- Lemon Press
- Posts
- 💫 Засаглалын кодекс 12.5% өсөв
💫 Засаглалын кодекс 12.5% өсөв
Gazprom ба Монгол | $DJT: Криптог онилов | Төгрөг нуур төрийн мэдэлд
POWERED BY
Пүрэв гарагийн мэнд! Өчигдөр ЗГ-ын ээлжит хуралдаанаар олон халуухан сэдэв хөндөгдлөө. Үүнээс мэдлэгт дусал нэмэр нэг тоо баримт хуваалцвал Монголд ашигт малтмалын ашиглалтын 1,768, хайгуулын 2,973 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр нь нийт газар нутгийн дөнгөж 4.4%-ийг эзэлдэг ажээ. 🤓


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж буйтай холбоотойгоор 9 сарын 2-ныг хүртэл арилжааг нь түр зогсоолоо.
COMEX: Их Говь Энержи ХХК-ийн хагас антрацит нүүрсний анхны арилжаа 9 сарын 2-нд Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр явагдана.
SBM: Ирэх 10-р сард багтан Төрийн банк Сингапур эсвэл Хонгконгийн бирж дээр бонд гаргаж магадгүй талаар Гүйцэтгэх захирал Ө.Гантөр мэдээллэв.
GOV: ЗГ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барина.

🤌🏻 Хагас жилийн засаглалын кодекс

Нээлттэй, шударга зах зээлийн орчныг бий болгоход эерэг нөлөө үзүүлэгч компанийн засаглалын кодексийн үнэлгээний 2025 оны эхний хагас жилийн тайланг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-оос гарчээ. Компаниудын засаглалын кодекс үнэлгээ хэр байв?
⚡️ Дундаж өсөлт 12.5%
Энэ оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 113 ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилт 2024 оны мөн үеэс дунджаар 12.5% өсжээ. Дундаж өсөлтийг задлаад харвал, хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компаниудын үнэлгээ 7.2%, II ангиллын компаниудын үнэлгээ 10%, III ангиллын үзүүлэлт 20.4%-иар мөн үеэс тус тус нэмэгдсэн аж. Кодекстой холбоотой зарим нэг тоог харвал:
34.2%: Компаниудын ТУЗ-ийн гишүүд дунджаар 9-12 гишүүнтэй бөгөөд гишүүдийн 34.2% нь хараат бус гишүүд аж.
7 хурал: Эхний хагас жилд компаниудын ТУЗ-ийн хурлын дундаж тоо 7 байсан бол III ангилалд бүртгэлтэй компаниудын дундаж нь 4 байв.
15 асуудал: I ангилалд бүртгэлтэй компаниудын ТУЗ-ийн хурлууд бусад ангиллын компаниудтай харьцуулахад илүү олон буюу 15 орчим асуудлыг хэлэлцжээ.
🔁 Давтан үнэлгээ
Нийт 113 ХК-иас 43 нь давтан зайны үнэлгээг кодексийн хавсралт болох асуулгын маягтын дагуу үнэлүүлсэн аж. Давтан үнэлгээгээр ₮100 тэрбумаас дээш зах зээлийн үнэлгээтэй компаниудын кодексийн хэрэгжилт нь 98.6%-иар үнэлэгдсэн Говь (GOV), ХААН Банк (KHAN), Премиум Нэксус (CUMN) нар тэргүүлсэн бол араас нь 97.2%-ийн үнэлгээтэй АПУ (APU), 95.8%-иар үнэлэгдсэн ХасБанк (XAC) жагсаад байна.
🫤 Маруухан засаглал: ТОП-20 компанийн нэг ₮1.4 их наядын зах зээлийн үнэлгээтэй Тавантолгой (TTL)-н засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 15.3%-д хүрчээ. Тус үнэлгээ нь ТОП-20 компаниуд дундаас хамгийн марууханд тооцогдсон ба компанийн хувьд давтан үнэлгээ хийлгээгүй аж.
Эцэст нь… Засаглалын кодексийн хэрэгжилтийг 2 жилийн өмнөхтэй харьцуулахад ахиц дэвшил гарсан нь сайн хэрэг. Гэвч нийт компаниудын ердөө 38% нь давтан үнэлгээ хийгдсэн нь асуудал дагуулж байна даа. 2025 он дуусахад засаглалын кодексийн үнэлгээд хэр ахиц харагдах бол? 🤔

