- Lemon Press
- Posts
- 💔 Алтан гинж тасрав
💔 Алтан гинж тасрав
Зогсохгүй хурдлах Казахстан | Тэнгэрээс дээш 24% | Bye: Мөрийтэй тоглоом
POWERED BY
Morning! Баруун зүгийнхэн байна уу? 10-р хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрийн 22 цагаас эхлэн хааж Лхагва гаргийн өглөө 6 цагаас нээх юм байна шүү. Түгжрэлээ тооцоорой. 🚗🚦


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ оны I улиралд жилийн өмнөхөөсөө 8.4% өсөж $38 тэрбумд хүрлээ.
FRC: Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны хуралдааны дэгийг шинэчлэн баталж, 2 компанид ХБҮЦ гаргах, 1 компанид хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахыг зөвшөөрөв.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮54.7 тэрбумын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮19.4 тэрбумын арилжаа хийгдсэн байна.
SAV: Төгрөгийн хадгаламжийн хэмжээ өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 18% нэмэгдэж ₮22.2 их наядад хүрсэн бол валютынх 20.9% өсөж ₮5.3 их наяд болжээ.

📌 Хэмнэлтийн тодотгол айсуй

Шинэ Ерөнхий сайдын эхний чухал ажил төсөвт тодотгол хийх явдал. Энэ 7 хоногт үүнтэй холбоотой төсвийг өргөн мэдүүлэх учиртай.
❌ Анхны шахуу таналт
Монгол Улс жил бүр алдагдалтай төсөв баталж, түүнийгээ жил бүр тодотгож зардал, алдагдлаа нэмсээр ирсэн. 2024 оны сонгуулийн жилээр л гэхэд түүхэд үлдэх хамгийн өндөр зардалтай төсөв баталсан ч түүнийгээ дахин нэмж тодотгоод бүр ₮30 их наядыг давуулж байв. Харин энэ оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар анх удаа шахуу алдагдалгүй төсөв батлагдсан бол одоо тодотголоор зардлаа нэмэх биш “хасах” гэж байна.
💔 Алтан гинж тасрав: Учир нь төсвийн орлого энэ оны эхний 6 сарын байдлаар нийт ₮2.5 их наядаар тасарсан буюу нүүрсний үнэ унасан, татварын орлого ₮1.4 их наядаар буурсан зэргээс хамаарч тооцоолсон орлого нь дутсан хэрэг.
🧐 Яаж танах вэ?
Шинэ Ерөнхий сайд энэ удаагийн тодотголоор төсвийн зарлагыг ₮2.3 их наядаар танана гэж мэдэгдсэн. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6%-д хүргэхээр ажиллана гэдгээ ч дурдав. Таналтын хүрээнд төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах юм гэнэ. Угаас Монголын төрийн албан хаагчдын тоо хэмжээ дэлхийд 9-рт жагсаж байгаа тул танах нь зөв.
‼️ Нөгөө талаас өмнөх жилүүдэд инфляцын түвшин, мөнгөний хатуу бодлогыг үл харгалзан төсвийн зардлыг үлэмж хэмжээгээр нэмж, бүр болоогүй төсвийн тэнцэл ашигтай гарах үед тодотгол оруулж зардлаа дахин нэмсээр ирсэн. Энэ заншил үнэхээр ингээд дуусгавар болчихвол сайн л байна.
Эцэст нь… Шинэ Ерөнхий сайд УИХ-ын чуулганы үеэр гишүүдийн асуултад оновчтой, тодорхой хариулсныг хүн бүр л ярьж байна. Гэхдээ бодит байдал дээр хийсэн хэлсэн шигээ үр дүнтэй ажиллахыг харах л үлдэж байна даа.

🔫 The Mongolz баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шөвгийн 8-д шалгарлаа. (HLTV)
📜 Монголын парламентыг гаднын оронд хэн хэн төлөөлж байна вэ? (Parliament)
🥟 Америкийн зоогийн газрын зах зээлийг баздаг баншны сүлжээ. (MorningBrew)
🌄 Tesla стратегиа шинэчилж эргэн хөл дээрээ босно. (WSJ)

📈 Тэнгэрээс дээш 24%
ORCL: Технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Oracle-н санхүүгийн IV улирлын гүйцэтгэл шинжээчдийн таамгийг эвдэж хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татлаа. Тухайлбал, нэгж хувьцааны үнэ нь өнгөрсөн Баасан гарагт бүх цаг үеийн дээд үнэ болох $216.6-т хүрсэн бөгөөд ганцхан 7 хоногийн дотор хувьцааны үнэ нь 24% өсжээ. Тэдний орлого мөн үеэс 11% өсөж $15.9 тэрбумд хүрч нэгж хувьцаанд ногдох ашиг $1.7 болсон аж. Тус өсөлтөд үүлэн технологийн зах зээлийн тэлэлт нь хамгийн том нөлөөтэй байж цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

⚡️Зогсохгүй хурдлах Казахстан

Бидний бараг л хөрш гэгддэг Казахстаны эдийн засаг 2025 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 6.4% өсөөд байна. Тус өсөлтөд аж үйлдвэр, барилга, худалдаа, тээвэр болон харилцаа холбооны салбар урдах ажлаа тултал нь хийсэн нь нөлөөлөв.
📈 Энэ жилийн өнгө
Өмнөх онд Казахстаны ДНБ-ий хэмжээ 2023 оноос 9.7% өсөж $288.1 тэрбумд хүрсэн бол энэ оны ердөө эхний 5 сард $300.5 тэрбумд хүрээд байна. Улсын хэмжээнд нийт 20 мужаас 17 мужийн эдийн засаг ногоорсон бөгөөд өсөлтөөр Жамбыл муж тэргүүлсэн нь хүдрийн олборлолт, бордоо, цемент, элсэн чихрийн үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой аж.
Том зургаар харвал тэдний хөдөө аж ахуйн салбарын орлого өмнөх оны мөн үеэс 4%, барилгын салбарын орлого 15.4%, харилцаа холбооны салбарын орлого 2.8%, гадаад худалдааны эргэлт 7.8% нэмэгдээд байна. Манайд бол ХАА салбар “хасах” заадаг болоод удаж байна даа.
🥇 Бүсийн аварга
Угаас Казахстан Төв Азийн бүс нутагтаа эдийн засгаараа аварга. Учир нь энэ оны байдлаар Төв Азийн бүс нутгийн 5 орны ДНБ хэмжээ $556.8 тэрбумд хүрсэн. Үүний 54%-ийг Казахстан дангаараа бүрдүүлэв. 1990 оноос хойш жил бүр Казахстаны ДНБ-ий хэмжээ дунджаар 8.5% өссөн нь аваргын бүсээ хадгалах гол амжилт нь байлаа. Аваргын араас удаах байранд $132.5 тэрбумын эдийн засагтай Узбекистан жагсах бөгөөд хэдий эдийн засгаар 2-т орох ч хүн амын тоогоор тэргүүлэгч. Бүс нутгийн 82 сая хүн амын 47% нь Узбекстаны иргэд гэж байгаа.
🏔️ Холын хараа
Казахстаны эдийн засаг тэлэхийн хэрээр хөгжлийн зам ч гэрэлтсээр байна. Ганцхан жишээ авахад саяхан тэд Төв Азийн хамгийн хүчирхэг супер компьютертой болсноо зарласан бөгөөд энэ нь эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч болон бусад салбарын дижитал шилжилтийг хурдасгах багана нь болох гэнэ. Мөн төрийн зүгээс Казахстаныг технологийн томчууд болон дата төвийн операторуудын анхаарлыг татах шинэ төв болгон хөгжүүлэхээр бэлтгэж буй. Ингэхдээ 2029 он хүртэл AI хөгжлийн концепцийг хэрэгжүүлэх, орчин үеийн IT дэд бүтцийг байгуулахад түлхэц үзүүлэх ажээ.
Эцэст нь… Бидэнтэй ойр улсуудаас гадаадын хөрөнгө оруулалтын шимийг хамгийн сайн хүртэж буй нь яах аргагүй Казахстан болжээ. Манай бизнес эрхлэгчид ч Казахстан руу тэлсээр байгаа. Төр засаг гадаадаас туршлага судлахаар бол Казахстан руу очиж номын дуу сонссон нь дээр бололтой…

Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт ₮4,715 байна. Тэгвэл манай улстай ойролцоо амьдралын өртгийн индекстэй орнуудынх ямар байна вэ?
Узбекистан: ₮5,600 буюу Монголоос 1.2 дахин,
Азербайжан: ₮6,440 буюу 1.3 дахин,
Казахстан: ₮7,000 буюу 1.5 дахин,
Чили: ₮8,400 буюу 1.8 дахин тус тус өндөр байна.

CNBC
🍋 Chime (CHYM) IPO хийж ойролцоогоор $11.6 тэрбумын үнэлгээтэй боллоо. Тодруулбал, компанийн хувьцааны үнэ 28.8% өсөж $34.79 болсноор нийт $864 саяыг босгожээ. Угтаа тэд $25 тэрбумын үнэлгээтэйгээр IPO хийхээр өнгөрсөн оноос хойш төлөвлөж байсан ч зах зээлийн савлагаанд ийн өртжээ.
🍋 Монголбанк тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд орууллаа. Энэ хүрээнд тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээл олгогч банк тогтоох, өр орлогын харьцаа 50:50 байхаар тогтсон байна. Өнгөрсөн 3-р сард Монголбанк тэтгэврийн зээлийг олгохдоо зээл төлөлтийн дараах үлдэгдэл амьжиргааны баталгаажих түвшнээс доош байхыг хориглосон шийдвэр гаргаж байсан юм.
🍋 Дональд Трамп нийтэд ил болгосон санхүүгийн тайландаа $600 саяын орлого, $1.6 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. Тайланд криптовалютын хөрөнгө, ҮХХ-өөс олсон орлого, гаднын хөрөнгө оруулагчидтай хийсэн лицензийн өндөр дүнтэй гэрээнүүд багтжээ. Тодруулбал, тэрээр 15.75 тэрбум саналын эрх бүхий токен эзэмшдэг бөгөөд өнгөрсөн онд токен борлуулалтаас $57.3 саяын орлого олж. Орлогоо нотлох уг нь ийм амархан.
🍋 УИХ цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль батлав. Шинэ хуулиар Монголоос цахим мөрийтэй тоглоомд хандах эрхийг хааж, VPN ашигласан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх, мөн энэ төрлийн уралдаан зохион байгуулсан агентуудад эрүүгийн хариуцлага, сурталчилсан, уриалсан этгээдэд зөрчлийн хариуцлага хүлээлгэхээр тусгаж. Энэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх нь.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply