- Lemon Press
- Posts
- 🔥 Монголын нэрийг өргөсөн ногоон бонд
🔥 Монголын нэрийг өргөсөн ногоон бонд
KFC-н нууц жорын зарга | Гэр хорооллыг ногооруулна | Чипийн салбарт өгөх татаас
POWERED BY
Hey! Хотын төвөөр явахдаа нэг зүйлийг анзаарсан уу? Манай Lemonade in Korea контентын маань танилцуулга хотын төвийн хамгийн том 2 дэлгэцээр цацагдаж байгаа шүү. Үзээрэй. 🍋📽️
MNG: Цөмийн энергийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 21 санал хураалтыг өнөөдөр явуулна.
MINING: Хөвсгөл аймаг дахь өндөр чанартай коксжих нүүрсний "Овоот" төслийн баталгаат нөөцийг 76.8 сая тн, нийт нөөцийг 130 сая тн-оор тогтоолоо.
US: Америкийн өнгөрсөн сарын инфляц 9-р сарынхаас 0.2 нэгж хувиар өсөж 2.6% буюу зорилтот түвшнээс 0.6 нэгж хувиар илүү болов.
🔥 Монголын нэрийг өргөсөн ногоон бонд
Худалдаа Хөгжлийн Банк (TDB) Монгол Улсаас анх удаа Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан Нийгмийн болон Ногоон бондыг хаалттай хэлбэрээр гаргалаа. Хаана гээч? Австри Улсын Венийн Хөрөнгийн Бирж дээр. 😎
Чимх тайлбар: Тус төрлийн бондыг ядуурал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх нэмээд сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг экологийн сайн сайхныг дэмжих зорилгоор гаргадаг.
🌏 Дэлхийд гарсан бонд
Нэг талаас ХХБ 2007 оноос хойш ОУ-ын зах зээлд нийт $1.14 тэрбумын үнэлгээ бүхий 5 удаагийн бонд амжилттай арилжаалсан арвин туршлагатай. Нөгөө талаас Ногоон банк болох урт хугацааны стратегийн хүрээнд 2030 он гэхэд $2 тэрбумын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт олгох зорилт тавиад буй. Үүний үр дүнд ХХБ ОУ-д “Senior Unsecured Green and Social bond” нэртэй бондоо 5 жилийн хугацаатайгаар гаргаад байгаа хэрэг.
💰 9.5%: Уг бондод дэлхийн ТОП-10-т эрэмбэлэгддэг Ассет Менежментийн Компаниас хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хувьд түүхэн амжилт байлаа. Түүнчлэн тус бонд жилийн 9.5%-ийн хүүтэйгээр гарсан бөгөөд хүү болон үндсэн төлбөр төлөх давтамж нь 6 сар тутамд байх аж. Сонирхуулахад, бондын андеррайтераар KISA буюу Korea Investment & Security Asia компани ажиллажээ.
🤑 Хэдийг, юунд?
Одоо хамгийн сонирхолтой хэсэг рүүгээ ороход, тус бонд ОУ-ын зах зээлээс нийт $50 саяын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Уг эх үүсвэрийн 80% буюу $40 саяыг ногоон зээлд, үлдсэн $10 саяыг нийгмийн зээлд зориулагдах юм. Ингэснээр нийгмийн асуудалд чиглэсэн, төслүүд урагшилж, ногоон эдийн засгийн хөгжил хурдсах боломж бүрдэх нь ээ.
Эцэст нь… ХХБ-ны ОУ-ын зах зээл дээр ийм төрлийн бондыг амжилттай гаргасан нь банкны салбарын болоод Монгол Улсын нэр хүндийг өргөсөн явдал боллоо.
🤑 Санхүүжилт айсуй
GLMT: Олон Улсын Санхүүгийн Корпорац Голомт Банк ХК-д $150 саяын санхүүжилт олгохоор хэлэлцэж байна. Тус банк өнгөрсөн 9-р сард бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээгээ сайжруулах зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. Үүний хүрээнд уг корпорацын зөвлөх баг Голомт банканд ажиллан олон улсын үнэлгээг газар дээр нь хийж, зөвлөх үйлчилгээг хүргэж ажиллахаар болсон. Тэгвэл удахгүй санхүүжилт авч зээлийн эх үүсвэрээ нэмэх нь дээ.
😥 KFC-н жор хулгайлагдсан уу?
KFC өрсөлдөгч Church-г 50 жил хөгжүүлж ирсэн жортой холбоотойгоор шүүхэд дуудлаа.
Оюуны өмч? 🆚 Сүржигнэл?
Тус 2 компанийн маргаан KFC-н жорыг хулгайлсан талаар биш. Харин Church өнгөрсөн 9-р сараас өөрсдийн бүтээгдэхүүн сурталчилгаандаа “Original Recipe” гэх үгийг ашигласантай холбоотой. Хэдий KFC 10-р сард тэдэнд анхааруулга өгсөн ч сурталчилгаагаа явуулсаар байгаа тул шүүх рүү ханджээ.
🤐 Дархалсан үг: Угтаа KFC 1972 онд “Original recipe” гэсэн үг бол манайх гээд дархалчихсан. Хэрэв та анзаарч байсан бол KFC өөрсдийн бүтээгдэхүүнээ 11 төрлийн ургамал, амтлагчийн төгс зохицлоос гарган авсан Сандерсийн нууц жороор хийдэг гэж сурталчилдаг. Тэр нууц жор гээд байгаагаа “Original Recipe” гэх үгээр илэрхийлж, сурталчилгаа хийдэг учраас Church энэ үгийг ашиглаж болохгүй гээд байгаа юм. Нэг ёсондоо брэндингтэй холбоотой асуудал л гэсэн үг.
🔐 Луврын музейнээс ч өндөр хамгаалалттай: Гэснээс KFC-н нууц жорыг ганцхан хувь хэвлэж Кентаки мужийн Луивил хот дахь төв салбартаа аюулгүй сейф дотор хадгалдаг гэнэ. KFC-г нууц жороо алдлаа гээд байсхийгээд цуурдаг ч компани бол нууц жор алдагдахгүй гэдэгт ам бардам байдаг.
📌 Эмзэг үеийн эмзэг цэг: KFC-н толгой компани Yum! Brands (YUM)-н борлуулалтын орлого III улиралд 7% буурч $1.8 тэрбумд хүрсэн. Энэ дотроо KFC болон Pizza Hut-нх тус бүр 4% буураад байгаа энэ үед тэдний брэндингд халдаж байгаа нь ассан гал дээр тос хаясан хэрэг болов.
🤲 Брэндинг бол шашин
Компаниудын хувьд брэнд гэдэг нь ямархуу философитой бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж, ямархуу байдлаар хэрэглэгчдийнхээ тархи, сэтгэлд үлдэх вэ гэдгийг брэндингээрээ хоногшуулдаг. Нөгөө талаараа брэнд бол яг л шашин шиг өөрийн номлолтой, үнэнч дагагчидтай байж гэмээн хүчирхэгжиж байдаг. Брэндингийн талаар манай Lunch Hour подкастын ЭНЭ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой. Хэрэг болж магад.
Эцэст нь… Бүхий л компанийн хувьд брэндинг гэдэг хамгаас чухал. Lemon Press л гэхэд “Олигтой юм унш” гэдэг брэндингээр танигдаж байсан. Өөр нэг байгууллага үүнийг ашиглавал бидэнд ч эмзэг тусна. Тэгэхээр бизнесийн ертөнцөд хаа хаанаа ёс суртахуун гэдэг зүйл чухал байгаа юм даа. Church-н хувьд энэ асуудлаас болоод хэдэн зуун саяар торгуулахыг ч үгүйсгэхгүй.
💡 Таавар таацгаая. … нь компанийн богино хугацааны актив ба өр төлбөрийг удирддаг, гэхдээ банкир биш. Тэр юу вэ?
Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉
📲 Хэрэглээг дижиталаар, илүү хялбараар
НОМИН-ийн бүх салбар дэлгүүрт Номин апп-ийн QR уншуулан бонус картын 3%-10% онооны урамшуулал авах боломжтой болжээ. 📢
Шинэчлэгдсэн Номин апп-ийн давуу талуудыг дурдвал,
⭐ Тултал нь ашиглая: Бонус оноогоо төрөл бүрээр ашиглах, цаашлаад зогсоолын төлбөрөө 100% төлөх болон хамтран эзэмшигч нэмж илүү их хэмжээгээр бонусаа цуглуулах,
👀 Хяная: Гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, худалдан авалтын үзүүлэлтүүд болон бүтээгдэхүүний үнэ харах,
🔍 Хайя: Түүнчлэн апп-аас шинэ урамшуулал болон мэдээллүүдийг авахаас гадна бар код эсвэл дуу хоолойгоо ашиглан хүссэн бүтээгдэхүүнээ олох нь.
За тэгээд цаг заваа хэмнээд онлайнаар бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээ захиалаад хүргүүлээрэй.
Green Living Answers
🍋 ЧДЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран гэр хорооллын өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж агаарын бохирдлыг бууруулна. Энэ хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 100 хүртэлх өрхөд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг санал болгох аж.
🍋 Япон 2030 он хүртэл чип үйлдвэрлэлийн салбартаа улсын төсвөөс 13%-ийг зарцуулна. Энэ нь ойролцоогоор $65 тэрбумтай дүйх дүн бөгөөд чип үйлдвэрлэгч Rapidus болон тус салбарын ТОП компаниудад татаас олгох юм. Цаашид дотоодод үйлдвэрлэсэн чипийн борлуулалтыг 3 дахин нэмэгдүүлж $97.5 тэрбумд хүргэхээр зорьж буй.
🍋 Хятад газар эзэмшиж буй иргэдийн төлөх татварын хамгийн доод хэмжээг 0.5% бууруулна. Цаашлаад 12 сарын 1-нээс эхлэн орон сууцны барьцаа татварын хөнгөлөлтөд хамрагдах талбайн дээд хэмжээг 90 м.кв-140 м.кв болгож нэмэгдүүлэх нь. Түүнчлэн 2 жилээс дээш хугацаанд эзэмшсэн орон сууцаа борлуулахад НӨАТ-аас чөлөөлж байгаа гэнэ.
🍋 Тавантолгой төмөр зам ХХК Хятадын төрийн өмчийн CRRC (1766.HK)-тай хамтран ажиллана. Тус компаниас ачааны вагон угсрах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэхээс гадна хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээний сургалт зохион байгуулах аж. Сонирхуулахад, CRCC нь 116 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна.
🌊 Хэмжээгээрээ 2 сагсан бөмбөгийн талбайтай дүйх далайн амьтан гэнэ үү? (Vox)
💊 Жортой болон жоргүй эмийн талаар мэдээлэл авах эх сурвалж. (Emiinjor)
🌍 107 орноор аялсан аялагчийн санал болгож буй ТОП-5 газар. (BusinessInsider)
📝 ЭЕШ-ын урьдчилсан сорилдоо бүртгүүлээрэй. (Yesh)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply