- Lemon Press
- Posts
- ‼️ Шинжээчдийн төсөөлөл
‼️ Шинжээчдийн төсөөлөл
Владимир Путин Ши Жиньпиний уулзалт, уур амьсгалын өөрчлөлт ЭЗ-т хэр нөлөөлдөг талаар болон шинжээчдийн таамгийг тоймлолоо.
POWERED BY
Hey! Манай цахим хаягуудыг дагадаг хүмүүс байна уу? Бид цахим хаягаараа дамжуулан санхүүгийн боловсролоос гадна сонирхолтой факт, хүнд хэрэгтэй мэдээллийг хуваалцдаг шүү. Хааяа бас таныг инээлгэхээ ч мартахгүй. ЭНД дарж биднийг дагаарай. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
USA: Америкийн Сангийн сайд тус улсын банкны системийн тогтвортой байдлыг хангахын тулд жижиг банкнуудыг ч хамгаална гэдгээ мэдэгдэв.
IMF: ОУВС Шри Ланкад эдийн засгийн хямралаас гарахад нь туслахаар $3 тэрбумын зээл олгохоор боллоо.
FED: ХНС бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж 4.75-5.0%-д хүргэлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, ЭЗ-т үзүүлж болох нөлөө ба эрсдэл: МУ-ын жишээ
Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд Монголбанкны эдийн засагч Л.Даваажаргал, Б.Ананд болон Э.Хосбаяр нарын уур амьсгалын өөрчлөлт хэрхэн эдийн засагт нөлөөлдөг талаарх судалгааг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Монгол орон нь газарзүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 25 орны нэг юм. Үүний нэгэн тод жишээ нь манай улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд 2.25 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монголд дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, агаарын температур хурдтай өсөж, хуурайших, цөлжих явц хурдсахын зэрэгцээ байгалийн гамшигт үзэгдлийн тоо эрс нэмэгдээд буй (Eckstein, Kunzel & Schafer, 2021).
Мөн тоон шинжилгээний хувьд температур нэмэгдэх нь Монголын ДНБ-ий өсөлтийг сааруулах нөлөөтэй байна. Тухайлбал, панел регрессийн шинжилгээгээр температур 1 градусаар нэмэгдэх нь ДНБ-ий өсөлтийг 0.48% сааруулах аж. Панел бүтцийн VAR загварын үр дүнд температур өсөлтийн сөрөг нөлөө 2 жилийн дараагаас илрэн, 3 дахь жилээс эхлэн нөлөө нь тогтворжих хандлагатай байна.
* Та яг дээрх шиг Lemon Press Opinions буланд өөрийн нийтлэлийг оруулах бол ЭНД дарж, бидэнд нийтлэлээ явуулаарай.
‼️ Шинжээчид юу гэв?
Монголбанкнаас гаргасан шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг тоймлоё.
Хэн оролцов?
Уг судалгаанд банкны эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагуудын нийт 27 судлаач оролцжээ. Мөн энэ улирлаас эхлэн Ард Менежмент, Мандал Ассет Менежмент, Ди Би Эм ассет менежмент, Эрдэнэс Ассет Менежмент зэрэг ХО-ын менежментийн компаниудыг хамруулсан аж.
1. Инфляц буурна
Судалгаанд оролцсон шинжээчид инфляцыг энэ оны I улиралд дунджаар 12.5%, хамгийн ихдээ 15%, хамгийн багадаа 10.4% байна гэж үзжээ. Харин оны эцэст буурч 11.4%-д хүрнэ гэж таамаглав.
Таамаглал ⬇️: 2023 оны I улирлын инфляц 12.5% гэж таамагласан нь 2022 оны III улирлын таамгаас 1.9 нэгж хувиар багассан үзүүлэлт юм.
2. Эдийн засаг өснө
Түүнчлэн бодит ДНБ-ийг энэ оны I улиралд дунджаар 3.9% өснө гэж үзсэн нь 2022 оны I улирлын таамгаас 1.3 нэгж хувиар нэмэгдлээ. Цаашлаад эдийн засгийн өсөлт хурдсаж 2023 оны эцэст 4.7% болох төлөвтэй байна.
3. Бодлогын хүү буурна
Үргэлжлүүлээд бодлогын хүүгийн талаарх таамгийг харвал, 2023 оны I улиралд дунджаар 13%, хамгийн ихдээ 14%, хамгийн багадаа 12% байна гэсэн хүлээлттэй буй. Түүнчлэн оны эцэст бодлогын хүү бага зэрэг буурч 12.6% болох гэнэ.
4. Зээлийн хүү тогтворжино
Харин төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хувьд I улиралд дунджаар 16.1% байх бөгөөд цаашид зээлийн хүү харьцангуй тогтворжиж оны эцэст 16% орчим байх юм.
5. Төгрөгийн сулрал үргэлжилнэ
Төгрөгийн доллартой харьцах ханш I улиралд үргэлжлэн суларч дунджаар $1=₮3,537 болох бол оны эцэст $1=₮3,744-т хүрэх төлөвтэй байна.
Эцэст нь… Судлаачид болон ХО-ын шинжээчдийн таамгаас харахад инфляц буурч, ДНБ-ийн өсөлт нэмэгдэх ч төгрөгийн сулрал үргэлжлэх нь. Тэгэхээр валютын нөөц асуудал хэвээр байх бөгөөд цаашлаад төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх нь үү дээ. 🤔
Орлого ⬆️ Ашиг ⬇️
NKE: Nike-н ээлжит улирлын орлого 14% өсөж хүлээлтээс дээгүүр буюу $12.4 тэрбумд хүрчээ. Гэхдээ борлуулалтыг нь задалж харвал Хойд Америк дахь борлуулалт 27% өссөн ч цар тахлаас үүдэн Хятадын борлуулалт 8% буурсан байна. Түүнчлэн компани бараа материалын нөөцөө 16% өсгөж, $3.6 тэрбумаар хувьцаагаа халаасалснаас үүдэн ашиг нь 11% буурч $1.2 тэрбум болов.
Луу & Баавгайн шинэ эрин
Nikkei Asia
Владимир Путинг ОУ-ын эрүүгийн шүүхээс (ICC) баривчлах шийдвэр гарсан болоод Ши Жиньпин Орост айлчилсан гээд 2 хөршөөр сонин сайхан дүүрэн. Юу болоод өнгөрөв?
Дэмжлэг
Ши Жиньпиний тус дээд хэмжээний айлчлал нь 2 орон хязгааргүй түншлэлийн харилцаагаа зарласнаас хойших анхны биечилсэн уулзалт болов. Уулзалтын уур амьсгал, талуудын харилцаа найрсаг байсан төдийгүй стратегийн хэд хэдэн чухал гэрээг үзэглэв. Задлан харъя,
Шинэ эрин: Дайн гарснаас хойш Хятад Оросын ЭЗ-ийн томоохон багана болсныг 2 орны гадаад худалдаа өнгөрсөн онд $190 тэрбумд хүрч дээд амжилт тогтоосноос харж болохоор. Энэ ч утгаараа ирэх 10 жилд 2 улс иж бүрэн, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Улмаар тэд энэ жилийн худалдааны эргэлтээ багадаа $200 тэрбум байхаар төлөвлөжээ.
УТ-ийн хүрээнд: Ши Жиньпин барууны зүгээс Орост ирэх хоригийг эсэргүүцэж, Украины асуудалд энхийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Оросын талаас Тайваны тусгаар тогтнолыг ямар ч хэлбэрээр эсэргүүцэж байгаа аж.
Эрчим хүч: Тэд хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт $165 тэрбумын үнэ бүхий 79 төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Мөн Монголыг дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлыг хэлэлцэв.
Сибирийн хүч-2
Сибирийн хүч-2 хийн хоолой нь Хятад болон Оросын стратегийн түншлэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт. Энэ ч утгаараа тэд газрын тос, байгалийн хий, нүүрсний төслүүдийг урагшлуулж эрчим хүчний илүү нягт түншлэлийг бий болгоно гэж мэдэгдэв. Тухайлбал, Путин энэ онд хамгийн багадаа 98 тэрбум шоо метр байгалийн хий Хятадад нийлүүлэхээ амласан юм.
Эцэст нь… Юутай ч тэд хийн хоолойгоор дамжуулаад илүү дотно түншилнэ гэдгээ зарлаад байна. Харин бид тус хийн хоолой + байгаль орчны асуудал гээд асуудлуудаа тооцоолсон л байгаа даа?
₮5.3 их наяд
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 2 сард жилийн өмнөхөөс 2.2 дахин өсөж ₮5.3 их наяд болов.
₮4.1 их наяд
Үүнд уул уурхайн олборлолт 2.8 дахин нэмэгдэж ₮4.1 их наяд болсон нь голлон нөлөөлсөн аж.
₮6.9 их наяд
Түүнчлэн тус салбарын борлуулалт мөн 2.2 дахин ихсэж ₮6.9 их наядад хүрсэн байна.
Nordic Apis
🔹Хөгжмийн салбарын өсөлт үргэлжилсээр. 2022 онд дэлхийн хөгжмийн салбарын орлого өмнөх оноос 9% өсөж, $26.2 тэрбумд хүрэв. Мөн тус онд орлогын 67%-ийг бүрдүүлж буй стримингийн хэрэглэгчид 589 сая хүрчээ.
🔹UBCab IPO хийх бэлтгэл ажилдаа оров. Машинтай хүн бүхэнд албан ёсоор таксинд явах боломж олгож буй тэдний IPO-н үндсэн андеррайтераар Голомт Капитал ажиллах гэнэ. Харин хөдлөнгийн үнэлгээг нь “Гэрэгэ Эстимэйт” ХХК хийх бол хуулийн байгууллагаар нь "Ди Би энд Жи Ти Эс" ХХН ажиллана.
🔹Foot Locker (FL) 2026 он гэхэд 400 салбар дэлгүүрээ хаана. Уг тоо нь тэдний Америк дахь нийт дэлгүүрийн 1/3-ийг бүрдүүлж байгаа ч нийт борлуулалтын 10%-г л гүйцэтгэж буйг хангалтгүй хэмээн үзлээ. Улмаар тэд “цоо шинэ” хэв маягтай дэлгүүрүүд нээн, залуу үе рүүгээ түлхүү анхаарах аж.
🔹Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монголын хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. 2022 оны жилийн эцсийн байдлаар хөгжлийн төлөвлөгөөний биелэлт 67.5% байсан аж. Тус тайланд дурдагдсанаар хавдрын шинэ эмнэлэг болон эрхтэн шилжүүлэх төв байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил 0%-ийн гүйцэтгэлтэй байв.
🔹Тайванийн хуучин ерөнхийлөгч Хятадад айлчлах нь. Тодруулбал, 1949 оны “Хятадын Иргэний Дайн”-аас хойш анх удаа Тайванийн удирдагч Хятад руу айлчилж байна. Ирэх 7 хоногт болох уг үйл явдал нь тус 2 улсын хоорондох сөргөлдөөнд хэрхэн нөлөөлөхийг харж л байя даа.
Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк яаж өдийг хүртэл дампуурчихгүй явж байгаа юм бол?
Бид сүүлийн 10 хоногт банк хэрхэн хурдан дампуурдагийг бүгд үзлээ шүү дээ.
— Zolbayar 🍋 (@ZolooTeddy)
3:27 AM • Mar 22, 2023
No more paper contracts!!!
Жишээлбэл, та “А” гэх компанийн хувьцааны үнийг ₮500-с доош буувал худалдаж авах санаатай арилжааны платформыг манаад суудаг юм биш биз? Ухаалаг гэрээтэй бол ингэх шаардлагагүй.
Яаж вэ гэвэл…
Брокерын компанитай ухаалаг гэрээ байгуулбал ажлын хажуугаар арилжаанд цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Ингэснээр ханш унасныг мэдээгүй өнгөрөх, ханш унасныг мэдсэн боловч брокерын компани утсаа аваагүй, эсвэл платформ нь гацсан гэх мэт толгойны өвчин болсон асуудлуудад баяртай гэж хэлэх нь ээ.
Даатгал дээрх боломж
Та хажуу талын машиныг шүргэж осол гаргасан гэж үзье. Энэ үед ухаалаг гэрээ нь GPS болон замын камерын тусламжтайгаар таныг үнэхээр осол хийсэн эсэхийг баталгаажуулж, гэрээний нөхцөлийг биелүүлж байвал даатгалын нөхөн төлбөрийг хэдхэн минутын дотор ч таны данс руу шилжүүлэх боломжтой. Цаасан гэрээ байсан бол эрхээ эдлэх гэж амны бядаа л ашиглаж таарах гээд байдаг даа.
Энэ удаад ухаалаг гэрээг ямар супер болохыг гэрчлэх ердөө хоёрхон л жишээг бичлээ. Цааш нь та үргэлжлүүлээд нэг бодоод үзээрэй.
Report: Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын иргэд. (VisualCapitalist)
Fed: Инфляц болон Банкны хямралын дунд хавчуулагдсан Fed. (Yahoo!Finance)
Try: Google-н Bard-г туршиж үзсэн үү? (Bard)
Health: Толгойн өвдөлтөд тус болно. (UCHealth)
ҮХХ-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хамтрагч Invescore Property LLC
Та Инвескор Проперти стандартын Үл хөдлөх хөрөнгийн менежмент-ийн үйлчилгээ гэж сонссон уу?
Инвескор Проперти компани нь төслийг эхнээс нь эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бүх үе шатад оролцдог ба ашиглалтад орсны дараах хөрөнгийн менежментийн үйлчилгээг үзүүлдэг аж.
Ингэснээр төслийн үнэ цэнийг тогтмол хадгалж худалдан авагч, хөрөнгө оруулагчдын урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажилладаг гэсэн үг.
Түүнчлэн тус компани ҮХХ-д суурилсан хөрөнгө оруулалтын болон санхүүгийн бүтээгдэхүүнийг (хамтын санхүүжилт, REIT төстэй хэлбэрийн ҮХХ-ийн хөрөнгө оруулалтын сан) зах зээлд санал болгодог гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, А.Баттүвшин, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply