🚂 ✈️ 🚛 Шинэ IPO!

Даатгалын салбарын эхний хагас жилийн тайлан болон Америк, Хятадын гадаад худалдааг тоймлолоо.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдөр бол санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх өдөр. Тэгэхээр таны өнөөдөр хийх эхний алхам бол санхүүгийн мэдлэг тэлэхүйц контент үзэх, унших. ЭНД дарж манай Finspiration буланг сонирхоорой. Заа тэгээд ер нь товхимлоо уншаад байхад алзахгүй дээ. 😉🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний хагас жилд жилийн өмнөхөөс 21% өсөж ₮20.3 их наяд болов.

US: Америкийн 7-р сарын инфляц хүлээлтээс бага зэрэг доогуур буюу 3.2% гарлаа.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮7.2 тэрбумын арилжаа хийгдсэний ₮3 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

 🦺 Даатгалын салбарын өнгө зүс

Даатгалын хураамжийн орлого 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 36.2% өсөж ₮169.2 тэрбумд хүрлээ.

🍕 Бүрдэл хэсгүүд

Даатгуулагчдын тоог харвал 9.9% өсөж 883.2 мянгад хүрсэн байна. Нийт даатгуулагчдын 51.3%-ийг албан журмын даатгал, 48.5%-ийг сайн дурын даатгал, 0.2%-ийг урт хугацааны буюу амьдралын даатгуулагчид эзэлж буй. Цаашилъя,

  • Орлогын бүтэц: Даатгалын хураамжийн нийт орлогын 25.7%-ийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 15.1%-ийг хөрөнгийн даатгал, 15%-ийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байгаа аж.

  • Нөлөөлөл: Нийт даатгалын хураамжийн орлого өсөхөд авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 45.6%, хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 46.3% өссөн нь голлон нөлөөлжээ.

  • Нөхөн олговор 🆙: Түүнчлэн даатгалын нөхөн төлбөр 10.3% нэмэгдэн ₮53.4 тэрбумд хүрсэн аж. Учир нь авто тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр 41.3%, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 25.4% тус тус өссөн байна.

Салбарын төлөөлөгчид

Цаашлаад, даатгалын салбарын төлөөлөл болгон МХБ (MSE)-д бүртгэлтэй зарим даатгалын компаниудыг харвал,

  • Ард Даатгал ХК (AIC): Компанийн эхний хагас жилийн ашиг жилийн өмнөхөөс 2.1 дахин өсөж ₮646.1 сая болсон байна. Үүнд даатгалын хураамжийн цэвэр орлого нь 23.4% нэмэгдсэн нь нөлөөлөв.

  • Монгол даатгал ХК (MDIC): Харин тэдний хувьд энэ оны эхний хагас жилд ₮2 тэрбумын алдагдалтай ажиллалаа. Учир нь компани даатгалын үйл ажиллагааныхаа хувьд ашигтай ажилласан ч ерөнхий болон борлуулалт, маркетингийн зардал нь хэт өндөр байгаа юм.

Эцэст нь… Даатгалын салбар нэг иймэрхүү. Ер нь харахад, манайд амьдралын даатгалын соёл суугаагүйгээс гадна хүн амын дунд үүний ач холбогдол, ашиг тусын талаар ойлголт хомс байх шиг. Уг нь энэ зуны үер мэтийн аюулыг мэдэрсэн хойноо ухаарах биш урьдчилж сэргийлээд даатгуулдаг болчихвол ч…

🎒 Илүү ихийг халаасандаа

AAPL: Apple 2012 оноос хойш хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад $572 тэрбумыг зарцуулжээ. Энэ нь JPMorgan (JPM), Exxon Mobil (XOM) зэрэг акулуудын зах зээлийн үнэлгээнээс ч өндөр дүн юм. Тодруулбал, тэд жилд дор хаяж $50 тэрбумыг, өнгөрсөн жилд л гэхэд $90 тэрбумыг хувьцаагаа халааслахад зарцуулсан хэрэг. Тэгэхээр жил ирэх тусам Apple-н хувьцааны хомсдолоос үүдэн үнэ нь өсөх магадлалтай болох нь дээ.

🔻 Хятад болон Америкийн худалдаа буурсаар

Америкийн импортод эзлэх Хятадын хувь тасралтгүй буурсаар 20 жилийн түүхэн доод түвшинд хүрлээ.

Худалдааны дайн ширүүссээр

Оны эхний 6 сарын байдлаар Америкийн нийт гадаад худалдааны эргэлтийн 13.3%-ийг л Хятад бүрдүүлжээ. Харьцуулахад, 2017 он буюу тус 2 улсын хооронд худалдааны дайн эхлэхийн өмнөх үед энэ үзүүлэлт 34.9% байжээ. Оронд нь тэд Мексик, Тайланд, Вьетнам, Энэтхэг зэрэг орнуудаас илүү их бараа бүтээгдэхүүн авах болжээ. Тухайлбал,

  • Ахиц: Өнгөрсөн 6-р сарын байдлаар Америкийн импортод Мексикийн эзлэх хувь Хятадынхтай зэрэгцэж ирээд буй. Импортын гол бүтээгдэхүүн нь машин, электрон бараа байв.

  • Худалдааны түнш: Улмаар 2023 оны эхний хагаст Мексик Америкийн импортын 15.7%-ийг бүрдүүлж тэргүүлсэн бол Канад 15.4%, Хятад 10.9%-ийг тус тус бүрдүүлжээ.

Шинэ түншүүд

Тэгвэл Америк ер нь бараа бүтээгдэхүүнийг өөр хаанаас авч байна вэ?

  • Гар утас: Америкийн ухаалаг утасны импортын 80% гаруйг Хятад бүрдүүлдэг байсан ч Apple (AAPL) ухаалаг утасны үйлдвэрлэлээ Энэтхэгт төвлөрүүлэх болсноор Америкийн гар утасны импортод эзлэх Энэтхэгийн хувь өнгөрсөн жил 1.8% байснаас 5.3%-д болтлоо өсөв.

  • Чип: Вьетнам болон Тайланд Америкт чип импортлох эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа төдийгүй Америкийн томоохон чипийн туршилтын үйлчилгээ үзүүлэгч Amkor (AMKR) л гэхэд Вьетнамд чипийн үйлдвэр барихаа мэдэгдээд буй. Тэднээс гадна Израил, Япон, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг орнууд Хятадын чипийн орон зайн төлөө өрсөлдөх болжээ.  

Эцэст нь… Америкийн Хятадад тавьж буй хориг арга хэмжээ үргэлжилсээр байвал Азийн бусад улсуудад илүү олон боломж гарч ирэх нь дээ. Харин манайд Америкт зарчихмаар юм байна уу?

✈️ Логистикийн салбарын анхдагч IPO

Тээвэр логистикийн салбартаа тэргүүлэгч Монложистикс Холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч болмоор байна уу? 🔍

Тэгвэл Монложистикс Холдинг ХХК нь,

Монложистикс Группийн толгой компани бөгөөд тээвэр логистикийн салбарын IPO салхийг хагалж, тун удахгүй хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох гэж байна. Монложистикс Групп нь 2005 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 9 охин компани, 200 орчим ажилтан, 163 орны 800 гаруй түншүүдтэй болж, салбартаа тэргүүлж буй.

Сонирхуулахад, тэдний жилийн борлуулалтын орлогын ихэнх хувь нь гадаад валютаар орж ирдэг ба валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэлд бага өртдөг салбаруудын нэг гэнэ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД бүртгүүлэн аваарай.

Milled

🔹 Alibaba (BABA)-н II улирлын орлого өнгөрсөн оны мөн үеэс 14% өсөж $32 тэрбумд хүрч улмаар ашиг нь 63% өсөн $4.6 тэрбум болжээ. Үүнд үйл ажиллагааны ашиг нь 70% өсөж $5.9 тэрбумд хүрсэн, Taoboa болон Tmall группийн орлого 12% өсөж $16 тэрбум болсон нь голлон нөлөөлжээ.

🔹 X буюу Twitter дээр дүрсээ харж ярьдаг болно. Тодруулбал, X-н CEO Линда Яккарино тус платформ дээр аудио болон видео дуудлага дэмжих функцүүдтэй болж байгаа талаар мэдээлсэн юм. Түүнчлэн дуудлага хийхэд утасны дугаар шаардахгүй аж.

🔹 Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Монголын хөрөнгийн биржээр (MSE) борлуулсан нүүрсний хэмжээ 3 сая тн давжээ. Тухайлбал, 8 сарын 11-ны арилжаанд 4 худалдан авагч оролцож 320 мянган тн сул коксжих нүүрсийг 1 тн тутмыг $124.6-оор борлуулж нийт $39.9 саяар арилжаалсан байна.

🔹 Huawei-н II улирлын орлого 2022 оны мөн үеэс 3.1% өсөж $43 тэрбумд хүрэв. Улмаар ашиг нь 3 дахин өсөж $6.4 тэрбумд хүрээд буй. Үүнд компанийн хэрэглэгчийн бизнесийн орлого 2.2% өсөж $14 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн тэд жилийн эцэс гэхэд 5G гар утас үйлдвэрлэх гэнэ.

🔹 ҮЦАЭХ-ны Ёс Зүйн хорооноос Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзжээ. Түүний ХААН Банкны (KHAN) анхдагч ЗЗ-ийн арилжааны үеэр өөрийн FB хуудсаар дамжуулан гаргасан мэдэгдлийг мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт зэргийг зөрчсөн гэж үзэв.

  • Унш: Заавал унших номууд. (McKinsey)

  • Сонирх: Дэлхийн удирдагчдын Номхон далайн арлын төлөөх өрсөлдөөн. (AlJazeera)

  • Мэд: Саудын Арабын зохион байгуулсан Украины энхийн хэлэлцээрийн талаар Орос юу гэв? (TheMoscowTimes)

  • Судал: Олон улсын худалдаа уналтад орж байна. (AsiaTimes)

  • Даваа: Японы II улирлын ДНБ үзүүлэлт зарлагдана.

  • Мягмар: Хятадын орон сууцны үнийн тайлан гарах нь.

  • Лхагва: Tencent болон JD.com-н ээлжит улирлын тайлан гарна.

  • Пүрэв: Үргэлжлүүлэн Walmart (WMT) II улирлын тайлангаа тайлагнана.

  • Баасан: Эцэст нь Европын Холбооны орнуудын хэрэглээний үнийн индекс танилцуулагдах аж.

Reply

or to participate.