🔥 A24-н галзуурал

Үнээ нэмэх визний хураамж | Li Ning супер одтой гэрээлэв | Victoria's Secret-н нүсэр өсөлт

POWERED BY

Өглөөний мэнд! Дуу хөгжмийн ертөнцийг хайр, дурлалын дуугүйгээр төсөөлөхөд бэрх. Гэвч сүүлийн жилүүдэд энэ төрлийн дуунуудын эзлэх хувь буурч байгаа аж. Судалгаагаар, 1960-аад онд Billboard-ын Top 10 дууны 23% нь хайр дурлалын сэдэвтэй байсан бол 2020-аад онд энэ үзүүлэлт 12% болж буурчээ. Өөрөөр хэлбэл, хайр дурлалын дуунуудын эзлэх хувь бараг 2 дахин багассан байна. За тэгээд учир жанцныг нь мэдэхийг хүсвэл дарж ЭНД уншаарай. ❤️‍🩹

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанкны энэ оны эхний 5 сард худалдан авсан алтны хэмжээ жилийн өмнөхөөсөө 17.4% нэмэгдэж 5 тн-д хүрчээ. Гэхдээ жилийн өмнөхөөсөө өссөн боловч 2025 оноос өмнөх 5 жилээс 0.6-3.5 тн-оор буурсан байна. 

POL: ₮15.3 их наядаар 124 төсөл 186 арга хэмжээ хэрэгжүүлэх 2027 оны хөгжлийн төлөвлөгөө батлагдлаа

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮214 тэрбумын болон $3.7 саяын арилжаа явагджээ. ₮-ийн арилжааны 59% нь  анхдагч зах зээлийн арилжаа аж.

MFA: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал нийслэл хотноо өнөөдөр, маргааш үргэлжилнэ.

🛂 Үнээ нэмэх визний хураамж

Дэвэн дэлхийгээр аялах нь хүн бүрийн дуртай хобби, мөрөөдлийн нэг хэсэг билээ. Манай улсын хувьд дэлхийн 30 орчим орон руу визгүй зорчих боломжтой ч хөгжсөн орнууд руу аялах боломж визээр хязгаарлагддаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүмүүсийн ихээр аялж буй улс орнуудын визний хураамж хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхъё.

🔎 Хэний виз өсөв?

Монголчуудын ихээр аялдаг 10 орны визний хураамжийн өөрчлөлтийг харвал виз мэдүүлэхэд дунджаар ₮369.5 мянгыг зарцуулахаар байна. Хамгийн өндөр төлбөртэй нь ₮726.6 мянгыг тушаах Шинэ Зеланд байгаа бол хамгийн хямд нь ₮57 мянгыг төлөх Өмнөд Солонгос ажээ.

  • 📈 Дундаж өсөлт: Өнгөрсөн хугацаанд эдгээр 10 орны визний хураамж дунджаар 12.7% өссөн. Жагсаалтыг 61.6% өсөлтөөр Шинэ Зеланд тэргүүлж байгаа бол үүний араас 26.7% нэмэгдсэн Австрали, 15.6% ихэссэн Америк зэрэг улсууд жагсаад байна.

  • 👀 Нэг хэвээр: Визний хураамж нь огт өөрчлөгдөөгүй 4 улс бий. Үүнд ₮259.1 мянгын хураамжтай Канад, ₮249.7 мянгын төлбөртэй Ирланд, ₮160.9 мянгын үнэтэй Тайвань болон Өмнөд Солонгос багтжээ.

🎌 Японд хүндхэн байна

Өнгөрсөн долоо хоногт Японы парламент гадаад иргэдийн визийн төлбөрийн дээд хязгаарыг огцом өсгөх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, энэ санхүүгийн жилд багтан визийн сунгалтын дээд хязгаарыг ¥6 мянгаас ¥100 мянгад, байнгын оршин суух зөвшөөрлийг ¥10 мянгаас ¥300 мянгад хүргэхээр болжээ. Түүнчлэн хил нэвтрэхээсээ өмнө урьдчилан онлайнаар зөвшөөрөл хүсэх систем нэвтрүүлэх зэрэг заалтуудыг агуулсан цагаачлалын хяналтын тухай хуулийн төслийг дэмжсэн юм.

  • 🌏 Цаад шалтгаан: Өнгөрсөн оны байдлаар Япон дахь гадаад иргэдийн тоо 4.1 саяд хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа. Үүнтэй холбоотойгоор ЗГ-аас цагаачлалын урсгалыг илүү хянаж, системийг чангатгах бодлого баримталж эхэлжээ.

Эцэст нь… Манай лимонуудын энэ жил аялахаар төлөвлөсөн улсуудын дунд дээрх 10 орон багтсан уу? За тэгээд аялахдаа хариуцлагатай аялагч байж, тухайн улсын дүрэм журмыг сайтар мөрдөхөө мартуузай. 👌🏻

  • ⛏️ Өнөөдрийн бодлогын шийдвэрүүд Монголыг зэсийн гол тоглогч болгох уу? (iToim)

  • 🧞‍♂️ Хятадын батлан хамгаалахын 7 сургууль $NVDA-н чиптэй болохыг хүсэж байна. (Bloomberg

  • 👨🏻‍⚖️ УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан наадмын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтүүд. (D-Parliament)

  • 🦋 2019 оноос хойш үргэлжилсэн Euphoria цуврал албан ёсоор өндөрлөлөө. (Variety)

🐐 Li Ning супер одтой гэрээлэв

2331.HK: Хятадын спортын хувцас үйлдвэрлэгч Li Ning өнөө цагийн хамгийн агуу сагсан бөмбөгийн тамирчдын нэг Стефен Көрритэй 10 жилийн хамтран ажиллах гэрээг байгууллаа. Ингэснээр түүний брэнд дэлгүүрүүд Хятад болон Америкт нээгдэхээс гадна Стефен Көрри Li Ning брэндийн элч төлөөлөгчөөр бусад тамирчдыг элсүүлэхэд оролцох эрхтэй болжээ. Гэвч энэ мэдээний дараа Хонконгийн бирж дээр Li Ning-н нэгж хувьцааны үнэ 2.8% унаж HK$18.4-т хүрсэн аж. Сонирхуулахад, Li Ning нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхий даяар 7.6 мянга гаруй дэлгүүртэй спорт хувцасны томоохон үйлдвэрлэгч болоод байна.

🔥 A24-н галзуурал 

Цаана чинь A24-н шинэхэн бүтээл Backrooms алж байгаа сурагтай. Харин Монголд уг кино 7 сарын 3-нд л нээгдэх нь дээ. Ер нь A24 студи сүүлийн жилүүдэд яаж саагаад байна аа? 

🎨💰 Артхаусаас их төсөв рүү

A24 кино студи нь анх артхаус буюу өвөрмөц шийдэлтэй, бага төсөвтэй бие даасан кинонуудаараа кино сонирхогчдын нарийн хүрээнд танигдаж байсан бол сүүлийн 3 жилд Холливудын том студиудтэй энэ тэнцүү өрсөлдөхүйц хэмжээнд хүрч томров. Тодруулбал, тэд $3-$15 саяын төсөвтэй гүн, драма төрлийн кино хийхээс татгалзаж, $30-$70 саяын төсөвтэй, олон нийтэд зориулсан чанартай энтертайнмент руу хүрээгээ тэллээ.

  • 🌊 Өнгөрсөн 2 жилийн давлагаа: 2024-2025 онуудад нээлтээ хийсэн Civil War, Marty Supreme тэргүүтэй 8 гол бүтээлдээ ойролцоогоор $190 саяын үйлдвэрлэлийн зардал гаргажээ. Эдгээр бүтээлүүд нь дэлхийн зах зээлээс нийт $549.5 саяын орлого олсон буюу зардлаа бараг 3 дахин нугалсан байгаа юм. Улмаар тус студийн үнэлгээ өдгөө $3 тэрбумд дөхөж байгаа аж.

🎥🍿 Одоогийн галзуурал: Интернэт соёл, Gen Z-н хүч

Одоогоор тэдний ээлжит шинэ бүтээл болох Backrooms киноны нээлт кино ертөнцийг цочроогоод байна. YouTuber Кэйн Парсонсын алдарт богино хэмжээний бичлэгээс сэдэвлэсэн энэ кино ердөө $10 сая хүрэхгүй төсвөөр бүтсэн ч, нээлтийнхээ эхний амралтын өдрөөр зөвхөн Америкаас л гэхэд $81.5 саяыг олж, А24-н бүх цаг үеийн рекордыг эвдэв. Нэмээд уг киноны үзэгчдийн даруй 86% нь 35-аас доош насны залуучууд байсан гэнэ.

🎞️ Киноноос хальсан бизнес экосистем

Том зургаараа, А24 сүүлийн 3 жилд зөвхөн кино театрын орлогоос хамааралтай байхаа больж. Тэд Beef, The Sympathizer зэрэг өндөр үнэлгээтэй цувралуудыг бүтээж, стриминг платформуудаас тогтвортой ашиг олохоос гадна "AAA24" үнэнч үзэгчдийн гишүүнчлэлийн хөтөлбөр, киноны тусгай мерчандайзаасаа борлуулалтын орлого олоод солиоруулж байгаа юм байна даа.

Эцэст нь… Одоо Backrooms-г Монголд гарахыг хүлээх л үлдлээ. Уг киноны хэсэг мийм болж, зарим компаниуд маркетингдаа хүртэл ашиглаад эхэлсэн байна шүү.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ

Өчигдөр УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар 7 сарын 10-наас 19-нийг дуустал амардаг болох хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжигдээгүй ажээ. Манай лимонууд энэхүү 10 өдрийн амралтын талаар ямар байр суурьтай байна?

Login or Subscribe to participate in polls.

🟡 Sign in with Toki систем танилцуулагдлаа

Toki апп нь SSO (Single Sign-On) нэвтрэлт буюу хэрэглэгч нэг бүртгэлээрээ олон төрлийн вэбсайт, апп руу хялбар нэвтрэх Sign in with Toki системээ танилцууллаа.

  • 🤔 Тэгээд яана гэж? Sign in with Toki-г ашигласнаар хэрэглэгч  олон дахин бүртгэл үүсгэж, нууц үг зохиож, цээжлэх шаардлагагүй зөвхөн Toki апп-ын бүртгэлээрээ хялбар нэвтрэх боломжтой болно.

  • ⏱️ Одоогоор, Unitel, Mmusic, Mbook, Upoint, Shoppy, FreshPack, Wellbeeshop зэрэг +60 вэбсайт, апп дээр Toki-р нэвтрэх боломж нээгдээд байгаа бөгөөд хэрэглэгчид олон дахин бүртгэл үүсгэхгүйгээр шууд үйлчилгээ авах боломжтой болжээ.

Эцэст нь… Бизнестээ Sign in with Toki-г нэвтрүүлснээр Toki-н 1.5 сая хэрэглэгчдэд шууд хүрч, олон алхам дагуулсан төвөгтэй хэрэглэгчийн бүртгэлийг хялбаршуулж, хэрэглэгчийн урт хугацаанд авч үлдэх боломжтой аж. Мөн хялбар интеграци, илүү өндөр аюулгүй байдал, зэрэг давуу талууд үүсэх нь байна шүү. 🤝🏻

Euronews

🍋 Victoria's Secret (VSCO) компани борлуулалт, ашгийн таамаглалаа ахиулснаар хувьцааны үнэ нь энэ Мягмар гарагт 50% өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Хиллари Сүпэр брэндийнхээ хуучин халуухан имижийг эргүүлэн авчрах стратеги гаргасан нь олон жилийн уналтыг зогсоож чаджээ. Тус компани 2026 оны цэвэр борлуулалтын таамаглалаа $7-$7.1 тэрбум болгон өсгөсөн байна.

🍋 Монгол Улсад 300 мянган Google Chromebook угсрах үйлдвэр байгуулна. Тодруулбал, ЗГ-аас бүх сургуулийг Google reference болгох, ирэх хичээлийн шинэ жилээр сурагчдыг нөүтбүүктэй болгохоор зорьж буй. Харин Америкийн талаас Монголд англи хэлний сургалтын чиглэлээр нэмэлт санхүүжилт олгохоор болсон аж.

🍋 Баянхонгор аймагт шалгалт хийж, зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо. Техникийн хүчин чадал хэтрүүлсэн Одод гоулд ХХК болон Задгай улаан нөхөрлөлийн тоног төхөөрөмжийг лацдан хаав. Мөн байгаль орчны үнэлгээний шаардлага биелүүлээгүй 3 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох гэнэ.

🍋 Монгол хүүхдүүд Instagram-г түлхүү ашиглаж байна. 606 хүүхдээс авсан судалгааны үр дүнд, 81.4% нь өдөрт 3+ цагийг цахим орчинд өнгөрүүлдэг бөгөөд үүнээс 41% нь 5+ цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байгаа аж. Улмаар хүүхдүүд цахим орчинд олон төрлийн эрсдэлтэй тулгарч, 37.3% нь танихгүй хүнээс мессеж хүлээн авч, 11.1% нь амиа хорлох, өөрийгөө гэмтээхийг өдөөсөн контенттой тулгарч байсан байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.