• Lemon Press
  • Posts
  • ⚽️ МХБХ-ны төсөв = ₮9.9 тэрбум

⚽️ МХБХ-ны төсөв = ₮9.9 тэрбум

Агаарын тээврийн шинэ тоглогч | Газрын тосны гэрээ | Эгийн голын УЦС

POWERED BY

Morning! Монголын цахим спортын хамгийн өндөр буюу $250,000-ын шагналын сантай CS2 тэмцээн болох “MESA Nomadic Masters Spring 2025” өнөөдөр эхэлнэ. Нийт 8 баг оролцож гал гаргана. Монголын 2 багаа дэмжинэ ээ, чүү! 💪 

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Өнгөрсөн улиралд банкнууд ХАА-н салбарт олгох зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулж, боловсруулах үйлдвэрийн салбараас бусад салбарын зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулжээ.

MSE: Сүү (SUU) ХК энэ оны ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалин, урамшууллын өмнөх жилийн нийт ашгийн 0.7% байхаар тогтоов.

MNG: Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст Эгийн голын УЦС-ын байгаль орчинд үзүүлэх нөлөө болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгааг хийж, эцсийн дүгнэлт гаргахаар тохиров

⚽️ МХБХ-ны төсөв = ₮9.9 тэрбум  

Анхаарлын төвд ороод буй муу нэртэй, луу данстай гэгддэг Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны 2025 оны төсөвтэй танилцъя. 

  • 🎙 Эхлэхийн өмнө: МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт саяхан дуусаж УИХ гишүүн асан Ц.Анандбазар 26 саналаар ялалт байгуулав. Үүнтэй холбоотойгоор тамирчид, шүүгчид, багууд, ивээн тэтгэгч компаниуд болон фанатууд гээд олон нийт тус үр дүнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлээд байна. 

💰 Төсвийн орлого

Юуны өмнө МХБХ нь FIFA, AFC болон EAFF-н гишүүн бөгөөд эдгээр холбоодоос санхүүждэг гэдгийг дурдах нь зүйтэй. Тус холбооны хувьд 2025 оны хувьд ₮9.9 тэрбумын орлоготой ажиллах ба FIFA-с ₮5.4 тэрбум, AFC-c ₮0.9 тэрбум, маркетингаас ₮3.4 тэрбум, бусад орлогоос ₮0.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр зорьж буй аж. Энэ орлогын дүн нь өнгөрсөн оноос 11% буюу ₮1.2 тэрбумаар буурсан дүн гэнэ.

🧐 Зардлын тухайд

2025 оны нийт зардал орлоготой адил буюу ₮9.9 тэрбумаар төсөвлөгдсөн аж. Тус зардал нь үндсэн 2 зардлаас бүрдэх бөгөөд хөл бөмбөгтэй холбоотой зардалд ₮6.7 тэрбум, МХБХ-ны үйл ажиллагаатай холбоотой зардалд ₮3.1 тэрбум хуваарилагджээ. Хэдий цаасан дээр ингэж буудаг ч өмнөх онуудад алдагдалтай ажилласаар нийт алдагдлын хэмжээ нь ₮3.8 тэрбумд хүрээд байна.

  • 💔 Мэдэхэд илүүдэхгүй: 2015 онд FIFA-н 30 гаруй өндөр албан тушаалтан 24 жилийн турш үргэлжилсэн $150 саяын авлигын хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээлгэв. Энэ нь FIFA-н нэр хүндэд халтай үйл явдал болж олон нийтийн итгэл алдагдахад хүргэсэн билээ. 

Дүгнэхэд… Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг одоогоор дэлхийд 187-д, эмэгтэй баг 126-д эрэмбэлэгдэж байна. Тус үзүүлэлтийг ахиулж, олон улсын тавцанд амжилт гаргах нь МХБХ-ны чухал ажлын нэг. Харамсалтай нь олигтой ахиц гарахгүй байгаа нь тэдэнд тавих дүн болжээ. Холбооны асуудал шийдэгдэж дараагийн Месси, Роналдо Монголоос төрөх болтугай л гэе даа. 

  • 🗽 Нью-Йоркт Монголын хөрөнгө оруулалтын форум болж өнгөрлөө. (FRC)

  • 🛰️ Starlink-г бут цохих Amazon-н хиймэл дагуулууд сансарт хөөрөв. (CNN)

  • 🎣 Цахилгаан машин кибер гэмт хэргийн бай болох боломжтой гэнэ үү? (TheGuardian)

  • 🎁 Хятад 2016 оноос хойш дотооддоо хориглосон K-Pop соёлыг зөнд нь орхино. (Yonhap)

🛢️ Газрын тосны гэрээ

MATD.L: Petro China өөрийн охин компани болох Petro China Daqing Tamsag-тай газрын тос борлуулах гэрээ байгуулав. Тус гэрээгээр Petro China Дорнод аймагт байрших Block XX талбайн Heron-1 цооногоос олборлосон газрын тосыг хадгалах, боловсруулах, цаашлаад Хятад руу экспортлох боломжтой болж буй. Гэснээс $MATD.L-н хувьцааны үнэ он гарснаас хойш 27.8% өсөж £1.9-т хүрчээ.   

🏙️ “365 Mandala Residential Tower” VIP Tour

Хотын төвөөс 10-15 минутын зайд байрлах “365 Mandala Residential Tower” өндөр зэрэглэлийн стандарттай орон сууцны  төслийн VIP Tour өдөрлөг ирэх Бямба гараг буюу 5 сарын 3-нд болно. 📢

  • Тус өдөрлөгт очсоноор төслийн явц, стандартын талаар мэдээлэл авах, 360.365 Mandala Residential Tower-р зочилж, интерьер, экстерьертэй танилцах, цаашлаад банкны харилцааны менежертэй ганцаарчлан уулзаж төлбөрийн нөхцөлүүдийг мэдэж авах юм.

Гэснээс хүүхдүүдээ дагуулаад очиход санаа зоволтгүй гэнэ шүү. Аюулгүй, тухтай орчинд харж өгөх нь.

📍 Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, 360 Mandala Tower-н 1 давхар, борлуулалтын оффист

🇲🇳💙  Агаарын тээврийн шинэ тоглогч

Зээ, сарын сайныг сайтан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр маргааш United Airlines (UAL) Нарита-Улаанбаатар чиглэл дэх анхны нислэгээ үйлдэх нь ээ. Өмнө нь тус чиглэлийн нислэгийн 81%-д МИАТ ТӨХК, 19%-д нь Аэро Монголиа ХХК нислэг үйлддэг байсан юм. 

✈️ Дотоодын 5, Гадаадын 17

United Airlines тус чиглэлд нислэг үйлддэг болсноор Монгол руу нислэгийн маршруттай гаднын авиа компанийн тоо нэгээр нэмэгдэж 17 болж байна. 2019 онд 8 гаднын авиа компани нислэг үйлддэг байв. Гаднын авиа компаниудыг улсаар нь харвал хамгийн олон буюу Өмнөд Солонгосын 8 компани, Оросын 4, Хятадын 3 компани тус тус нислэг үйлдэж буй.   

  • 🌇 Энэ зун тус 3 улс дээр нэмээд Турк, Тайландын авиа компаниуд 22 чиглэлд нийт 10,116 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 

🇲🇳 Агаарын тээврийн зах зээл 

2022 он буюу цар тахлаас хойш Монголын агаарын тээврийн зах зээл хурдацтай хөгжиж яваа. Тухайлбал, өнгөрсөн онд олон улсын нислэгээр зорчсон зорчигчдын тоо 2022 оноос 2.8 дахин өсөж 1.7 саяд хүрсний 61.5%-ийг үндэсний авиа компаниудын нислэг бүрдүүлсэн байдаг. Улмаар дотоодын агаарын тээвэрлэгчдийн орлого 2024 онд түүхэндээ анх удаа ₮1 их наядыг давжээ.   

🤼‍♀️ Гол тоглогчид 

Харж байгаачлан Монголын агаарын тээврийн зах зээлд дотоодын компаниуд давамгай буюу дотоодын 3 авиа компани зах зээлийн 69%, гаднын 9 компани 31%-ийг эзэлж буй. Энэ дундаа өнгөрсөн 3-р сарын байдлаар МИАТ ТӨХК нийт зах зээлийн 51%-ийг, Хүннү Эйр ХХК, Аэро Монголиа ХХК, Air China (601111.SS) болон Korean Air (003490.KS) тус тус 9%-ийг эзэлж буй.  

  • 💡 Сонирхолтой нь Korean Air, Asiana Airlines-г худалдан авсныг харгалзан үзвэл тус 2 компанийн Монголын зах зээл дэх хувь хэмжээ 12% болно. 

Эцэст нь… $UAL 7 хоногт 3 удаа Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэхээр байгаа. Далайд гарцгүй Монголын агаарын хил тэлж байгаа нь яамай даа. 

Бяцхан кейс задлан 💡

  • Асуудал: … компани орчуулгын үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед тэдний үйлчилгээг илүү олон салбарын компаниуд сонирхох болж, захиалгадаа дарагдаж эхэлжээ. Дээрээс нь компанийн орчуулагчид ачааллаа дийлэхгүй болов. 

  • Шийдэл: Компани орчуулгын үйлчилгээгээ салбар салбараар нь ангилж, ажилчдадаа ачаалал их, бага байдлаар нь хуваарилж эхлэв. Үүнээс үүдэн орчуулагчийн тоогоо нэмжээ. Ингэхдээ тухайн салбарт олон жил ажилласан хүнийг ч гэрээтээр ажиллуулж эхэлсэн байна. 

Тус компанийн шийдэл хэр амжилттай хэрэгжих бол? Санал бодлоо хуваалцаарай. 😉

BBC

🍋 Марк Карни ялалтаа баталгаажуулав. Канадын парламентын ээлжит бус сонгуулиар 2015 оноос хойш 10 гаруй жил Канадын парламентад эрх барьж буй Либерал нам харьцангуй олонх буюу нийт саналын 43.5%-ийг авч, төлөөлөгчдийн танхимын 153 суудалтай болсноор цөөнхийн ЗГ байгууллаа. Харин сөрөг хүчний Консерватив нам 41.4%-ийн саналтай 131 суудалтай болж байна. 

🍋 Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн онд 2023 оноос 40% их буюу ₮4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Тодруулбал компани 30.4 сая тн нүүрс олборлосноос 29.6 сая тн-г борлуулж, ₮10.3 их наядын орлого олсон аж. Үүнээс улсын төсөвт ₮3.5 их наядын татвар төвлөрүүлсэн бол нийт хувьцаа эзэмшигчдэдээ цэвэр ашгаас ₮3.9 их наядын ногдол ашиг хуваарилсан байна.

🍋 IBM Америкт $150 тэрбумын хөрөнгө оруулна. Гол зорилго нь компани ирэх 5 жилд Америкийн ЭЗ-ийг дэмжиж, тооцооллын салбар дахь байр сууриа бэхжүүлэх аж. Эхний ээлжид $30 тэрбумаар дээд хүчин чадалтай компьютер болон квант тооцооллын судалгаа, хөгжүүлэлт хийх нь. Сонирхуулахад, дэлхий даяарх нийт мөнгөн гүйлгээний дүнгээр тооцвол 70% нь IBM-н дээд хүчин чадалт компьютерүүдээр дамждаг. 

🍋 Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгч шалгаруулах I шатны тендерт 7 улсын 27 компани санал ирүүлжээ. Үүнд Хятадаас хамгийн их буюу China Railway Group-тэргүүтэй 12, дараагаар нь Өмнөд Солонгосоос Samsung C&T Corporation тэргүүтэй 9 компани материалаа ирүүлсэн бол Франц, Орос, Энэтхэг, Их Британиас тус бүр 1, харин Монголоос 2 компани байна. Тэгвэл II шатны тендерийг ирэх сард зарлах аж.

🍋 ҮСХ НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн УЗ-ийн гишүүнээр сонгогдлоо. Удирдах зөвлөлийн сонгуульд 12 улс өрсөлдсөнөөс Монголоос гадна Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Малайз, Пакистан, Филиппин, Тайланд сонгогдсон бөгөөд 2028 он хүртэл бодлого, үйл ажиллагааг нь удирдах юм. Монголын хувьд 2000-2003, 2019-2022 онуудад тэндхийн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ.

Reply

or to participate.