⚠️ AARD-н ТУЗ юу гэв? 

Vans-н бизнес | ХАА салбарын усны хэрэглээ | Lead With

POWERED BY

Morning! Өнөөдөр стресстэй тэмцэх өдөр шүү. Энэ өдрийг 1998 оноос хойш тэмдэглэж эхэлсэн аж. За тэгээд өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарцгаана шүү, хэдүүлээ. ЭНД дарж үнэгүй бясалгалын апп-тай танилцаарай. 🧠

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Хөгжлийн банк $500 саяын бондын төлбөрөө барагдуулсан аж

EUR: Евро бүсийн инфляци 2021 оны 7-р сараас хойших хамгийн бага түвшин буюу 2.9%-д хүрэв

POL: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгохыг судлах ажлын хэсэг байгуулсан гэнэ.

Х.Алтай: Үнэ цэн өвлүүлэн үлдээх нь маш чухал

Lead W/ булангийн шинэ дугаарт “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.

Төрийн өмчит компаниудын хувьчлалын салхийг хагалж хувьцаагаа олон нийтэд санал болгох, системийн нөлөө бүхий банкнуудын хувьцааг арилжаалах бааз суурь, орон зайг бүрдүүлэх, Монголд анх удаа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг эхлүүлэх гээд 2023 он МХБ-ийн хувьд томоохон ажлууд, өөрчлөлт шинэчлэлээр дүүрэн жил болж байна. ЗГ, хувийн хэвшил, хөрөнгийн зах зээл, уул уурхай гээд олон салбарт туршлага хуримтлуулсан Х.Алтай дээрх ажлуудад гол хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг юм.

💦 ХАА салбар уул уурхайгаас 3 дахин их ус ашиглаж байна

Өнгөрсөн оны байдлаар Монголын нийт ус ашиглалтын 17%-ийг уул уурхайн салбар эзэлж байгаа ч ус ашигласан төлбөрийн 90%-ийг бүрдүүлж байна.

Илүү бага ус, илүү их төлбөр 

Нийтийн дунд хэдэн уурхай л Монголын хамаг усыг хэрэглээд байгаа мэт ярьдаг ч тооны хэлээр яривал шал өөр түүх өгүүлэх хэрэгтэй болох нь. Учир нь ус ашиглалтын дийлэнх буюу 60% нь ХАА-н салбарт, цаашлаад үйлдвэржилтийн салбарт ашиглагдаж байгаа. Үүнтэй харьцуулахад уул уурхайн салбар хүмүүсийн боддогоос хамаагүй бага буюу 17% буюу 95.4 сая куб усыг ашиглаж байгаа юм. Цаашлаад, тус дүн 7 жилийн дараа 2.3 дахин буюу 1.4 тэрбум куб, 2040 он гэхэд 3 дахин буюу 1.8 тэрбум куб болж өсөх төлөвтэй байна.

Ус ашигласан төлбөр хаашаа урсдаг вэ? 

Одоо бүр сонирхолтой факт дурдахад, жилд дунджаар ₮47 тэрбумыг ус ашигласны төлбөрийн орлогоос төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд гэхэд ₮51.5 тэрбумыг төвлөрүүлсэн байх жишээтэй. Энэ мөнгө хаашаа урсаад байна гээд харсан, аймаг, сумуудын төсөвт төвлөрч зарцуулагддаг аж. Гэхдээ! Байгаль орчин, нөхөн сэргээлт гэхээсээ илүү аймаг, сумын удирдлагуудын машин, томилолт болж хувирдаг нь харамсалтай. Үүнийг батлах мэт 2021 оны ус ашигласны төлбөрийн зарцуулалтын 21.6% нь л зориулалтын дагуу ашиглагджээ. 

  • Сайн мэдээ: Өнгөрсөн онд БОАЖЯ АТГ-тай хатмарч тус дүнг 43% болгож өсгөөд буй.

Өнгөрсөн онд 200-аад ААН ус ашигласны төлбөр төлж, усыг ЭЗ-ийн эргэлтэд оруулжээ. Түүнчлэн 2022 оны 11-р сард ЗГ-аас зэсийн баяжмал боловсруулах зорилгоор ус ашиглах төлбөрийг 75% нэмсэн гээд уул уурхайн салбарынхан бусадтай харьцуулахад илүү өндөр дүн төлөх болсон юм. 

За тэгээд, ус ашигласны төлбөр гээд овоо мөнгө олчихдог юм байж. Гэхдээ зарцуулалтыг нь илүү хяналттай болгохгүй бол өнгөрсөн онд гэхэд 43% буюу ₮22 тэрбумыг л зориулалтын дагуу зарцуулж үлдсэнийг нь хуримтлуулсан юм уу, халаасалчихсан юм уу, гэдэг нь мэдэгдэхгүй байдалтай л байна шүү дээ. 

⚠️ AARD-н ТУЗ юу гэв? 

AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК ₮18 тэрбум хүртэлх үнэлгээ бүхий эдийн бус хөрөнгийг өөрийн охин компани болох Ардлизинг ХХК-д шилжүүлнэ. Түүнчлэн тэд Kingsway FCI Co-Investment SPC санд $100 мянгын хөрөнгө оруулалт хийх аж.

🛹 Vans “OFF THE WALL”

Өнөөдөр скейтбордын соёлтой нягт холбоотой 57 жилийн түүхт Vans брэндийн гүн рүү шумбая. Залуучуудын дунд ялангуяа скейтчдын дунд нэлээд алдартай даа. 

The Vans №44

Үүх түүхээс нь харвал Vans байгуулагдсанаасаа нэлээд хэдэн жилийн дараа буюу 1970 оноос скейтбордын тэмцээн, багуудыг ивээн тэтгэж эхэлснээр энэ спорттой салшгүй нандин холбоо үүсгэжээ. Тэд 1976 онд Vans №44 загвараа танилцуулсан нь BOOM болж өдгөө уг загвар нь одоо Vans Authentic гэж нэрлэгдэж буй. 

  • Илүү өргөн: 1980, 1990-ээд оны Vans бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлж, Slip-On, Sk8-Hi, Era гэх мэт янз бүрийн гутлын загваруудыг танилцуулснаас гадна BMX, мотокросс зэрэг бусад тулааны спортын зах зээлд хүч үзэв. 

  • Vans поп соёлд: Түүнчлэн Vans 1970-аад оны сүүлээр даамын хөлгөн загварыг нэвтрүүлснээр нэр хүнд нь улам өссөнөөр уран бүтээлчид, дизайнерууд, брэндүүдтэй хамтран ажиллаж, хязгаарлагдмал хэвлэлттэй, өвөрмөц гутлын цуглуулгыг бүтээж иржээ. 

🔍 Бизнесийн гүнд

Та бидний сайн мэдэх Vans, The North Face, Timberland, Dickies зэрэг брэндүүдийг V.F. Corporation (VFC.VI) эзэмшдэг аж. Компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайтар шинжвэл тийм ч гэрэл гэгээтэй харагдсангүй. Тодруулбал, 

  • -12.9%: Өнгөрсөн улиралд компанийн борлуулалтын орлого 2% буурч $3 тэрбум болсон аж. Энэ дундаа Vans-н борлуулалт бүр 21% багасжээ. Харин Америк дахь борлуулалтыг салгаж харвал 11% буурсан харагдана. Мөн тэд ирэх жилийн ашгийн таамаглалаа цуцалсан юм. Үүний араас тэдний хувьцааны үнэ 12.9% унаад байна. 

  • Итгэлийн оч хаячих гээд л: Хүч муутай тайлангийн араас өнгөрсөн 7-р сард шинээр томилогдсон V.F.-н Гүйцэтгэх захирал Браккен Даррелл “Америк дахь бизнесээ гадаадад алдартай болгоно. Ингэхдээ Vans-г сэргээхэд илүү анхаарна.” гэсэн юм. Монголд ч гэсэн салбар нээгдсэн, гадаадын борлуулалт нь 10% өссөн гэдгээс харахад боломжтой ч юм шиг. 

Эцэст нь… Бидний мэдэх брэндүүдийн ард ийм түүх, ийм бизнес байдаг байх нь ээ. Юутай ч V.F. одоогоор Vans-н зарим дэлгүүрүүдийг хааж, стратегиа бүхэлд нь дахин шинэчилж байгаа гэнэ. Дээрдэх нь үү, улам дордох нь уу?   

191 цагдаа
Өнгөрсөн 10-р сарын байдлаар 191 цагдаа албан үүргээ гүйцэтгэх явцдаа бэртэж гэмтсэн байна
176 гэмт үйлдэл 
Тус хохирол нь 176 гэмт үйлдэлтэй холбоотой байжээ.
10 тохиолдол
Түүнчлэн Цагдаагийн байгууллага, алба хаагчийн талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан 10 тохиолдол бүртгэгдсэн аж.

🔍 Санхүү, бүртгэлийн цогц шийдэл

Бизнес эрхлэгчдийн санхүү, бүртгэлийг автоматжуулах шинэчлэгдсэн Baaz 3.0-г танилцуулж байна.

Үүлэн технологид суурилсан тус платформ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн нягтлан бодох бүртгэлийг ОУ-ын стандартад нийцүүлэн хялбараар хөтлөх боломжийг олгох юм. Тодруулбал,

  • Борлуулалтын мэдээлэл, үлдэгдэл болон орлого зарлагыг бүртгэх,

  • Бараа материалыг модулиар харах, борлуулалтын тайлан бэлтгэх,

  • Хөрөнгийн бүртгэл болон элэгдэл хорогдлыг бодитоор тооцох боломжтой зэрэг санхүү, бүртгэлийн цогц шийдлийг санал болгож буй.

Түүнчлэн Baaz апп-аар дамжуулан гар утаснаасаа санхүү, бүртгэлээ хянах ба үр ашгаа хүссэн хугацааны интервалаар харах боломжтой гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Reuters

🔹Golomt Capital Championship-н 33 дахь 7 хоногт тэргүүн байрны оролцогчийн өгөөж 86.2% байжээ. Түүнчлэн ТОП-10 оролцогчийн өгөөж 56.7%, ТОП-20-ынх 43.5% байсан юм. Үргэлжлүүлээд, ТОП-100 оролцогчийн  хамгийн их арилжсан хувьцаанд XPeng (9868.HK), Alibaba (9988.HK), Rio Tinto (RIO) багтаад буй. 

🔹BP (BP.L)-н III улирлын ашиг өнгөрсөн оны мөн үеэс 59% буурч $3.3 тэрбумд хүрлээ. Харин өр төлбөр нь тус хугацаанд 1.4% өсөж $22.3 тэрбумд хүрээд буй. Ашгийн бууралтад компанийн байгалийн хийн арилжаа багассан нь голлон нөлөөлсөн юм. Улмаар тус тайлангийн араас хувьцааны үнэ нь 2% унаж $492 боллоо. 

🔹Сүү ХК (SUU)-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Гантулга ажиллаж эхэллээ. Тэрбээр өмнө нь 2014-2018 онд уг компанийн Гүйцэтгэх захирал болон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Сонирхуулахад, он гарсаар Сүү ХК-ийн хувьцааны үнэ 26% унаж ₮364 болоод буй. 

🔹Elixir Energy (EXR) III улиралд нийт $7 саяыг хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлжээ. Түүнчлэн тус улирлын байдлаар компани ямар нэгэн өр төлбөргүй байгаа аж. Сонирхуулахад, тэд Монголд метан хийн Nomgon, ногоон устөрөгчийн Gobi H2 зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

⏳ Барилга барих хугацаа 

Монголд барилга баригдах дундаж хугацаа хэд байдгийг мэдэх үү? 

150 ➡️ 8-10 давхар

Жилд барилга барих боломжтой 150 өдөр байдаг талаар өмнөх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл дунджаар 20 давхар барилга барьж байгаа нөхцөлд уг 150 өдөрт 8-10 давхрыг барьдаг байна.

Нөлөөлөгч

Тэгвэл барилгын баригдах хугацаанд нөлөөлж байгаа хамгийн чухал 4 хүчин зүйл нь,

  • Барилгын материалын олдоц

  • Санхүүжилт

  • Ажиллах баг 

  • Цаг агаар аж. 

Давагдашгүй

Энэ дундаас эхний 3 хүчин зүйлийг зохицуулж болох ч яаж ч чадахгүй хүчин зүйл нь ЦАГ АГААР.  Тиймээс хүйтэн цаг уураас үүдэн барилгын баригдаж дуусах хугацаа 2-3 жил болж сунжирдаг. Үүн дээр бусад хүчин зүйлс нэмэгдээд ирэхээр энэ хугацаа илүү уртсах юм. Гэхдээ хүйтэн цаг уурын бетон цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг үл харгалзан барилгын төслөө цагтаа дуусгах боломжийг олгож буй. 

Заа тэгэхээр, барилгын ажил явагдах боломжгүй өвлийн улиралд ч төслөө хугацаанд нь дуусгах бүрэн боломжтой байх нь ээ.

  • Үз: Мөнгөө яах вэ? (LemonPress)

  • Сонирх: Стратегийн сэтгэгч гэдгээ батлах 10 арга. (HBR)

  • Танилц: Дэлхийн шилдэг 10 кино. (Netflix)

  • Унш: Үнэ цэн өвлүүлэн үлдээх нь маш чухал. (LemonPress)

Reply

or to participate.