- Lemon Press
- Posts
- 🚨 Хууль бус бол хураалга
🚨 Хууль бус бол хураалга
Авлигын эсрэг тэмцэл | Хамгийн өндөр үнэлгээтэй брэнд | SendMN X LIME
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдөр Америкийн иргэний эрхийн тэмцэгч Малколм Иксийн дурсгалын хүндэтгэх өдөр тохиож байна. Малколм Икс (1925–1965) нь Америкийн хар арьстнуудын эрхийн төлөө тэмцсэн хүчирхэг удирдагч байлаа. Монголд түүн шиг авлига, шударга бусын эсрэг шударгаар тэмцэгч хэрэгтэй байна даа. 😔


*Нэг өдрийн өөрчлөлт.
GPD: Монгол Улсын ДНБ 2025 оны I улиралд 2.4% өсөж өсөлтийн хурд саарав.
GOV: Говь ХК (GOV) ХААН Банк ХК (KHAN)-тай ноос, ноолуур арьс ширний боловсруулах үйлдвэрийг дэмжих эргэлтийн хөрөнгийн жилийн 16%-ийн хүүтэй, ₮6 тэрбумын ногоон зээл авах гэрээг байгуулна.
BOM: Худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга 2025 оны I улиралд тэлэлтийн мужид буюу 51.2 гарсан ч өмнөх улирлаас 7.3 нэгжээр буурсан байна.

‼️ Авлигын эсрэг тэмцэл

Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгийн хэрэг дуулиан тарьснаас хойш авлига, хүнд суртал, ёс суртахуун гээд бүхий л сэдвүүд хөндөгдөж, нийгмээрээ эмзэглэж байна. Үүний эсрэг Хууль зүй, дотоод хэргийн яам ямар хууль боловсруулсныг харъя.
⌛️ 5 жилийн өмнөх түүх
2020 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын хэргийг дахин шалгах хуулийг баталсан. Үүний үр дүнд өмнө нь хугацаа нь дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсон авлигын хэргүүдийг сэргээж шалгах боломжтой болсон. Тухайлбал, 2018–2019 онд 13 хэрэг ийм шалтгаанаар хаагджээ.
📄 Хуулийн зүйл заалт
Яамны боловсруулсан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн хүрээнд авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 20 жил болгон нэмэгдүүлж байгаа. Гэхдээ батлах эсэх нь өнөө улс төрчдийн гарт бий. Хуулийн заалтыг харвал,
🚨 Хууль бус бол хураалга: Тус хуулийн 6.1.2-т “нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос давсан хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх” гэж тусгасан. Тэгэхээр Ерөнхий сайд болон түүний хүү өндөр хэрэглээнийхээ эх үүсвэрийг нотлохгүй бол хураалгах ёстой гэсэн үг. Гэхдээ хураана, төлүүлнэ гэхээс өөр арга хэмжээ авна гэж дурдаагүй байна.
💳 Түрийвчийг 10 жилээр ухна: Нэмээд хууль бус хөрөнгийг шалгахдаа тухайн албан тушаалтны ажил хийж байсан үе болон түүнээс хойших 10 жилийн хугацааг хамруулж үзнэ гэж тусгажээ.
Сайн талаас нь харвал авлигын хэргийг шалгаж, хөрөнгийг нь ил болгох хугацаа 20 жил болж уртсан гэдэг бол дэвшил. Гэхдээ зүй бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоод дуусгана гэдэг хангалтгүй. Ядаж албан тушаалаас нь түдгэлзүүлэх, шүүхийн шийдвэрээр хариуцлага тооцох, дахин албан тушаал хашихыг хориглох зэрэг илүү өргөн хүрээтэй, тогтолцооны арга хэмжээг хослуулах шаардлагатай.
Эцэст нь… Авлигын эсрэг хуульд “Үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг заалт байдаг ч 2012 оноос хойш энэ заалтаар бүртгэгдсэн хөрөнгө байхгүй. Нэмээд 2017-2023 онд 8.8 мянган авлигын гэмт хэрэг бүртгэгдсэн ч ердөө 735-ыг нь шийдвэрлэсэн байдаг. Хуулиа мөрддөггүй, хариуцлага тооцох системгүй ийм улсад хэн л авлига авч, үндэслэлгүй хөрөнгөжихөөсөө айх вэ дээ. Одоо өөрчлөх цаг нь хангалттай болжээ!


💰 Аварга санхүүжилт $KHAN
KHAN: Банкны салбарын аваргуудын нэг ХААН Банк ЕСБХБ-наас $150 саяын санхүүжилт татлаа. Үүнээс $75 саяыг ногоон эдийн засгийг санхүүжүүлэхэд зарцуулах бол үлдсэн $70 саяыг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулах аж. Энэхүү санхүүжилт нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгосон хамгийн өндөр дүнтэй санхүүжилт гэнэ. Өнгөрөгч Баасан гарагийн арилжаагаар ХААН Банкны нэгж хувьцааны үнэ ₮1,073 дээр хаагдсан нь өмнөх өдрөөс 0.2% өссөн үзүүлэлт болов.

🏷️ Үнэтэй брэнд, үнэлгээтэй брэнд

Өдөр хоног улирсаар хорвоо дэлхий даяаршсаар яваа энэ цагт бизнесийн амжилтыг брэндийн үнэ цэнээр нь тодорхойлох боломжтой. Тэгвэл манай гаргийн 2025 оны хамгийн өндөр үнэлгээтэй 20 брэндийн талаар нэгд нэгэнгүй харцгаая.
📝 Тооцох ухаан: Брэндийн үнэлгээг тухайн брэндийг эзэмшигч компанийн санхүүгийн үнэлгээг брэндийн орлогод үзүүлэх нөлөөгөөр үржүүлж тооцсон аж.
💎 Тод гялалзах #20
ТОП-20 брэндийн зах зээлийн үнэлгээ $23 их наяд ч брэндийн үнэлгээ нь 3.3 дахин бага буюу $6.9 их наядаар үнэлэгджээ. Эдгээр брэндийн дундаж үнэлгээ $346.9 тэрбум бөгөөд Apple (AAPL) $1.3 их наядаар үнэлэгдсэн нь хамгийн өндөр дүн болов. Харин брэндийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад хамгийн ойролцоо үнэлэгдсэн нь McDonald’s (MCD) байсан бол эсрэгээрээ хамгийн өндөр зөрүүтэй нь Walmart (WMT) байлаа.
🧑🏻💻 Давамгай салбар
Өндөр үнэлгээтэй 20 брэндийн 80% нь технологийн салбарт хамаарах ба эдгээрийн брэндийн үнэлгээ нь $6.4 их наядад хүрч нийт 20 брэндийн үнэлгээний 92%-ийг бүрдүүлж байна. Үүнээс хиймэл оюун ухааныг бизнестээ түрүүлж нэвтрүүлсэн нь Google (GOOG), IBM (IBM), Microsoft (MSFT) байсан бол блокчэйн технологийг Microsoft, Accenture, IBM брэндүүд анхлан дэлгэрүүлжээ. Мөн эдгээр 16 технологийн салбарын брэндийн үнэлгээ өнгөрсөн оноос дунджаар 50% нэмэгдсэн аж.
🧠 Онцлох хэрэгтэй ChatGPT
Энэ жилийн шилдэг залуу брэндээр OpenAI-н ChatGPT тодров. Тус брэндийн үнэлгээ $43.6 тэрбумд хүрч #60 байранд орж, эхний 100 брэндээс хамгийн залуу нь болжээ. Өмнөх 2 сард гарсан мэдээллээр 7 хоногийн идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 400 саяд хүрээд буй. Сонирхуулахад, Ghibli Studio маягаар зургаа өөрчилсөн халуурлын үед эхний 5 өдөрт шинээр 1 сая хэрэглэгч орж ирсэн бол оргил үе болох 4 сарын 1-нд ганцхан цагийн дотор 1 сая хэрэглэгч шинээр бүртгүүлжээ.
Дүгнэхэд… Маркетингийн гүрү Сет Годин “Хүмүүс дан ганц бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаггүй. Тэд харилцаа холбоо, дурсамж, гайхамшгийг авдаг.” хэмээжээ. Тухайн бизнес орлогоо бодоод хорголоо тоолоод байвал урт хугацаандаа амжилттай явах нь хэцүү. Амжилттай бизнес бүтээхийг хүсвэл брэнд дээрээ ч анхаарах нь зүйтэй.

Он гарснаас хойш автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэн шинэ зохицуулалт хэрэгжиж буй. Энэ салбар луу өнгийе.
Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байгаагаас ойролцоогоор 46% буюу 331,791 нь татвар төлөгч байна.
Биелэлт 68%: Одоогоор 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд буй.
Тэгвэл иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг 6 сарын 1-нээс өмнө, харин ААНБ улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төлдөг аж.

🔥🤝 SendMN X LIME
Гадаадад оршин суугаа нэгэндээ дуулгаарай! SendMN болон LIME хамтран ОУ-ын мөнгөн гуйвуулга, харилцаа холбооны асуудлаа илүү ухаалаг, хэмнэлттэй шийдэх цогц үйлчилгээ нэвтрүүлжээ. 📢
1 сумаар 2 туулай буудах арга зааж өгье:
🌐 Дугаартай ч бол: SendMN апп-ийг ашиглан валют захиалсан тохиолдолд LIME виртуал операторын дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой, 90 хоногийн хугацаатай, 1,000 нэгжтэй Монгол дугаарын эрхтэй болох нь.
💱 Оноо ч цуглуул: Нөгөө талаас LIME дугаараар SendMN-д бүртгүүлбэл мөнгөн гуйвуулга хийх бүрдээ 20%-иар илүү SendMN бонус оноо цуглуулах нь ээ. Гал гал.
За тэгээд цаашид 2 платформ хэрэглэгчдэдээ зориулж тусгай хямдрал, урамшуулал болон нэмэлт бэлгийн эрх зэрэг олон төрлийн гэнэтийн бэлэг зэхэж байгаа гэнэ шүү.
📲 SendMN-д ЭНД, LIME-д ЭНД дарж бүртгүүлээрэй.

Shutterstock
🍋 AI-н зах зээлийн үнэлгээ 2033 он гэхэд $4.8 их наядад хүрнэ. Гол асуудал нь, AI-н хөгжлийг цөөн хэдэн хөгжингүй орнууд тодорхойлж үр шимийг нь хүртэхийн сацуу дэлхийн нийт ажлын байрны 40%-д AI нөлөөлөхөөр байгаа. Иймд хөгжиж буй орнууд энэ салбарын дэд бүтэц, дата, ур чадварт хөрөнгө оруулснаар технологийн боломжийг нь бүрэн ашиглаж чадах нь.
🍋 Ажилгүйдлийн түвшин энэ оны I улиралд өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар нэмэгдэж 5.4% болжээ. Эсрэгээрээ хөдөлмөр эрхлэлтийн түвшин мөн хугацаанд 0.7 нэгж хувиар өсөж 58.7% болсон байна. Тэгвэл нийт 79 мянган ажилгүй иргэдийн 31.7% нь ажил хайгаад олдохгүй, 12.3% нь улирлаас хамаарсан мэргэжилтэй, 11.1% нь мэргэжил, туршлага байхгүй, 9.3% нь мэргэжилд тохирох ажил байхгүй гэжээ.
🍋 Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79%-ийн хувьцааг эзэмшдэг боллоо. Ийнхүү хувьцаа эзэмшлийн хэмжээ нь 3.2 дахин нэмэгдэж, нийтийн тээврийн U-Money төлбөрийн системийн орлого болон нийтийн тээврийн үйл ажиллагаа, дата мэдээллийг хянах эрхтэй болов. Цаашид үлдсэн 21%-ийн хувьцааг эзэмшиж буй 4 компанитай хэлэлцээр хийж, 100% эзэмшилдээ авах гэнэ.
🍋 “Монголын төмөр зам” ТӨХК “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК урт хугацааны гэрээ үзэглэв. Энэ хүрээнд Тавантолгойн уурхайгаас Ганц мод боомт хүртэл 16 жилийн турш нүүрс тогтвортой тээвэрлэх, үүнээс $3.7 тэрбумын орлого олох боломж бүрдэж буй. Үүнээс өмнө тээврийн үнийг индексжүүлэх, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам компаниудыг нийлүүлэх ажил байгаа.
🍋 ГХЯ Монгол иргэдийн Өмнөд Солонгост зорчих нөхцөл, виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлүүлнэ. Энэ хүрээнд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах, Монгол иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, улмаар албадан буцааж байгааг зогсоох тэргүүтэй шаардлагуудыг хүргүүлсэн байна.

Даваа: Канадын 3 хөрөнгийн биржийн амралтын өдөр.
Мягмар: Санхүүгийн зорилгоо тодорхойлох, хөрөнгө хуримтлуулах, мөнгөний зөв дадал зуршлыг төлөвшүүлэхэд урам зориг өгөх "Саятан болох өдөр" тохионо.
Лхагва: ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн тайлан гарна.
Пүрэв: УУББ-ээр 3 удаагийн нүүрсний, 1 удаагийн төмрийн арилжаа зохион байгуулагдана.
Баасан: Гадаад хөрөнгө оруулалтын позицын тайланг харах өдөр.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply