- Lemon Press
- Posts
- 📃 Хувьцаат компаниудын ТУЗ-ийн шийдвэр
📃 Хувьцаат компаниудын ТУЗ-ийн шийдвэр
Даатгуулагчаас хөрөнгө оруулагч болох боломж болон AI хүний нөөцийн ажлыг гүйцэтгэж байгаа талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Гадаа харанхуй, хүйтэн үед хэн нэгэн цагаан тортой цаасан юм өгчхөөд “Бэлэг юм аа” гээд явчихвал оргилуун дарс гэж бүү эндүүрээрэй. Аяа тэр чинь авлигал ч байж мэднэ шүү. 💰❌🍾
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Ирэх сарын 1-нд барагдуулах Гэрэгэ бондын $368.7 саяыг төлөх валютын нөөц бүрджээ.
MNG: ЗГ улсын нэгдсэн төсвийн 2024 оны мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлнэ.
USD: Түүхэндээ анх удаа Хятадын гадаад мөнгөн гуйвуулгад Юаниар хийсэн төлбөр тооцоо Америк долларыг гүйцлээ.
Даатгуулагчаас ➡️ Хөрөнгө оруулагч руу
Сүүлийн жилүүдэд Монголд даатгалын үйлчилгээ эрчимтэй хөгжиж, зөвхөн эрсдэлийн хамгаалалтаар хязгаарлагдалгүй хуримтлалын үйлчилгээг ч нэгтгэсэн олон сонирхолтой шинэ бүтээгдэхүүнүүд гарах болов.
Даатгал + хөрөнгө оруулалт
Өмнө нь даатгал гэхээр зөвхөн эд хөрөнгө, автомашин даатгуулдаг гэж ойлгодог байсан билээ. Харин одоо даатгалын компаниуд зүгээр л нэг амь насны даатгалын үйлчилгээ санал болгох биш таны даатгалыг хуримтлуулан түүгээр хөрөнгө оруулалт хийж, танд өгөөж хүртэх боломжийг санал болгож буй.
Тодруулбал, Даатгуулагчийн үүсгэсэн хуримтлалаар тухайн даатгалын компани хувьцаа, ЗГ-ийн бонд, өрийн бичиг зэрэгт хөрөнгө оруулалт хийх бөгөөд даатгуулагч үүнээс өгөөж хүртэнэ гэсэн үг.
Амьдралын даатгал
Монголын даатгалын салбарын тоон үзүүлэлтийг харвал, өнгөрсөн онд ердийн даатгалын 15 компанийн нийт ашиг 33% буурч ₮15.3 тэрбум болсон бол урт хугацааны даатгалын 2 компанийн ашиг 31% өсөж ₮183 саяд хүрчээ. Түүнчлэн Монголд 3 хүн тутмын 1 нь ямар нэг даатгалтай байдаг аж. Тэгэхээр даатгалын салбар нэг үеэ бодвол хөгжсөн гэж хэлж болохоор.
Тэгвэл урт хугацааны даатгалын компанийн нэг Нэйшнл Лайф Даатгал ХО-ын боломжтой даатгалын үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд буй. Тус үйлчилгээ нь санал болгож буй багцаасаа хамаарч 15%-18.5%-ийн өгөөжтэй байх аж. Тэгвэл тэд таны хуримтлалаар үүсгэх ХО-ын сагсаа хэрхэн бүрдүүлэх вэ?
Сагс: Тэдний тогтвортой хуримтлуулагч багц нь л гэхэд, 30% нь өрийн хэрэгсэл, 25% ХБҮЦ, 10% ЗГ-ын үнэт цаас, 5% нь хувьцаанаас бүрдэх гэнэ.
Эцэст нь… Бие махбод болон санхүүгийн аюулгүй байдлаа эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан хамгаалах нь ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм шүү.
Хувьцаат компаниудын ТУЗ-ийн шийдвэр
МХБ-д бүртгэлтэй компаниудын төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хурлын шийдвэо шил дараалан гарч байна. Ингээд зарим компанийн ТУЗ ямар шийдвэр гаргасныг хүргэе.
TEE: Тээвэр дархан ХК энэ оны 12 сарын 31-ний дотор нэгж хувьцаанд ₮300-ийн ногдол ашиг тараана.
MBF: Мон Бийф ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сайнбилэгт огцорч Ц.Оюунсүрэн томилогдов.
SEND: Сэндли ББСБ ХК $1 саяын үнийн дүн бүхий хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үүргийг хангуулах зорилгоор $5 тэрбумын зээлийн багцаа барьцаална. Түүнчлэн тэд өөрсдийн охин компани болох Их Британид бүртгэлтэй Мон Ремит компанийн хувьцааг худалдах, худалдан авах эрх олгох гэрээг Fibonacci Consulting Services Limited компанитай байгуулахаар болов.
DSH: Дулаан шарын гол ХК дотоод дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирал Б.Батхуягийг мэргэжлийн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, түүний үүргийг ерөнхий менежер Л.Нарангэрэл түр гүйцэтгэхээр болжээ.
🎧 Spotify хэрэглэгч = 515 сая
Хаа сайгүй AI
Таныг хиймэл оюун ухаан (AI) ажилд авна гэхээр төсөөлөгдөж байна уу? Сонирхолтой нь энэхүү төсөөлөл нь бодит байдалд хэдийн биеллээ олоод буй. 2022 онд л гэхэд Америкийн ажил олгогчдын 79% нь ажилтан авах процесстоо AI-г ашигладаг болсон байна.
AI хэрхэн ажиллаж байна?
Ажлын өргөдөлд: Томоохон байгууллагуудад ажлын өргөдөл маш их хэмжээгээр ирдэг. Үүнээс хүн тус бүрийн CV-г шалгана гэдэг бараг л боломжгүй зүйл. Харин AI ашигласнаар компанийн шаардлагад тэнцсэн өргөдлийг богино хугацаанд, нэгийг ч орхигдуулахгүй гаргах давуу талтай. Ингэснээр цаг, мөнгө хэмнэх юм.
Ажилд авах шийдвэр гаргалтад: AI нь ажлын ярилцлага хийхдээ таны дууны өнгө, нүүрний хувирал гэх мэтийг ажиглаж алгоритм дээр тулгуурлан ажилд авах эсэхээ шийдэх нь. Түүнчлэн AI нь таныг ажилд авахдаа нас, хүйс, үндэс угсаанаас илүүтэй тухайн ажилд хэр тохирох вэ гэдгээр үнэлэх юм. Тиймээс ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл бараг л гарахгүй.
Гэхдээ судалгаагаар…
Тэгвэл Pew Research Center 11 мянган хүний дунд судалгаа явуулжээ. Сонирхолтой үр дүн гэвэл:
71% нь буюу ихэнх нь ажилд авах эсэх эцсийн шийдвэрийг AI гаргахын эсрэг байгаа бол ердөө 7% нь л үүнийг дэмжжээ.
55% нь ажилчдын хийсэн ажлыг үнэлээд ажлаас халах эсэхийг AI шийдэхийг эсэргүүцсэн бол 14% нь дэмжсэн.
Харин хэн нэгэн тушаал дэвших эсэхийг AI шийдэхийг 47% нь дургүйцсэн бол 22% нь дэмжжээ.
Эцэст нь… Хүний нөөцийн ажлыг AI гүйцэтгэснээр цаг, мөнгө хэмнэж, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх боломж бүрдэх давуу талтай ч эсрэгээрээ хэт объектив хандах, ажил горилогчийн зөөлөн чадварыг орхигдуулах гэх мэт сул талууд ч бий. Бүх зүйлд 2 тал байх юм даа.
2.2 мянган тн
2023 оны I улиралд агаараар тээвэрлэсэн ачаа жилийн өмнөхөөсөө 19.1% буурч 2.2 мянган тн болжээ.
318.4 мянга
Харин агаарын тээврээр зорчсон хүний тоо тус хугацаанд 2.4 дахин нэмэгдэж давхардсан тоогоор 318.4 мянгад хүрсэн байна.
40.3%
Түүнчлэн орон нутгийн чиглэлд зорчсон хүний тоо 19.2% өсөж 89.1 мянгад хүрсэнд Оюутолгой чиглэлийн зорчигчид 40.3% өссөн нь нөлөөлөв.
Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан товхимол
Манай англи хэл дээрх хувилбар болох Inside Mongolia товхимол нийтдээ 66 удаа явжээ. Даваа гараг бүр хүрдэг уг товхимол нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын ХО-ын орчны талаар тогтмол мэдээлэл хүргэдэг билээ. Гадаад хамтрагчдадаа энэхүү үнэгүй товхимлыг санал болгоорой.
🔹Энэ 7 хоногт Golomt Capital Championships-н тэргүүн байрны оролцогч 50%-ийн өгөөжтэй байлаа. Цаашлаад, ТОП-10 оролцогчдын өгөөж 27%-тай, ТОП-20 оролцогчдын өгөөж 20%-тай байв. Мөн уралдааны оролцогчдын 74% нь Хойд Америк, 26% нь Азийн зах зээлд тус тус хөрөнгө оруулсан байна.
🔹Улаанбаатарын автобусны маршрут Google Map-д оржээ. Тухайлбал, Монголд оршин сууж буй Александр Бакалов 2 сарын хугацаанд Google Map, UB Smart Bus апп дээрх мэдээллийг цуглуулан уг ажлыг гүйцэтгэсэн аж. Гэтэл нийслэлийн засаг захиргаа, технологийн мундагууд үүнийг хийх гэж хэчнээн удлаа даа.
🔹ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авагчдын 85% нь зээлээ барагдуулав. Тодруулбал, тус сан сүүлийн 14 жилд нийт 8,403 төсөлд ₮1 их наядын зээл олгосны ₮735.3 тэрбум нь төлөгджээ. Харин тус сангаас шууд болон банкаар дамжуулж авсан 438 төслийн ₮150.4 тэрбумын зээл чанаргүйджээ.
🔹“Investment expo 2023”-д оролцох компаниуд. Бямба гарагт зохиогдох уг экспод Соно Финтек, Сант Сургууль, Капитрон банк, UBCab, Ази фарм зэрэг компаниуд оролцох нь. Тиймээс энэ удаагийн экспод гэр бүлийн санхүүгийн төлөвлөлт, хүүхдээ топ сургуульд сургах гэх мэт олон сэдэв хөндөгдөнө.
Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд ХБ-ны 2022 оны санхүүгийн тайланд KPMG-ийн хийсэн аудитын дүгнэлт болон энэ онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн төлөвлөгөөг танилцууллаа.
2021 онд 307 тэрбум төгрөгийн алдагдал үүрээд байсан банк 2022 онд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. twitter.com/i/web/status/1…
— Manduul Nyamandeleg (@manduuln)
7:39 AM • Apr 26, 2023
Блокчэйнтэй хамт эрүүл амьдралын зүгт…
Энэ өвөл хэд хэдэн удаа ханиад хүрч, эмчилгээний зардал тань жил жилээс өндөр гарсан юм биш биз? Эрүүл мэндийн салбарт блокчэйн технологийг ашиглаад эхэлсэн бол ингэхгүй байлаа. Учир нь,
Хуурамч эсвэл хугацаа дууссан эм зарагдахгүй: Эм, эмчилгээний бүтээгдэхүүний гарал үүслийг блокчэйн дээр бүртгээд явах учир хэрэглээнээс гараад удсан, хугацаа дууссан эсвэл хуурамч эм импортоор орж ирэхгүй болно.
Эрүүл мэндийн түүх тодорхой: Өвдөх болгондоо өвчний шалтгааныг олох гэж өмнө нь хэд хэд өгчихсөн шинжилгээгээ дахиж өгөх шаардлага үүсдэг. Тэглээ гээд яг тохирсон эмчилгээг тэр бүр олж чадахгүй тохиолдолд ч бий. Эрүүл мэндийн түүх, ойрын хугацаанд хэрэглэсэн эмийн жагсаалт гээд нарийн мэдээллүүд ил тод байсан бол эмчилгээ байгаа олж, дахин дахин эмнэлгээр явах шаардлага буурна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрүүл мэндийн даатгалыг үргүй зарахгүй: Хуурамч бичиг баримт бүрдүүлж, эрүүл мэндийн сангаас халамж аваад сууж байдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Хэрэв блокчэйн технологиор өвчтөний бүртгэлийг хийгээд явбал, эрүүл мэндийн даатгал хэрэгтэй хүндээ хүрч, төлсөн мөнгөнийхөө үр шимийг та өөрөө хүртээд явах юм.
Блокчэйн технологийн хэрэглээ хязгааргүй гэлтэй. Эрүүл мэндийн салбарт байдаг асар олон асуудлыг нэг технологийн хүчээр шийдэх боломж байна шүү дээ.
Мэд: Брэндүүд хэрхэн хүний тархинд нөлөөлдөг вэ? (BigThink)
Унш: Тууштай байдал амжилтын үндэс болох нь. (TalksatGoogle)
Танилц: ChatGPT-н нууцлалын шинэ тохиргоо. (TC)
Анхаар: WhatsApp-н хэрэглэгчдэд зориулав. (9TO5Google)
Editor: Э.Золбаяр
Writers: А.Баттүвшин, С.Ангирмаа, М.Хулан, Г.Мөнхцолмон
Graphics by: О.Баасандорж
Reply