• Lemon Press
  • Posts
  • 💵 Зээл олголт нэмэгдэнэ

💵 Зээл олголт нэмэгдэнэ

Хятадын автомашины зах зээл болон банкнуудын зээлийн төлөвийн талаар тоймлов.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ. Сүүлийн өдрүүдэд хаа сайгүй боловсролын салбарын асуудал яригдах болжээ. Тэгвэл Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахын чанартай боловсрол Монголд ямар нөлөөтэй талаарх яриаг ЭНД дарж сонсоорой. 🎧🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өнгөрсөн 7 хоногт Инвескор ББСБ ХК (INV), ХААН банк ХК (KHAN), АПУ ХК (APU)-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжигджээ.

GOV: УИХ-аар 2 жилийн турш хэлэлцэн баталсан Боловсролын багц хуулийг хүлээлгэж өгөв.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮6.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮2.8 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.

🔍 Зээлийн эргэн тойронд

Зээл авахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Ирэх 3 сард том болон дунд банкнууд зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх төлөвтэй байна шүү.

  • Судалгаа: Монголбанк 7-р сард банкнуудаас санал асуулга хэлбэрээр өнгөрсөн болон ирэх 3 сарын хугацааны зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулан нэгтгэжээ.

🔙 Өнгөрсөн

Банкнуудын ААН-ийн зээлийн шалгуур 2018 оноос хойш, иргэдийн зээлийн шалгуур 2020 оноос хойш харьцангуй тогтвортой байсан ч 2022 оны I улирлаас эхлэн зээлийн шалгуурыг 4 улирлын турш чангаруулжээ. Харин өнгөрсөн улиралд том банкнууд зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан бол жижиг, дунд банкнууд зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна.

Одоо

Тэгвэл 7-р сарын байдлаар иргэдийн зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 16.7% нэмэгдэж ₮13.9 их наяд болсон аж. Харин хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл ердөө 0.7% өссөн бол улсын байгууллагынх 12.8% нэмэгдэж ₮155.2 тэрбумд хүрчээ.

🔮 Ирээдүй

ААН-үүдэд эргэлтийн хөрөнгө болон үндсэн хөрөнгийн ХО-ын зээлийн хэрэгцээ их байгаа тул ирэх 3 сард зээлийн эрэлт нь нэмэгдэх төлөвтэй буй. Мөн ЭЗ-ийн талаарх хэрэглэгчдийн итгэл нэмэгдсэн тул иргэдийн бүх төрлийн зээлийн эрэлт нэмэгдэх нь. Энэхүү эрэлтийн өсөлтийг хангахаар банкнууд ч бас зээлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь. Яаж?

  • Шалгуур суларна: Энэ улиралд банкнууд II улиралд бага зэрэг сулруулсан ААН-ийн зээлийн шалгуураа хэвээр хадгалах бол ЭЗ-ийн нөхцөл байдлыг даган иргэдийн хэрэглээний болон автомашины зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулах аж.

  • Хүү ⬇, Хугацаа ⬆: Түүнчлэн банкнуудын II улиралд ХАА-н салбарт олгосон зээлийн дундаж хүү өмнөх улирлаас 8.6 нэгж хувиар буурч 10.2% болсон бол дундаж хугацааны хувьд 10.9 сараар нэмэгдсэн байна.

Эцэст нь… Зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлтийг өдөөж ЭЗ-ийг идэвхжүүлэх нь дээ.

💰 Ногдол ашиг

HRM: Гермес центр ХК 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ₮942.5 саяын ногдол ашиг тараана. Өөрөөр бол нэгж хувьцаа тус бүрд ₮12-ийн ногдол ашиг тараагдах нь. Тэдний энэ удаагийн ногдол ашгийн хэмжээ жилийн өмнөхөөс 49.6% нэмэгдсэн байна. Сонирхуулахад, компанийн хувьцааны үнэ энэ онд 7.1% унасан аж.

🇨🇳 Хятад автомашин дэлхийд

Financial times

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD (1211.HK) дэлхийн топ 10 автомашин үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдлээ.

Домгуудын эгнээнд

BYD-н борлуулсан автомашины тоо энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 96% өсөж 1.3 саяд хүрснээр анх удаа дэлхийн топ 10 автомашин үйлдвэрлэгчдийн нэг болов. Харин томоохон автомашин борлуулагчдын жагсаалтыг Toyota (7203.T) тэргүүлж, Volkswagen (VOW3.DE) удаалсан юм.

BYD-н борлуулалт Mercedes-Benz (MBG.DE) болон BMW (BMW.F)-г гүйцсэн юм. Хятадын автомашин үйлдвэрлэгчид дэлхийн тавцанд гарч ирж буйг харуулах мэт ганц BYD-р тогтохгүй Geely 13-т, Changan Automobile 14-т, Chery Automobile 17-д тус тус жагсаад буй.

  • Тэлэлт: Хятадын автомашин үйлдвэрлэгчид ОУ-ын зах зээлд эрчтэй тэлж байгаа. Тухайлбал, Хятадын автомашины экспорт 2022 онд өнгөрсөн оноосоо 55% өсөж 3.4 саяд хүрснээр Германыг ардаа орхин дэлхийн 2 дахь том автомашин экспортлогч улс болсон.

  • Шахалт: Харин эсрэг талд тэд хүчирхэгжиж байгаа нь гадаадын автомашин үйлдвэрлэгчдийн Хятадын зах зээлд гишгэх газрыг хумих болов. Сонирхуулахад, өнгөрсөн оны байдлаар Хятадын автомашин үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийнхээ бараг тал хувийг эзлэх болов.

  • Шалтгаан: Хятад автомашин дэлхийн зах зээлд тэсрэлт хийж байгаа нь тус салбарын ирээдүй гэж яригдах цахилгаан автомашинтай холбоотой.

Ирээдүйд

Moody's Analytics-н төсөөллөөр Хятад 2023 оны эцэс гэхэд дэлхийн автомашин экспортлогч Японыг гүйцэж түрүүлэх төлөвтэй байгаа. Тэднийг олноос онцгойруулж байгаа зүйл бол хямд үнэтэй ч чанартай автомашин. Цаашид ч үнийн өрсөлдөөн улам л ширүүсэх төлөвтэй байгаа. Tesla (TSLA) хүртэл сав л хийвэл Хятадад борлуулж буй автомашины үнээ бууруулаад байдаг шалтгаан нь Хятадын зах зээлээс арчуулахгүй гэсэн бодлого аж.

Эцэст нь… Монголд ч гэсэн сүүлийн үед Хятад автомашин олшрох болж. Шинэ, хямд гээд олон давуу талтайгаас гадна дэлхий нийт цахилгаан автомашин руу шилжиж буй энэ үед бид ч цахилгаан автомашины хэрэглээгээ нэмэгдүүлбэл утааны асуудалд ч гэсэн нэмэртэй юм даа.

Өнгөрсөн онд бид импортоор 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи авсан бол 90.3 тн электрон тамхи импортолсон аж.

Харин энэ оны 8-р сарын 10-ны байдлаар 2.2 тэрбум ширхэг янжуур тамхи, 71.8 тн электрон тамхийг тус тус импортлоод буй.

Coding News

🔹Hugging Face хэмээх AI компани технологийн томчуудаас $235 саяыг босголоо. Тэдний үнэлгээ $4.5 тэрбумд хүрсэн бөгөөд Google (GOOG), Amazon (AMZN), Nvdia (NVDA) тэргүүтэй компаниудаас ХО татаад буй. Улмаар тэд технологийн акулуудын AI хөгжүүлэлтэд хамтран ажиллах нь.

🔹Багшийн мэргэжлээр суралцагсдын сургалтын төлбөрийг энэ жилээс эхлэн 2030 он хүртэл төрөөс 100% даана. Түүнчлэн магистрын түвшинд суралцагсдын төлбөрийг ч 100% дааж цаашид боловсролын реформын хүрээнд МУБИС-ийн ХО-ыг болон ЭЕШ-ын босго оноог нэмэгдүүлэх гэнэ.

🔹Америк Тайваньд $500 саяын зэвсэг худалдахаар болсны дараа Хятад Тайвань руу агаарын болон усан онгоцнууд илгээлээ. Хятадын 20 агаарын болон усан онгоц Тайваний хоолой болон агаарын бүсэд зөвшөөрөлгүй оров. Хариуд нь Тайвань нисэх болон хөлөг онгоц, пуужингийн системд хариу арга хэмжээ авах үүрэг өгөөд буй.

🔹Хятадын газрын тосны магнат Sinopec Corp-н хагас жилийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 20% буурч $4.8 тэрбумд хүрчээ. Компанийн газрын тосны үйлдвэрлэл ердөө 0.02% өсөж 139.7 сая баррельд хүрсэн бөгөөд дэлхийн ЗЗ дээр нефтийн үнэ буурсантай холбоотойгоор ашиг нь буурчээ.

  • Шалга: Та дэлхийн түүхийн талаар хэр сайн мэдэх вэ? (FactMonster)

  • Мэд: Оффист ажиллагсдад зориулагдав. (Vizito)

  • Гэнэ үү? Бусад гаргууд дээр амьд биет оршдог. (Marca)

  • Сонирх: Тэтгэлэгт хөтөлбөрүүд. (Scholarships365)

  • Даваа: Европын Холбооны өнгөрсөн сарын мөнгөний нийлүүлэлт зарлагдана.

  • Мягмар: Beijing Capital Airport (BJCHY) ээлжит орлогын тайлангаа гаргана.

  • Лхагва: Америкийн ДНБ-ий үзүүлэлт танилцуулагдах товтой.

  • Пүрэв: Үргэлжлүүлэн Оросын төв банкны ГВАН гарах нь.

  • Баасан: Америкийн 8-р сарын ажилгүйдлийн түвшин гарснаар 7 хоног дуусах нь дээ.

Reply

or to participate.