🎧 Spotify-н хэрэглэгчид хоорондоо мессеж бичиж, дуртай дуугаа хуваалцана. (The Verge)
📍 Өмнөд Солонгос хаягжилтын системээ хилийн чанадад нэвтрүүлж, анхны улсаар Монголыг сонгов. (Koreabizwire)
🐐 Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац өнгөрсөн жилээс 65%-д хэтрээд байна. (Ikon)
🚀 SpaceX-н Starship пуужингийн туршилт 1 цагийн туршид амжилттай үргэлжиллээ.(BBC)

⛏️ “Уул уурхайн 7 хоног” эхлэхэд 14 хоног үлдлээ

Олон улсын “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээ Монголд 4 дахь жилдээ Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд зохион байгуулагдах гэж байна. 📢
Энэ удаа “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор зохиогдох ба Канадын болон Хятадын Уул уурхайн ассоциаци өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох аж. Мөн ханган нийлүүлэгчид, уул уурхайн томоохон төслүүд, технологийн үйлчилгээ эрхлэгчид гэх мэт 300 гаруй оролцогч оролцох юм.
🌟 “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээний онцлох хэсэгт уул уурхайн Хөдөлмөрийн яармаг, “Future Engineers” арга хэмжээ болон “Уурхайчдын наадам” багтах аж.
📅 Хэзээ: 9 сарын 11-13

🪇 $DJT: Криптог онилов
DJT: Trump Media & Technology Group (DJT) болон Crypto.com $6.4 тэрбумаар хөрөнгийн оруулалтын сан байгуулахаар болжээ. Тус сангийн хувьд Кронос (CRO) токеныг хуримтлуулах стратегийг баримталж ажиллах бөгөөд энэхүү алхам нь Дональд Трампын крипто салбарт үзүүлж буй дэмжлэгийг улам бүр гүнзгийрүүлээд байна. Үүнтэй холбоотой $DJT-н нэгж хувьцааны үнэ 5.2% өсөж $18.1-д хүрсэн бол $CRO токены үнэ 40.7% нэмэгдэж $0.2 болсон аж.

🤔 Орос, Монголын мөрөөдөл

Өнгөрсөн Мягмар гарагт Gazprom нийтийн хувьцаат нийгэмлэг (НХН)-ийн удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Ерөнхий сайдтай уулзалт хийсэн билээ. Хэрэг зориг юу байв?
🤝 Шинэ хамтын ажиллагааны санамж бичиг
Уулзалтаар Gazprom болон ЗГ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. РАС-н судалгаагаар 2040 он гэхэд Монголын байгалийн хийн хэрэглээ жилд 5.6 тэрбум м3-т хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хийн хоолой дамжин өнгөрүүлэгч байхаас гадна давхар өсөн нэмэгдэж буй энэ хэрэглээгээ хангаач ээ, гэх утгатай саналыг хүргүүлсэн аж.
☝🏻 Хэрэгжилт: Сонордуулахад, "Союз Восток" гэгддэг Монголын талын хэсэг дэх байгаль орчны үнэлгээгээ хийгдэж дууссан байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх хугацаа нь Gazprom болон Хятадын CNPC хооронд байгуулсан нийлүүлэлтийн гэрээнээс шалтгаалж буй.
📨 Монголын статус
Сүүлийн 10 жилд Улаанбаатар–Москвагийн хооронд олон давтамжтай яригдаж буй сэдэв нь Сибирийн хүч-2 хийн хоолойн асуудал. Үүн дундаа 2010-аад оны дундаас эхлэн Оросын зүгээс Ази руу экспортын маршрутаа төрөлжүүлэх стратегийн хүрээнд яригдаж эхэлсэн. Энэ үед Монгол Улс Оросын Алс Дорнодоор дамжих хувилбараас илүү богино, улс төрийн хувьд тогтвортой чиглэлээр Хятад руу хүрэх чухал коридор болж тодорсон юм. Төслөөр баруун Сибирээс Хятад руу жилд 50 тэрбум м3 хий нийлүүлэх зорилготой юм.
Эцэст нь… Орос Хятадтай хийн хоолойн төслийнхөө талаар идэвхтэй яриа хэлэлцээр хийж байгаа. Гэсэн ч Хятад хийн хоолойн асуудал дээр ганц Хятадад найдах бус энэ хоолойгоор бус, LNG,Төв Азийн хоолойгоор хангамж авах зэрэг олон эх үүсвэртэй байх бодлого баримталж буй. Сибирийн хүч-2 төслийг Хятад сонирхохгүй байгаа, Оросын мөрөөдөл гэх хүн олон ч Оросын талаас идэвхтэй шахах болж. Эрчим хүчний асуудалтай Монголын хувьд том боломж ч бид хийн хоолойн үр шимийг ойрын жилүүдэд хүртэхгүй нь лавтай.

₮29 тэрбум
Өчигдөр ЗГ-ын хуралдаанаар төрд хураагдсан ₮29 тэрбумын үнэ бүхий 52 объектыг албадан дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарав.
₮207 тэрбум
Цаашлаад, банкны өмчлөлд авч, өр төлбөрийг нь төлүүлэх ₮207 тэрбумын үнэлгээтэй 17 объект байгаа аж.
₮1.3 их наяд
Хөгжлийн банкны ₮1.3 их наядын өр авлагын ₮800 тэрбум нь нэр бүхий 4 байгууллагын өр төлбөр бүрдүүлж байгаа тул тус асуудлыг яаралтай шийдвэрлэхээр тогтжээ.

⚡ Цахилгаан шат хүлээх зуур…

Та цахилгаан шат хүлээхэд дунджаар 30–60 секундийг зарцуулж байгаагаа анзаарсан уу? Энэ богино хугацаанд хараад өнгөрч буй сурталчилгааны хоногшилт 61%-тай байна гэвэл итгэх үү?
📊 Үр дүнтэй сурталчилгаа
AdSpot-н Улаанбаатар хотын эдийн засгийн идэвхтэй 320 гаруй байршилд байрласан дэлгэцүүд өдөрт дунджаар 118,000 гаруй үзэгчдэд хүрдэг. Сурталчилгааны хоногшилт нь,
7 хоног: 38%
15 хоног: 43%
30 хоног: 61%
Үнийн хувьд, давтамж, сурталчилгаа байрших цагаас хамаараад том дэлгэцийнх нь өдрийн үнэ ₮500–₮800, жижиг дэлгэцийнх нь ₮250–₮400 байдаг аж.
Эцэст нь… Хэрэглэгчидтэйгээ илүү ойртож, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг хийхээр сонирхоод үзээрэй. Сонирхолтой нь цахилгаан шатны ойролцоох зар сурталчилгааг үзсэн хүмүүсийн худалдан авалт, үйлчилгээ захиалах хувь нь уламжлалт сурталчилгааныхаас 40% илүү байдаг аж.


Lego
🍋 Lego-н борлуулалт цэцэг болон машины тоглоомын ачаар 2025 оны эхний хагаст рекорд тогтоолоо. Энэ оны эхний хагаст компанийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 12% өсөж $5.4 тэрбумд хүрсэн нь компанийн хувьд рекорд тогтоосон үйл явдал болжээ. Сонирхуулахад, ирэх жил Lego болон Pokemon-оор хамтран ажиллах бөгөөд олон анхаарал татах шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд гарах төлөвтэй гэнэ.
🍋 Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авна. Төв аймгийн Баян сумын нутаг дахь Төгрөг нуурын бүлэг ордын талбайн тусгай зөвшөөрөл эзэмшигч Төгрөгнуурын энержи ХХК-ийг хууль зөрчсөн гэж үзсэн аж. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь Төгрөгнуурын энержи ХХК-ийн хувьцааг эзэмших үедээ, гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдсан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг АТГ хэрэг нээн шалгаж байна.
🍋 Казахстан эрчим хүчний салбарын шинэчлэлтээ зориулж $11.5 тэрбумын хөрөнгө оруулна. Ирэх 2029 он гэхэд эрчим хүчний шинэчлэлд зориулж 7,300 сая кВт хүчин чадалтай 29 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх аж. Эдгээр төслүүд нь ирэх 5 жилд эрчим хүчний станцуудын элэгдлийг 17% бууруулж, Казахстаны үйлдвэрлэлийн хүчин чадал, эдийн засаг, технологийн хөгжилд томоохон дэмжлэг болох гэнэ.
🍋 Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт 4 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, Ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх 4 төсөл багтах аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply