• Lemon Press
  • Posts
  • 🤔 Айлчлал ба хүлээлт

🤔 Айлчлал ба хүлээлт

Нислэгийн үнэ өснө | LP Transcript x Бодь Даатгал ХК | Өсөлтөөрөө 2-т $MLG

POWERED BY

Өглөөний мэнд! Өнгөрсөн шөнө Spotify платформ 20 жилийн ойгоо тохиолдуулан бүх цаг үеийн хамгийн олон хүн сонссон уран бүтээлчид, дуунууд, цомгуудыг танилцууллаа. Тухайлбал, дуучдын эрэмбийг Taylor Swift, цомгийн жагсаалтыг Bad Bunny-н Un Verano Sin Ti, дууны санг The Weeknd-н Blinding Lights тэргүүлсэн байна шүү. За тэгээд дэлгэрэнгүй байдлаар харах бол ЭНД дараарай. Өнөөдрийг эрч хүчтэй эхлүүлэх бол эдгээр хит дуунуудаар эхлүүлэхэд буруудахгүй шүү. 😎🎧

*Нэг өдрийн өөрчлөлт.

ADB: Өнгөрсөн онд Азийн Хөгжлийн Банк Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг эрсдэлд тэсвэртэй болгох зорилгоор үйл ажиллагаагаа $29.3 тэрбумд хүргэжээ

UB: Улаанбаатар хот Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд ирэх онд нийт ₮300 тэрбумын дотоод үнэт цаас гаргаж, санхүүжилт босгоно.

^N225: Японы хамгийн том индекс Nikkei 225 түүхэндээ анх удаа 60 мянган нэгжийг давлаа.

KYZ: Киргизстанаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн Үүрэг гүйцэтгэгч захирал Б.Зандантай уулзаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

📃 Бодь Даатгал ХК-ийн 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргадаг билээ. LP Transcript-н ээлжит дугаараар Бодь Даатгал ХК (BODI)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын (ХЭХ) тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу! 

📅 2026 оны 4 сарын 20
⏲ 11:00 минут
📍 Цахим хурал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2025 оны санхүү болон үйл ажиллагааны онцлох үйл явдлууд, ногдол ашиг, компанийн дүрмийн сан, ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

🤔 Айлчлал ба хүлээлт

Энэ 7 хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казакстанд айлчилж, 2 орны харилцааг дараагийн түвшинд гаргах 18 хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан юм. Цаашлаад, бизнес форумын үеэр $20 гаруй саяын дүн бүхий гэрээ, хэлцэл хийсэн байна. 

  • 🌎 Гэснээс Ерөнхийлөгч Казакстанд айлчилснаар тэрбээр ажиллах байх хугацаандаа Төв Азийн бүх орнуудад айлчлал хийсэн анхны Ерөнхийлөгч болж буй. 

🛩️ 2 жилийн доторх харилцан айлчлал

2 жилийн өмнө буюу 2024 онд Казакстаны Ерөнхийлөгч Монголд айлчилж, 2 орон стратегийн түвшинд түншлэх болсон. Тус айлчлалаар Монгол болон Казакстан хамтын ажиллагааны 11 баримт бичигтэй болж байв. Тухайн үеийн болон саяын айлчлалын хамгийн том зорилт бол 2 орны худалдааны эргэлтийг $500 саяд хүргэх явдал. 

  • 👍🏻 Бага багаар нэмэгдсээр: $500 саяын зорилттой болсноос хойш Казакстан болон Монголын худалдааны эргэлт өнгөрсөн онд $133.5 сая болж, өмнөх жилээсээ 7.7% өссөн. Үүний $123.1 сая нь Казакстаны Монгол руу хийсэн экспорт, $10.5 сая нь Монголын Казакстан руу хийсэн экспорт. Найдлага төрж буй зүйл нь замын зураглал буюу Монгол тус улс руу мах, ноос ноолуурын экспортоо нэмэх төлөвлөгөө.

🤾🏻 Гол өөрчлөлтүүд

Үргэлжлүүлээд, тус 18 баримт бичгээс яг өнөөгийн Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжтой нь хэд билээ гээд харахад 10 баримт бичиг тунахаар байна.  

  • 📍 Тухайлбал, Астана–Улаанбаатар, Өскемен–Өлгий чиглэлд шууд нислэгийг чиглэл нээхийн сацуу хамгийн чухал нь Казахстан, Монголыг шууд холбосон авто зам барихаар болсон. Ингэснээр 2 улсын авто замын урт одоо 1,600 гаруй км байгааг бараг 2 дахин дөт буюу 800-900 км болгож тээврийн зардлыг 30%-50% бууруулах боломжтой юм.

  • 🛤️ Цаашлаад, Монголын төмөр замд ачааны вагон дутагдалтай байгаа тул Казакстанаас $6.7 саяар төмөр замын вагон худалдаж авах гэрээ байгуулжээ.

Үүнээс гаднын нефт, ураны хамтарсан хайгуул, хамтарсан төсөл дээр ажиллах, төв банкнуудын хамтын ажиллагаа гэхчлэн эдийн засагт бодит өөрчлөлт авчрах хүлээлттэй санамж бичгүүд харагдаж буй. 

Эцэст нь… Аль, аль Ерөнхийлөгчийн айлчлалыг дүгнэн харвал, Монгол болон Казакстан уламжлалт, улс төрийн найрсаг харилцаанаас бодит эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаатай болох зам руугаа 1 алхам ойрт. Юутай ч ойрын хугацаанд бизнес форум, ажлын хэсгүүд, хамтарсан төслүүд эхлэх төлөвтэй. Манай улсын бизнес эрхлэгчид Төв Азийн зах зээлийг ихэд сонирхдог тул бодитоор ажил хэрэг болбол бизнесүүдийн гадаад тэлэлт эрчимжих магадлалтай. 

  • 🥸 Дүүжин тээвэр ₮3,000 тарифтайгаар жилд 13.5 сая хүн зөөвөл 2030 оноос ашигтай. (gogo)

  • 🧠 Google Workspace-н шинэчлэлээр AI нь таны шинэ дадлагажигч шиг ажиллана. (TechCrunch)

  • 🏖️ Азийн элсний наадамд Монгол 8 спортын төрөлд 51 тамирчин илгээлээ. (iToim)

  • 🎪 Coachella наадам Жастин Биберийн дууны сонсолтыг 2.7 дахин өсгөв. (billboard)

♨️ Өсөлтөөрөө 2-т $MLG

MLG: 2026 оны I улиралд Монложистикс Холдинг ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 0.8% өсөж ₮64.8 тэрбумд хүрчээ. Тайлант хугацаанд борлуулалтын өртөг ₮59 тэрбум, хүүний орлого ₮101.8 сая, бусад орлого ₮11 саяд хүрсэн бол хүнтэй холбоотой зардал ₮2.3 тэрбум, санхүүгийн зардал ₮0.9 тэрбум болсноор компани ₮2.4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан аж. Ингэснээр өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 8.1% өсөж ₮174-т хүрснээр бүртгэлтэй ХК-иудаас өсөлтөөрөө 2-т жагслаа.

🛩️ Нислэгийн үнэ өснө

Энэ жилдээ багтан гадагшаа явахаар төлөвлөсөн лимонууд байвал нэг тааруу мэдээг дуулгах нь дээ. Хэдий ирээдүйд зах зээл дэх онгоцны түлшний нийлүүлэлт тогтворжих бүрэн боломжтой ч агаарын тээврийн компаниуд өсөөд буй онгоцны тасалбарын үнээ буулгах бодолгүй байгаа бололтой. 

🛢️ Нөхцөл байдал

Сүүлийн нэг сарын хугацаанд Ираны дайнаас үүдэж онгоцны түлшний үнэ даруй 2 дахин өсөж нэг баррель нь $150-$200-ын хооронд арилжаалагдаж байна. Улмаар дэлхийн олон авиа компани тасалбарын үнээ өсгөх эсвэл түлшний нэмэлт хураамж нэмэхээ зарлажээ. Мөн зарим компаниуд нислэгийн тоогоо бууруулах арга хэмжээг авч эхэлсэн аж. Жишээлбэл, Германы Lufthansa Group ирэх 10-р сар хүртэл богино зайн 20 мянган нислэгээ цуцлахаа мэдэгдсэн юм.

  • 🚀 Зардал талийсаар: Сүүлийн жилүүдэд онгоцны түлш нь авиа компаниудын нийт үйл ажиллагааны зардлын дунджаар 27%-ийг эзэлдэг байсан ч үүсээд буй асуудлаас шалтгаалан тус зардлын хэмжээ 39%-д хүрчээ.

  • 💸 Тийзний үнэ: Судалгаагаар, хамгийн хямд буюу энгийн ангиллын тийзний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дунджаар 24%-иар нэмэгджээ. Ойрын жишээ авбал, одоогоор МИАТ ТӨХК-ийн үндсэн тариф нэмэгдээгүй ч билетийн үнийг Азийн нислэгт 5-7%, Европын чиглэлд 10-11%-иар өсгөхөөр төлөвтэй байна.

📈 Буцалтгүй өсөлт 

Эдийн засагт “Ratchet effect” буюу буцалтгүй өсөлтийн нөлөө гэх ойлголт бий. Үүнийг Netflix (NFLX)-н үнийн бодлогоос харж болно. Тухайлбал, Standard багцын үнэ сүүлийн 12 жилд $7.99-оос $19.99-т хүрсэн бөгөөд энэ хугацаанд үнэ нь хэзээ ч буцаж буураагүй байна. Яг үүнтэй адил судлаачид нислэгийн тасалбарын үнэд тус үзэгдэл ажиглагдах магадлал өндөр байгааг онцолж байна.

Эцэст нь… Ер нь энэ он дуустал нислэгийн тийзний үнэ буурахаас илүү өсөх эрсдэл давамгай байна. Цаашлаад, эдийн засагчдын анхааруулж буй “Ratchet effect” ажиглагдвал энэ өсөлт түр зуурынх биш ч байж мэдэх нь шүү. 😰 

💡 Таавар таацгаая. 

… нь бакалавраа СЭЗИС-ийг Нягтлан бодох бүртгэлээр төгсөж, 1994 онд анхны ажлын гараагаа банканд нягтлан бодогчоор эхлүүлж байв. Үүний дараа тэрээр одоогийн ажиллаж буй банкандаа Ерөнхий нягтлан бодогчоор орсон бөгөөд төв салбарт ажилд орлоо гэж бодтол Төв аймгийн салбарт ажилд орж байсан аж. Түүнээс хойш тасралтгүй ажилласаар салбарынхаа томоохон удирдагчдын нэг болоод байна. Тэр хэн бэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцаарай. ✌️

🚨💯 Оффисын цогц шийдэл Яармагт

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс бол яах аргагүй Яармаг болоод байна. Өдгөө энд 120 мянга гаруй иргэд амьдарч байгаатай зэрэгцэн ажлын байр, оффисын хэрэгцээ ч өссөөр байна. Тэгвэл энэ бүсэд БСБ Оффис Тавилгын дэлгүүр цоо шинэ салбараа нээжээ.

  • 🛋️ 4 дэх салбар: Шинэ салбараас та удирдлагын өрөөний тавилга, ажилтны тавилга, эргономик сандал, сейф, төмөр тавилга, сургалтын тавилга гэх мэт оффисын хэрэгцээг цогцоор нь шийдэх боломжтой аж.

  • 🎁 Нээлтийн урамшуулал: Энэ 4-р сарыг дуустал бүх бараандаа 10%-ийн хямдрал, худалдан авалтын үнийн дүнгээс хамааран оффисын хэрэгцээний электрон барааны сонголт, нэмэлтээр ₮200 мянга хүртэл ваучер бэлэглэж байна гэнэ. 

За тэгээд БСБ Оффис Тавилгын дэлгүүрээр орохыг хүсвэл Яармагийн 3-р автобусны буудлын ард “BSB MALL” их дэлгүүрийн 2 давхраар зочлоорой. 🛒👀

Seven Stone

🍋 Өмнөд Солонгост оршин сууж буй монголчуудын 4 хүн тутмын 1 нь баримтын зөрчилтэй. 3 сарын 31-ны байдлаар Өмнөд Солонгост 60,067 монголчууд оршин сууж байгаа бөгөөд тэднээс 14,244 иргэн нь визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй байгаа аж. Энэ нь нийт Өмнөд Солонгос дахь монголчуудын 23.7% гэсэн үг юм. 

🍋 ОУВС Казахстанд бүс нутгийн хөгжлийн төв байгуулна. Казахстаны Алматы хотод ОУВС Кавказ, Төв Ази болон Монгол буюу 9 улсыг хамарсан бүс нутгийн чадавх бэхжүүлэх төв байгуулахаар боллоо. Үр дүнд нь Казакстан Төв Ази болон ойр орчмын орнуудын эдийн засгийн бодлогын хөгжилд илүү нөлөөтэй оролцох боломжтой болж байна.

🍋 Доналд Трамп Ираныг хэлцэл хийх хүртэл Ормузын хоолойг хаахаа мэдэгдлээ. Өчигдөр Америк Орзумын хоолойд цэргийн хяналт тогтоон, Америкийн тэнгисийн цэргийн зөвшөөрөлгүйгээр ямар ч хөлөг онгоц нэвтрэх болон гарах боломжгүй болсныг мэдэгдэв. 2 дахь сар руугаа орох гэж буй тус дайныг эцэслэхийн тулд Америк илүү түрэмгий арга хэмжээ авч байна даа.

🍋 Microsoft (MSFT) анх удаа сайн дурын тэтгэмжтэй ажлаас гарах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Компани AI болон дата төвүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотойгоор ажилчдаа цөөлөх сонирхолтой аргыг хэрэгжүүлэх гэж байгаа бололтой. Тус хөтөлбөрт компанийн Америк дахь ажилчдын ойролцоогоор 7% нь хамрагдах боломжтой бөгөөд ахлах түвшний, нас, ажилласан жил гэхчлэн тодорхой нөхцөлтэй аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.