• Lemon Press
  • Posts
  • 🙈 Хаана ч байхгүй хямд НҮҮРС!

🙈 Хаана ч байхгүй хямд НҮҮРС!

Үндэсний Дээд Лиг 2025-2026 | Аз одтой $INTC | Юанийн оффшор бүс

POWERED BY

Өглөөний мэнд! Цаана чинь олон улсын алдартай буудлын сүлжээ Marriot International Монголд салбараа нээх гэж байгаа гэнэ дээ. Буянт-Ухаагийн зам дагуу шинэ буудлаа 2027 онд нээх аж. Нисэх буудалтай ойр гаднын зочид гийчдээ тухлуулах газартай л болох нь. 👍

*Нэг өдрийн өөрчлөлт.

EBRD: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд 5.8%, ирэх онд 5.5% өсөх тооцоолол гаргалаа.  

MNG: Дорнод аймагт газрын тосны хайгуул хийж буй Petro Matad (MATD.L) “Heron-1” талбайн хүчиллэгжүүлэлтийн ажил дуусаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилготойгоор “Gazelle-1” талбайн туршилтыг удахгүй эхлүүлэхээ мэдэгдэв

CN: Хятадын төв банк Хонконгоор дамжуулан юанийн гадаад зах зээлийг хөгжүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах шинэ бодлогоо танилцууллаа.

🚨 Чухал мэдэгдэл 

Ирэх Бямба гарагт болох МАН-ын бага хурлыг угтуулан Лхагва гаргийн орой Хууль зүйн сайд асан Б.Энхбаярын ноцтой сэдвүүдийг хөндсөн ярилцлага олныг цочирдуулав. Ерөнхий сайдын 100 хоног, УИХ-ын даргын мэдэгдэл гэхчлэн энэ 7 хоногт Монголын улс төр жинхэнэ утгаараа халуурч байна даа. 

🤕 Нүүрсний хулгай: II боть

Экс Хууль зүйн сайдын дэлгэсэн олон асуудлаас зөвхөн Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтыг түшиглэн Эрдэнэс Тавантолгой ХК China Energy-тай хийсэн нүүрсний хэлцлийн асуудлыг харвал, анх ЗГ хоорондын хэлэлцээрт нүүрсний үнийг биржийн дундаж үнээр зарахаар тохиролцсон. Гэсэн хэдий ч China Energy-н 5%-ийн хөнгөлөлт эдлэх саналыг ЭТТ ХК-ийн Захирал Х.Мөнхжаргал 50% болгон өсгөж, тухайн үеийн тооцооллоор 1 тн тутамд $100-оор худалдаалах байсан нүүрсийг $53 болтол нь үнэгүйдүүлж гэрээ байгуулсан хэмээсэн юм. 

  • ⚠️ Хаана ч байхгүй хямд нүүрс: Нүүрсний үнэ он гарснаас хойш 16.9% унаж, өчигдрийн байдлаар тн тутамд $103.6-оор худалдаалагдаж байна. Өнгөрсөн 4-р сард бүр $93-руу унаж, тухайн үед бөөн юм болж байлаа. Гэтэл ямар ч улсаас эрээд олдохгүй хямд буюу $53-оор 2041 он хүртэл нүүрсээ зарах гэрээ хийсэн нь үнэн бол маргаангүй оны онцлох хулгай болох биз ээ. 

  • 🙈 Харахыг хүссэнгүй: Мөн түүний мэдэгдэлд гэрээний нарийн ширийн зүйлсийг ЗГ хийсэн, УИХ ердөө өргөн барьсан гэрээг нь л баталсан буюу нүдээ боож байгаад л гэрээг нь баталчихсан мэт агуулга хөндөгдсөн. 

😶‍🌫️ Хариулт

Нөгөө талд хэргийн гол эзэн гэгдэж буй УИХ-ын дарга 2 цаг гаруй ярихдаа холбогдсон хүмүүсийг танихгүй, гэр бүл нь уул уурхай, тэр тусмаа нүүрстэй холбоотой бизнес хийдэггүй гэхээс өөр онц хариулт хэлээгүй. Товчхондоо хамаарал байвал шалга, баригдвал хорь хэмээлээ. Харин ярианыхаа дийлэнх хугацаанд нам доторх хов, зөрчил, 2 намын даргатай байх санал гэхчлэн МАН-ын дараагийн даргын төлөөх зодооныг л хөндсөн юм. 

Эцэст нь… Ямар ч зорилготой байсан уг асуудал эрх баригч намын дотоод зөрчилд дарагдах ёсгүй. Нүүрсний гэрээнээс гадуур үлдсэн хувь хэний халаас руу явсан, үнэхээр $10 тэрбумын алдагдалтай гэрээ байгуулсан нь үнэн эсэх, үнэн бол хэнд хариуцлага тооцох ёстойг шалгах ёстой. Нүүрсний үнэ уналаа, эдийн засаг хэцүүдлээ гэж бүтэн жил ярьсан хэр нь эрх баригчид өөрсдөө нүүрсээ үнэгүйдүүлсэн гэрээ хийсэн гэх. Аймшигтай… 😬

  • 🌌 Нарны аймгийн гадна 6,000 гариг бий… (Wired)

  • 🫗 Дээд боловсролын төсөв хаачдаг вэ? (Ikon)

  • 🐾 Энэтхэгийн хөгжмийн салбарт Kpop хөл тавилаа. (KoreaTimes)

  • ⭕ “Instagram Teen Account” Монголд. (ЦХИХХЯ)

Аз одтой $INTC 

INTC: Хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татаж буй Intel дахин нэг эерэг мэдээ дуулгаж, Apple-с хөрөнгө оруулалт татах шуум гарлаа. $INTC өнгөрсөн 7 хоногт Nvidia-с $5 тэрбум, 8-р сард SoftBank-с $2 тэрбумын хөрөнгө оруулалт татаад буй. Хэрэв $AAPL-тай хийх хэлцэл нь амжилттай болбол энэ нь тэдний татсан 3 дахь том хөрөнгө оруулалт болно. Тус мэдээтэй холбоотойгоор компанийн нэгж хувьцааны үнэ 6.4% өсөж $31.2 хүрээд байна.

🏀 Сагсан бөмбөг эргэн ирлээ

Монголын хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй спортын нэг сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лиг эхлэхэд ердөө 5 өдөр үлджээ. Ирэх улирлаас онцлох зүйлс юу байна?

⚡️ Шинэ улирал 

Дуулиан шуугиан ихтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд Хөгжлийн лигээс Ховд Шонхорууд, Chi Forest Mongolians багууд дэвшин орж ирээд байна. Мөн энэ жилээс багууд бүрэлдэхүүндээ нэг Ази импорт тоглогч авах болсноор нэг багт байх гаднын тоглогчдын тоо 3 болжээ. Энэ бүгдээс харахад лигийн өрсөлдөөн өмнөх жилүүдээс илүү ширүүхэн болох нь дамжиггүй.

💥 Ширүүн өрсөлдөөн

Энэ улиралд Үндэсний Дээд Лигийн 10 баг нийт 50 орчим тоглогчийг шинээр эгнээндээ нэгтгэсэн бөгөөд тамирчдын шилжилт хөдөлгөөн болон бусад онцлох зүйлсийг дурдвал: 

  • Драфтын №1: Драфтын тэргүүн сонголтоор Chi Forest Mongolians баг Б.Энх-Амарыг сонгосон ба драфтын дараа түүнийг Бишрэлт Металл багийн түлхүүр тоглогчдын нэг Б.Сүхбатаар сольжээ.

  • ₮2.5 тэрбум: Сэлэнгэ Бодонс баг Монголын 3х3-ийн шигшээ багийн 5 тамирчдыг эгнээндээ нэгтгэж, тус тамирчдын гэрээний нийт үнийн дүн ₮2.5 тэрбумд хүрэв.

  • $2.5 сая: Өнгөрсөн улирлын аваргууд болох Хасын Хүлэгүүд баг Азийн Аваргуудын Лигт хүрэл медаль хүртсэн бөгөөд ирэх 10-р сард $2.5 саяын шагналын сантай Зүүн Азийн Супер Лигт тоглох аж.  

  • Супер одын 2 дахь жил: Энэ улиралд Сэлэнгэ Бодонс багт цагтаа NBA-г шуугиулж явсан Демаркус Казинс дахин нэгдэж, Playoff-н үеэр Монголд ирэхээр болжээ. 

💸 Шинэхэн спонсор

Багийн санхүүжилтэд ивээн итгэгчдийн оролцоо асар чухал. Шинээр энэ улиралд Омни Капитал ББСБ Эрдэнэт Майнерс багтай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, тус багийн нэр Омни Эрдэнэт Майнерс болов. Сэлэнгэ Бодонс багийн хувьд Интермед эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, мөн Монложистикс Холдинг (MLG)-той ₮500 саяын үнийн дүнтэй гэрээ үзэглэжээ

Эцэст нь… Зөвхөн эрэгтэй лиг гэхэд ийм олон сенсацтай үйл явдлууд болоод өнгөрлөө. Магадгүй дараагийн удаа эмэгтэй лигийг онцолж болох юм. Манай лимончууд аль багийг дэмжих гэж байна?  👀

💡 Таавар таацгаая

… нь зах зээлийн дундаж өгөөжөөс илүү ашиг олох зорилгоор үнэлгээ нь бодит үнэ цэнээсээ бага хувьцааг сонгон хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчийг хэлнэ. Тэр хэн бэ? Хариултаа бидэнтэй хуваалцаарай.

Novinky

🍋 Хятадын автомашин үйлдвэрлэгч Chery Хонконгийн хөрөнгийн бирж дээр энэ оны авто салбарын хамгийн том IPO хийлээ. Өнгөрсөн 7 хоногт компани 297.4 сая ширхэг хувьцааг тус бүр нь HK$30.75-оор худалдаж $1.2 тэрбумыг босгосноор зах зээлийн үнэлгээ нь $25 тэрбум болжээ. Ийнхүү тус IPO нь CATL (300750.SZ)-н $4.6 тэрбумын IPO-н дараа Хонконгийн 2 дахь том IPO болж байна.

🍋 ХАА-н үзэсгэлэн худалдаанд оролцогч тариаланч, хүнсний үйлдвэрлэгчид өдөрт ₮90-₮130 саяын орлого олж байна. Үзэсгэлэн худалдаа өнгөрсөн Даваа гарагт эхэлсэн бөгөөд 21 аймгийн нийт 200 гаруй тариаланч, хоршоологч болон 300 гаруй ХХАА, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож байгаа гэнэ. Гэснээс худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш ямар байгаа нь сонирхолтой

🍋 Oracle (ORCL) зардлаа нэмэгдүүлэх зорилгоор $18 тэрбумын хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй бонд гаргажээ. Бондын өгөөж Америкийн ЗГ-ын бондуудаас 1.37 нэгж хувиар өндөр байгаа нь анхны санал болгосон дүнгээс 0.28 нэгж хувиар бага аж. Компани 2028 он хүртэл өсөлтөө санхүүжүүлэхийн тулд ойролцоогоор $65 тэрбумын бонд гаргах шаардлагатай бөгөөд ийнхүү энэ онд 2 удаа бонд гаргаж үүний 40%-ийг бүрдүүлээд байна. 

🍋 Монгол Улс дотооддоо буудлагын зэвсгийн сум үйлдвэрлэж эхлэв. Үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг БХЯ гадаад хамтын ажиллагааны хүрээнд Туркийн “MKE” корпорацтай байгуулсан гэрээний дагуу хамтран гүйцэтгэж ашиглалтанд оруулсан аж. Ийнхүү дотоодод үйлдвэрлэгдсэн сумыг зэвсэгт хүчний бэлтгэлд ашиглаж эхлэх нь. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.