- Lemon Press
- Posts
- 📢 Хонь аваарай, хонь аваарай!
📢 Хонь аваарай, хонь аваарай!
Иргэдийн зээл | Aero Mongolia-н торгууль | Австралийн хонины махны үнэ унасаар
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Ипотекийн зээл яг ухаалаг хөрөнгө оруулалт мөн үү, гэж бодож байсан уу? Тэгвэл үүний хариултыг ЭНД дарж аваарай. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
POL: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоол батлагдав.
CHN: Энэ оны эхний 10 сард Хятадын коксжих нүүрсний импорт жилийн өмнөхөөс 57.1% өсөж 81.124 сая тн-д хүрчээ.
UB: Нийслэлийн ирэх оны төсвийн орлого жилийн өмнөхөөс 33.5% нэмэгдэж ₮2.6 их наядад хүрэх бөгөөд үүний 93.1%-ийг татварын орлого бүрдүүлнэ.

💸 Хаа сайгүй зээл

Өнгөрсөн сарын байдлаар Монголд 1.8 сая хүн арилжааны банканд зээлтэй байна. Тэгэхээр Монголчуудын 51% нь зээлтэй гэсэн үг. Сүүлийн 1 жилд л гэхэд зээлтэй иргэдийн тоо 163.6 мянгаар нэмэгджээ.
Урд хормойгоор хойд хормойгоо
Өрхийн нийт зардал нийт орлогоосоо давсан байдаг нь бараг л жам болсон. Өнгөрсөн улирлын байдлаар л гэхэд өрхийн сарын дундаж зардал орлогоосоо ₮80.5 мянгаар илүү байна. Энэ л зээлтэй байхын үндэс болж буй.
₮15 их наяд: Өнгөрсөн сарын байдлаар арилжааны банкны иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 29% нэмэгдэж ₮15 их наядад хүрсэн байна.
1 хүний зээл = ₮8.5 сая: Түүнчлэн 1 зээлтэй иргэнд ногдох зээлийн үлдэгдлийн хэмжээ дунджаар ₮8.5 сая байгаа юм. Жилийн өмнө л энэ тоо ₮7.3 сая байв. Иргэдийн зээлийн хэмжээ жил ирэх тусам л талийж байна даа.
Ямар зээл аваад байна?
Иргэдийн түгээмэл авдаг зээлүүдийг ангилж харвал өрхийн хэрэглээний зээл хамгийн ихээр буюу жилийн өмнөхөөсөө 182.6% нэмэгдэж ₮307.9 тэрбумд хүрчээ. Өрхийн амьжиргааны өртөг инфляцын нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж байгаа тул үүнийг хангахын тулд зээлээ нэмэгдүүлж байгаа хэрэг.
1 тэтгэвэр авагчийн өр = ₮4.4 сая: Түүнчлэн тэтгэврийн зээлийн хэмжээ ч 134.7% нэмэгдэж ₮1.1 их наяд болжээ. Улмаар 1 тэтгэвэр авагчийн зээл ₮4.4 сая болсон байна. Харин цалингийн зээлийн үлдэгдэл хамгийн их буюу ₮4.1 их наяд байгаа юм.
Эсрэг чиглэлд: Картын зээлийн үлдэгдлийн хэмжээ 15.7%, автомашины зээлийн 7.1% тус тус буурсан аж. Тэгэхээр эдийн засгийн тодорхойгүй энэ үед иргэд автомашины зээл гэх мэт их хэмжээний өр зээл авахаас илүү хэрэглээгээ залгуулахыг илүүд үзэж буй бололтой.
Эцэст нь… Зөвхөн арилжааны банканд л ийм их зээл байна. Үүнээс гадна янз бүрийн зээлийн апп, ББСБ-д ч өчнөөн зээл байгаа. Зээлгүй монгол хүн та өдрийн од юм уу?

🤑 Ашиг х 2.9
ZM: Zoom-н III улирлын орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 3.2% өсөж $1.1 тэрбумд хүрлээ. Цар тахлын үед гялалзаж байсан тэд хэрэглэгчийн сегментээ байгууллагууд руу чиглүүлж тус сегментийн хэрэглэгчдээс $661 саяыг олсон нь орлогын өсөлтөд нөлөөлөв. Улмаар цэвэр ашиг нь 2.9 дахин өсөж $141.2 сая болсон байна.

📢 Хонь аваарай, хонь аваарай!

Австралид хонины махны үнэ унаж фермерүүд аргаа бараад хонио үнэгүй өгмөөр байгаа ч авах хүн олдохгүй байна гэнэ ээ.
Хэт олон хонь
Энэ онд Австралид хонины тоо толгой 78.8 саяд хүрч 15 жилийн түүхэн дээд түвшинд хүрээд буй. Санаж байгаа бол 3 жилийн өмнө тус улсад аймшигт ган тохиож бүхэл бүтэн тив шатах шахсан. Тухайн үед хонины тоо толгой 64 сая болж 100 жилийн түүхэн доод түвшинд хүрч махны үнэ тэнгэрт хадаж байлаа. Тоглоомтой ч юм шиг өнгөрсөн 3 жилд хонины тоо толгой эрчимтэй өссөн. Өдгөө хонь өсгөх зардал нэмэгдсэн тул фермерүүд хонио үнэгүй өгье гэсэн ч авах хүн олдохгүй байгаа аж.
Хонь үржүүлэх чинь бөөн зардал
Гол асуудал нь зах зээлд хэт их нийлүүлэлт бий болсноор хонины махны үнэ 2 жилийн өмнөхөөс 70% унаж 1 кг нь $1.2-т хүрээд буй. Үүнд энэ онд тус улсад хэт халж, хуурайшилт явагдаж ашиглах боломжит бэлчээрийн хэмжээ хумигдаж байгаа нь ч нөлөөлж буй. Гэхдээ хонины үнэ унаж байгаа нь супермаркетуудад биш хонийг амьдаар нь худалдан авч буй захуудад л хамаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Уналтын эсрэг: Тийм ч учраас зарим фермерүүд зах руу явахын оронд цахимаар хэрэглэгчдэд хонио худалдах замаар арай үнэтэй зарчих гээд үзэж байгаа сурагтай.
Зардал руу ороход, Австралид хонь үржүүлнэ гэдэг нь тоног төхөөрөмж, идэш, малын үзлэг, вакцинаас эхлээд, бэлчээр ашигласны татвар нэмээд тэр хонинууд чинь хээр талд бэлчээд явж байдаггүй болохоор хашаа хороо гээд бөөн зардалтай.
Талын амьтан талдаа байж байг!
Ингээд харахаар нүүдэлчин ахуйтай биднээс бусад газарт МАА бол бизнес. Гэтэл Монголд бол малчид малаа санаснаасаа бага үнээр зарснаас үргэлжлүүлэн тэжээхийг илүүд үздэг. Гэтэл тэр хугацаанд бэлчээрийн талхлалт, ган гачиг, зуд гээд олон асуудал гарч буй.
Эцэст нь… Австралид бол малыг ЭЗ-ийн эргэлтэд оруулах нь хамгийн чухал. Ингэж чадахгүй бол үнэгүй өгөхийг сонгож байна. Харин Монголчуудын хувьд МАА-гаа бизнес биш амьдралын хэв маяг л гэж харах юм даа.

Ээлжит тааврын цаг ирсэн байна. Өнөөдөр бид эможигоор ном таах болно. Жич: Зохиолч нь Монголд ирж байсан. 🤭
🩸💵📓


Reuters
🔹Honor Device IPO хийнэ. Тэд 3 жилийн өмнө Huawei-с тусдаа гарсан бөгөөд компанийн дийлэнх хувийг Шэньжэнь хотын удирдлага эзэмшдэг аж. Сонирхуулахад, тэд энэ оны III улиралд Хятадын утасны зах зээлийн 18%-ийг дангаараа эзлээд буй.
🔹Ирэх онд ₮600 гаруй тэрбумын ипотекийн зээл олгох боломжтой. Тус эх үүсвэрийн ₮500 тэрбумыг Монголбанкнаас, ₮100 гаруй тэрбумыг арилжааны банкнаас татах аж. Түүнчлэн ирэх онд ₮500 гаруй тэрбумын ипотекийн зээл эргэн төлөгдөхөөр байна.
🔹Дэлхийн Банк Улаанбаатарт аж үйлдвэрийн парк байгуулах ажилд туслахад бэлэн. Мөн тус банкнаас үер усны байгууламжийг сайжруулахад хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Харин метроны төслийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа дахин ярилцах аж.
🔹Өмнөд Солонгосын Тээврийн яамнаас Aero Mongolia-г ₩10 саяар торголоо. Тодруулбал, тус яамнаас Aero Mongolia-г өнгөрсөн 7 сарын 1-нээс хойш Инчон-Улаанбаатар чиглэлд зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн гэх үндэслэлээр торгохоор шийдвэрлээд буй.

Үз: Бодлогын хүү хэрхэн ХЗЗ-д нөлөөлдөг вэ? (USBank)
Мэд: Шалтгаангүй ядраад байгаа бол эдгээр витамины дутагдалд орсон байх вий. (NDTV)
Сонирх: Дэлхийн хүн ам хэзээ оргил цэгтээ хүрэх бол? (VisualCapitalist)
Мэдсэн үү? Буган хөшөөний хакатон зарлагджээ. (LemonPress)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply