- Lemon Press
- Posts
- 👑 KHAN = ХААН хэвээр
👑 KHAN = ХААН хэвээр
XAC: Ажлын цаг 7! | eSports-н ээлжит тэмцээн | Xiaomi-н тайлан
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Заа энд тэнд зам хааж дуусаагүй л байгаа юм байна даа. 22-ын товчоо чиглэлийн авто замыг 8 сарын 20-25-ны хооронд хааж, шинэчилнэ гэнэ дээ. Хөдөө гадаа явах гэж байгаа нэгэндээ дуулгаарай. Ай, миний эх орон зам засварын орон болой. 🚨🚗
MASD: ББЗЗ дээр “Simple bond 4” болон “Shunkhlai Bond 3.1” хамгийн идэвхтэй арилжигдаж байна.
COIN: COINHUB (CHB) токены ханш өчигдрийн 15 цагийн байдлаар ₮12.04 болж IEO ханшаасаа 59.9% унаад байна.
MIN: Moody's агентлаг Mongolian Mining Corporation (0975.HK)-н зээлжих зэрэглэлийг B3 түвшинд хэвээр үлдээв.
👑 KHAN = ХААН хэвээр
МХБ (MSE)-ийн I болон II ангилалд бүртгэлтэй ХК-иуд 8-р сарын турш 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж буй. Тэгвэл өнөөдөр ХААН Банк (KHAN)-ны хагас жил рүү өнгийе. Хэр их гал гаргасан бол оо?
📈 ХААН-ы тэргүүлэл
ХААН Банкны энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 6.8% өсөж ₮290.4 тэрбумд хүрсэн. Улмаар энэ дүн нийт банкнуудын цэвэр ашгийн 31.6%-ийг бүрдүүлжээ. Учир нь тэдний нийт зээлийн хэмжээ эхний хагаст 21.7% өсөж ₮11.3 их наяд болсноор нийт зах зээлийн 33.9%-ийг бүрдүүлж буй. Тиймдээ ч хүүгийн орлого нь 28% нэмэгдэж ₮1.2 их наядын босгыг давсан хэрэг.
💸 Ямар зээл олгож байна? Тус банкны нийт олгосон зээлийн 11%-ийг ипотекийн, 39%-ийг хэрэглээний, 50%-ийг бизнесийн зээл тус тус эзэлжээ. Бүр дотор нь харвал олгосон ипотекийн зээлийнхээ дийлэнх хэсгийг буюу 70%-ийг өөрийн эх үүсвэрээс гаргасан байна.
🌳 Ногоон зээл юу болж байна? ХААН Банк Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж $60 саяын санхүүжилт татсан. Тэгвэл тэдний ногоон зээлийн багц оны эхний хагаст 142.2% нэмэгдэж ₮589.9 тэрбумд хүрснээр нийт зээлийн багцынх нь 5.2%-ийг бүрдүүлжээ.
🫂 Харилцагч = 1.8 сая
Цаашлаад, хамгийн их харилцагчтай гэгддэг ХААН Банкны цахим харилцагчийн тоог нь харвал жилийн өмнөхөөсөө 49.3 мянгаар нэмэгдэж 1.8 саяыг давжээ. Түүнчлэн уг банкны ПОС хэрэглэгчдийн тоо ч 12.4 мянгаар өсөж 55.7 мянга болсон байна. Тэдний харилцагчдын тоо нэмэгдэхэд харилцагчийн интернэт банкны өдрийн гүйлгээний лимитийг ₮50 сая болгосон, сайн дурын нийгмийн даатгалын нэхэмжлэлийг апп-аар төлөх боломжтой болсон зэрэг үйлчилгээний шинэчлэл нь нөлөөлж буй.
Эцэст нь… ХААН Банк энэ оны эхний хагаст ОУСК, ЕСБХБ зэрэг ОУ-ын байгууллагуудаас нийт $186.8 саяын санхүүжилт татах гэрээ байгуулсан. Тэгэхээр оны сүүлийн хагаст цар хүрээ нь улам тэлэх биз ээ.
XAC ➡️ Ажлын цаг 7!
XAC: ХасБанкны ажилтнуудын өдрийн ажлын цаг 7 цаг болжээ. Тус банк ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах, тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлэн ирэх 9-р сарын туршид ажлын цагийг өдөрт 7 цаг болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр 1 ажилтан 9-р сарын хугацаанд нийт 2.5 ажлын өдөртэй тэнцэх чөлөөг олгож байгаа хэрэг. Сонирхуулахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар ХасБанкны 1 ажилтанд ногдох цэвэр ашгийн хэмжээ ₮65.6 сая байна.
🎮 PUBG Mobile Super League-н эргэн тойронд
eSports сонирхогчдын намрын нээлтийг $200,000-ын шагналын сантай Төв болон Зүүн Азийн намрын аварга шалгаруулах “PUBG Mobile Super League” (PMSL) эхлүүллээ. Юу болж байна?
🔫 PUBG Mobile Super League: Нийт 20 баг 3 долоо хоногийн турш 5 хэсэгт хуваагдан өрсөлдөж, финалд 16 баг шалгарна. Хэсгийн тоглолтууд өнгөрсөн Лхагва гаргаас эхэлж ирэх Ням гараг хүртэл өдөрт 6 тоглолт явагдсаар 90 тоглолтын дараа өндөрлөж, шилдэг багуудаа тодруулах юм.
🗞️ Тэмцээний талаар товчхон
Тус тэмцээнд Монголын 5 баг Казакстан, Балба, Бангладеш, Пакистан, Орос, Узбекистан тэргүүтэй орны багуудтай өрсөлдөхөөр байгаа. Цаашлаад, тэмцээнд нийт 20 баг өрсөлдөж байгаагийн 7 нь урилгаар оролцож байгаа бөгөөд тэдний 3 нь Монголоос. Тодруулбал, өнгөрсөн жилийн PUBG Mobile Global Championship (PMGC)-н аварга IHC Esports, дэд аварга Stalwart Esports болон 4Merical Vibes багууд урилгаар оролцож байгаа бол Falcons Force болон Stronger Esports багууд Өмнөд Азийн урьдчилсан шатанд аваргын шатад шалгарчээ.
🎰 Эхний өдөр: Тэмцээний эхний өдрийн үр дүнгээс дуулгахад Пакистаны AS i8 Esports 70 оноотойгоор тэргүүлсэн бол, IHC Esports 9-рт, 4Merical Vibes 12-рт тус тус жагсав.
🌠 Өсөж буй од: Сонирхуулахад, IHC Esports-н аваргалсан PMGC 2023-н шагналын сан $3 сая байсан. Сонирхуулахад, Монголын eSport-н багууд 398 тоглолтоос нийт $4.6 саяын шагналын сангийн эзэд болж байжээ. Дэлхийн хэмжээнд 48-рт эрэмбэлэгддэг гэж байгаа. Үнээс хамгийн өндөр шагналын сантай байсан тэмцээн нь өнгөрсөн оны PMSL бөгөөд тус дүнгийн 60%-ийг дангаар бүрдүүлж буй.
Эцэст нь… PMSL-с шалгарсан шилдэг 4 баг “PUBG Mobile Global Championship” 2024 тэмцээнд оролцох урилгатай болно. 2023 оны PMSL-д IHC Esports болон Stalwart Esports амжилттай оролцож байсан. Энэ жил тэргүүллээ хадгалах, даагаа нэхэх эсэх нь сонирхолтой…
🧩 Хөгжилтэй тааврын цаг.
Маргаашийн өмнөх өдрийн өмнөх өдрөөс хоёр өдөр өнгөрөөд Бямба гараг болно. Өнөөдөр ямар өдөр вэ?
A. Лхагва
B. Пүрэв
C. Баасан
Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. ✌️
💤 Нойргүйдэл баяртай
Ажлын ачаалал, амьдралын хэв маягаас шалтгаалж нойрны асуудалтай тулгарч байна уу? Бидний дунд 5 хүн тутмын нэг нь нойрны асуудалтай, үүнээс ихэнх нь Ковид-19-ийн үр дагавраас шалтгаалж байгаа аж. 👀
Нойргүйдэл: Хүний хэвийн нойрны хэмнэл алдагдахаар нойрны эмгэг үүсдэг ба унтах боломжтой нөхцөл байсаар байхад унтаж чадахгүй байх, шөнө олон удаа сэрэх, эсвэл өглөө эрт сэрэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Тэгвэл "Натур Мед Уламжлалт Сэргээн Засах Төв” олон улсын нойргүйдлийн алтан стандарт CBT эмчилгээний аргыг Монголдоо анх удаа нэвтрүүлж нойрны чанарыг сайжруулах, цаашлаад амьдралын хэв маягт зөв дадал хэвшүүлэхэд чиглэж буй.
🔗 Нойргүйдлийн талаар бидний бэлтгэсэн контентыг ЭНД дарж үзээрэй.
NSF News
🍋 Xiaomi (1810.HK)-н цахилгаан автомашин (EV)-н борлуулалт худалдаанд гарсан эхний улиралдаа 32% өсжээ. Тодруулбал, компани анхны EV-гээ өнгөрсөн 3-р сард худалдаанд гаргасан бөгөөд түүнээс хойш хувьцааны үнэ нь 16% өсөж өдгөө $19-т хүрээд байна. Гэснээс цаашид тэд EV үйлдвэрлэлдээ $10 тэрбум хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
🍋 АШУҮИС Японы Кюүшюгийн их сургуультай хамтран ажиллана. Хамтран ажиллагааны хүрээнд талууд эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хэрэгжүүлэхийн сацуу бусад нарийн мэргэжлийн мэс заслыг хамтран хийх, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэргүүтэй ажлуудыг хийх юм.
🍋 Xanadu Mines (XAM.TO) "Хармагтай" зэс, алтны төслийн нөөцийн төсөөллөө ахиуллаа. Тодруулбал, компанийн шинэ өрөмдлөгийн үр дүнд төслийн зэсийн нөөц 463,000 тн-оор, алтны нөөц 746,000 унцаар нэмэгдэж, нийт зэсийн нөөц 3.8 сая тн, алтны нөөц 9.3 сая унцаар тус тус тогтоогдоод байна.
🍋 Их Британиас Монголд англи хэлний багш нарыг чадавхжуулахад ₮2.2 тэрбумын тусламж үзүүлнэ. Цаашлаад,Их Британи Монголтой олон улсын тулгамдсан асуудлууд, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт тэргүүтэй чиглэлд хамтран ажиллаж түншлэлээ улам бататгах сонирхлоо илэрхийллээ.
💧 Хаягдал ус
MCS Coca-Cola ХХК-ийн цэвэршүүлсэн хаягдал усанд амьдардаг загас
Бид газрын гүний усаар машинаа угааж, угаалга хийж, зүлэг услах зэргээр хэтийдсэн тансаглалтай амьдарсаар ирснийг анзаарч байсан уу? .
😰 Ус юм чинь, урсаж л байг уу?
Одоогийнх шиг хэрэглээтэй амьдарсаар байвал Монголын хүн ам, хотжилт, үйлдвэржилт эрчимжихийн хирээр ирээдүйн цэвэр усны нөөц бидэнд хүрэлцээтэй байж болох ч ирээдүй хойчид маань хүрэлцэхгүй. Цаашлаад, усны зохисгүй ашиглалтаас гадна уур амьсгалын нөлөөллөөс шалтгаалж гадаргын усны хүртээмж одоогоос 2030 он хүртэл жилд 1%-2% буурах төлөвтэй байгаа.
Хол биш: Бүр цаашилбал, 25-30 жилийн дотор Монгол Улс цэвэр усны ноцтой хомсдолд орж болзошгүй. Ийм ч учраас дэлхий даяар цэвэр усны хэрэглээг багасгаж буюу дахин цэвэршүүлсэн усыг хэрэглэхийг эрмэлзэж буй.
🤝 Туршлага
MCS Coca-Cola ХХК гэхэд ундаа усны, үйлдвэртэйгээ зэрэгцүүлэн 2010 онд хаягдал ус дахин боловсруулах байгууламжаа ашиглалтад оруулж байсан түүхтэй. Энэ чиглэлд тэд 10 гаруй жил туршлага хуримтлуулж, өдгөө цэвэршүүлсэн усанд нь загас ч амьдрах боломжтой төдийгүй ундны зориулалтаас бусад бүх хэлбэрээр ашиглаж байгаа аж.
💡 Юунд ашигладаг вэ гэж үү? Тус компани цэвэршүүлсэн усаа үйлдвэрийн орчим дахь цэвэрлэгээ, ногоон байгууламж зэрэгт ашиглахын сацуу хот тохижилт, бусад компаниудад үнэгүй өгөх замаар ажилладаг. Сонирхуулахад, тэд ундны эх үүсвэрийг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглах хүсэлтэй ААН, хувь хүмүүстэй нээлттэй хамтран ажилладаг юм байна лээ шүү.
Эцэст нь… Дотоодын компаниуд эхнээсээ “Гүнээсээ хайрлая”, “Хуванцрын хаягдалгүй дэлхий” гэхчлэн тогтвортой хөгжил, ирээдүйн төлөө дунд, урт хугацааны зорилтоо тодорхойлж, манлайлах болсон. Өөрсдийн гэсэн ноу-хау-г бүтээж, түүнийгээ түгээн сайн туршлага болгон харуулж буй нь сайшаалтай.
Оролц: ХААН Банканд цэвэр ус нийлүүлээрэй. (KhanBank)
Судал: Дэлхийн бүх орноор аялахад хэр хэмжээний мөнгө шаардагдах вэ? (CGB)
Бүртгүүл: Агаарын бохирдлын хэмжээг гар утаснаасаа хянах боломж. (BreatheMongolia)
Суралц: Бизнесээ дижитал орчинд бойжуулахад GeNi аргачлал тусална. (Medium)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply