- Lemon Press
- Posts
- Онц: 97.2% 🅰
Онц: 97.2% 🅰
Иений уруудалт | Эдийн засгийн өсөлтийн таамаг | Германд ажиллах боломж
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Энэ 7 хоногт цаг агаар нэлээд дулаахан байх нь ээ. Бөөвийж явсан он цагуудаасаа өшөөгөө авч гоё ганган хувцаснуудаа өмсөөрэй. 😂👠
*Нэг өдрийн өөрчлөлт
CUS: Энэ оны эхний 3 сард гадаад худалдааны ашиг $1.2 тэрбумд хүрсэн ч экспортын дүн жилийн өмнөхөөс 2.8% буурч $3.7 тэрбум болсон байна.
MSE: Энэ сард “MSE A” ангиллын нийт 24 компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮38.9 тэрбумын арилжаа хийгдсэний ₮21.8 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
🚶🏻 Түрүүлж алхана
Зээ, Юнител группийн 2023 оны тогтвортой байдлын тайлан гарлаа. Өнгөрсөн удаагийн тайлангаас юун дээр ахиц гаргаж, ямар сонин сайхантайгаар бас нэгэн жилийг үдэв? Нэг сайхан шинжих үү дээ? 🔎
Нарны эрчим хүч гялалзаж байна!
Үүрэн холбооны компанийн эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг дата төв болон сүлжээний станцууд ашиглаж байдаг. Энэ жишгээр Юнител группийн тухайд тэдний нийт эрчим хүчний 96% нь дата төвийн серверүүд болон сүлжээний станцууд нь ашиглаж буй. Сонирхуулахад, тэд цахилгаан, дулаан, шатахуун дээр нэмээд нарны эрчим хүч гэсэн 4 эх үүсгэврээс эрчим хүчээ гарган авдаг. Санаж байгаа бол тэд өнгөрсөн жил алслагдсан орон нутгийн байршилд нарны эрчим хүчээр ажилладаг 216 үүрэн сайтыг байршуулсан. Улмаар,
Сэргээгдэх эрчим хүч нэмэгдэв: Тэдний нийт эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 15% өсөж 176,914 МВтц-т хүрсэн бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээ нь 61% өсөж 14,031 МВтц-т хүрээд буй. Үүнээс тооцоод харвал сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчнийх нь 8%-ийг эзэлж байгаа юм. Сонирхуулахад тус үзүүлэлт 2022 онд 6% байсан шүү.
Сэргийлэв: Цаашлаад, тус групп 1,295 тн CO2-г агаар мандалд ялгарахаас сэргийлсэн аж. Энэ нь өмнөх жилээсээ 60% өссөн дүн гэхээр тэдгээр нарны станцууд ч өгөөжөө өгөөд эхэлсэн нь илт.
Электрон хог хаягдлаа яах вэ?
Санаж байгаа бол өнгөрсөн жил тэд 12 жил ашигласан Linux үйлдлийн системээ Android системээр сольж хуучин төхөөрөмжөө цуглуулаад байсан даа. Тэгвэл тэд нийт 17,380 хуучин төхөөрөмж буюу 3,718 кг электрон хог хаягдлыг хог дээр хаягдахаас сэргийлсэн байна. Тэд үүнийхээ 964 кг-ийг дахин боловсруулсан бөгөөд 739 кг-ийг нь барилгын материал үйлдвэрлэхэд ашиглажээ. Сонирхуулахад, Дахин боловсруулалтад оруулсан 739кг хуванцраар 18,475 гар утасны кейс хийх боломжтой.
Оффисын хог хаягдлаа ч мартаагүй ээ! За тэгээд оффисын хог хаягдлыг зохицуулахаар 3R (Reduce, Reuse, Recycle) зарчмыг нэвтрүүлээд буй. Ингэснээр оффисын цаасны хэрэглээ 26% буюу 726 кг-аар буурсан бол дата төв болон агуулахад хуримтлагдсан 650 кг хаягдлыг дахин боловсруулахаар гуравдагч байгууллагад өгчээ.
Гэснээс тэд ажилтнуудынхаа 1 удаагийн цаасан аяганы хэрэглээг бууруулж 153 кг цаас хэмнэсэн гэнэ. Ер нь л тайланг нь нэг гүйлгээд харвал олон сонирхолтой туршлага судлах нигууртай.
Эцэст нь… Бид тус группийн тогтвортой байдлын тайланг 2 дахь жилдээ тоймлож байна. Уг нь нэр хүндтэй, томоохон группүүд маань БОНЗ-ын чиглэлд ямар ажил хийж байгаа, ямар үр дүн гаргаад явж буйгаа тогтмол тайлагнаад явдаг бол хэрэглэгчдээс авхуулаад хөрөнгө оруулагч нарыг татах томоохон хөшүүрэг болно доо.
97.2% 🅰
BODI: Бодь Даатгал ХК-ийн компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 97.2% байна. Тэд үндсэн 9 зарчмын 8-ыг нь 100% хэрэгжүүлсэн аж. Харин эрх бүхий албан тушаалтны цалин урамшууллын үзүүлэлт нь ганцаархнаа хамгийн бага буюу 66.7%-ийн үнэлгээтэй байна. Сонирхуулахад, компанийн хувьцааны үнэ он гарсаар 27.9% унаж ₮82.2 болоод буй.
📈 Capital Level Up
Хөрөнгө зах зээлийг түүчээлэгч байгууллага, салбарын экспертүүд хамтран санхүүжилт татан бизнесээ өргөжүүлэх гэж буй байгууллагуудад зориулж “Capital Level Up: Өсөлтийн дараагийн шат” сургалт 4 сарын 17-нд 15 цагаас зохион байгуулах гэж байна.
Уг сургалтад үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжууд, олон улсын хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, бонд болон хувьцааны санхүүжилтийн талаар мэдээлэл, сургалт, зөвлөгөө өгөх юм.
🎯 Хаана: МҮХАҮТ
💴 Иений уруудалт
Японы төв банк сүүлийн 17 жилд анх удаа сөрөг байсан бодлогын хүүгээ өсгөж 0.1%-д хүргэсэн билээ. Гэтэл иений ханш хүчирхэгжих нь байтугай хэцүүхэн байдалд орлоо. Юу болоод байна?
Нөхцөл байдал
Долларын иентэй харьцах ханш сүүлийн 1 жилийн хугацаанд 15.2% чангарч сүүлийн 34 жилийн дээд түвшинд хүрээд байна. Улмаар $1=¥151.4 болов.
Хмм 🤔: Уг нь бол бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь иений ханшийн чангаруулж, зээлийн хүүг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг сааруулах замаар инфляцыг бууруулах зорилготой. Гэтэл иений ханш долларын эсрэг хүчгүйдээд байдаг.
Учир начир: Японы төв банк бодлогын хүүгээ нэмээд тийм ч удаан хугацаа өнгөрөөгүй байгаа. Дээрээс нь Америк бодлогын хүүгээ бууруулахгүй хэвээр үлдээснээр долларын индекс жилийн өмнөхөөсөө 2.3% өсөөд буй. Эдгээр нөхцөл байдал нь долларын иентэй харьцах ханш 34 жилийн дээд түвшинд хүрэхэд нөлөөлж байна.
Ямар нөлөө үзүүлэх вэ?
Иений ханшийн сулрал нь бусад валютын худалдан авах чадварыг сайжруулах тул Японы экспорт, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ импортын бараа илүү үнэтэй болж инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй.
Жуулчдыг татна: Түүнчлэн иений ханшийн сулрал нь аялал жуулчлалын салбар болон зочлох үйлчилгээ, жижиглэн худалдаа зэрэг холбогдох салбаруудыг хөгжүүлэх боломжтой. Товчхондоо бол иений ханийн сулрал нь импортын бараа бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй болгох ч экспорт болон аялал жуулчлалын эрэлтийг нэмэгдүүлэх нь.
JPY/MNT
Төгрөгийн ханш ч сүүлийн 1 жилийн хугацаанд иений эсрэг 16.2% чангарч ¥1=₮22.3 болоод буй. Түүнчлэн бид энэ оны эхний 3 сард $2.4 тэрбумын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн импортолсны 11.6%-ийг Японоос авсан. Юу гэх гээд байна вэ гэхээр, иений сулрал нь Японоос импортолсон барааны үнийг ч хямдруулсан юм. Тодруулбал,
-10%: Өнгөрсөн оны эхний 3 сард Японоос импортолсон суудлын автомашины дундаж үнэ $7.7 мянга байсан бол энэ оны эхний 3 сард энэ тоо 10% буурч $6.9 мянга болсон аж.
Эцэст нь… Иений эргэн тойронд нэг иймэрхүү л юм болж байна даа. Гэхдээ урт хугацаандаа төв банкны бодлогын хүүгийн шийдвэрийн нөлөө гарч эхлэх биз ээ.
ЗГ-аас 2024 онд эдийн засаг 7.1% өсөх төлөвтэй байгаа хэмээсэн. За тэгвэл бусад нь таамаглалаа хэр зэрэг бууруулж хэд болгов?
Дэлхийн Банк: 1.3 нэгж хувиар бууруулж 4.8%,
Монголбанк: 3.2 нэгж хувиар бууруулж 3.8%, харин
ОУВС: 2 нэгж хувиар өсгөж 6.5% өснө хэмээх таамаглалыг гаргажээ.
$1,000-ын асуулт асууя. Сонгуулийн дараагаас эдийн засаг хэрхэх бол?
🍋 Lemonade S4 is coming soon
Зиак, Lemonade цувралын маань IV улирлын шинэхэн дугаар удахгүй цацагдах гээд догдлоод байгаа учир энэ буландаа онцлон бичлээ. Уг цувралыг маань үзэж амжаагүй бол анхаарлаа хандуулна уу! 😎
Яадаг цуврал вэ? Залуус бидэнд орлого, зарлагаа хэрхэн удирдах, юунд хөрөнгө оруулалт хийх, мөнгөө хэрхэн хуримтлуулах гээд олон асуулт байдаг. Тэгвэл тус цувралаар салбар, салбарын залуус өөрсдийн сонирхол, амьдралын хэв маяг, санхүүгийн философийг хуваалцдаг билээ.
Энэ улирлын хувьд гадаадад өндөр боловсрол эзэмшээд эх орондоо ирж малчин болох замыг сонгосон залуу, UFC-н холимог тулааны тамирчин гээд 8 гайхалтай зочин оролцлоо.
За тэгээд, тэдний сонирхолтой түүхүүдийг маргаашаас эхлэн 7 хоног бүр Lemon Press-н YouTube cувгаас хүлээн авч үзээрэй.
Dribble
🔹Дэлхийн хүн амын 1%-ийг эзлэх супер баячуудын хөрөнгө өнгөрсөн онд $44.6 их наяд буюу түүхэн дээд түвшинд хүрлээ. Тус 1%-д $11 саяас дээш хөрөнгөтэй эрхмүүд багтдаг бөгөөд ХЗЗ-ийн өсөлт тэдний хөрөнгийг түүхэн дээд түвшинд аваачсан аж. Сонирхуулахад, Ковид 19-ийн дараагаас тэдний хөрөнгө $14.6 их наядаар нэмэгдсэн байна.
🔹Монгол залуус Германд ажиллангаа мэргэжил дээшлүүлэх боломжтой. Тодруулбал, Германы Тюринген мужийн Эрфурт хотын ХАҮТ-ын тэргүүн МҮХАҮТ-д зочилж хамтын ажиллагааны хүрээнд 18-26 насны, Герман хэлний B2 түвшинтэй залуус 200-300 хосолсон сургалтаар суралцах, ажиллах боломжтой талаар мэдэгдсэн юм.
🔹Ripple (XRP) бэлэн мөнгөөр баталгаажсан сэйтблкойн гаргана. Тухайлбал, тэдний стэйблкойн долларын хадгаламж, Америкийн ЗГ-ын богино хугацааны бонд болон бусад бэлэн мөнгөөр баталгаажсан байх аж. Ингэснээр цаашид тус стэйблкойноо XRPL экосистемд нэвтрүүлэх боломжтой болох нь.
🔹Энэ сар гарснаас хойш Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 6,600 тн төмрийн хүдэр арилжаалагджээ. Улмаар ₮1.4 тэрбумын үнийн дүн бүхий арилжаа хийгдээд буй. Харин гол түүхий эд болох нүүрсний арилжаа хийгдээгүй байна. Сонирхуулахад, өнгөрсөн 3-р сард нүүрсний арилжаа сүүлийн 8 сарын доод түвшин болох 1.3 сая тн-д хүрчээ.
Уншаарай: Tesla-н бүтэлгүйтлийн 6 шалтгаан. (FastCompany)
Мэдсэн үү? AirTag-н шинэчлэл. (Forbes)
Өө тийм үү? Нарны хиртэлт утасны сүлжээг доголдуулна гэнэ ээ. (CNN)
Харъя! SpaceX Ангарагт хөл тавихад нэг алхам ойртсоор. (Space)
Даваа: Өнөөдөр нар бүтэн хиртэнэ. Гэхдээ Хойд Америкт.
Мягмар: Японы өрхийн итгэлийн индекс гарна.
Лхагва: ҮСХ-ноос өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.
Пүрэв: Өмнөд Солонгосын бодлогын хүүгийн шийдвэр зарлагдах өдөр.
Баасан: JPMorgan (JPM) болон BlackRock (BLK)-н ээлжит улирлын тайлан гарах гэж байна шүү.
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply