🆕 Цоо шинэ AARD

Эмийн зах зээл | Оросын IPO | Meta ба Хятад

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ. Өнөөдөр үсээ засуулбал “Эрлэг лугаа учирна” гэнэ шүү. 😅 Гэснээс бид ч мөн Их Эзэн Чингис хааны өдрийг тэмдэглэх тул Лхагва гарагт товхимлоороо уулзацгаая. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MIRA: Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси ХХК Инвескор ББСБ ХК (INV)-ийн зээлжих зэрэглэлийг шинээр тогтоож “А” буюу тогтвортой гэж үнэллээ

NSO: Өнгөрсөн оны эхний 9 сард $1.4 тэрбумын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны эхний 9 сард $791.4 саяын ашигтай гарав

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮26.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮8 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ

Х.Амаржаргал: Оюу толгойн гэрээ Монголд ашигтайг хэлэх цаг болсон

Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. Тэрээр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас эхлэн өнөөг хүртэл 15 жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай юм.

🆕 Цоо шинэ Ард

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн (AARD) хөрөнгө оруулалтын багцын үнэлгээ энэ оны III улирлын байдлаар ₮88.3 тэрбумд хүрчээ. Тэгвэл санхүүгийн тайлан болон ирээдүйн стратегийг нэг харцгаах уу?

Санхүү яана аа

Ард Санхүүгийн Нэгдэл ХК III улирлын байдлаар нийт 44 компанийн хөрөнгийг удирдаж байна. Гэвч өмнөх жилтэй харьцуулахад тэдний нийт хөрөнгө 48.3% буурч ₮135.4 тэрбум, тэр дундаа эздийн өмч 63% буурч ₮210.2 тэрбумаас ₮77.8 тэрбум болсон байна. Мөн он гарснаас хойш хөрөнгө оруулалт болон ногдол ашгийн орлогогүй ажиллав.

  • Яагаад?: Хөрөнгө оруулалтын багц дахь компаниудын III улирлыг харахад банкны салбарын компаниуд ₮3.3 тэрбум, даатгалын салбарын компаниуд ₮3 тэрбум, хөрөнгө оруулалтын банкны салбарын компаниуд ₮2 тэрбумын тус тус алдагдалтай ажилласан тул Ард Санхүүгийн Нэгдэл нийт ₮4.6 тэрбумын алдагдал хүлээсэн юм.

Гэхдээ ирээдүйд компани ашиг үйлдвэрлэгч тогтолцоо руу чиглэн ажиллана гэв. Энэ чиглэлийн хүрээнд томоохон бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

Шинэ бүтэц

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд энэ жилийн 6-р сард ТУЗ-ийн даргаар Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Золбоог тус тус томилсон. Ингэснээр,

  • Гол нь санхүү: Компани санхүүгийн бус компаниудаа Ард Венчурс ХХК руу шилжүүлж ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягт хариуцуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү компанийн Гүйцэтгэх захирал Б.Золбоод банк, даатгал болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанууд ногдож байгаа юм.

  • Шинэ дарга: Ардын Тэтгэврийн Дансны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Ард Тэтгэврийн Данс, Монгол Шуудан (MNP), ТэнГэрЛиг Медиа Нэгдэл (TNGR) зэрэг компаниудыг Өндөрхаан ХК (ONH) руу шилжүүлнэ гэв. Өндөрхаан ХК-г тэд саяхан авсан бөгөөд удахгүй нэрийг нь солих нь гарцаагүй биз ээ. 

Улмаар компани ирээдүйд технологи болон тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд анхааран ажиллахаа мэдэгдсэн.

Дүгнэхэд, тэдний хөрөнгө оруулсан компаниуд энэ оны III улирлын байдлаар хэцүүхэн ажиллаж байгаа ч бид ирэх онд цоо шинэ бүтэцтэй Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийг харах нь ээ. Энэхүү өөрчлөлт нь компанийн хөрөнгө оруулалтын багцыг сайжруулна л гэж найдъя даа.

🤝 14 жилийн дараах эргэн ирэлт

META: Meta 14 жилийн дараа Хятад руу эргэлээ. Тодруулбал, компани Tencent (TCEHY)-тэй Хятадад VR чихэвч зарах гэрээ байгуулаад буй. Тэгэхээр Meta Tencent-р дамжуулж 2024 оноос Хятадад хямд үнэтэй VR чихэвчээ зарж эхэлснээр Bytedance-н хүчтэй өрсөлдөгч болох нь дээ. Энэхүү мэдээллийн араас Meta-н хувьцааны үнэ 2.6% өсөөд байна.

👩🏼‍⚕️ Эмчийн жороор

Таргалалтын эсрэг эмийн зах зээл 2030 он гэхэд $100 тэрбумд хүрэх төлөвтэй байна гэнэ дээ. Тиймээс энэ салбарыг сонирхож хөрөнгө оруулах хүсэл байвал ойртоод сууна уу. 

Мөрөөдлийн биеийг тань урлана гэнэ ээ

Хэдхэн өдрийн өмнө Eli Lily (LLY) Холбооны хүнс болон эмийн зохицуулагч байгууллага (FDA)-аас шинэ таргалалтын эсрэг эмээ худалдаалах зөвшөөрлөө аваад буй. Тус компанийн Zepbound хэмээх эм нь өрсөлдөгчдийнх нь тураах эм буюу Wegovy-с 20% хямд нэмээд үр дүн сайтай байгаа нь олны анхаарлыг татах болов. Гэхдээ л хөөрхөн үнэтэй. 

  • Тураах эмийн зах зээлийг базна: Goldman Sachs (GS)-н үзэж буйгаар 2030 он гэхэд Eli Lily болон Novo Nordisk тус зах зээлийн 80% гаруйг эзэгнэх төлөвтэй байгаа. 

  • Хамтран базагч: Novo Nordisk (NOVO-B.CO)-н хувьд Wegovy болон Ozempic гэсэн 2 төрлийн таргалалтын эсрэг эмийн зөвшөөрөлтэй. 

Зах зээлийн тоглогчид 

Нэг талаас дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй эмийн компани болох Eli Lily-н хувьцааны ханш он гарснаар 65% өсөж $597 болоод буй. Харин нөгөө талаас Европын хамгийн том эмийн компани болох Novo Nordisk-н хувьцааны үнэ 46% өсөж $101-т хүрсэн байх жишээтэй. Аль алиных нь хувьд хувьцааны үнэ нь сүүлийн 5 жилд овоо өсөлттэй байсан юм. Зах зээлээ яаж шуудхан булаалгах вэ, гээд Pfizer (PFE) болон Amgen (AMGN) тэргүүтэй компаниуд ч өөрсдийн эмийг бүтээхээр яаравчилж байгаа. 

Илүүдэл жинтэй бүргэдүүд = Үндэсний аюулгүй байдал

Америкт тулгамдаж буй асуудлуудыг жагсаа гэвэл хүн амын таргалалт лав эхний 5-д бичигдэх биз ээ. Тухайлбал, насанд хүрсэн америкчуудын 70% гаруй нь илүүдэл жингийн асуудалтай. Тиймээс ч тураах янз бүрийн эм, тарианд тэр бүрчлэн зөвшөөрөл олгодоггүй FDA-с зөвшөөрөгдсөн эмийн тоо 6-д хүрээд буй

За тэгээд, таргалалтын эсрэг эмүүд зах зээлд орж ирсний улмаас хэдэн чихэр үйлдвэрлэгчид, түргэн хоолны компаниудын борлуулалтад нөлөөлөөд чичрүүлж байгаа сурагтай.

Төгрөгийн зарим гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдсөнийг харцгаая

  • 🇺🇸 USD: ₮3,442.95 (+1.1%)

  • 🇪🇺 EUR: ₮3,671.22 (+5.3%)

  • 🇯🇵 JPY: ₮22.74 (-5.7%)

  • 🇨🇳 CNY: ₮472.10 (-1.5%)

  • 🇦🇺 AUD: ₮2,190.58 (-3.3%)

🎯 Хөрөнгө оруулагчдын арга хэмжээ

Хөрөнгө оруулагчдадаа дуулгах сайхан мэдээтэй. 📢

Апекс Капитал ҮЦК-иас хөрөнгийн зах зээлд шинээр гаргаж буй ОМНИ ХБҮЦ-ыг танилцуулах хөрөнгө оруулагчдын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд,

  • ОМНИ ХБҮЦ-ын дэлгэрэнгүй мэдээлэл,

  • Арилжаанд оролцох заавар,

  • Бусад бондуудын мэдээлэл,

  • Хувийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах зэрэг олон талын мэдээлэл авах боломжтой юм.

Заа тэгээд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй хэн бүхнийг ЭНЭ формоор бүртгүүлэн хүрэлцэн ирэхийг урьж байна.

📍 Хаана: Sky Garden Residence
🗓️ Хэзээ: 11 сарын 16-ны 18:00 цагт

Paperflite

🔹Дотоодын худалдааны салбарын борлуулалтын орлого эхний 9 сард өмнөх жилийн өмнөхөөс 19.5% өсөж ₮31.4 их наядад хүрчээ. Нийт борлуулалтын орлогын 23%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 77%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт бүрдүүлэв. Харин жижиглэн худалдааны орлого 20.8% өсөж ₮18.8 их наяд болсон байна. 

🔹Mongolian Mining Corporation (0975.HK) бондоо эргүүлэн худалдаж авлаа. Уг 9.25%-ийн хүүтэй бондын хугацаа 2024 онд дуусах байсан юм. Компани уг бондыг буцаан худалдан авахдаа төлөгдөөгүй хуримтлагдсан хүүг 102.3%-иар тооцсон аж. Улмаар MMC-н хувьцааны үнэ нь 6.1% өсөв. 

🔹Энэ онд Оросын 6 компани IPO хийж $130 саяыг босгожээ. Ихэвчлэн архи үйлдвэрлэгч алт олборлогч болон ломбардууд IPO хийж байгаа аж. Улмаар MOEX индекс энэ оны эхэн үеэс 49% өсөөд байна. Сонирхуулахад, энэ сарын сүүлээр Оросын алт олборлогч Яхуралзолото IPO хийх гэнэ. 

🔹Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9% өсөв. Улмаар шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ ₮3.95 сая болсон бол Хан-Уул дүүргийнх хамгийн өндөр буюу ₮4.26 сая үнэтэй байна. Харин хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ ₮3.47 сая болсон аж.

  • Унш: Уоррен Баффетын санал болгосон номууд. (CNBC)

  • Сонс: Нийгмийн сүлжээнд донтдог шигээ суралцахуйд донт! (TED)

  • Мэд: Spatial Computing буюу орон зайн тооцоолол гэж юу вэ? (HBR)

  • Сонирх: Loki цувралын II улирал Marvel-г тайлбарлана гэнэ. (TheVerge)

  • Даваа: Mizuho Financial Group (MFG)-н ээлжит улирлын тайлантай танилцах өдөр

  • Мягмар: Үргэлжлүүлээд Mitsubishi (MUFG) болон Sumitomo (SMFG) тайлан зарлагдана шүү

  • Лхагва: Tencent (TCEHY) болон JD.com (JD)-н III улирлын тайлан гарна

  • Пүрэв: Walmart (WMT) болон Alibaba (BABA)-н тайлан ч гарах товтой байна

  • Баасан: Европын Холбооны хэрэглээний үнийн индекс зарлагдах нь.

Reply

or to participate.