- Lemon Press
- Posts
- !!️ 98 удаагийн ХОРИГ
!!️ 98 удаагийн ХОРИГ
$KHAN: Өсөлтийн цуваа | $MLG-н III улирал | $KO Энэтхэгт IPO хийнэ
POWERED BY
Ирээдүй рүү буцсан өдрийн мэнд! Жил бүрийн 10 сарын 21-нд “Back to the Future Day”-г тэмдэглэдэг бөгөөд Back to the Future Part II кинонд Марти МакФлай ирээдүй рүү 2015 оны 10 сарын 21-нд аялдаг ажээ. Цаг хугацааны машин байдаг бол манай лимонууд аль үе рүү аялах байв? 🚙 ⏰


*Нэг өдрийн өөрчлөлт.
UB: Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 оны III улирлын байдлаар нийслэлийн төсөвт ₮6.3 тэрбумын орлогыг төвлөрүүлжээ.
QPAY: Инновэйшн Инвестмент ХК (QPAY) энэ оны III улиралд ₮26.5 тэрбумын орлого олж ₮10.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа.
UBX: Өчигдөр Си-И-Си Инвестмент ББСБ-ын охин компаниараа дамжуулж гаргасан CECI ХБҮЦ 1-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлж, эхэлсэн өдрөө 100% биелэн ₮3 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлэв.

‼️ Ерөнхийлөгч “ҮГҮЙ” гэв

Улс төрийн ширүүн зодоон үргэлжилсээр өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95-р тогтоолд бүхэлд хориг тавиадахлаа. Энэ нь түүний бүрэн эрхийн хугацаа дахь 4 дэх хориг болоод байна.
🗯️ Бүрэн эрх: Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд болон зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхтэй. Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж, чуулганд оролцсон гишүүний 2/3 нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлддэг аж.
🥊 95-р тогтоол
Өнгөрсөн Баасан гарагт Төрийн 3 өндөрлөгийн 2 нь ажлаа хүлээлгэн өглөө. Энэ үйл явдал Монголын улс төрийн түүхэнд тодоор бичигдэх нь тодорхой. Үүний нэг хэсэг нь УИХ-ын 95-р тогтоол буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралд оролцсон 111 гишүүдийн олонх буюу 71 гишүүн дэмжсэн юм.
🤔 Хоригийн үндэс: Тус тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцээгүй, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөнтэй холбоотой аж.
👨🏻⚖️ Цэцийн мэдэгдэл: ЕС-ын зүгээс үүсээд буй асуудлаар түүнийг огцруулахаар хэлэлцсэн УИХ-ын чуулган болон гарсан тогтоолыг Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотой Цэц маргаан үүсгэн маргааш буюу 10 сарын 22-нд нээлттэй хуралдаан хийхээр шийдвэрлээд байна.
🕰️ Түүхийг сөхвөл
Тэртээ 1992 оноос хойш сонгогдсон 6 Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 98 удаа УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүрэн болон хэсэгчилсэн хориг тавьжээ. Бүрэн эрхээ дуусгасан хэдээс хамгийн олон хориг тавьсан нь 37 хоригтой Н.Багабанди бол хамгийн цөөн хориг тавьсан нь 6 хоригтой Ц.Элбэгдорж аж. Сонирхолтой нь, эдгээр 2 Ерөнхийлөгч тус бүр 2 удаа сонгогдож байжээ.
Эцэст нь… Энэ удаа УИХ-ын ЕС-ыг огцруулсан явдалд Ерөнхийлөгч хориг тавих нь цаг хугацааны асуудал болоод байв. Одоо УИХ-ын гишүүдийн 2/3 тус хоригийг хүлээж авах эсэх нь асуултын тэмдэг хэвээр. Ямартай ч маргааш Үндсэн хуулийн цэцээс ямар мэдэгдэл гаргахыг харцгаая. 🍿

🚃 $MLG-н III улирал
MLG: Өнгөрсөн улиралд Монложистикс Холдингийн борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс 3% буурч ₮216.5 тэрбумд, ачаа эргэлт 31% багасаж 604 мянган тн-д хүрчээ. Мөн $MLG “Оюу толгой” ХХК-иас зарласан зэсийн баяжмалыг төмөр замаар экспортлох тээвэрлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан ба энэ сард эхний цувааг зохион байгуулах аж. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ оны эхнээс 1.7% унаж ₮186.8-т хүрээд байна.

🪫 Энд тэнд бензин хомстоод буйн шалтгаан. (Ikon)
🛋️ IKEA-н бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөх нь ээ. (FoxBusiness)
🌀 Албан тушаалаа ашиглан хуулийн байгууллагуудад нөлөөлөгчид үнэхээр бий… (YouTube)
🧩 Тархины дасгал хийгээд ой санамж, анхаарал төвлөрлөө сайжруулах боломжтой. (CNBC)

👏 $KHAN: Өсөлтийн цуваа

Энэ оны III улирал дуусаж, ХК-иуд ээлж дараатайгаар тайлангаа танилцуулж байна. Тэгвэл банкны салбарт тэргүүлэгч ХААН Банк (KHAN)-ны үзүүлэлт яаж өөрчлөгдсөнийг харцгаая. $KHAN-н хөрөнгө оруулагчид сайтар анхаараарай.
📈 Санхүүгийн үзүүлэлт: Тавлаг сайхан
Санаж байгаа бол энэ оны эхний хагас жил ТОП-5 банкны заримынх нь хувьд тийм ч таатай байгаагүй. Тодруулбал, 3 банкны цэвэр ашиг 20%-35%-ийн хооронд буурсан юм. Харин $KHAN-н цэвэр ашиг 21.8% өссөн билээ. Тэдний цэвэр ашиг энэ оны III улиралд ч жилийн өмнөхөөсөө өсөлттэй гарсан буюу 14% өсөж ₮529.1 тэрбум болжээ. Тэгэхээр нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь ₮276.7 болсон хэрэг.
📌 Алгуураар, тогтмол өснө: Цаашлаад тус банкны нийт хөрөнгө 2024 оны III улиралд ₮20 их наядын босго давж байв. Харин энэ жилийн мөн үед 9.5% нэмэгдэж ₮21.9 их наяд болсон байна. Нийт хөрөнгийн өсөлтөд цэвэр зээлийн хэмжээ ихээхэн нөлөөтэй. Энэ утгаараа $KHAN-н цэвэр зээл жилийн өмнөхөөсөө 24.8% өсжээ.
🔺 Хадгаламж өсөв: Нэмээд тус банкны харилцах болон хадгаламжийн хэмжээний өөрчлөлтийг харвал, тайлант хугацаанд харилцахын хэмжээ ялимгүй буурсан бол хадгаламжийн хэмжээ 5.3% нэмэгдсэн аж.
🧐 Хувьцаа яав?
Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ намар тийм ч налгар биш байлаа. Тэр дундаа ТОП-20 компанийн 14-ийнх нь хувьцааны үнэ унасан. Харин $KHAN-н үнэ өсөлтөөрөө 3-рт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, оны эхнээс 12%, жилийн өмнөхөөсөө 27.3% өссөн хэрэг.
Эцэст нь… Манай зах зээлд үйл ажиллагаа нь тогтвортой, ашиг орлого нь тогтмол нэмэгддэг, сайн жишгээр ажиллаж байгаа компани ховор. Иймдээ ч жижиг хөрөнгө оруулагчид ТОП-20 компани руу хошуурч буй. ХААН Банкны жижиг хөрөнгө оруулагчдын тоо л гэхэд сүүлийн 2 жилд 28.7% нэмэгджээ. Энэ тоо цаашид ч өсөх биз ээ. Зах зээлийг өнгөлдөг ийм компаниудын тоо өшөө олон болоосой.

Excel хүснэгт дээрх өгөгдөл дээр багана эсвэл мөр тус бүрээр ангилан тооцоолол хийх боломжтой аж. 👇
Хэрэв багана тус бүрээр тооцоолол хийх бол BYCOL, харин мөр тус бүрээр тооцоолол хийх бол BYROW-г ашиглах нь.
Ингэхдээ, эхний мөр, эхний багана➡️төгсгөлийн мөр, төгсгөлийн баганыг зааж, томьёогоо оруулахад болох юм.
Жишээ нь, A1:C3 хүснэгт өгөгдсөн тохиолдолд, =BYROW(A1:C3, SUM) эсвэл =BYCOL(A1:C3, SUM) гэж бичээд болоо.


🍋 Coca-Cola (KO) Энэтхэгт IPO хийж $1 тэрбумыг босгохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд компанийн Энэтхэг дэх савласан бүтээгдэхүүний салбар Hindustan Coca-Cola Beverages нь $10 тэрбумын зах зээлийн үнэлгээнд хүрэх төлөвтэй байгаа юм. Тэднээс гадна Энэтхэгийн тодорхой мужуудад зах зээлийн 10%-14%-ийг баздаг Campa Cola гэх нутгийн брэнд бий.
🍋 Өнгөрсөн оноос хойш 750 иргэн орон сууцны залилангийн хохирогч болжээ. Тэгвэл энэ он гарснаас хойш үүнтэй холбоотой 180 орчим иргэний маргаан шийдвэрлэгдсэн бол 79 маргаан эрүүгийн хэргээр шийдвэрлэгдсэн байна. Албан бус тоогоор орон даяар 2024-2025 он гэлтгүй орон сууцны аливаа залиланд өртсөн 70 мянга гаруй иргэн байгаа гэнэ.
🍋 Kering (KER.PA) гоо сайхны бизнесээ L’Oreal (OR.PA)-д €4 тэрбумаар зарахаар тохиролцлоо. Энэ нь Kering-н нийт өрийн 40% гаруйтай дүйх дүн бөгөөд хэлцлийн дараа тэд дээд зэрэглэлийн арьсан эдлэл, үнэт эдлэлийн бизнестээ гол анхаарлаа хандуулах аж. Тэгвэл хэлцлийн хүрээнд L’Oreal үнэртэй усны Creed бизнесийг авахын зэрэгцээ Bottega Veneta болон Balenciaga брэндийн дор бүтээгдэхүүн хөгжүүлэх 50 жилийн онцгой лицензийн эрхийг эзэмших нь.
🍋 ГЕГ Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн Virnect компанитай ирэх 3 жилийн хугацаанд хамтран ажиллана. Эхний ээлжинд өнгөрсөн 5-р сараас эхлэн гаалийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, AI сервер суурилуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлээд байгаа бөгөөд цаашлаад барааны ангиллын кодыг санал болгох AI систем, нэгдсэн хайлтын платформ бий болгох тэргүүтэй технологийн чиглэлээр хамтран ажиллах аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply