14.1% өссөн аж. Гэхдээ мэдээж энэ оны эхний 10 сарын байдлаар автомашин болон түүнтэй холбогдох төхөөрөмжийн импорт нь экспортоос 44.7 дахин их буюу $930.2 саяд хүрсэн байна. 

Хаашаа? Юу? 

Бид чинь бас суудлын автомашин экспортолчихно. Тодруулбал энэ оны эхний 10 сард экспортолсон суудлын автомашины тоо жилийн өмнөхөөс 12.7 дахин өсөж 813-т хүрсэн аж. Үүний 61.1%-ийг Казахстан руу, 23.2%-ийг Киргиз рүү, 13.8%-ийг Орос руу үлдсэн хэсгийг бусад улсууд руу гаргасан байна. 

  • 17.2х: Энэ ч утгаараа 10 жилийн өмнө $994.7 мянга байсан суудлын автомашины экспортын үнийн дүн $17.1 сая болж 17.2 дахин нэмэгджээ. 

  • Импортоос онцлох нь: Харин импортын хувьд тус хугацаанд жилийн өмнөхөөсөө 7.1% өссөн буюу 60.4 мянган суудлын автомашин орж ирсний 91.9%-ийг Японоос орж ирсэн суудлын автомашин бүрдүүлжээ. Бас л данхгар тоо байгаа биз? 

Эцэст нь… Манайд автомашины үйлдвэр байхгүй ч хуучин автомашинаа ихэвчлэн Оросоор дамжуулан экспортолж байна. Хуучин автомашины зах зээл бага ч атугай цэцэглэж байгаа нь авууштай юм даа.

 🚫 Монополь болох гээд байна! Боль!

AMZN: Европын Холбооноос Amazon-н iRobot (IRBT)-г $1.7 тэрбумаар худалдаж авах хэлцлийг хориглов. Учир нь, Европын Холбоо Amazon-г тус робот тоос сорогчийн компанийг худалдаж авснаар зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах магадлалтай гэж үзсэн юм. Сонирхуулахад, Amazon анх 2022 оны 8-р сард iRobot-г худалдаж авахаа зарлаж байжээ.

🤖 Чалчаа роботуудын эрин үе

Өнгөрсөн 7 хоногт OpenAI-н огцруулалтын асуудал дэлхий даяар яригдлаа. Үгүй ер нь энэ chatbot-н зах зээлд юу болоод байна?

Дэлхийг хамарсан хувьсал

Chatbot буюу chatter robot-г бид төлбөр төлөх заавар, хаяг, цагийн байршлын талаарх мэдээлэл авахад л түлхүү ашиглаж байна. Гэхдээ энэ байдал 1 жилийн өмнө ChatGPT гарч ирснээр өөрчлөгдөж эхэлсэн.

Яаж?

Мэдээж зах зээлийн зарчмаар буюу гал авалцсан өрсөлдөөний үр дүнд. Тэгвэл энэ салбарын тоглогчид яаж өрсөлдөж байгааг харъя.

  • Тэргүүлэгч: ChatGPT саяхан нэг дор 300 хуудас бичвэрийг бичих чадалтай GPT-4 Turbo-г танилцуулсан. Нэмээд Гүйцэтгэх захиралтай нь холбоотой асуудлыг хүмүүс Стив Жобсын ажлаасаа халагдаж байсантай харьцуулж байв. Нэр хүндтэй юм аа.

  • Чимээгүйхэн гэхдээ: Энэ салбарт хүч үзэж байгаа Bard ч бас сайжирсаар. Тэдний толгой компани Alphabet (GOOG) нь саяхан Bard-г YouTube-н бичлэгийг товчилж, холбоотой асуултад хариулах боломжтой болгосон. Шинэлэг шүү.

  • Шинэхэн: Өрсөлдөгч мэндлээд амжив. Үүнийг Илон Маск Grok хэмээн нэрлэсэн бөгөөд зөвхөн X Premium+ хэрэглэгчид ашиглах аж. Нэг ёсондоо Grok нь сарын $16 төлсөн хүмүүст X буюу Twitter-н цаг үеийн мэдээллийг тэр дор нь өгөх юм. Оройхон гараад ширүүхэн дайрахаар шийдэж дээ.

Илүү²

Нөгөө талаасаа chatbot-г хүний оронд ашиглах сонирхолтой компаниуд нэмэгдсээр байна. Goldman Sachs (GS)-с ChatGPT шиг хиймэл оюун ухаанууд нь дэлхий даяарх 300 сая гаруй ажлын байранд нөлөөлнө гэжээ.

Ингээд харахаар, chatbot-н бэлдчихсэн байдаг хариултууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар улам төгөлдөржиж, хөгжсөөр байна. Харин бид энэ хөгжлийн хаана явна вэ?

💸 Хөрөнгөө Босго - Омни Ассет ХБҮЦ

Омни Ассет ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа МХБ дээр 11 сарын 28-ны 10 цагт эхэллээ. ХБҮЦ-ны талаарх товч мэдээллийг хүргэе. 🔍

  • Үнэт цаас гаргагч: Омни ассет ТЗК ХХК (үүсгэн байгуулагч нь Омни Капитал ББСБ)

  • ХБҮЦ-ны нөхцөл: Нийт дүн ₮6 тэрбум, нэгж үнэ ₮100,000, хүү нь жилийн 19.6%, 24 сарын хугацаатай, хүүг улирал тутам төлнө.

  • Анхдагч арилжаа: ХБҮЦ-ны анхдагч 33-ийн арилжаа 11 сарын 22-ны 10 цагт эхэлж ердөө 2 цагийн дотор 100% биелэлтэйгээр хаагдсан юм.

Cонирхуулахад, Омни Капитал ББСБ ХХК нь Омни Актив ХБҮЦ-ыг 2022 оны I улиралд амжилттай гаргаж, 2023 онд хөрөнгө оруулагчддаа эхний хуваарьт үндсэн төлөлтийг олгоод буй.

☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг 7510-7500 дугаарт холбогдон аваарай.

Forbes

🔹 Shein Америкийн зах зээлд нууцаар IPO хийнэ. Сингапурт төвтэй тус компани нь fast fashion-н зах зээлийн томоохон төлөөлөгч бөгөөд 2022 оны 4-р сард үнэлгээ нь $100 тэрбумд хүрч байв. Гэхдээ, тэд ирэх онд IPO хийхдээ нууцын зэрэглэлд оруулах хүсэлтээ өгсөн байна.

🔹МОСТ Финтек ХХК IPO-н урьдчилсан захиалга өчигдөр эхлэв. Тэд олон нийтэд өөрсдийн 27%-ийг санал болгож ₮5.8 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Тус IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 12 сарын 1-нээс 12 сарын 7-ны өдрийн хооронд үргэлжлэх юм.

🔹Монголын хүн амын тоо энэ сарын эцэс гэхэд 3.5 саяд хүрэх төлөвтэй байна. Сонирхуулахад, өнгөрсөн 9-р сард хүн амын тоо 3.49 саяд хүрсэн аж. Түүнчлэн хүн амын тоо 2025 он гэхэд 3.6 саяд, 2030 он гэхэд 3.8 саяд тус тус хүрэх төлөвтэй байгаа юм.

🔹 Mongolia Energy Corporation (0276.HK) 6 сарын хугацаанд HK$1.6 тэрбумын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнө жилийн мөн үетэй харьцуулахад 16.6% буурсан үзүүлэлт юм. Улмаар HK$546.8 саяын алдагдалтай ажиллав. Тэд нийт орлогынхоо 56.9%-ийг цэвэр коксжих нүүрснээс олсон юм.

💳 Крипто картаа уншуулчихъя

Танд криптовалютыг бодит ертөнцөд хэрхэн ашиглах вэ, гэх бодол төрж байсан уу? Тэгвэл өнөөдөр крипто болон бодит ертөнцийн заагийг бүдгэрүүлж буй крипто картуудын талаар сонирхох болно. 

Зураал зураал явна

Эдгээр карт нь яг л энгийн банкны кредит болон дебит карт шиг ажилладаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Mastercard (MA), American Express (AXP), Visa (V)-с эхлээд төлбөрийн шинэ шийдэл болгон крипто картуудыг зах зээлд нэвтрүүлэх болсон. Ингэснээр Биткойн, Эфериум зэрэг криптовалют эзэмшигчид хоорондоо шимтгэлгүй шилжүүлэг хийх, криптовалют авах, зарах цаашлаад тус төлбөрийн нөхцөлийг зөвшөөрдөг үйлчилгээний байгууллагуудаас ч худалдан авалт хийж болох юм.  

Өсөн нэмэгдсээр

Крипто кредит болон дебит картын хэрэглээ өссөөр байгаа бөгөөд Visa-н хэрэглэгчид өнгөрсөн оны I улиралд тус картаар $2.5 тэрбумын төлбөр хийсэн байна. Түүнчлэн Америкт л гэхэд хүн амын 5% буюу 13 сая хүн крипто картыг ашиглах болжээ. Тэгвэл ямар картууд хамгийн эрэлттэй байна?

  • Coinbase Card: Visa дебит карт нь Биткойн эзэмшигчдийн хувьд хамгийн боломжит карт гэдэг бөгөөд Visa карт зөвшөөрөгдсөн бүхий л улсад ашигладгаараа давуу талтай

  • Crypto.com Visa Card: Тэдний хувьд хамгийн олон буюу 80 гаруй криптовалют дэмждэг гэдгээрээ онцлог. 

  • Binance Visa Card: Тус картыг зөвхөн Европт ашиглах боломжтой бөгөөд 60 сая гаруй онлайн болон биет дэлгүүрүүдэд худалдан авалт хийх боломжтой. Нэмээд худалдан авалт бүрээсээ 8%-ийн буцаан олголт авдаг. 

За, крипто картын сонин сайхан иймэрхүү байна. Сонирхолтой байсан гэж найдъя.

Товхимлоо салхи шуурга шиг хальтхан уншаад байгаа юм биш биз? Доор оруулсан мэдээний хэсгүүдээс зөв хариултыг сонгоно шүү. 🔎

А. Америкт нийт хүн амын 15% буюу 113 сая хүн крипто картыг ашигладаг.
B. Европын Холбооноос Amazon-н iRobot-г $2 тэрбумаар худалдаж авах хүсэлтийг зөвшөөрлөө.
C. Энэ оны эхний 10 сард экспортолсон суудлын автомашины тоо жилийн өмнөхөөс 12.7 дахин өсөж 813-т хүрсэн байна.

  • Article: Улс орнууд төв банктай байх хэрэгтэй юу? (IEA)

  • Big News: Өөжинмед Индонезийн Жакартад. (LemonPress)

  • Concern: Цахилгаан автомашин авахаас өмнө анхаарах зүйлс. (NationalGeographic)

  • How to: Хэрхэн тэнгэрлэг орших вэ? (TED-Ed)

Зөв хариулт C буюу энэ оны эхний 10 сард экспортолсон суудлын автомашины тоо жилийн өмнөхөөс 12.7 дахин өсөж 813-т хүрсэн нь шүү.

Reply

or to participate.