• Lemon Press
  • Posts
  • 🧠 Иргэдийн санхүүгийн мэдлэг 52.1F

🧠 Иргэдийн санхүүгийн мэдлэг 52.1F

Тогтвортой хөгжлийн зорилт болон иргэдийн санхүүгийн мэдлэгийн талаарх судалгааг тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг хүний оролцоогүйгээр явуулахын тулд сонгон шалгаруулалт, үйл явцыг ил тод болгох шинэ систем нэвтрүүлэх гэнэ. Юу л болдог бол доо. 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт

IMP: Он гарснаас хойш импортолсон газрын тосны хэмжээ жилийн өмнөхөөс 30.7% өсөж 972.6 мян.тн болсон байна.

CPI: Америкийн 5-р сарын инфляц 4%-тай гарсан нь 2021 оны 3-р сараас хойших хамгийн бага үзүүлэлт болов.

CHN: Хятадын төв банк сүүлийн 10 сарын хугацаанд анх удаа богино хугацааны зээлийн хүүгээ буурууллаа.

Хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийн эрсдэлийн үнэлгээ

Lemon Press Opinions-н энэ удаагийн дугаараар Монголбанкны эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор Б.Золзаяагийн хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн үнэлгээний талаарх нийтлэлийг хүргэж байна. Таалан уншина уу!

ОУ-ын түвшинд тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийн албан ёсны 17 зорилго, 169 зорилтыг 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” (ТХЗ) гэх нэршлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар баталж тэдгээрт 2030 он гэхэд хүрэхээр 193 улс орон нэгдсэн. 2017 оны 3-р сард НҮБ-ын Статистикийн комиссын чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг.

Харин Монголын хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийн бага эрсдэлтэй үзүүлэлтүүдийн хувьд 2019 оноос хойш тогтмол эерэг өөрчлөлттэй, зорилтот түвшинд ойртсон хэдий ч тус ангилалд нийт үзүүлэлтүүдийн 20% багтаж буй нь хангалтгүй юм.

Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

🌱 Тогтвортой хөгжлийн зорилт ба бизнесийн өсөлт

Сүүлийн жилүүдэд хаа сайгүй л тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ыг чухалчилж ярих болов. Ер нь ТХЗ хэр хэрэгжиж байна?

Бид хаана явна?

Монгол 2021 онд ТХЗ-ын индексэд 63.5 оноо авч 163 орноос 106-д эрэмбэлэгдэж байв. Тус 17 зорилтуудаас ахицтай хэрэгжиж буй нь чанартай боловсролыг дэмжих болон ядуурлыг устгах зорилтууд л байв. Харин ээлтэй хот болон иргэдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилтууд хамгийн муу хэрэгжиж байна.

Хэрэгжилт

Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилтын хүрээнд ЗГ-аас Тэрбум мод төслийг хэрэгжүүлж байгаа. Цаашлаад хувийн хэвшлийнхэн ч байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө бууруулах, тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах замаар ТХЗ-ыг үйл ажиллагаандаа шингээн хэрэгжүүлж буй. Тухайлбал,

  • Жишээ: ТОП-5 банкны эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон төсөлд зориулсан санхүүжилт нэмэгдэх болов. Түүнчлэн усны дахин ашиглалт уул уурхайн салбарт төдийгүй бусад салбарт ч чухалчлах болсны нэг жишээ бол MSC Coca-Cola.

Тэд өөр юу хийж байна?

Сүүлийн үед Coca-Cola, Sprite, Bonaqua шинэ савлагаатай болж байгаа нь бүгд хуванцар савны дахин боловсруулалттай холбоотой. Сонирхуулахад, тэд ундаа болон усны 19 гр-ын савлагаагаа 17.5 гр болгосноор өнгөрсөн онд 31 тн 330 мл, 500 мл сав хэмнэсэн аж. Том зургаар нь харвал, MCS Coca-Cola ТХЗ-оос ус, уур амьсгал, савлагаа гэсэн 3 ажилд төвлөрч байгаа. Тэгвэл үлдсэн 2 ажлын явцыг шинжье.

  • Ус: MCS Coca-Cola өнгөрсөн 10 жилд усны хэрэглээгээ 29% бууруулж 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2 л ус зарцуулж байна. Түүнчлэн 2 жилийн дараа тус дүнг 1.7 л болгох гэнэ.

  • Хүлэмжийн хий: Тэд хүнсний салбар дахь анхны хийн зуухыг нэвтрүүлж түүхий нүүсний хэрэглээг халаад буй. Түүнчлэн хүлэмжийн хийг бууруулахын тулд түгээлтийн машин, хөргөгчдөө буюу хүлэмжийн хий ялгаруулж буй техник технологидоо анхаарч түүнийгээ хэрхэн бууруулж буйгаа тооцдог аж.

Түүнчлэн… MCS Coca-Cola-н хуванцар савны дахин боловсруулалтын талаар сонирхож байвал ЭНД-ээс унших боломжтой шүү.

🔥 Next generation

7203.T: Toyota 2026 оноос эхлэн шинэчлэгдсэн батарейтай цахилгаан автомашины иж бүрэн цувралыг танилцуулах болсноо зарласны дараа тус компанийн хувьцааны үнэ 7.2% өсөөд байна. Тодруулбал, тэд 2026 он гэхэд жилд 1.5 сая, 2030 он гэхэд 3.5 сая EV борлуулах зорилт тавьсан бөгөөд эдгээр нь хатуу төлөвт батарейтай байх аж.

🧠 Иргэдийн санхүүгийн мэдлэг

Иргэдийн санхүүгийн боловсролын үзүүлэлтийн дундаж оноо 9.9 байна. Энэ нь авах ёстой 20 онооны ердөө 49.5% гэсэн үг.

  • Судалгаа: Санхүүгийн Хүртээмж-Хөгжил Санаачилга ТББ иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг хэмжих судалгааг Монголбанкны захиалгаар гүйцэтгэжээ. Үүнд 1,947 хүн хамрагдсан аж.

Судалгааны гүнд

Санхүүгийн боловсролыг хэмжихдээ санхүүгийн мэдлэг, ЭЗ-ийн мэдлэг, санхүүгийн хандлага гэсэн 3 үзүүлэлтийг үнэлэн тооцсон байна.

  • Урвуу хамаарал: Иргэдийн санхүүгийн мэдлэгийн үзүүлэлтийг харвал, 9 оноо авах ёстойгоос 4.7 оноо авчээ. 10 жилийн үнэлгээгээр бол 52.1F гэсэн үг. Үүнийг насны ангиллаар харвал, 18-24 насныхны мэдлэг хамгийн өндөр, 40+ насныхны мэдлэг хамгийн бага байлаа. Тэгэхээр нас ахих тусам мэдлэг бага байдаг байх нь.

  • 8 хүний 1 нь: Харин ЭЗ-ийн мэдлэгийн хувьд судалгаанд оролцогчдын 67.4% нь инфляцын талаар мэддэг бол ердөө 12.1% нь л ДНБ-ий талаар ойлголттой аж. Улмаар улс даяарх ЭЗ-ийн мэдлэгийн шалгалтад 43.3F үнэлгээ авчээ.

  • Өнөө маргааш л чухал: Үргэлжлүүлээд иргэдийн санхүүгийн хандлагыг харвал, тэдний 71.6% нь санхүүгээ төлөвлөдөг ч 58.9% нь богино хугацаанд л төлөвлөдөг гэнэ. Тэгэхээр эрсдэлээ тооцож, ирээдүйдээ бэлдэхээс илүүтэй өнөө маргаашаа л болгож байгаа гэлтэй.

Илүү нарийн

Цаашлаад, санхүүгийн бүтээгдэхүүний талаарх ойлголт хэр байгааг харъя.

  • Сайн & муу: Иргэд данс шалгах, мөнгө шилжүүлэх үйлчилгээг хамгийн сайн мэддэг бол хадгаламж зээлийн хоршооны хадгаламж болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар хамгийн бага ойлголттой байна.

  • Ялгаа: Түүнчлэн Z үеийнхэн даатгал, ипотек, банкны зээл, ломбард зэргийг бусад насныхнаас бага хэрэглэдэг ч ХО, цахим зээл, криптовалютыг илүү сонгож ашигладаг байна. Харин 40+ насныхан ХО, даатгал, ипотек, банкны зээл, ломбард зэрэг уламжлалт бүтээгдэхүүнүүдийг илүү сонгон хэрэглэдэг аж.

Эцэст нь… Нийтийн санхүүгийн мэдлэг муу байх нь наанадаж л санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, цаанадаж л ЭЗ-ийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Тиймээс л бид санхүүгийн боловсролд зориулсан контентууд хийдэг юм шүү.

11.1%
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний 5 сарын байдлаар 2021 оны мөн үеэс 11.1% өсөж 1,958 болсон байна.

27.6%
Үүн дотроо газар хөдлөлтийн тоо жилийн өмнөхөөсөө 27.6% нэмэгдэж 37 болжээ.

₮17.8 тэрбум
Улмаар нийт ₮17.8 тэрбумын хохирол учирсан аж.

💻 Мэдээлэл технологийн цогц шийдэл

Танай компанийн технологийн дэд бүтэц хангалттай шийдэгдсэн үү?

