❗Үнэ яагаад өсөв?

Медиа салбарын ирээдүй болон хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөн талаар тоймлов.

POWERED BY

Юу байцгаана даа? Таны эргэн тойронд баахан л эвшээсэн хүмүүс яваад байгаа бол хавар ирсний дохио. Хаврыг дагаж ядралт гэдэг дээ. Дархлаагаа сайн дэмжээрэй.

*Нэг өдрийн өөрчлөлт

CUS: Өнгөрсөн сарын гадаад худалдааны нийт бараа эргэлт 61.1% өсөж $1.76 тэрбум болжээ. Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс $389.7 саяар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.

RUS: Оросын газрын тос, байгалийн хийн орлого 46.4% буурч тус улсын төсвийн алдагдал $25 тэрбумд хүрэв.

EU: Европын Холбоо Монгол Улстай тогтвортой ногоон хөгжлийн төлөөх түншлэл бэхжүүлж, €14 саяын буцалтгүй тусламж үзүүлнэ.

Үнэ яагаад өсөв?

Өнгөрсөн 7 хоног UBCab болон Сүү ХК (SUU)-ийн сүүний үнэ нэмэгдсэн тухай баахан шуугиан дэгдэв. Тэгвэл хэдүүлээ яагаад үнэ нэмэгдэх болсныг нэг хараад үзэх үү дээ?

Өө, өссөн юм уу?

  • 2.3x: 10 жилийн тэртээ монголчууд захуудаас 1 л сүүг ₮1,710-өөр худалдан авдаг байсан бол өдгөө бид түүнээс 2.3 дахин өндөр дүнгээр сүү авч байгаа аж. 🤯

  • Оргил цагаар өндөр үнэ: Харин UBCab-ийг бид оны өмнө ₮1,500-аар дууддаг байсан бол, өдгөө ачаалалтай цагуудаар 2 дахин өндөр дүнгээр дууддаг болов.

Яагаад үнэ нэмэгдэх болов?

ЗЗ-ийн зарчмын хувьд компаниуд зардалд эсвэл үнэ цэнд суурилж үнийг өсгөдөг. Тодруулбал,

Зардалд суурилах: Тухайн бүтээгдэхүүний үнийг түүхий эдийн болон үйл ажиллагааны зардал дээр ашиг олоход шаардагдах хэмжээг нэмж тооцно. Тэгэхээр Сүү ХК-ийн дотоодын болон импортын түүхий эд, сав баглаа боодлын үнэ өссөний улмаас сүүний үнэ нэмэгдсэн хэрэг. Задгай сүүний үнэ л гэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд 2.8 дахин өссөн байна.

Үнэ цэнд суурилах: Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж бага буюу тухайн үйлчилгээний үнэ өссөн ч хэрэглэгчдийн эрэлт хэвээр байх тохиолдолд үнийг өсгөх нь үр дүнтэй. Тиймээс тухайн бизнесийн үр өгөөжид үйлчлүүлэгчийн төлөхөд бэлэн байгаа дүнг нэмж үнийг тогтооно. Улаанбаатарын өвөл, түгжрэл дунд такси барих хүмүүс өглөө оройдоо хэт их байгаа учраас UBCab үнээ нэмсэн гэсэн үг. Ингэснээр нийлүүлэлтийн хомсдол буурч, таксины тоог нэмэх хөшүүрэг бий болж буй.

Үнийн стратеги

Компаниуд дээрх 2 аргаар үнийг өөрчлөхөөс гадна хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд хачирхалтай үнэ буюу $10 биш $9.99-оор зарах, бүтээгдэхүүнээ албаар алдагдалтай үнээр зарж илүү ашигтай бүтээгдэхүүний борлуулалтад үйлчлүүлэгчдийг татах, skimming буюу өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өндөр үнээр зарах зэрэг тактикуудыг ч ашигладаг.

Эцэст нь… Инфляц, үнийн өсөлтөөс үүдэн бараа, үйлчилгээний үнэ өсөх нь зах зээлд байдаг л зарчим. Харин хэрэглэгчид бидэнд өөр бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох, сонгохгүй байх боломж үргэлж нээлттэй нь сайхан юм даа. 😇

🥊 Хиймэл оюун ухааны тулаан ширүүснэ

GOOG: Google хиймэл оюун ухааны Anthropic стартапад $300 саяын хөрөнгө оруулалт хийлээ. Тэд Anthropic-д хөрөнгө оруулалт хийхээс гадна үүлэн технологитой холбоотой томоохон гэрээ байгуулаад буй. Харин нөгөө талаас Microsoft (MSFT)-с ХО татсан OpenAI ч бас Anthropic-тай адил хиймэл оюун ухаанаар скрипт бичиж, урлагийг хэдхэн секундийн дотор бүтээх боломжтой программуудыг хөгжүүлж буй. Тэгэхээр энэ салбарт нэлээд гал гарах нь дээ.

Медиа салбарын чиг хандлага

Reuters Institute-ээс 2023 оны хэвлэл мэдээллийн компаниудын чиг хандлагын судалгааг нийтэлжээ. Дэлхий даяар ер нь хаашаа тэмүүлнэ вэ?

Чиг хандлага

Тус санал асуулгад оролцсон медиа салбарын компаниудын 72% нь энэ жил подкаст болон бусад дижитал бүтээгдэхүүнд, 69% нь имэйл товхимолд, 67% нь видео хэлбэрээр мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллана хэмээв. Тэгэхээр ирэх жилүүдэд медиа салбарын онцлох бүтээгдэхүүн нь аудио байх нь ээ.

  • Шалтгаан: Медиа салбарын компаниудын орлого олох суваг нь сурталчилгаа болон бусад жижиг орлогоос бүтдэг. Товчхондоо орлого олох боломжит эх үүсвэр нь цомхон. Тийм ч учраас хараат бусаар бизнесээ явуулахын тулд дээрх шиг шинэ бүтээгдэхүүнийг гаргах трэнд ихсэж буй гэнэ.

  • Технологи: Түүнчлэн Норвегийн Aftenposten гэх компани саяхан подкаст хөтлөгчийнхөө дууг AI ашиглан хувилсан бол Өмнөд Африкийн News24 нь мэдээ болон бичлэгийн аудиогоо алдартай жүжигчний дуу хоолойгоор уншуулах туршилт хийж байгаа аж.

Дижитал шилжилт

Нөгөөтэйгүүр ЭЗ-ийн тогтворгүй байдлаас үүдэн хэвлэх болон сурталчилгаанаас хамааралтай байгаа компаниудад хүндхэн цаг ирж буй бол дээрх шиг дижитал шилжилт хийж чадсан компаниуд нөхцөл байдлыг арай боломжийн давах сурагтай.

  • Тодруулбал: New York Times-ийн захиалгын орлого 10% гаруй өссөн бөгөөд тэд 2027 он гэхэд 15 сая захиалагчтай болох зорилт тавьжээ.

  • Цаашид: Судалгаанд оролцогчдын 68% нь ирэх жилүүдэд төлбөртэй контентын орлогоо нэмэгдүүлэх хүлээлттэй байна.

Эцэст нь: ЭЗ-ийн хүндрэл нь медиа салбарт улс төрчид болон хамтрагч байгууллагаасаа хамааралтай болох сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс дижитал шилжилт л энэ асуудлын гарц болох магадлалтай байна. Бид ч мөн адил. Уншигч таны тусламжтай л Lemon Press өргөжин тэлж, хараат бус байж, илүү үнэ цэнтэй контент хүргэх боломж бүрдэнэ. Тэр алсын харааны төлөө бид өдөр бүр, тууштай ажилласаар. 🍋

  • Нягтлан бодогч / Монгол ТВ: Хэрвээ та нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 2-с дээш жил ажилласан, санхүүгийн Diamond программ дээр ажиллах чадвартай бол сонирхоод үзээрэй. 🔎 (Link)

  • Хүний нөөцийн менежер / Добу Технологи: Тасралтгүй хөгжих хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй + хүний нөөц бүрдүүлэлтээр ажиллах сонирхолтой залууст тэдний хаалга нээлттэй. 🔎 (Link)

  • Салбарын захирал / Сэндли ББСБ: Банк, санхүүгийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, тэдний салбарыг ахлаад явчих хүмүүст хамгийн багадаа ₮2 саяын цалинг санал болгож байна. 🔎 (Link)

Offshore wind

🍋 BP (BP.L)-н өнгөрсөн оны орлого 22% өсөж $77 тэрбумд хүрч шинжээчдийн таамгийг давав. Үүнээс үүдэн ашиг нь 2 нугарч 114 жилийн түүхэн дээд хэмжээ буюу $27.7 тэрбум болоод байна. Тус мэдэгдлийн араас компанийн хувьцааны үнэ 18% өсөж $500 болов.

🍋 Ирэх 5 жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос хангана. Тус ажилд нийт ₮1.7 их наядыг төсөвлөснөөс энэ жил ₮236 тэрбумыг нь зарцуулна. Энэ жилийн төсвийн 55%-иар ААН-үүдэд 3%-5%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох аж.

🍋 Түмэн Шувуут ХК (TUM)-н борлуулалтын орлого 2022 онд 28% өсөж ₮46 тэрбумд хүрчээ. Улмаар ашиг нь 4% нэмэгдэн ₮7 тэрбум болов. Сонирхуулахад компани энэ онд хүчин чадлаа 20% нэмэгдүүлж 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөж буй.

🍋 Улаанбаатар Дулааны Сүлжээ (UDS) компанийн борлуулалтын орлого 2022 онд 13% өсөж ₮139.4 тэрбумд хүрэв. Энэхүү өсөлтийн улмаас 2021 онд ₮3 тэрбумын алдагдал хүлээж байсан тус компани ₮2 тэрбумын ашигтай ажиллалаа.

  • Politic: Владимир Зеленский ЕХ-ний уулзалтад оролцоно. (Reuters)

  • Book: Дайтах урлаг. (BigThink)

  • Tech: Google ChatGPT-ийн өрсөлдөгч Bald-ийг танилцууллаа. (CNBC)

  • Research: Улс төрийн худал мэдээллийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс.(AnnualReviews)

🍹 Lemonade цувралаа үзээгүй юм биш биз?

Бид Lemonade видео цувралаар орчин үеийн залуус хэрхэн орлогын эх үүсвэрээ бий болгож, аж төрж буй талаар хүргэхийг зорьдог.

Тэгвэл ээлжит Lemonade-н улирлыг бид 2 долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас өөрсдийн сувгаар нийтэлж буй бөгөөд өдгөө дараах зочид ороод байна.

  1. Философийн багш, англи хэлний орчуулагч, артист Сексцагаанбогд 

  2. Реклам, зар сурталчилгааны дуу оруулагч Ө.Батбилэг 

  3. Архитектор, интерьер дизайнер С.Билгүүн

  4. Rosewood Hospitality Group-н үүсгэн байгуулагч, ерөнхий тогооч Клифф Арранд 

  5. Bharmoney, Cocktail Catering Service-н үүсгэн байгуулагч, бартендер А.Аварзэд 

  6. Артист Davaidasha 

When life gives you a lemon, make lemonade. Enjoy! 🍋

Reply

or to participate.