- Lemon Press
- Posts
- 😷🥲 Шийдэл: Яндангүй бүс
😷🥲 Шийдэл: Яндангүй бүс
2025 онд сэтгэл гижигдэх кинонууд | $LEND-н шийдвэр | Мега компаниудын нөхөн сэргээлт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Хүн бүр л утаа ярьж байна даа. Америкийн Шог зохиолч Роберт Орбен “Уушги маань байгаагүй бол өнөөдрийн энэ их агаарын бохирдлыг хаана багтаахаа мэдэхгүй байх байлаа” гэсэн байдаг. Дор бүрнээ маскаа зүүгээд, зуныг хүлээе дээ. Төр засаг маань дорвитой юм хийхгүй бололтой. Товхимлоосоо уншаарай. 👇
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг 6%-иар нэмэгдүүлэв.
POL: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах боломжтой болгох зорилгоор олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран, менежментийн багийг сонгон шалгаруулна.
LEND: ЛэндМН ББСБ ХК (LEND) эх үүсвэрээ нэмэх зорилгоор М банкнаас ₮7.5 тэрбумын зээл авахаар болжээ.
😷🥲 Утааны шийдэл: Яндангүй бүс
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Яндангүй бүс байгуулах шийдвэр гаргажээ. Ер нь манай төр засаг утааны эсрэг яаж тэмцэх гээд байна вэ?
❌ Нөхцөл байдал = Тун хэцүү
Агаарын чанарын индекс 0-50 хооронд байвал цэвэр, 51-100 хооронд байвал хэвийн гэж үздэг. Гэтэл уг индекс Улаанбаатарт өвөлдөө 200-400 хооронд хэлбэлздэг буюу их бохирдолтой түвшинд хүрдэг гэсэн үг. Өнгөрсөн жилийн байдлаар Улаанбаатарын агаарын бохирдлын 44.2%-ийг дулааны цахилгаан станц, 31%-ийг гэр хороолол, 16.1%-ийг автомашин, 8.7%-ийг бусад эх үүсвэр бүрдүүлж байсан. Үүний улмаас,
☠️ Бидний хохирол: Уушгины хатгалгааны 18.03%, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.29%, зүрхний ишемит өвчний 31.45%, тархины судасны өвчний 30.98% нь агаарын бохирдолтой холбоотой байна.
🤡 Тэдний шийдэл
Уг нь бол РМ 2.5-ын агууламжийг 200 мкг/м3-ээр бууруулахад хүйтний улиралд амьсгал, зүрх судасны шалтгаант нас баралтыг 28% бууруулах боломжтой. Түүнчлэн гадаад орчны агаарын бохирдуулагч NO2-н түвшнийг 2017 оны дунджаас 50% бууруулбал хүүхдийн багтраа өвчний тохиолдлыг багасна. Харин ямар ч арга хэмжээ авахгүй бол 2017 онд 100,000 хүнд 6.6 бүртгэгдэж байсан багтраа өвчин 2027 он гэхэд 16.7 болж өсөх магадлалтай.
🤔 Хэмжигдэхүүн байна уу? Гэтэл ЗГ-ын агаарын бохирдлын эсрэг авсан арга хэмжээ нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага, стандартыг холбогдох хуулийн хүрээнд шинэчлэн батлах даалгавар өгсөн явдал байв. Үр дүнг нь яаж хэмжих юм бүү мэд. Монголд хэдэн ч хороо байх ёстой юм…
🫢 Өгнө, олгоно, татна: Нэмээд Улаанбаатарт “Яндангүй бүс” гэж гаргах юм гэнэ. Уг бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг гаргаагүй бөгөөд яндангүй хэсэгт бүх төрлийн хатуу түлш хэрэглэхгүй. Мөн тус бүсийн айл, өрхүүд хийн халаалт авах тохиолдолд тоног төхөөрөмжийг нь ногоон зээлээр авахад шаардагдах хүүгийн татаас олгох нь.
Эцэст нь… 2018 онд Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулагдаж Улаанбаатарчууд утааг яллаа л гэж байсан. Гэтэл бодит байдал дээр 20 гаруй жил утаатайгаа л байгаа. Бусад улсын жишээнээс суралцаад арай боловсон арга хэмжээ авахгүй яндан, зуух мууххан, татаас матаасхан ярьж суувал дараагийн 10 жилд ч салахгүй л болов уу. Тэгээд зун болоод л мартана… Гэснээс агаарын бохирдол эдийн засагт ямар хөнөөл учруулж байгааг ЭНД дарж уншаарай, бас л том тоо шүү.
📆 02/03: Хаалттай болох эсэхээ шийдэх өдөр
BOGD: Богд Банк нээлттэй ХК-ийн хэлбэрээ өөрчилж хаалттай ХК болох асуудлаа ирэх оны 2 сарын 3-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийднэ. Тус банк 2021 оны 11-р сард СЗХ-ноос IPO хийх зөвшөөрлөө авч банкнуудын IPO салхийг хагалж, 20%-иа санал болгон ₮31.75 тэрбумын санхүүжилт босгож байв. Түүнчлэн тэдний IPO-н үнэлгээ ₮158.7 тэрбум байсан бол өчигдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь ₮101.1 тэрбум болоод байна.
🍿🎬 2025 онд сэтгэл гижигдэх кинонууд
Угтан ирж буй шинэ онд хэд хэдэн блокбастер кино нээлтээ хийх гэж байгаа. Ирэх оны кино урлагийн ертөнцийг өнгөлж, фенүүдийнхээ сэтгэлийг дэвтээх хэд, хэдэн кинонууд харагдаж байх чинь вэ.
🫂 MCU ASSEMBLE!!!
Marvel ирэх онд “Thunderbolts”, “Captain America: Brave New World”, “The Fantastic 4: First Step” хэмээх 3 уран бүтээл гаргахаар төлөвлөөд буй. Харамсалтай нь Marvel-н синаматик ертөнц (MCU) “Avengers: End Game”-с хойш Төмөр хүн, Ахмад Америк гэхчлэн домогт дүрүүдээ алдсанаас хойш тэдний орон зайг нөхөж чадахгүй л яваа. Элэг дэвтээм мэдээ гэдэг шиг Роберт Дауни Жр болон Крис Эванс өөрсдийн домогт дүрээр биш ч 2026 онд цацагдах Avengers: Doomsday-д эргэн ирэх төлөвтэй байгаа.
🦄 Алдартай анимешион: Харин Disney (DIS)-н хувьд домогт “Цасан цагаан ба 7 одой”, “Lilo & Stitch” анимешионуудын “live action” хувилбарыг, Universal Studios “How to Train Your Dragon”-г тус тус дэлгэцнээ авчрах гэж буй.
😎 Алдартай кинонууд: Блокбастер цувралуудын хувьд ч шинэ онд шинэ анги нэмэгдэж “Superman”, “The Conjuring”, “Mission Impossible”, “Jurassic World”, “Predator” тэргүүтэй кинонуудын шинэ адал явдал үргэлжлэх нь ээ.
✨ Жексон амьд!
Гэснээс дэлхий даяар 4.8 тэрбум шүтэн бишрэгчтэй поп урлагийн хаан Майкл Жексоны намтар киног Lionsgate (LION) бүтээж буй. Дэлгэцнээ ирэх 10-р сард гарах товтой байгаа бөгөөд домогт уран бүтээлчийн дүрийг дүр төрх, дуу хоолойгоороо нэлээн адил гэгдэх зээ дүү Жаафар Жексон нь бүтээх аж.
Харин нөгөө талд тулаант урлагийн алдарт жүжигчин Жэки Чан “Karate Kid”-н шинэ адал явдалтайгаар эргэн ирж байгаа шүү.
Эцэст нь… Дэлхийн кино үйлдвэрлэлийг атгаж, хамгийн л шим шүүстэй, чанартай уран бүтээл гаргадаг байсан Hollywood сүүлийн жилүүдэд хуучин блокбастеруудаа л шинэчлэх, хийцийг нь өөрчлөхөөс өөр зүйлгүй болж дээ. Үгүй яах вэ, алтан үеийн кино бүтээлүүдээ шинэчилж шинэ үеийнхэнд хүргэх сэтгэл нь сайхан л юм. Гэхдээ зарим домог болсон дүрүүдээ тайван нойрсгох нь илүү үнэ цэнтэй ч юм шиг. Энэ асуудал дээр та ямар бодолтой байдаг вэ? Хуваалцаарай.
9.2 жил
Монгол Улсын хүн амын дундаж наслалт 71.5 болсон ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байна.
67.6
Тодруулбал, өнгөрсөн жилийн байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.6 байгаа бол эмэгтэйчүүдийнх 76.8 байгаа юм.
2 шалтгаан
Үүнд Монгол эрчүүдийн хорт зуршил болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал голчлон нөлөөлдөг гэнэ.
Global.Toyota
🍋 ГЕГ Toyota prius-н үнийг системээс автоматаар үнэлэх туршилт хийж байна. Эхний ээлжид тус маркийн 8 мянга гаруй суудлын автомашины бүрдүүлэлт хийгдсэнээс улаан төлөвт байгаа 47.1%-ийн бүрдүүлэлтийн үнийг системээс автоматаар үнэлжээ. Харин Японоос импортолсон нийт 94 мянган машины 94%-ийн гаалийн үнийг импортлогчийн мэдүүлсэн үнээр тогтоосон аж.
🍋 Швейцарын responsAbility ХААН Банк (KHAN)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, $15 саяын санхүүжилт олгоно. Тэд 2021 оноос хойш хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаагийн санхүүжилт нь эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжихэд чиглэгдэх юм.
🍋 Mastercard (MA) $12 тэрбумаар хувьцаагаа эргүүлэн худалдаж авна. Тус хөтөлбөр нь өнгөрсөн оны мөн үед зарласан одоогоор 64.5%-тай хэрэгжиж байгаа $11 тэрбумын хувьцаа дахин худалдан авах хөтөлбөрийн дараа эхлэх аж. Түүнчлэн тэд нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээг 15% өсгөж 76 цент болгосон байна.
🍋 Мөнгөний нийлүүлэлт энэ оны 11-р сарын эцэст өмнөх оны мөн үеэс 17.2% өсөж ₮41.5 их наяд болжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 32.5% өсөж ₮21.1 их наяд, төгрөгийн харилцах хадгаламж 36.2% өсөж ₮9.9 их наяд болсон нь голлон нөлөөлсөн аж. Тэгвэл төгрөгийн хадгаламжийн 86% нь иргэдийн хадгаламж, 14% нь ААН, байгууллагын хадгаламж байна.
⚒️ Мега компаниудын нөхөн сэргээлт
Уул уурхайн салбарынхны хамгийн ихээр анхаарах ёстой асуудал бол нөхөн сэргээлт. Энэ утгаараа бидний сайн Rio Tinto (RIO) ч энэ тал дээр ихээхэн анхаардаг.
💰 $2.4 тэрбумын ажил
Rio Tinto нь дэлхийн хамгийн том уул уурхайн компанийн үүднээс Energy Resources of Australia (ERA) компанийн эзэмшлийн "Ranger" ураны уурхайн нөхөн сэргээлтийн төслийг удирдаж буй. Тэд ERA-н одоогийн нөхөн сэргээлтийн амжилтад тулгуурлан ус, хаягдал шингэн боловсруулах зэрэг нөхөн сэргээлтийн ажлуудыг үргэлжлүүлэх бөгөөд төслийн нийт зардал $2.4 тэрбум орчимд хүрэх төлөвтэй байна.
🇲🇳 Тэгвэл Монголд
“Оюу толгой” ХХК Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сангаараа дамжуулан жил бүр $5 саятай тэнцэх ₮-ийн санхүүжилтийг олгодог. Энэ санхүүжилтийн томоохон хэсэг нь байгаль орчны менежмент тэр дундаа нөхөн сэргээлт, биологийн төрөл зүйл болон экологийн тэнцвэрт байдалд зарцуулагддаг аж.
🌲 Сэргээлт: Угаас Оюу толгой нь олборлолт хийгдсэн газруудыг нөхөн сэргээх, байгаль орчны бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор төрөлх ургамал, ан амьтныг сэргээх ажлыг үе шаттай хийдэг билээ. Тухайлбал, тэд Сэлэнгэ аймгийн Ялбаг гол орчимд гар аргаар алт олборлогчид сүйтгэсэн 398.7 га газрыг нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээсэн.
398.7 га ➕ 187 га: Түүнчлэн Оюу толгой энэ онд 2 дахь томоохон нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх юм.
Эцэст нь… Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн ажил бол зөвхөн хуулийн шаардлага биелүүлэх гэхээс илүүтэйгээр урт хугацааны тогтвортой хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр шүү.
🌊 Ирэх онд Английг бүтэн тойрох эргийн тойрог замаар явах боломжтой болно. (Economist)
📑 Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт оржээ. (MNB)
🧁 AI ашиглан амттан хийх туршилтыг 4-5 дахин хурдан хийдэг болж. (Gizmodo)
⏰ Instagram дээр мессеж илгээх товчийг удаан дарж огноо, цагийг тохируулах боломжтой болжээ. (TechCrunch)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply