- Lemon Press
- Posts
- 🩼 Татварын таяг = Уул уурхай
🩼 Татварын таяг = Уул уурхай
Загварын олимпын рекорд | Луугар худалдан авалт | $AARD ТУЗ ₮426 сая
POWERED BY
Morning! Манай уншигч нар хэр Temu-дэж байна даа. Temu Монголд орж ирснээс хойш ₮24 тэрбумын худалдан авалт хийсэн гэнэ. Манай зах зээл жижиг ч сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт бол байна даа, байна. 🛍️🛒


*Нэг өдрийн өөрчлөлт.
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК энэ оны ТУЗ-ийн цалин, урамшуулалд ₮396 сая, томилолтод ₮30 сая буюу нийт төсвийг ₮426 саяар батлав.
EU: Европын Холбоо 2027 он гэхэд Оросын хийн импортоос бүрэн ангижрах замын зураглал бүхий төлөвлөгөөг танилцуулахаар бэлдэж байна.
IRN: ГХЯ Монголоос Иранд мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

⭐️ Татвараар цойлогсод

Татварын албанаас 2024 оны 49 шилдэг татвар төлөгч компанийг тодруулжээ. Бүгдийг нь онцолмоор байв ч үг олдож товхимол уртсах тул татвар төлөлтөөр цойлсон 10 компанийг яг одоо танилцуулъя.
⛏ Уул уурхайн аваргууд
Татвар төлөлтөөр цойлсон 10 компанийн эхний 6 байрыг уул уурхайн салбарын аваргууд эзэллээ. Уг 6 компанийн төлсөн нийт татвар ТОП-10-ын нийт дүнгийн 85%-ийг бүрдүүлсэн буюу ₮7.8 их наяд. Тэргүүн магнай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн татварт төлсөн дүн 2023 оноос 25% нэмэгдэж ₮3.5 их наядад хүрчээ. Түүнчлэн ТОП-3 татвар төлөгчийн төлсөн татвар ₮1 их наядаас дээш байгаа бол 4-т жагссан Энержи Ресурс ХХК ₮600 тэрбум буюу 2 ширхэг Boeing 737 онгоц авах хэмжээний татвар төлжээ.
1️⃣ Хүнсний манлай
2023 оны АПУ ХК (APU)-ийн төлсөн татварын хэмжээ ₮438 тэрбум байсан бол өнгөрсөн онд 8.2% өсөж ₮474 тэрбум болжээ. Сонирхуулахад 2024 онд тэдний цэвэр борлуулалтын орлого 20% өсөж ₮1.3 их наядад хүрсэн нь түүхэн амжилттай жил байв. Мөн сүүний чиглэлийн АПУ Дэйри компани дангаараа том сегментийн татвар төлөгчийн нэгээр шалгарчээ. Аргагүй л хүнсний салбарын манлайлагч юм даа.
🦈 Банкны акулууд
Цойлсон 10 компанийн 3 нь системийн нөлөө бүхий ХААН Банк (KHAN), Голомт банк (GLMT), Худалдаа Хөгжлийн Банк (TDB) байлаа. Банкнууд дунд ХААН Банкны төлсөн татвар жилийн өмнөхөөсөө 32.9% өсөж ₮365.2 тэрбумд хүрч тэргүүлэв. Харин Худалдаа Хөгжлийн Банкнаас мөнгөн дүн зарлахын оронд 600 хүүхдийн 25 сургууль барихтай тэнцэх татвар төлсөн гэж зарлажээ.
Дүгнэхэд… 2024 онд татвараараа цойлсон 10 компани ₮9.1 их наяд орчмын татвар төлсөн нь Монгол Улсын татварын орлогын 33%-ийг бүрдүүлсэн. Манай улсын эдийн засагт уул уурхай, банк болон хүнсний салбар хэр нөлөөтэйг эдгээр 10 компаниас харж болно. Нөгөө талаар татвар төлөгчдийн мөнгө хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна уу гэдэг бас сонирхолтой.

🔍 ХААН Банк төвлөрлөө хэрхэн бууруулах вэ? (GolomtCapital)
🏹 National Geographic-н бүтээсэн Чингис Хааны тухай цуврал IMDb-с 7.1 үнэлгээ авчээ. (IMDb)
♾️ TikTok-г хориглох хугацааг дахин сунгах нь дээ. (TheHill)
🗽 Америкт оршин суугаа Монголчууд маань яаж шуухан байгаа бол? (PewResearch)

👟 Луугар худалдан авалт
SKX: Skechers хаалттай компани болно. Ийнхүү 26 жил нээлттэй компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан Skechers-г хөрөнгө оруулалтын компани 3G Capital $9.4 тэрбумаар худалдан авч гутал үйлдвэрлэлийн салбарын хамгийн өндөр дүнтэй хэлэлцээр байгууллаа. Тарифын нөлөөгөөр компани энэ оны орлогын таамаглалаа цуцалж, ашиг, орлого буурсан хэцүүхэн жил ирж байгааг анхааруулж байв. Улмаар он гарснаас хойш 8.7% унаад байсан $SKX-н үнэ 1 өдрийн дотор 24% өсөж $61-т хүрэв.

💥 Загварын олимпын рекорд

Жил бүрийн 5-р сарын эхний Даваа гарагт зохиогддог Met Gala энэ жил түүхэн дээд амжилтаа эвдэж, $31 саяын хандив цуглуулж гол усаар нэг шуум. Хажуугаар нь одуудын өмссөн зүүснийг гайхаастай.
🦚 Нью-Йоркийн загварын үдэш
77 жилийн түүхт Met Gala нь загварын салбарын хамгийн том арга хэмжээ гэдгээсээ гадна Метрополитан урлагийн музейд зориулсан хандивын арга хэмжээ гэдгээрээ онцлог. Met Gala-д оролцогсод жил бүр тодорхой сэдвийн хүрээнд хувцасладаг бөгөөд энэ жилийн сэдэв "Superfine: Tailoring Black Style" байсан юм.
😲 Үнэ ханш: Met Gala-д оролцох зочдын нэрсийг Vogue сэтгүүлийн Анна Винтур гаргадгаас гадна галад оролцох тасалбар овоо үнэтэй. Тодруулбал, галад урилгаар оролцож байгаа бол тасалбар нь $75,000, ширээ захиалах үнэ ханш нь $350,000-оос эхэлж буй. Тус дүн сүүлийн 10 жилд 3 дахин өссөн гэдэг.
Тасалбарын орлогоос гадна загварын компаниуд, ивээн тэтгэгчид хандивын гол орлогыг бүрдүүлдэг бөгөөд цугларсан хандив тэр чигтээ Met's Costume Institute-н үйл ажиллагаанд зарцуулагддаг ажээ.
💥 Тансаг зэрэглэлийн маркетинг
Met Gala-р дамжуулан тансаг зэрэглэлийн брэндүүд өөрсдийн хувцас, эдлэл хэрэглэлийг сурталчлахын тулд тэрбум тэрбумаар нь цацдаг гэх сураг бий. Эргээгээд Met Gala-н тэдэнд өгч буй үнэ цэн нь Super Bowl-с ч илүү нөлөөтэй болж эхэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн онд Met Gala цахим орчинд Super Bowl-с ч илүү дурдагдсан, хэвлэл мэдээлэл, цахим орчноос олсон дүн нь Super Bowl-нхоос $405 саяар илүү буюу $1.4 тэрбумд хүрч байв.
👗 Сонирхуулахад, Met Gala-н улаан хивсний ёслолд алдартнуудын өмсөж байсан хамгийн үнэтэй даашинз бол Ким Кардашьянын 2022 оны Met Gala-д өмссөн $4.8 саяын үнэлгээтэй Мэрилин Монрогийн даашинз байв. Харин Gala дахь хамгийн үнэтэй гоёл чимэглэл болох Cartier брэндийн $30 саяын зүүлтийг 2022 онд Эмма Чемберлэн зүүж байжээ.
Эцэст нь… Met Gala-н ганцхан үдшээр тансаг зэрэглэлийн брэндүүд, алдартнууд дэлхий даяар бүтэн жилээ даах зар сурталчилгааг хийж чаддаг. Баячуудын тэнэглэл нь дэндсэн тансаглал гэж харах нэгэн байх ч нөгөө талд эргэлдэж буй мөнгө, зар сурталчилгааны цар хүрээг нь харвал галзуу бизнес эвэнт. Үгүй тэгээд урилга нь л гэхэд Улаанбаатарын гайгүй байршилд 2-3 өрөө байр авах дайны гэхээр мэдрэгдэж байгаа биз дээ?

Бяцхан кейс задлан 💡
Асуудал: … компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутагт нэг амралтын газартай. Сүүлийн жилүүдэд компани жуулчин хөтчийн үйл ажиллагаандаа ихээр анхаарсаар амралтын газрын үйл ажиллагаагаа орхигдуулжээ.
Шийдэл: Компани амралтын газартаа засвар хийж, салангид өрнөөд байгаа жуулчин хөтчийн үйл ажиллагаагаа амралтын газартайгаа холбохоор болов. Ингэхдээ амралтын газраа урлагийн аль нэг чиглэлээр сэдэвчилсэн өнгө төрхтэй болгон засахаар болжээ.
Компанийн боловсруулсан шийдэл жуулчин татах зорилгод нь хэр өгөөжөө өгөх бол? Санал бодлоо хуваалцаарай. 😉

North Athlantic Books
🍋 Азийн Хөгжлийн Банк Ази, Номхон далайн бүс нутагт 2030 он хүртэл $40 тэрбумын санхүүжилт олгоно. Санхүүжилтийн хүрээнд тэндхийн шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүх шатны хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Эхний ээлжинд нийт санхүүжилтийн 46%-ийг ЗГ-уудад, 18.7% буюу $7.5 тэрбумыг хувийн хэвшилд зарцуулахаар болжээ.
🍋 Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд ₮10 тэрбум хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байхаар тусгав. Улмаар тендер шалгаруулалтын 99%-д баталгаа гаргалгүй оролцох боломж бүрдэх нь. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй, худалдан авах ажиллагааг AI ашиглан цахимаар явуулах талаар тусгажээ. Хэрэв хууль батлагдвал хэр бодитой, хяналттай хэрэгжих нь юу юунаас ч чухал юм.
🍋 Berkshire Hathaway (BRK-A)-н бэлэн мөнгөний нөөц $347.7 тэрбумд хүрч дээд амжилт тогтоолоо. Угаас компани сүүлийн 3 улирал дараалан хувьцаагаа халааслаагүйгээс гадна 10 улирал дараалан хөрөнгө оруулалтын багцаа хумьж, I улиралд л гэхэд $1.5 тэрбумаар танаад буй. Компани нөөцөө ийн хуримтлуулж байгаагаас харахад дэлхийн хөрөнгийн зах зээлийг эрсдэл дунд хөвж байна гэж харж байгаа бололтой.
🍋 OpenAI “ашгийн төлөө бус” бүтцээ хэвээр хадгалахаар шийдлээ. Өнгөрсөн онд компани 2 жилийн дотор ашгийн төлөө бүтцэд бүрэн шилжихээр шийдэж байв. Тэр цагаас ТУЗ, олон нийт, судалгааны хүрээлэнгүүдийн эсэргүүцэлд алгадуулснаар ийн шийджээ. Ийнхүү OpenAI-д SoftBank (SFTBY)-с авсан $40 тэрбумын хагас нь арчигдах аюул нүүрлэлээ дээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply