• Lemon Press
  • Posts
  • 😈 AI таны ажлыг хулгайлах уу?

😈 AI таны ажлыг хулгайлах уу?

Хүчирхэгжих Монгол паспорт | Нэг өдрийн 582%-ийн өсөлт | Багануурын уурхайн 5 сая тн нүүрс

POWERED BY

Өглөөний мэнд! Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын аваргын цувралд Сэлэнгэ Бодонс баг анхны хожлоо авлаа. Нөгөөтээгүүр, өчигдрийн тоглолтод өмнө Хасын Хүлэгүүд баг хожиход 10 дахь аваргын цомоо өргөхөөр байв. Гэвч тус тоглолтод Сэлэнгэ Бодонс хожсоноор цувралын харьцаа 3:1 болж, цуврал цааш үргэлжлэхээр боллоо. Дараагийн тоглолт 4 сарын 24-нд буюу яг 7 хоногийн дараа болно. Манай лимонууд аль багийг нь дэмжиж байна? 🏀🏆

*Нэг өдрийн өөрчлөлт.

POM: Өчигдөр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт болж, 56.4%-ийн саналтайгаар хэлэлцэхийг дэмжлээ.

CHN: 2026 оны эхний улиралд Хятадын эдийн засаг 5% өсөж, эдийн засагчдын таамаглалаас давж, сүүлийн 1 жил дэх хамгийн өндөр улирлын өсөлтийг үзүүлэв.

TPP: 2026 онд ДЦС-3 нь усаар түгээх нэг гигакалори эрчим хүчийг ₮29,418-өөр үйлдвэрлэдэг ч 9 дахин бага үнээр буюу ₮3,251-өөр борлуулж буйгаас шалтгаалж дулаан түгээлтээс ₮69 тэрбумын алдагдал хүлээхээр тооцоолов.

🔋 Хүчирхэгжих Монгол паспорт 

АН гишүүддээ “Ардчиллын паспорт” олгодог болсон нь нөлөөлсөн үү, эсвэл 2021 оноос хойш Гадаад харилцааны сайдаар нэг хүн тогтвортой ажилласны үр дүн үү, бүү мэд. Ямартай ч Henley & Partners-н гаргадаг дэлхийн паспортын шинэчлэгдсэн чансаанд Монгол 6 байр ахиж, 70-р байрт жагслаа. 

🇲🇳 Өсөлтийн нууц

Тус өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь томоохон шийдвэрээс илүү урт хугацааны бодлоготой холбоотой. Henley & Partners-н тайланд дурдсанаар, 2026 онд Монголчууд дэлхийн 64 оронд визгүй зорчих боломжтой байгаа нь өмнөх оноос 2-оор буурсан үзүүлэлт ч 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10-аар өссөн дүн аж. 

  • 🔦 Товчхондоо: Сүүлийн жилүүдэд зарим оронтой визийн нөхцөлөө зөөлрүүлж, тодорхой чиглэлд визгүй зорчих боломжийг нэмэгдүүлсэн нь тус өсөлтөд нөлөөлжээ. Мөн бусад улс орнуудын онооны хөдөлгөөн ч Монголын байр урагшлахад нөлөө үзүүлсээр байна. 

🌏 Зорих чиглэл 

Монголоос гадаад руу зорчсон иргэд 2026 оны I улиралд өмнөх оны мөн үеэс 7% өсөж 736.4 мянгад хүрчээ. Үүнд Хятад руу зорчсон иргэдийн тоо 13.8%, Япон руу 10.9%, Өмнөд Солонгос руу 8.1% тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин Орос руу зорчсон иргэдийн тоо 25.1% буюу 18.8 мянгаар буурсан аж. 

  • 🧳 Зорчих хүмүүс: Гадагшаа явсан Монголчуудын 64% нь эрэгтэйчүүд бол үлдсэн 36% нь эмэгтэйчүүд байв. Хамгийн ихээр 30-54 насныхан гадаадад зорчсон бөгөөд тус насны бүлгийн 485 мянган хүн нь нийт зорчигчдын 65.9%-ийг бүрдүүлжээ. Цаашлаад, нийт хүмүүсийн ердөө 2.3% нь албан болон бизнесийн томилолтоор гадаад руу зорчсон байна.

Эцэст нь… Энэ сараас эхлэн Америкийн B1/B2 ангиллын визийн шаардлагыг хангаж буй Монгол иргэд $15,000 хүртэлх барьцаа байршуулах шаардлагатай болсон. Өмнө нь голдуу Африкийн орнуудад үйлчилдэг байсан бол энэ журамд шинээр Монгол, Гүрж, Камбож тэргүүтэй улсууд нэмэгджээ. Магадгүй энэ нь Монголчуудын визийн хугацаа хэтрүүлэх, харлах гэх мэт асуудлаас улбаатай байх. Тиймээс визтэй, визгүй хаа газар зорчихдоо тухайн улсын дүрэм, журмыг чандлан сахих хэрэгтэй шүү. 

  • 🎙️ Гишүүнийг эгүүлэн татах дээр УИХ-ын гишүүдтэй хийсэн мэтгэлцээн. (LibertyPub)

  • 💹 X дээр крипто болон хувьцааны датаг харуулдаг Cashtags фукцтэй боллоо. (TheBlock)

  • 🎪 Энэ амралтын өдрүүдийг илүү сонирхолтой болгох 12 эвент. (UBLife)

  • 👩🏻‍🏫 Оюутнууд тааруу газар ажиллахын оронд хувийн бизнесээ эхлүүлэх болжээ. (Bloomberg)

🤷🏻‍♂️ Нэг өдрийн 582%-ийн өсөлт

BIRD: Хонины ноосон спорт гутал үйлдвэрлэгч Allbirds нь NewBird AI нэрээр рибрэндинг хийж, AI дэд бүтцийн бизнес рүү орохоо мэдэгдлээ. Өнгөрсөн 3-р сард Allbirds гутлын бизнесээ American Exchange Group-т $39 саяар худалдсан бөгөөд ингэснээр компанийн хувьд татан буугдахад тун ойрхон ирээд байв. Харин тус мэдэгдлийн тусламжтай өнгөрсөн Лхагва гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 582% өсөж $17-т хүрчээ. Сонирхуулахад, компанийн зах зээлийн үнэлгээ оргил үедээ буюу 2021 онд $4.2 тэрбумд хүрээд байсан бол өдгөө $148 саяар хэмжигдэж байна.

🤯 AI таны ажлыг хулгайлах уу?

Энэ он гарснаас хойш технологийн томоохон компанид ажилладаг 80 мянга гаруй хүн ажлын байраа алдаад байна. Шалтгаан нь хиймэл оюун ухаан (AI)-ы үсрэнгүй хөгжилтэй холбоотой.

🎭 Snapchat, META гээд цуврал үргэлжилсээр

2026 оны эхний 4 сар өнгөрөхөд технологи салбар дахь цомхотголын долгион дахин сэргэлээ. Snapchat-н эзэн Snap (SNAP) компани өчигдөр тайлбарлахдаа “AI нь давтагдсан ажлыг бууруулж, ажлын бүтээмж, хурдыг нэмэгдүүлж, илүү жижиг багаар илүү ихийг бүтээх боломжтой болж байна” гэж мэдэгдсэн. Компани AI tool ашиглан Snapchat+, сурталчилгаа, дэд бүтэц зэрэгт том ахиц гаргаж, жилд $500 саяын зардал хэмнэх зорилготой байгаа.

  • 👺 Асар том тоо: Энэ бол зөвхөн нэг жишээ. 2026 оны эхний улиралд технологийн салбарт 80,000 гаруй ажилтан ажлаасаа халагдсан бөгөөд үүний ойролцоогоор 50% нь AI эсвэл автоматжуулалттай холбоотой гэж тооцоолж байна.

  • 🏄‍♂️ Цуваа үргэлжилсээр: Meta (META), Amazon (AMZN), Atlassian (TEAM), Pinterest (PINS) зэрэг томоохон компаниуд ч мөн адил “AI руу шилжих” нэрийн дор ажилтнуудаа цөөлж байна. Угаас том зургаар өнгөрсөн онд Америкт нийт 1.2 сая гаруй хүн цомхотголд өртсөн нь 2024 оны мөн үеэс 58% өссөн дүн болсон. Үүний 5% нь мөн л AI-тай холбоотой.

🪘 Ирээдүйн төлөв: Айдас уу, боломж уу?

World Economic Forum-н Future of Jobs Report 2025 дагуу бол 2030 он гэхэд 92 сая ажлын байр орлуулагдах боловч 170 сая шинэ ажлын байр үүсэх аж. Тэгэхээр нэмэлтээр нийт +78 сая ажлын байр бий болох нь! LinkedIn-н мэдээллээр AI аль хэдийнээ 1.3 сая шинэ ажлын байр бий болгосон гэнэ.

Эцэст нь… AI-н улмаас зарим ажлын байр устаж, цөөрч байгаа ч шинэ боломжийн үүд хаалга ч нээгдэж байна. “AI таны ажлыг авна” гэхээс илүү “AI-г ашиглаж, мэддэг хүн таны ажлыг авна” гэдэг үг үнэн болж байна даа.

💡 Таавар таацгаая. 

 нь мэргэжлийн кареерынхаа хугацаанд NBA-с нийт $94.3 саяыг олжээ. Тэрээр нийт 11 жилийн турш NBA-н 8 багт хүчин зүтгэсэн бөгөөд хамгийн удаан тоглосон багаасаа $56.9 саяын цалин авч байв. Сонирхуулахад, тус тамирчин нь 2018 онд Samsara Luggage гэх ухаалаг тээш үйлдвэрлэгч стартапд angel хөрөнгө оруулалт хийж, дараагийн жилд нь хувьцаагаа заржээ. Тэр хэн бэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцаарай. ✌️

🍋 Өмнөд Солонгос энэ оны эхний улиралд 4.8 сая гадаад жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 23% өссөн дүн болжээ. Тэгээд ч зогсохгүй бүх жилүүдийн I улирлын дээд амжилт болсон байна. Ирсэн жуулчдыг улсаар нь задлан харвал, Хятадын жуулчид 29% өсөж 1.45 сая болж тэргүүлсэн бол араас нь Япон, Тайванийн жуулчид жагсав. Энэ өсөлтөд BTS-н Gwanghwamun-н үнэгүй концерт ихэд нөлөөлсөн гэнэ дээ. 

🍋 Тээвэр хөгжлийн банкны I улирлын ашиг жилийн өмнөхөөсөө 27.6% буурч ₮3.5 тэрбум болсон байна. Учир нь тэдний цэвэр хүүгийн орлого 34.4% буюу ₮4.4 тэрбумаар өсөж ₮12 тэрбумыг давжээ. Цаашлаад, тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 45.3%, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 18.8% байгаа аж.

🍋 Тайвань $4.14 их наяд ын зах зээлийн үнэлгээтэй болж, Их Британийг ардаа орхилоо. Улмаар дэлхийд 7-рт эрэмбэлэгдэх том хөрөнгийн зах зээл боллоо. AI чипийн асар их эрэлт, ялангуяа TSMC-ийн хүчтэй өсөлтөөр tech компаниудын хувьцаа огцом өссөн нь гол шалтгаан болов. Мөн Ираны дайны хүч буурна гэсэн найдвар ч нөлөөлжээ.

🍋 Багануур ХК (BAN) 2027 онд нүүрс олборлолтоо 5 сая тн-д хүргэнэ. Тэдний хувьд төвийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 52%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа бөгөөд 2025 онд ₮1.5 тэрбумын орлоготой ажилласан байна. Мөн тус онд нийт ажилчдынхаа үндсэн цалинг 13%-20% нэмэгдүүлсэн гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.