Хэрэв тийм биш бол Саммит Компьютер Технологи компани Dell EMC болон VMware-н хамтран хөгжүүлсэн VxRail нэгдсэн дэд бүтцийн систем (HCI)-г санал болгож буй.

Тодруулбал, VxRail систем нь мэдээлэл технологийн дэд бүтцийн суурь нэгжүүд болох компьютер, хадгалах төхөөрөмж болон тэдгээрийн суурилуулалт, удирдлага, хяналтыг хялбаршуулсан цогц технологи аж. Түүнчлэн уг систем нь,

  • Үйл ажиллагааны зардлыг хэмнэх,

  • Гэнэтийн сул зогсолтыг бууруулах,

  • Үйл ажиллагааг автоматжуулах зэрэг олон давуу талтай гэнэ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

🔹Golomt Capital Championship-н бүртгэл маргааш хаагдана. Уралдаан эхэлснээс хойш 13 дахь 7 хоногт оролцогчдын тоо 2.2 дахин өсөж 314 болжээ. Түүнчлэн өмнөх долоо хоногт тэргүүн байрны оролцогчийн өгөөж 57% байсан бол ТОП-10 оролцогчдынх 36%, ТОП-20-ийнх 29% байлаа.

🔹ВХҮҮТХ батлагдсанаар 25 койн, токений арилжааг зогсоожээ. Тодруулбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 66 хуулийн этгээд 66 койн, токен гаргах замаар нийт ₮970.1 тэрбумыг татан төвлөрүүлсэн бөгөөд ЗЗ-д гарсан криптовалютуудын 37.9% нь арилжаалагдах боломжгүй болсон аж.

🔹Meta (META) хиймэл оюун ухаант хөгжим үүсгэгч MusicGen-г танилцуулав. Үүнийг өөрөөр аудионд зориулсан ChatGPT гэж хэлж болох бөгөөд хэрэглэгчийн хүссэн 12 секундийн урттай аудиог бүтээх юм. Сонирхуулахад, хөгжмийн AI-н ЗЗ-ийн үнэлгээ 2030 он гэхэд $2.6 тэрбумд хүрэхээр байна.

🔹Монголын анхны ногоон бонд бүртгэгдлээ. Тодруулбал СЗХ-ноос Хаан Банк (KHAN)-ны ногоон бондын хөтөлбөрийг баталж тус бондыг гаргах зөвшөөрлийг олгон үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн юм. Тэд өнгөрсөн 3-р сард ногоон бондоо ОУ-ын ЗЗ-д хаалттайгаар гаргаж байсан билээ.

🤔 Блокчэйнийг хэд ангилдаг вэ?  

Та блокчэйнийг дотор нь нийтийн, хувийн, хосолсон (hybrid), консорциум хэмээн 4 ангилдаг гэдгийг мэдэх үү? Тэгвэл Монголд нийтийн болон хувийн блокчэйнийг аль алиныг нь хөгжүүлж буй TEO блокчэйний үйлчилгээнүүдийг жишээ болгон эдгээрийн ялгааг харцгаая.

  • Нийтийн (Corex, Certify, Notly): Блокчэйнийг энгийнээр хэлбэл дата мэдээллийн сан билээ. Тэгэхээр нийтийн блокчэйний хувьд энэхүү дата бааз нь хэнд ч нээлттэй байх юм. Бидний сайн мэдэх Bitcoin, Ethereum, Монголоос бол Corex бирж, бичиг баримт баталгаажуулах Notly зэрэг үйлчилгээнүүд нийтийн блокчэйний жишээ юм.

  • Хувийн (DMS): Өмнө нь бид блокчэйнийг даатгал, санхүү, тээвэр, үүрэн холбоо гэх зэргээр олон салбарт ашиглаж болохыг тайлбарласан ба эдгээр нь бүгд л хувийн блокчэйний жишээ байсан. Харин бидэнд хамгийн ойр жишээ бол TEO блокчэйний даатгалын холбоотой хамтран нэвтрүүлсэн Дижитал Мэдээллийн Сан (ДМС) үйлчилгээ юм. Энэхүү дата санд зөвшөөрөлтэй компаниуд л нэвтэрч мэдээлэл авах тул хувийн блокчэйний жишээ болох нь.

  • Консорциум & Hybrid: Харин нийтийн болон хувийн блокчэйнийг хослуулсан төрлийг хосолсон буюу hybrid гэх бол хэд хэд хувийн блокчэйнүүд хоорондоо нэгдэн ажиллавал түүнийг консорциум хэмээн нэрлэдэг байна.

Тэгэхээр ААН, байгууллагууд блокчэйн дээр суурилсан үйлчилгээг нэвтрүүлбэл ихэнх тохиолдолд хувийн бүр эсвэл консорциум төрлийн блокчэйнийг ашиглаад явах юм.

Reply

or to participate.